| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 195/2025/2171/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2401 |
| Огноо | 2025-10-21 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Э.Мандуул |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2401
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Э.Мандуул,
шүүгдэгч И.Э***, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт И.Э***ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***дугаар хэргийг 2025 оны 10 дугаар сарын 13-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын 11-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, Нүүр, амны их эмч мэргэжилтэй, *** эмнэлгийн эмч, ам бүл 2, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо *** хороолол *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх,
Нойров овогт ***ийн Э*** (РД:***).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч И.Э*** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "CU" худалдааны төвийн зүүн талд 2025 оны 6 дугаар сарын 03-ны өглөө 06 цагийн үед дуудлагын дагуу очсон хууль сахиулагчийг буюу хохирогч Т.П***ыг албан үүргээ биелүүлэхтэйн холбогдуулан хүч хэрэглэж, нүүр хэсэг рүү 3-4 удаа цохих зэргээр эсэргүүцэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас:
Улсын яллагчаас шүүгдэгч И.Э***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, эсэргүүцсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтай, хавтаст хэргээс хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан бичгийн нотлох баримтуудыг,
Шүүгдэгч И.Э***, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нараас “...гэм буруу дээрээ маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээг зөвшөөрч, ...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон чөлөөлүүлэх байр суурьтай, ...нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэж (шүүх хуралдааны тэмдэглэл), хавтаст хэргээс хэргийн 56, 74 тал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 10 хуудас бүхий баримтуудыг тус тус шинжлэн судалж шүүх хуралдаанд оролцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Шүүгдэгч И.Э***ий иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 74 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 80 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 79 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 76 дэх тал) зэрэг болно.
Хоёр.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
2.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч И.Э*** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "CU" худалдааны төвийн зүүн талд 2025 оны 6 дугаар сарын 03-ны өглөө 06 цагийн үед дуудлагын дагуу очсон хууль сахиулагчийг буюу хохирогч Т.П***ыг албан үүргээ биелүүлэхтэйн холбогдуулан хүч хэрэглэж, нүүр хэсэг рүү 3-4 удаа цохих зэргээр эсэргүүцэж, хохирогчийн биед зүүн хацрын төвгөрт зулгаралт, дагз, зүүн хацар болон шанаа хэсгийн зөөлөн эдийн гэмтэл, түүнчлэн өмссөн албаны хувцаснаас нь чангааж зулгаасан үйлдлээрээ кительд нь ханзралт үүсгэсэн болох нь:
1. Хохирогч Т.П*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 08 цаг 30 минутад Бугат 116 чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр ээлжээ хамтрагч дэслэгч Н.М***ы хамт хүлээн авсан. Цагийн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэх хугацаанд 2025 оны 06 дугаар сарын 03-ны өглөө 05 цаг 36 минутад Бугат 10-аас Баянгол дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “си ю” худалдааны төвийн гадна тамхи нэхээд нэг хүн намайг цохисон гэх дуудлага мэдээлэл ирсэн тус дуудлагын дагуу Баянгол дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн эсрэг талд байрлах “си ю” худалдааны төвийн ертөнцийн зүгээр зүүн талд байрлах авто машины зогсоол дээр үл таних хоёр хүн маргаад байж байсан дээр очоод тус хүмүүсийн маргааныг шийдэх гээд байж байсан чинь хажуугаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үл таних 25-30 орчим насны эрэгтэй хүн хажууд ирээд хэл амаар хатгаж өдөөд байсан. Тэгэхээр нь би та энэ хоёр маргалдсан хүнтэй ямар хамааралтай вэ гэж асуухад би энэ хоёр хүнтэй ямар ч хамааралгүй гэж хэлэхэд та хамааралгүй бол цаашаа явчихаа би энд ажлаа хийж байна гэж хэлсэн. Тухайн залуу намайг дагаж яваад хэл ам хийгээд манай дүү зодуулж байхад цагдаа нар ирээгүй гэх мэт зүйл ярьж салахгүй надаас наалдаад 3-5 минут орчим дагаад яваад байхаар нь би “та энэ хүмүүсийг танихгүй бол явчих гэж хэлээд цааш түлхтэл миний зүүн хацар, зүүн хацрын дээд хэсэгт 3-4 удаа цохисон. Тэгсэн манай хамтрагч дэслэгч Н.