Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
Хэргийн индекс | 181/2020/01698/И |
Дугаар | 181/ШШ2023/01125 |
Огноо | 2023-04-12 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2023/01125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Г,
Нэхэмжлэгч: Б.С нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Э-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээнээс татгалзсаны үр дагаварт 212,120,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Г, Б.С,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ө.С,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Ариунзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Г, Б.С нар хариуцагч Х.Э-т холбогдуулан Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ-ээс татгалзсаны үр дагаварт 212,120,000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Б.Г, Б.С бид 2015 оны 5 дугаар сард иргэн Х.Э-тэй харилцан тохиролцож, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 40, 42, 44, 53 дугаар байрны дунд байрлах талбайд тохижилт бүхий 100 автомашины газар доорхи авто зогсоол барих ажилд хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар аман хэлцэл хийсэн юм.
Ийнхүү гэрээ байгуулагдсан учир бидний зүгээс үүргээ биелүүлж эхэлсэн бөгөөд Х.Э нь авто зогсоолын барилгын ажил эхлүүлэхэд хэрэгтэй байна гэж 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 50,000,000 төгрөг, барилгын ажлын зураг төсөл боловсруулахад шаардлагатай гэж 39,000,000 төгрөгийг тус тус авсан.
Улмаар 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бид аман тохиролцоотой байгуулсан хэлцлээ бичгийн хэлбэрт оруулан Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан.
Ингэхдээ гэрээний хугацааг 12 сараар тохирч, Х.Э нь барилгын ажлын гүйцэтгэгч, захиалагчтай гэрээ байгуулах, барилгын ажпыг эхлүүлэхтэй холбогдсон зөвшөөрлийг авах, гүйцэтгүүлэх, улсын комисст хүлээлгэн өгөх, 100 автомашины зогсоолын 40 зогсоолыг Б.Г, Б.С бидний өмчлөлд шилжүүлэн өгөх үүргийг хүлээж, харин бидний зүгээс гэрээнд заагдсаны дагуу хөрөнгө оруулалтыг оруулах, баригдсан авто зогсоолыг борлуулах зэрэг ажлыг хариуцахаар тохирсон.
Энэхүү гэрээнийхээ 3.7, 3.8 дахь хэсэгт 2015 оны 5 дугаар сард Х.Э-т хүлээлгэн өгсөн 39,000,000 төгрөг, 50,000,000 төгрөгийг өгсөн тухайгаа баталгаажуулан тусгаж, улмаар гэрээ байгуулсан өдрөө 25,000 доллар болох 50,000,000 төгрөгийг, мөн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 280,000,000 төгрөгийг Х.Э-т хүлээлгэн өгсөн ба нийт 419,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
Ийнхүү гэрээний дагуу хийж буй хөрөнгө оруулалтыг Х.Э нь дансаар бус бэлнээр авах шаардлага тавьж байсан тул бид мөнгийг бэлнээр нь хүлээлгэн өгч байсан.
Бид гэрээнд заасны дагуу хөрөнгө оруулалт хийх үүргээ зохих ёсоор, бодитойгоор биелүүлсэн боловч хариуцагч Х.Э нь гэрээний үүргээ ноцтойгоор зөрчиж, барилгын ажпын эхлүүлэх зөвшөөрлөө 2016 оны 9 дүгээр сард буюу гэрээний хугацаа дуусахаас гуравхан сарын өмнө авч, улмаар барилгын ажлыг эхлүүлэхгүй байсаар 2016 оны 11 дүгээр cap хүрсэн. Иймд тохирсон хугацаандаа буюу 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэхэд Х.Э нь гэрээний үүргээ биелүүлж чадахгүй нь тодорхой болсон бөгөөд үүнийг бид мэдсэн даруйдаа гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа түүнд хэлсэн.
Тухайн үед Х.Э нь гэрээнээс татгалзах буюу мөнгөө буцаан авах саналыг маань хүлээн авч, биднээс авсан мөнгийг эргүүлэн төлөхийг зөвшөөрч увуулан цувуулан төлж эхэлсэн юм. Тодруулбал, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 100,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 04-ний өдөр 100,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 880,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 206,880,000 төгрөгийг буцаан төлсөн ба үлдэгдэл мөнгийг боломжоороо төлж явна гэсээр өдийг хүрлээ.
