Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 0052

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             М.М, С.Р нарт

                                холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

               Прокурор                                          Ц.М

Нарийн бичгийн дарга                 Н.Хонгорзул нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолтой М.М, С.Р нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Г овогт С-ын Р.

 

Монгол Улсын иргэн, Б овогт М-н М.

 

С.Р нь 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр  аймгийн   сумын    багийн     тоотод архи ууж согтуурсан үедээ иргэн М.Мг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, М.М нь тухайн үед тоглоомын бооцооноос болж марган зодолдож С.Рын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

Шүүгдэгч Г овогт С-н Рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б овогт М-н Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч С.Рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч М.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.Р, М.М нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус бүр 3 сарын хугацаанд, / сард 166.666 төгрөг, 150.000 төгрөгөөр/ хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, 

шүүгдэгч С.Р, М.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Б эсэргүүцэлдээ:

 

“ ... Шүүгдэгч М.Мд торгуулийн ял оногдуулсан хэмжээг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр гэж зөрүүтэй бичсэн байна

Шүүгдэгч С.Р, М.М нарт торгуулийн ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг биелүүлэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус бүр 3 сарын хугацаанд /166.666 төгрөг, 150.000 төгрөгөөр/ хэсэгчлэн төлөхөөр тогтоосон нь тооцооллын хувьд алдаатай буюу шүүгдэгч нарын хэн нэгэн нь 3 сард нийтдээ 499.998 төгрөг төлөхөөр, мөн шүүгдэгч нарын хэн нь сард хэчнээн төгрөг төлөх нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Мөн тухайн “... ялыг хугацаанд нь биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй ...” гэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол

шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино” гэсэн заалтыг зөв тусгаагүй буюу хуулийн заалтыг тодорхой, ойлгомжтой зааж хэрэглээгүй байна гэж дүгнэж байна.

Иймд Орхон аймаг дахь Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зөвтгүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ:

“Прокурорын эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах саналтай байна. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлэх боломжтой ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурор С.Б-н эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч С.Р нь 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр    аймгийн     сумын     багийн    тоотод архи ууж согтуурсан үедээ иргэн М.Мг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн шүүгдэгч М.М нь тухайн үед тоглоомын бооцооноос болж түүнтэй маргалдан улмаар зодолдож С.Рын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.

 

С.Рын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг, М.Мн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Р, М.М нарт оногдуулсан торгох ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад шүүгдэгч болон хэргийн бусад оролцогч нарын эрхийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Харин шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ ”... гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй ...” гэж дүгнэн шүүгдэгч М.Мд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан атлаа ....500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялаар... гэж,

мөн шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэхдээ ... 3 сарын хугацаанд /сард 166.666 төгрөг, 150.000 төгрөгөөр/...  гэж тоо болон тооцооллын шинжтэй алдаа гаргаснаас гадна торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар хэрхэн солихыг тодорхой заагаагүй нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

             Шүүхээс сар бүр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон 166.666 төгрөгийг 3 сарын хугацаатай дүйцүүлэхэд 499.998 төгрөг болох бөгөөд шүүгдэгч С.Род оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхэд зөрчилтэй нөхцөл байдал үүснэ.

 

             Ялтны сар бүр төлөх мөнгөн дүнг шүүх заавал тогтоох шаардлагагүй бөгөөд тухайн хүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэрэг торгох ял биелүүлэх чадварыг харгалзан сар бүр харилцан адилгүй хэмжээгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлүүлэх боломжтой тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж зөвтгөх боломжтой гэж дүгнэв.

 

             Түүнээс гадна торгох ялыг биелүүлэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн хүний төлбөр нөхөн төлөх чадварт нийцүүлэн хуульд зааснаас өөрөөр тогтоох шинэлэг зохицуулалт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тусгагдсан.

            

             Хуулийн дээрх зохицуулалт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т заасан “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор ... ” гэсэн хугацааг шүүгдэгчийн санхүүгийн байдалд тохируулан ийнхүү зааснаас илүү боломж олгох байдлаар сунгаж тогтоох эрх хэмжээг шүүхэд олгосон заалт юм.

            

             Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтыг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй бөгөөд торгох ял биелүүлэх доод хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш хуульд тусгайлан заасан хугацаа буюу 90 хоногоос дээш хугацаагаар шүүх тогтоох нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд онцгой нөлөөлөх ашигтай байдал үүснэ.

 

             Иймд шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг 5 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

             Монгол улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсан бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан ялаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Род оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Мд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тус өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй ... ” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй... ” гэж,

 тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.Р, М.М  нарт оногдуулсан торгох ялыг тус бүр 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч С.Род оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Мд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                          С.ЦЭЦЭГМАА

                                                                                                С.УРАНЧИМЭГ