Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2023/01434

 

 

 

 

 

 

 

2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр

          Дугаар 183/ШШ2023/01434

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Олимпийн гудамж, Старапартмент 0 дугаар байр, 0 тоотод оршин суух, 1972 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, С.Б,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 мянгат, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, Б.У,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 7 830 410 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Итгэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрбаяр нар оролцов.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Б.У-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 830 410 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Миний бие 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Б.Утой 16/01 тоот зээлийн гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийг зээлүүлсэн. Б.У нь дээрх төлбөрийг 2 538 339 төгрөгийн хүүгийн хамт 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж дуусгахаар гэрээ байгуулсан боловч өнөөдрийн байдлаар үндсэн зээл 7 500 000 төгрөг, хүү 330 410 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Нэхэмжлэгч нь тухайн төлбөрийг төлүүлэхээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч тус зуучлагчийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн №204 дугаар тэмдэглэлээр ажиллагааг дуусгавар болгосон. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 7 830 410 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

 

2. Нэхэмжлэгч талаас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2022/12129 дүгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан №16/01 тоот зээлийн гэрээ, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 26к1-3/3257 дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн №204 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл, тооцооны баримт, Мо ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 460000000 тоот дансны хуулга, тооцоо нийлсэн баримт, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 3005/3006 дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШТ2019/00350 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00323 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №197 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл, Монголиан стар интернейшнл ХХК болон Маэстро файн вайн энд спиритс ХХК нарын хооронд 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан №16/02 тоот үндсэн хөрөнгө болон хангамжид байгаа хөрөнгийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ, ашиглалтанд байгаа үндсэн хөрөнгийн жагсаалт, гэрээний хавсралт зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “... Миний бие 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Б.Утой зээлийн гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийг зээлүүлсэн. Б.У нь дээрх төлбөрийг 2 538 339 төгрөгийн хүүгийн хамт 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж дуусгахаар гэрээ байгуулсан боловч өнөөдрийн байдлаар үндсэн зээл 7 500 000 төгрөг, хүү 330 410 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Тус төлбөрийг төлүүлэхээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч тус зуучлагчийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн №204 дугаар тэмдэглэлээр ажиллагааг дуусгавар болгосон. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 7 830 410 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

3. Шүүх тус нэхэмжлэлийг 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хариуцагч Б.Уыг удаа дараа шүүхэд дуудсан боловч хүрэлцэн ирээгүй тул 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 15182 дугаар шүүгчийн захирамжаар албадан ирүүлэхээр шийдвэрлэж, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр түүнд хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгч нэхэмжлэлийн хувийг гардуулсан, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн хугацаанд буюу 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүй тул түүнийг мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр С.Б нь 15 000 000 төгрөгийг мөн өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 9 хувийн хүүтэй, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 11 хувийн хүүтэй, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 12 хувийн хүүтэй, Б.Уод зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцжээ.

 

Дээрхээс дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээ байгуулагдсан байх бөгөөд хариуцагч нь тус гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй.

 

Улмаар нэхэмжлэгч талаас хариуцагчийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 883 972,60 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 2 277 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 2 183 527 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 2 132 106,16 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 2 230 993,15 төгрөгийг тус тус төлж барагдуулсан, үндсэн зээлийн үлдэгдэл 7 500 000 төгрөг, хүү 330 410 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарлан нийт 7 830 410 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч няцаагаагүй, шүүхэд тайлбар гаргаж өгөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй, мөн гэрээний 2.3 дах заалтаар талууд хүү тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т заасантай нийцжээ.

 

5. Иймд шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Уоос үндсэн зээлийн үлдэгдэл 7 500 000 төгрөг, хүү 330 410 төгрөг, нийт 7 830 410 төгрөгийг гаргуулж С.Бд олгох нь зүйтэй гэж үзэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140 240 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

7. Шүүх 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 13 цаг 30 минутад товлож, тус хуралдааны товыг хариуцагчид мэдэгдэхэд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд хариуцагч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарснаас хойш хэргийн материалтай танилцаагүй байсан тул шүүх тус эрхийг нь эдлүүлэх, мөн талуудын мэтгэлцэх эрхийг хангахаар шүүх хуралдааныг хойшлуулсан.

 

Мөн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд хариуцагч нь хэрэгт шинээр авагдсан нотлох баримттай танилцаагүй тул хариуцагчийг уг баримттай танилцах эрхийг нь эдлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан.

 

Энэ өдрийн шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хариуцагч Б.Уын нэхэмжлэлийг гардаж авахдаа шүүхэд мэдүүлсэн Хан-Уул дүүргийн 0 тоот хаягаар хүргүүлсэн, мөн түүний 00000000 гэх дугаарын утас руу зурвас бичиж мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Уоос 7 830 410 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Бд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140 240 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