Бид Х.Э-тэй олон жил нэг байранд хөрш амьдарсан, итгэж болох, нас намбатай хүн гэдэг утгаар нь мөнгийг маань төлчих байх гэж найдан, боломж олгон удаан хугацаанд хүлээсэн боловч одоо төлөхөөс татгалзаж, мөнгөө өг гэсэн шаардлага тавихад Би хүнд өгчихсөн, аваад өгнө, ... тухайн үед хийсэн бичиг баримтуудыг ав. гэсэн ба сүүлдээ бидний хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг үл тоомсорлон наад гэрээ чинь зөвхөн цаас, урж хая, та нарт надад мөнгө өгсөн баримт байхгүй шүү дээ... гэх мэтчилэн биднээс зугатаж байгаа тул дээрхи маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Х.Э нь гэрээ байгуулах үедээ холбогдох бичиг баримтууд бүрдсэн байгаа, барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон, хашаагаа бариад нүхээ ухах гэж байна, яаралтай мөнгө хэрэгтэй байна гэж шаардсаар байгаад биднээс хөрөнгө оруулалтын мөнгийг авч байсан боловч боловч холбогдох бичиг баримтууд болох барилгын ажил эхлэх, үргэлжүүлэх тусгай зөвшөөрөл аваагүй, Х.Э нь тухайн баримтуудыг бүрдүүлэх, барилгын ажил гүйцэтгэх, улсын комисст хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн, үүргээ биелүүлж чадахгүй нь илт болсон тул бид гэрээнээс татгалзсан ба үүнийг Х.Э хүлээн зөвшөөрсөн.
Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээнээс татгалзсаны үр дагавар болох 212,120,000 төгрөгийг хариуцагч Х.Э-ээс гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гэрээ байгуулсан үйл баримтад маргахгүй. Х.Э нь 39,000,000 төгрөг болон 50,000,000 төгрөгийг бэлэглэсэн гэдэг. Мөн 260,000,000 төгрөг авсан. Энэ мөнгөнөөсөө 206,880,000 төгрөгийг буцаан өгсөн.
Би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байхдаа гэрээ болон мөнгө хүлээлгэн өгсөн баримтууд дээр гарын үсгийн шинжээч томилуулахад гурван удаагийн шинжээчийн дүгнэлтээр Х.Эийн гарын үсэг мөн болох нь тогтоогдсон.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа 50,000,000, 39,000,000 төгрөгийн талаар тайлбарлах хэрэгтэй байна. Э.Б гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрийгөө гүйцэтгэх захирал, тухайн үед Эрдэнэтээс бил үү авсан мөнгөө бэлэн аваад Б.Г-той хамт очсон гэж мэдүүлдэг. Энэ гэрчийн мэдүүлэг өөр хоорондоо зөрдөг. Ж ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахаар Б.Г захирал нь гэж гардаг. Э.Б мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй.
Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нар хэн нь хэдэн төгрөгийг Х.Э-ээс нэхэмжлээд байгаа нь тодорхой бус байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан үндэслэл байна гэж үзэж байна.
Мөн нэхэмжлэгч талаас Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ-нээс гарсан гэж байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2016 онд өгсөн 206,880,000 төгрөгийг хоорондын тооцоо л гэж шилжүүлсэн байдаг. Хамтран ажиллах гэрээнээс гарсны үр дагавар, татгалзсаны үр дагавар гэсэн юм байхгүй.
Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.4-т хэрэв нэг тал гэрээнээс гарсан боловч үлдсэн талууд хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцсон бол гэрээнээс гарсан талд ногдох хувийг мөнгөн хэлбэрээр эргүүлэн олгох боловч ингэхдээ түүний гарах үед биелүүлээгүй байсан хэлцлийг харгалзана гэж байна. Б.С гэдэг хүн хамтран ажиллах гэрээн дээр бүх юм дууссаны дараа борлуулалт хариуцна гэсэн байгаа. Гэтэл Б.С өөрөө нэхэмжлэл гаргаад байна.
Хавтаст хэрэг авагдсан нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн бүхий л нотлох баримтыг эх хувиас нь гаргаж өгч байгаа. Иймд хамтран ажиллах гэрээний эх хувь нь Б.Г-д байгаа. Бүх баримт нь эх хувиараа байгаа байж Б.Г гэрээнээс татгалзсаны үр дагавар гэж шаардахгүй. Д.Мя гэдэг хүн бүх бичиг баримт нь байгаа гэж мэдүүлсэн. Гэрээнээсээ гараагүй байна.
Гэрээний 3 дугаар зүйлийн 3.9-д 39,000,000 төгрөгийг Б.Г-д Х.Э 50 хувийг нь буцааж өгнө гэсэн байна. Хамтран ажиллах гэрээ саяхныг хүртэл яригдсан. Х.Э над руу Б.Г, Б.С нар эвлэрэх гээд байх шиг байна. Ажлаа эхэлнэ, танд хэдэн төгрөг өгнө гэж байна гээд ярьж байсан. Тэгэхээр нь би Нэхэмжлэлээ татаад ав, тэгээд ярь гэсэн. Х.Э-ийн амьдарч байгаа байранд Б.Г төсөл хэрэгжүүлэх гэж явж байгаа асуудал яригдсан. Ингээд харахаар хамтран ажиллах гэрээнээс гараагүй байна. Х.Э надад хэлэхдээ Б.Г 200,000,000 төгрөгийг хүүхэд гадаад явах гээд байна гэж нэхсэн гэж ярьдаг.
Гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т 25,000 ам долларыг Х.Э-т төлнө гэж заасан боловч төлсөн гэсэн баримт байдаггүй. Гэрч Б.Б эх сурвалжаа зааж чаддаггүй, шүүхэд худал тайлбар гарган өөрийгөө гүйцэтгэх захирал байсан гэдэг. Нэг ч удаа Х.Э-ийг хараагүй гэсэн байж мөнгө өгөхөд нь байнга холоос хараад зогсдог байсан гэдэг. Хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Үлдсэн мөнгө нь гэрээн дээр тусгасан мөнгөн дүн байдаг. Гэрээнээс гарсан гэж тайлбарлах биш холбогдох баримт нь Б.Г-д байгаа гэдэг нь шүүхэд гаргаж өгсөн баримтаас харагдана. Х.Э-т ямар ч баримт байхгүй. Бүх ажлыг нь зогсоосон. Х.Эийн буруутай үйл ажиллагаанаас болж гэрээнээс гарсан юм уу гэхээр 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдсанаас хойш 12 сарын хугацаатай сунгах зохицуулалттай байдаг. 2016 оны 12 дугаар сар хүртэл архитектур төлөвлөлтийн даалгавар, авто зогсоол барих зөвшөөрөл зэрэг нь гарсан байна. Иймд учраас талуудын хоорондын тооцооны асуудал учир дутагдалтай байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч нараас шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамжид 1,218,550 төгрөг төлсөн баримт, Б.Г-ын иргэний үнэмлэхний хуулбар, Б.С-ын иргэний үнэмлэхний хуулбар, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ, Баримт гэх гар бичвэр 2 хуудас, Б.Г-ын Хаан банк дахь 5131077** тоот дансны хуулга, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №257/2016 тоот Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, Иргэн Х.Эийн тохижилт бүхий газар доорхи 85 машины дулаан зогсоолын төсөв, 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б.С, Б.Г нараас Х.Э-т 50,000,000 төгрөг олгосон баримт /гар бичвэр/, 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Б.С, Б.Г нараас Х.Э-т 180,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 1/436 дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 167 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 94 дүгээр Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол, өмгөөлөгч Ө.С-тай байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ж ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 409035**7 тоот дансны хуулга, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №18/06 дугаар Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ зэрэг баримтуудыг ирүүлсэн.
Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар Х.Э-ийн иргэний үнэмлэхний хуулбар, Капитрон банкны 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 0434 тоот Тодорхойлолт, Хаан банкны 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 05011/560, 05011/561 тоот Тодорхойлолт, Төрийн банкны 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 15/306 тоот Тодорхойлолт, М.А олгосон итгэмжлэл, Сөрөг нэхэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлсэн.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр Б.Х, Э.Б, А.О нараас гэрчийн мэдүүлэг авсан. Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Г-ын гомдолтой, Х.Э-т холбогдох 167 дугаар, гомдлын бүртгэлийн 00063 бүхий Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан гомдол-ын материалаас Х.Э-ийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар гаргуулсан.
Нэхэмжлэгч нарын хүсэлтээр 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Баримт гэх баримт дээрх Х.Эийн гарын үсэг өмнө нь төрийн захиргааны байгууллага болон бусад байгууллагад хадгалагдаж байсан баримтууд дээрх Х.Э-ийн гарын үсгийн харьцуулах загваруудтай тохирч байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 3410 дугаар бүрэлдэхүүнтэй Шинжээчийн дүгнэлт гаргуулсан.
Хариуцагч Х.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-ийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн 4-р хорооны Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 10 тоот албан тодорхойлолт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамж, хавсралтын хамт, Нийслэлийн Засаг даргын Журам баталж, эрх олгосон 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн захирамж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/700 дугаар захирамж, байршил өөрчилсөн тухай Нийслэлийн газрын албаны 2016 оны албан бичиг, 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн СБД-027/10 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 40, 42, 44-р байрны дунд талын тохижилт бүхий газар доорхи авто зогсоолын барилга байгууламжийн угсралтын ажилд захиалагчийн хяналт гүйцэтгэх 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн СБД20160316/51 тоот гэрээ, баримтууд, СБД-ийн ЗДТГ-т олгосон тохижилт бүхий газар доорх авто зогсоолын зориулалтаар газрын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №000439036 тоот гэрчилгээ, зогсоолын барилгатай холбогдол бүхий НИТХ, ЗДТГ, СБД-ийн ЗДТГ зэрэг байгууллагаас 40, 42, 44, 53-р байрны дундах талбайд газар доорх авто зогсоол барихтай холбогдуулан иргэн Х.Э/ХГ53070166/-ээс 2014 оноос 2018 оныг дуусталх хугацаанд гаргасан хүсэлтүүд, түүний хариу албан бичгүүдийг, Ж ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, дүрмийг гаргуулсан. Мөн Н.Батзул, Р.Б, Д.М нараас гэрчийн мэдүүлэг авсан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-ийн хүсэлтээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ болон 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 280,000,000 төгрөгийн баримт дээрх Х.Эийн гэх гарын үсгийн хэв загвар Х.Эийн гарын үсгийн хэв загвартай тохирч байгаа эсэх талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 461 дүгээр Шинжээчийн дүгнэлт, 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1738 дугаартай бүрэлдэхүүнтэй Шинжээчийн дүгнэлт гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг болон нэхэмжлэгч Б.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Б.Г, Б.С, Х.Э нар 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Б.Г, Б.С нар мөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн. Х.Э-т гэрээний дагуу 419,000,000 төгрөгийг өгсөн. Гэрээний хугацаанд барилгын ажил эхлээгүй, Х.Э гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болох нь тодорхой болсон тул хариуцагч Х.Э-т гэрээнээс татгалзах тухай мэдэгдэхэд зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 206,880,000 төгрөгийг буцаан төлсөн. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар Х.Э-ээс үлдэгдэл 212,120,000 төгрөгийг Б.Г нэхэмжилж байна. Б.С Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ-ний нэг тал учраас хамтран нэхэмжлэгчээр оролцож байна гэж тодорхойлов.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нараас нийт 369,000,000 төгрөгийг авсан. Харин гэрээ байгуулагдсан өдөр өгөх ёстой байсан 50,000,000 төгрөгийг аваагүй. Дээрх 50,000,000 төгрөгийг авсан талаар гэрч Э.Б мэдүүлдэг боловч мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй, зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Түүнчлэн, нэхэмжлэгч Б.Г-д гэрээ, холбогдох бүх баримтууд эх хувиараа байгаа учраас гэрээнээс гарсан гэж үзэхгүй. Гэрээнээс татгалзах хугацаа тогтоогоогүй. Нэхэмжлэгч нар хэн нь хэдэн төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь тодорхойгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргав.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.
4.1. Нэхэмжлэгч Б.Г, Б.С нар нь хариуцагч Х.Э-тэй 2015 оны 5 дугаар сараас эхлэн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 40, 42, 44, 53 дугаар байрны дунд байрлах талбайд тохижилт бүхий 100 автомашины газар доорх авто зогсоол барих ажилд хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар тохиролцсон болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Талууд 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр амаар байгуулсан хэлцлээ бичгийн хэлбэрт оруулан Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ-г 12 сарын хугацаатай байгуулж, уг гэрээгээр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 40, 42, 44, 53 дугаар байрны дунд байрлах талбайд тохижилт бүхий 100 ширхэг автомашины газар доорх гарааш барих ажилд хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар харилцан тохиролцжээ.
Дээрх гэрээгээр нэхэмжлэгч Б.Г нь гэрээний хураамжид гэрээ байгуулагдсан өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 25,000 ам.доллар, ажил эхлэхэд 300,000,000 төгрөг, ажил дууссаны дараа борлуулалтын орлогоос 100,000,000 төгрөг, ажил эхлүүлэх, зураг төсөлд зарцуулах зориулалтаар 50,000,000 төгрөг, Х.Э-ийн 100 машины зогсоолын зөшөөрөл авах ажилд зарцуулах 28,000,000 төгрөгийг ажил дууссаны дараа борлуулалтын орлогоос 50 хувийг Х.Э-т төлөх, Х.Э нь гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах, захиалагчтай гэрээ байгуулах, газрын гэрчилгээ гаргуулах, барилгын ажлыг эхлүүлэхтэй холбогдсон зөвшөөрлийг авах, гүйцэтгүүлэх, улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг хариуцах, Б.С нь 80 зогсоолыг борлуулах ажлыг хариуцахаар тохиролцжээ./1хх, 7-8/
4.2. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Х.Э-т 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 50,000,000 төгрөг, 39,000,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 280,000,000 төгрөгийг өгсөн болох нь мөнгө хүлээлгэн өгсөн баримт, Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ, Х.Э-ийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэрчээр мэдүүлэхдээ мэдүүлсэн ...Ер нь бол Б.Г-той ямар нэгэн өр, авлагын асуудал байхгүй. Харин граж барих ажилд зарцуулахаар 280,000,000 төгрөг авсан ч энэ мөнгө нь гэрээний дагуу авсан бөгөөд тэр гэрээ нь одоо хүртэл хүчинтэй гэж бодож байсан. Тэр мөнгөнөөс 225,520,000 төгрөгийг нь эргүүлээд Б.Гын данс руу шилжүүлээд өгсөн... гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 3410 дугаартай Шинжээчийн дүгнэлт-ээр тус тус тогтоогдож байна. /1хх, 53, 2хх, 37-38, 79-82/
4.3. Хариуцагч Х.Э нь нэхэмжлэгч Б.Г-ын дансанд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 100,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 100,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2,000,000 /1,000,000+1,000,000/ төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 880,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 206,880,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Б.Г-ын Хаан банк дахь 513110***** тоот дансны хуулгаар тогтоогдож байна. /1хх, 12-16/
4.4. Х.Э нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 40, 42, 44, 53 дугаар байрны дундах талбайд газар доорх авто зогсоол барихтай холбогдуулан өргөдөл гаргаж, 2015 онд төсөв зохиолгож, 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газартай тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 40, 42, 44, 53 дугаар байрны дундах 2160 м.кв талбайд авто зогсоолын барилга байгууламж барьж байгуулахаар Хамтран ажиллах гэрээ байгуулж, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр №257/2016 дугаар Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. /1хх, 27, 28-38, 112-113, 143-144, 194-202/
4.5. Б.Гын Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан Х.Э нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан хөрөнгө оруулалт нэрээр авсан мөнгөнөөс 200,000,000 гаруй төгрөг өгөлгүй залилан мэхэлсэн гэх гомдол мэдээллийг шалгаад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан болох нь Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 167 дугаартай Хэрэгт бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолоор тогтоогдож байна. /1хх,91/
4.6. Улмаар Б.Г-ын өмгөөлөгч Н.У-ээс гаргасан Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 167 дугаартай Хэрэгт бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэргийн талаарх гомдлыг дахин шалгуулахаар буцааж өгнө үү гэх гомдлыг хүлээн авахаас татгалзсан болох нь Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 94 дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоолоор, Улсын ерөнхий прокурорт гаргасан Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж өгнө үү гэх гомдлыг хүлээн авахаас татгалзсан болох нь Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 1/436 дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоолоор тогтоогдож байна. /1хх, 89-90, 92/
5. Зохигчид 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, нэхэмжлэгч Б.Г дээрх гэрээний хураамжид 369,000,000 төгрөгийг хариуцагч Х.Э-т бэлнээр өгсөн, Х.Э нь нэхэмжлэгч Б.Г-д 206,880,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтад маргаагүй.
Харин нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзсан эсэх, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 25,000 ам.долларыг хариуцагч Х.Э-т өгсөн эсэхэд маргав.
6. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ. гэж заажээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ нь гурван талт буюу Б.Г, Б.С, Х.Э нарын хооронд байгуулагдсан, уг гэрээгээр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 40, 42, 44, 53 дугаар байрны дунд байрлах талбайд тохижилт бүхий 100 автомашины газар доорх авто зогсоол барих ажилд хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар тохиролцсон байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан хүчин төгөлдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.
Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-т зааснаар хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд мөн хуулийн 477 дугаар зүйлийн 477.2-т зааснаар хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болохоор зохицуулжээ.
Зохигчид хамтран ажиллахаар харилцан тохиролцож, хамтын үйл ажиллагаанд оруулах хураамжийг гэрээгээр тохирсон, нэхэмжлэгч Б.Г хөрөнгө оруулалтад оруулахаар 419,000,000 төгрөгийг хариуцагчид өгсөн боловч гэрээнээс татгалзсан үндэслэлээр шилжүүлсэн мөнгөө буцаан шаардсан.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэх, гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Зохигчид 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ-г 12 сарын хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний 3.9-д зааснаар хариуцагч Х.Э нь гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах, захиалагчтай гэрээ байгуулах, барилгын ажлыг эхлүүлэхтэй холбогдсон зөвшөөрлийг авах, гүйцэтгүүлэх, улсын комисст хүлээлгэн зэрэг ажлыг хариуцах үүрэг хүлээжээ.
Хариуцагч Х.Э нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газартай тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 40, 42, 44, 53 дугаар байрны дундах 2160 м.кв талбайд авто зогсоолын барилга байгууламж барьж байгуулахаар Хамтран ажиллах гэрээ байгуулж, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр №257/2016 дугаар Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авсан боловч барилгын ажлыг эхлүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.
Улмаар 2016 оны 4 дүгээр сарын байдлаар барилгын ажлыг эхлүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч талаас 2016 оны 4 дүгээр сард гэрээнээс татгалзах саналыг хариуцагчид тавьсан, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул нэхэмжлэгч нар 2016 оны 11 дүгээр сард гэрээнээс татгалзаж, хариуцагч Х.Э 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс нэхэмжлэгч Б.Г-ын оруулсан хөрөнгө оруулалтын мөнгийг буцаан шилжүүлж эхэлснээр гэрээ дуусгавар болсон үйл баримт тогтоогдсон.
Гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Б.Г нь 369,000,000 төгрөгийг хариуцагч Х.Э-т шилжүүлсэн болох нь тогтоогдсон.
Харин Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ-ний 3.4-т Б.Г 25 000 ам. долларыг 2015.12.22-нд төлнө гэж заасан боловч уг 25,000 ам.долларыг Х.Э-т төлсөн болохыг эргэлзээгүй нотлох баримт хэрэгт авагдаагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Э.Буянтогтох 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 25,000 ам доллар буюу 50,000,000 төгрөгийн талаар ...Бид хоёр хамт явж авч байсан. Бэлэн 50 сая төгрөг аваад Б.С яриад Х.Э-т 53 дугаар байрны зогсоол дээр мөнгөө машин дотор өгсөн. Гок-ын гэрээний мөнгө ороод ирсэн байсан, тэр мөнгөнөөс 50 сая төгрөг авсан... Б.Стай яриад Б.Г-той хамт гадаа нь 53-ын хойшоо харсан зогсоол дээр зэрэгцэж зогсоод мөнгөө өгөөд Х.Э эгч орж ирээд Хаан банкны хар тортой мөнгө дамжуулж аваад гарсан... гэж, гэрч Б.Х ...Би эд нарыг мөнгө өгч, авалцсан эсэхийг хараагүй, сайн мэдэхгүй...Х.Э эднийхээс 420 гаруй сая төгрөгийг аваад 200 гаруй сая төгрөгийг нь буцааж өг гэсэн. Тэгээд тэр мөнгийг нь Х.Э Б.Х-аас очиж ав гэж хэлсэн гэнээ гэсэн яриа гарсан байсан... гэж тус тус мэдүүлсэн боловч гэрчийн мэдүүлгийг дэмжих баримт хэрэгт авагдаагүй. /1хх, 64-65, 2хх, 187-189/
Өөрөөр хэлбэл, гэрч Э.Б дээрх 50,000,000 төгрөгийг Ж ХХК-д ГОК-оос орж ирсэн гэрээний мөнгөнөөс доллар солиулж өгсөн гэж мэдүүлсэн боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй.
Түүнчлэн, гэрч Б.Х-ийн мэдүүлгээр Б.Г, Б.С нарыг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 50,000,000 төгрөгийг Х.Э-т өгсөн болохыг шууд нотлох боломжгүй байна.
Иймд хариуцагч Х.Э-ээс 162,120,000 /369,000,000-206,880,000/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 50,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч Б.С нь шүүх хуралдаанд гэрээний хураамж хэлбэрээр мөнгө төлөөгүй, нэхэмжлэгч Б.Г-ын мөнгийг Х.Э-т дамжуулан өгсөн, мөнгө нэхэмжлээгүй гэх тайлбар гаргасан тул Б.С-ын нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгов.
7. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,218,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 968,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 476 дугаар зүйлийн 476.1-т заасныг баримтлан хариуцагч Х.Э-ээс 162,120,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 50,000,000 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч Б.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,218,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 968,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