М*** тухайн үл таних залуугийн араас татаад бид хоёр тухайн хүнд албадлагын арга хэмжээ авч гавласан... Би тус үл таних залуутай харьцахдаа хараалын үг ашиглаагүй. Тус иргэн миний та хариад амарчих аа, та энэ дуудлага мэдээлэлтэй ямар ч хамаагүй юм байна гэж хэлсэн үгийг ерөөсөө ойлгохгүй араас дагаж яваад тус дуудлага мэдээлэлд шалгагдаж байсан хоёр иргэнтэй маргалдах гээд байхаар нь би цаашаа яваа гэж хэлээд түлхсэнээс болж намайг цохисон...Би гомдолтой байна...Зүүн шанааны дээд хэсэг жаахан хавдсан байна өөр ямар нэгэн гэмтэл байхгүй, албаны дүрэмт хувцасны цахилгаан ханзарсан байна... Дуудлага өгсөн эрэгтэй мөн түүнтэй маргасан эрэгтэй нар харж байсан...***ийн Э*** рд:*** гэж хүн байсан, согтолтын зэрэг 3 бүхэл байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09-11 дэх тал),
2. Шүүгдэгч И.Э***ий мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Би өчигдөр орой буюу 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн орчим ажлын газрын хүмүүс болох ***, ***, ***, ***, *** нартай хамт их дэлгүүрийн ард байдаг караоке орж дуулангаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд тухайн караокеноос 2025 оны 06 дугаар сарын 03-ны шөнө 3 цагт гараад ажлын газрын хүмүүсээс салаад төмөр замын тэнд /би санахгүй байна/ нэг караокед ороод 2 шил пиво уусан тэгээд тэндээс гараад гэр лүү харих гээд алхаад явж байсан чинь 25 дугаар эмийн сангийн арктай шар байрны тэр хавьцаа нэг эрэгтэй нэг эмэгтэй хүнийг зодоод байсан тэгэхээр нь би тус эрэгтэй эмэгтэй хоёр хүн дээр салгах санаатай очиж байсан санагдаж байна тэгээд нэг сэргэсэн эрүүлжүүлэх саатуулах байрны үүдэнд байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн учир юу ч санахгүй байна... Би мэдэхгүй байна юу ч санахгүй байна караокеноос гараад тасарчихсан... Найзуудтайгаа караокед байхдаа 3 шил архи, 3 пиво уусан. Тэгээд гараад дахин караоке орж 2 шил пиво уусан... Энгийн байдаг шигээ байсан надад ямар нэгэн хэцүү зүйл тохиолдоогүй ажлынхантайгаа ууж байхад *** намайг үгээр идээд байсан... “ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
мөн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна мөн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...Би тухайн хэрэгтэй холбогдуулж хохирлыг бүрэн төлж барагдуулсан...Надад цагдаагийн байгууллагаас дарамт шахалт үзүүлсэн зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дахь тал),
3. Гэрч Н.М***ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өглөө 05 цагийн орчим "Баянгол дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах си ю худалдааны төвийн гадна нэг нөхөр надаас тамхи нэхээд байхгүй гэж хэлсэн намайг зодчихлоо" гэсэн дуудлага мэдээлэл Бугат 10-аас ирсэн. Тухайн дуудлага мэдээллийг очиж шалгахаар Баянгол дүүргийн замын урд байрлах авто машины зогсоол дээр хамтрагч ахлагч Т.П***ын хамт очиж шалгахад үл таних 3 эрэгтэй нэг эмэгтэй хүн байсан, тэгээд юу болсон талаар асуухад нэг үл таних эрэгтэй хүн нь энэ асуудлаа шийдээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би та энэ асуудалтай ямар хамаатай хүн бэ гэж асуухад би хамааралгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би цааш зодолдсон гэх хоёр хүнтэй уулзаад байж байсан чинь миний араас 25-30 орчим насны анх надтай уулзсан залуу хүрээд ирсэн тэгсэн ахлагч П*** тухайн залууд чи ямар ч хамааралгүй юм чинь яв гэж хэлсэн, тэгсэн тухайн үл таних залуу нэг хараалын үг хэлсэн. Би яаг юу гэж хэлснийг санахгүй байна. Тэгсэн ахлагч П*** чи хамааралгүй байж яв гэж хэлээд тухайн залууг түлхтэл тухайн үл таних залуу ахлагч П***ын нүүр хэсэг рүү 3-4 удаа цохисон. Тэгэхээр нь би тус залууг хойш татаад П*** ахлагчтай хамт албадлагын арга хэмжээ авч гавлаад эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэсэн... ***ийн Э*** рд:*** гэсэн залуу байсан... Шалгасан 3 бүхэл гаруйтай байсан... Байхгүй харин тус залууд дуудлага мэдээлэлтэй холбоогүй байж та яв гэдэг шаардлага тавьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
4. Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ө.Сарангэрэлийн 2025 оны 06 сарын 05-ны өдрийн *** дугаартай хүний биед хийсэн шинжилгээний “...1. Т.П***ын биед зүүн хацрын төвгөрт зулгаралт, дагз, зүүн хацар болон шанаа хэсгийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 4. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал),
5. Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Золзаяагийн 2025 оны 06 сарын 20-ны өдрийн мөр судлалын шинжилгээний “...1. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн цагдаа китель шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн цагдаа кительд 250 мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт, 75 мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт, 65х19 мм, 6х7 мм хэмжээтэй эдэлгээний явцад үүссэн хуучин сэмрэлт байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн цагдаа кителд үүссэн гэмтлүүд нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг материалын нимгэн зузаан, эдэлгээ, үйлчилсэн хүчний хэмжээ зэргээс хамаарч тодорхойлох боломжгүй...” гэх дүгнэлт болон хавсралт (хавтаст хэргийн 31-36 дахь тал),
6. “Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-н “...Үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн үнийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны байдлаар 80,000 (Наян мянган төгрөг)-өөр тогтоов.” Гэх үнэлгээ (хавтаст хэргийн 44-47 дахь тал),
7. Эд зүйл хүлээн авсан “...Хэргийн оролцогч *** регистрийн дугаартай, Тэрбишийн П***-с баримт болон гарган өгсөн томилгооны хуудас, 3 хуудас баримтыг 2025 оны 06 сарын 03-ны өдөр хүлээн авав...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 50 дахь тал),
8. Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан хаагчдын 7 хоногийн “...а/ч Т.П***...эргүүлийн үүрэг гүйцэтгэв...” гэсэн хуваарь (хавтаст хэргийн 51-53 дахь тал),
9. Эд зүйл хүлээн авсан “...Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эргүүлийн цагдаа жолооч Тэрбишийн П***-с баримт болон гарган өгсөн Энгэрийн камерын бичлэгийг гар утсаараа хуулбарлан авсан 1 ширхэг сд-ийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 11 цаг 12 минутад хүлээн авав...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 54 дахь тал),
10. Дүрс бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэг эхлэхэд Цагдаа жолооч цагдаагийн ахлагч Т.П*** болон, дуудлага мэдээлэл өгсөн саарал өнгийн урт куртик, цагаан саарал өнгийн саравчтай эрэгтэй хүн байх ба, цагаан өнгийн подвалтой хар өнгийн цамцтай иргэн И.Э*** байна... Үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд бичлэгийн 24 дэх секундэд энгэрийн камераар бичлэг хийж байгаа Эргүүлийн офицер Н.М*** болон, Цагдаа жолооч Т.П***, дуудлага мэдээлэл өгсөн хүн болон, холбогдогч И.Э*** хамтаар урдаас хойш чиглэл рүү 7 орчим метр явж 88-17 УББ гэх тээврийн хэрэгслийн ард очиж зогсов... Бичлэгт 34-р секунд тод ногоон өнгийн цамцтай халиман хар өнгийн үстэй 25-30 орчим насны, хоёр гараа хойно гавлуулсан эрэгтэй хүн байна...Бичлэгт 57-р секунд бичлэг хийж байгаа Эргүүлийн офицер Н.М*** урагш хар хад Цагдаа жолооч Т.П*** болон, гэрч И.Э*** нар хоорондоо яриа үглүүлэг гаргаж /бичлэгт дуу нь сайн сонсогдохгүй/ байна. Ардан 25- 30 орчим насны тод ногоон өнгийн куртик, хар өнгийн малгайтай эмэгтэй зогсож байна... Бичлэгт 58-р секунд д гэрч И.Э*** цагдаа жолооч Т.П*** луу шахан зогсоход Цагдаа жолооч Т.П*** иргэн И.Э***ийг арагш түлхэв... Бичлэгт 1 минут 7 секунд д гэрч И.Э*** нь зүүн гараараа Цагдаа жолооч Т.П***ыг заамдан баруун гараа атган Т.П***ын баруун шанаа тус газар 6-7 удаа цохиж байгаа бичлэгт харагдах ба Эргүүлийн офицер Н.М*** болон нэг үл таних эрэгтэй нар Э***ий араас барьж болиулж байна... Бичлэгт 1 минут 20 секунд Эргүүлийн офицер Н.М*** болон "Цагдаа жолооч Т.П*** гэрч И.Э***ий гарыг ap нуруунд нь гавлаж байна. Тус бичлэгт өөр хэрэгт ач холбогдол бүхий дүрс байхгүй байснаар үзлэгийг дуусгав...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 59-62 дахь тал) зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна.
