2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2520

 

                                                                                                                  

                                      

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,

улсын яллагч Б.Ундрах /цахимаар/,

шүүгдэгч *************, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* холбогдох эрүүгийн 2508 03443 1600 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар  сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 60 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ******** СӨХ-д цэвэрлэгч ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ********** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Хан-Уул дүүргийн ******* дугаар байрны 00 тоотод түр оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, ***********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

 

 

шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт “...Утас нь төрийн банканд байсан. Манай ажлын газрын эмэгтэй байрныхаа мөнгийг тушаана гээд түүнийг дагаж банк руу орсон. Би төрийн банкны карт захиалсан байсан. Тэрийг гарсан эсэхийг далимаар нь асуух гэж байсан. Миний урд тэр утас байсан. Хамт явж байсан хүн маань тэнд утас байна чи аваадах гэхээр нь би авч чадахгүй, чи өөрөө ав гэсэн. Тэгсэн чинь аваадах гэж байна шүү дээ гэхээр нь аваад цүнхэлсэн. Тэр нь миний буруу болсон. Би өөрөө аваад цүнхэлсэн болохоор камерт бичигдсэн байсан. Тэр нь миний алдаа.... Хэргийн зүйлчлэлтэй  бол маргаагүй...” гэв.

 

Эрүүгийн 2508034431600 дугаартай хэргээс:

Улсын яллагч: яллах дүгнэлтийн хавсралтад заасан буюу хохирогч  ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8, 35-36-р тал), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Т-1-25/366 дугаартай “нийт хохирол 3,766,000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 11-14 дэх тал), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 41-42 дахь тал), яллагдагч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал), хохирогч ******** цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 2 дахь тал),

 

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа (хавтаст хэргийн 22 дахь тал), *********н яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал)  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2508034431600  дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч,түүний өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон  бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Төрийн банкны ажилтнаас үйлчлилгээ авахдаа орхиод  үлдээсэн хохирогч ******** Айфоне 16 промакс загварын гар утсыг, мөн ажилтнаас үйлчилгээ авахдаа авч явсан буюу бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 3,766,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч ******** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч  ********* “...2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо Төрийн банк дотор үйлчлүүлж байгаад үйлчлүүлэгчийн ширээн дээр өөрийн айпон 16 про маркийн хар саарал өнгөтэй гар утсаа үлдээж гараад буцаад орж ирэхэд гар утас алга болсон байсан. Би гар утсаа 2025 онд 5 сая орчим төгрөгөөр авч байсан.. Төрийн банкны теллер дээр үйлчлүүлж байгаад үлдээсэн байсан.. банкны камер шалгаж өгсөн миний дараа үйлчлүүлсэн 50 орчим насны эмэгтэй аваад гарч байсан.. Үнэлгээгээр тогтсон 3.766 000 төгрөг болон үнэлгээ 120.000 төгрөгөөр хийлгэсэн, нийт 3.866.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би тухайн үед банкин дээр утсаа үлдээснээ мэдээд очиж уулзсан бөгөөд төрийн банкны үйлчлэгч тухайн хүн рүү залгаад асуухад нөгөө эгч гар утсыг нь авсан, би хол байгаа учраас аваачиж өгч чадахгүй гэж хэлсэн. Орой нь цагдаад гомдол гаргаад цагдаа тухайн хүн рүү залгаж яриад та хүний гар утас авсан байна, та гар утсаа авч ирээд өгөөч гэхэд би Орбитод байна, маргааш яваад очъё гэж хэлсэн. Тухайн хүн маргааш нь цагдаагийн байгууллагад ирсэн байсан бөгөөд би тухайн хүнд 500.000 төгрөг өгье, та гар утсаа надад өгчих гэж хэлсэн. Тэгтэл тэр эгч чиний утсыг би 5 шар дээр цагдаад өгчихсөн гэхээр нь тухайн хүнийг дагуулаад цагдаад өгсөн гэх газрыг заалгахад 5 шар дээр хяналтын камергүй бүсэд очоод энд өгсөн гэж хэлсэн. Тэгээд тэр өгч надад 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр миний хаан банкны ******* тоот данс руу 390.000 төгрөг шилжүүлж өгсөн бөгөөд буцаагаад надад 90.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлээд авсан. Ингээд надад 300.000 төгрөг өгсөн. 3.566.000 төгрөгийн хохирол учраад байна.. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Миний хохирлыг төлсөн тохиолдолд гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8, 35-36-р тал),

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Т-1-25/366 дугаартай “нийт хохирол 3,766,000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 11-14-р тал),

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 41-42-р тал),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч *********** “..Төрийн банкаар миний урд үйлчлүүлсэн хүн утсаа теллерийн урд үлдээсэн байсан. Тэгээд би тэр сааралдуу өнгийн айфоне маркийн гар утсыг аваад цүнхэндээ хийгээд улмаар би гэр лүүгээ харих гээд 5 шарын автобусны буудал дээр байж байтал хар өнгийн энгийн өмдтэй, цагаан өнгийн цамцтай эрэгтэй хүн ирээд би цагдаа байна гэж хэлээд шууд гар утас аваад яваад өгсөн. Би тэр хүнийг дахиж харвал танихгүй. Тухайн хүн цагдаа хувцасгүй байсан, надад нэг үнэмлэх шиг юм үзүүлэхээр нь би сайн хараагүй. Тэгээд тэр гар утсыг аваад яваад өгсөн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-р тал),

хохирогч *********** цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 2-р тал) зэрэг баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

 

Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба бусдын эд хөрөнгө гэмт этгээдээс үл хамаарах хүчин зүйлийн үр дүнд түүний эзэмшилд шилжсэний дараа бусдын өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завших сэдэлт төрж, буцааж өгөлгүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгс үйлдэгдсэнд тооцдог.

 

Шүүгдэгч ******** нь банкны ажилтнаас үйлчлилгээ авч байхдаа хэн нэгэн гар утсаа үлдээсэн болохыг мэдсэн атлаа эзнийг нь олж буцааж өгөх ямар нэг оролдлого хийлгүйгээр хохирогч ******** Айфоне 16 промакс загварын гар утсыг авч, хохирогчид 3,766,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Т-1-25/366 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Айфоне 16 промакс” загварын гар утсыг 3,766,000 төгрөгөөр үнэлсэн байх тул шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учирсанд тооцох үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч ********** нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...5 шарын автобусны буудал дээр байж байтал хар өнгийн энгийн өмдтэй, цагаан өнгийн цамцтай эрэгтэй хүн ирээд би цагдаа байна гэж хэлээд шууд гар утас аваад яваад өгсөн...” шүүхийн хэлэлцүүлэгт “...хамт явж байсан хүн маань тэнд утас байна чи аваадах гэхээр нь би авч чадахгүй, чи өөрөө ав гэсэн. Тэгсэн чинь аваадах гэж байна шүү дээ гэхээр нь аваад цүнхэлсэн...” гэх зөрүүтэй мэдүүлгүүд гаргадаг боловч шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар давхар нотлогдохгүй байна.

 

Шүүгдэгчийн дээрх хууль бус үйлдлийг тус дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” үүрэгтэй.

 

Эрүүгийн 2508034431600 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон ********* 3,766,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь 2025  оны 07 дугаар сарын 08-ны өдөр  хохирогчийн ******** тоот  дансанд 300,000 төгрөг шилжүүлсэн байх тул үлдэгдэл 3,466,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч ********* олгохоор  шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******** гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгийн торгох ял оногдуулах...”, шүүгдэгчийн өмгөөлөгч нь "..500,000 төгрөгийн  торгох ял  оногдуулж өгнө үү..." гэх  санал, дүгнэлтийг  тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

 Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн. 

 

Шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, байдлыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хохирол, хор уршиг, түүний хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох  ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

                                                 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 8 (найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчээс 3,466,000 (гурван сая дөрвөн зуун жаран зургаа мянга ) төгрөгийг гаргуулж хохирогч ******** олгосугай.

 

6. Хохирогч *********** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЭНХЦЭЦЭГ