Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 340

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Л.Соёмбо,

Шүүгдэгч Н.Батсайхан нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Норовын Батсайханд холбогдох 201726020663 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Баянчандмань сумын Загт баг, Илтийн 12-5 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Норовын Батсайхан /РД:НХ68072611/

 

Шүүгдэгч Н.Батсайхан нь Д.Ганбаатарыг маргааны улмаас цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Батсайхан мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Ялын саналыг зөвшөөрч байна гэв.

 

   Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

   Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Батсайханы өгсөн:

   “... 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хар хорин захын авто машины зогсоол дээр өөрийн 04-46 УБН улсын дугаартай авто машинтай оочирлон хүн авах гээд зогсож байтал таньдаг хүн би орой явна хамгийн сүүлийн унаа хэн бэ гэж асуусан. Тэгэхээр нь манай хэдэн жолооч чи явна биз дээ гэж хэлээд тэр хүн миний машинд ачаагаа хийсэн юм. Тэгтэл Ганбаатар гэх хүн хүрж ирээд чи яагаад оочир дайраад байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ хүн орой явна гэнэ ачаагаа тавьсан юм аа гэж хэлтэл миний нүүр рүү нулимсан. Тэгэхээр нь зүүн гараараа нэг удаа уруул хэсэгт цохисон ... ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  25, 89 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Ганбаатарын өгсөн:

“... 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хар хорин захын авто машины зогсоол дээр зогсож байхад Батсайхан гэх залуу нутгийн жолооч хүн ачаагүй байхад чи түрүүлээд хүн ачлаа гэж хэлээд миний нүүрэн тус газарт нэг удаа цохиж намайг гэмтээсэн. ...  Надад эмчилгээний зардалд гарсан мөнгөний баримт байхгүй. Мөн эмчилгээ ч хийгдээгүй учир надад баримт гээд байх зүйл байхгүй ... Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21, 49, 85 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3192 дугаар:

 1. Д.Ганбаатарын биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/

 

  Шүүгдэгч Н.Батсайханы хувийн байдалтай холбоотой:

  Мөрдөн байцаалтад гэрч Д.Бадамсүрэнгийн өгсөн:

“... Би Батсайхантай 1997 онд гэр бүл болж дундаасаа 3 хүүхэдтэй болсон. Зан байдлын хувьд даруу төлөв, үг дуу цөөтэй, ажилд сайн хөдөлмөрч хүн байгаа. ... Гэр бүл, үр хүүхэддээ халамжтай, бид нарыг тэжээн тэтгэдэг хүн ...” гэх мэдүүлэг /хх-н 73/

                        -  АСАП сангийн лавлагаа /хх-н 11-12/,

            -  Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 54/,

            -  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 29/

                        - Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-н 79/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

  Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Н.Батсайхан нь 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар хорин” худалдааны төвийн авто машины зогсоол дээр хохирогч Н.Ганбаатарыг зодож, эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч Н.Батсайханы “...Ганбаатар гэх хүн хүрж ирээд чи яагаад оочир дайраад байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ хүн орой явна гэнэ ачаагаа тавьсан юм аа гэж хэлтэл миний нүүр рүү нулимсан. Тэгэхээр нь зүүн гараараа нэг удаа уруул хэсэгт цохисон... Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг,

мөрдөн байцаалтад хохирогч Д.Ганбаатарын мэдүүлсэн “...2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хар хорин захын авто машины зогсоол дээр зогсож байхад Батсайхан гэх залуу нутгийн жолооч хүн ачаагүй байхад чи түрүүлээд хүн ачлаа гэж хэлээд миний нүүрэн тус газарт нэг удаа цохиж намайг гэмтээсэн ...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3192 дугаар дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Н.Батсайханд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлөх саналаа яллагдагчид танилцуулж гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хохирогч Д.Ганбаатар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний “... Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү ...” гэх мэдүүлэг /хх-н 85/ хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 90/ зэргээр нотлогдож байгаа тул шүүгдэгч Н.Батсайханыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Ганбаатарт ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогч Д.Ганбаатартай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Норовын Батсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Н.Батсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Н.Батсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүйг тус тус дурдсугай. 

 

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Н.Батсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Батсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