2.2. Хууль зүйн дүгнэлт.
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэх явцдаа тавьсан шаардлагыг үл ойшоон эсэргүүцэж, тэдгээрийн эсрэг цохих, өшиглөх, түлхэх, боох, хувцсыг нь урах, мөрдсийг нь хуулах зэргээр бие махбодын хүчирхийлэл үйлдэх, мөн тэдгээрийг айлган сүрдүүлэх зорилгоор хийсэн сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж эсэргүүцсэн идэвхтэй үйлдэл байдаг.
Дээрх хэрэгт баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлд “Хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно гэж, “Албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодод халдсаныг ойлгоно.
Өөрөөр хэлбэл хохирогч нь хууль сахиулагч буюу хохирогч Т.П*** нь “...Баянгол дүүргийн Цагдаагийн газрын *** хэлтсийн авто эргүүлийн чиглэлд 06 дугаар сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд ажиллах алба хаагчдын 7 хоногийн хуваарь, томилгоогоор а/ч Т.П*** Баянгол дүүргийн 4, 25, 27 дугаар хороог хариуцан ажиллана...” зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийтийн албаны ашиг сонирхол, хууль сахиулах талаар хуулиар тогтоосон журам, хууль сахиулагчийн хэвийн үйл ажиллагааны эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч И.Э*** нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч И.Э*** болон түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.
4. Иймд шүүгдэгч И.Э***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Оролцогчийн эрхийн хязгаарласан байдал.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой.
Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Тус гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогддог ба хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй тул энэ тогтоолоор шүүгдэгч И.Э***ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
4.3. Түүнчлэн шүүгдэгч И.Э***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “...Шүүгдэгч И.Э***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтыг шүүхэд гаргаж байна…хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди ирүүлснийг хэрэгт хадгалуулах саналтай байна...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд улсын яллагчийн зүгээс эсэргүүцэх зүйлгүй байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяраас “...Гэм буруу болон хэргийн зүйчлэл дээрээ маргахгүй талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус тус илэрхийлсэн. Хохирогчид 1 сая төгрөгийг бэлнээр өгч хохирлыг барагдуулсан ба хохирогчоос гомдол саналгүй гэсэн бичиг өгсөн. Иймд Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэл байгаа бол шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...түүнчлэн өөрөөр мөн улсын яллагчаа гаргасан торгох ялын хэмжээ саналыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч И.Э***ээс “...хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх санал, тайлбарыг тус тус гаргасан болохыг дурдав.
Шүүгдэгч И.Э***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч И.Э***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг И.Э***д сануулж шүүх шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаярын “...шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй. Тодруулбал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг ба эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь эрүүгийн хариуцлагын зорилготой үл нийцнэ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч И.Э*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч И.Э***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Нойров овогт ***ийн Э***ийг “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч И.Э***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Э***д оногдуулсан 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг И.Э***д сануулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч И.Э*** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол И.Э***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР