Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
Хэргийн индекс | 183/2022/04832/И |
Дугаар | 183/ШШ2023/01289 |
Огноо | 2023-04-24 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2023/01289
2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр | Дугаар 183/ШШ2023/01289 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, 45 настай, эмэгтэй, А.С,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 хаягт байрлах, НШШГГ ,
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.С нь НШШГГ т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02785 тоот шийдвэрээр Т ХХК, А.С нараас зээлийн гэрээний үүрэгт 241 631 911 төгрөгийг гаргуулж, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын ** дүгээр гудамж, 000 тоот хаягт байршилтай, 64 м.кв талбайтай хувийн сууц, 378 м.кв талбай бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. 2022 оны 10 дугаар сард Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилж үнэлгээ хийлгүүлсэн Д ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Ш22-44 тоот шинжээчийн дүгнэлтээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 36 680 255 төгрөгөөр үнэлсэн. Уг үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн хот төлөвлөлтөөс 80 000 000 төгрөг буюу 40 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар сольж авахаар тохиролцсон байдаг. Иймд Д ХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Ш22-44 тоот шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02785 тоот шийдвэрээр Т ХХК, А.С нараас зээлийн гэрээний үүрэгт 241 631 911 төгрөгийг гаргуулж Т банк ХХК-д олгож, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Т ХХК, А.С нарт холбогдох гүйцэтгэх хуудсыг тус газар 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэн, төлбөрийг барагдуулах мэдэгдлийг төлбөр төлөгчид удаа дараа өгсөн. Гэвч Т ХХК, А.С нар нь төлбөрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тул барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын ** дүгээр гудамж, 000 тоот хаягт байршилтай, 64 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-22******* дугаарт бүртгэгдсэн 378 м.кв талбай бүхий газрын хамт 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20290006/01 дугаар бүхий битүүмжлэх актаар битүүмжилж, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 20290006/05 дугаар тогтоолоор хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал авах тухай мэдэгдлүүдийг төлбөр төлөгч нар болон өмчлөгч нарын хаягт баталгаат шуудангаар хүргүүлэхэд төлбөр төлөгч Т ХХК-ийн Д.Э нь зах зээлийн үнийг 70 000 000 төгрөгөөр үнэлсэн, А.С , Д.Б, З.Д нар шинжээч томилуулан үнэлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн тул хөрөнгийн үнэлгээний Д ХХК-ийн шинжээч Ц.Т ийг шинжээчээр томилоход барьцаа хөрөнгийг 36 680 255 төгрөгөөр үнэлсэн. Бид үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу талуудад мэдэгдсэн. Иймд тус газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3. Нэхэмжлэгч талаас, А.С-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4-137/18673 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 4-137/21230 дугар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/32 дугаартай “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”,
4. Хариуцагч талаас, нотариатчидын танхимын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн мөнгөний тасалбар, нэхэмжлэх, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ГХ2019/00731 тоот гүйцэтгэх хуудас, мөн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02785 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 309 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2019/00849 дүгээр тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2019/08334 дүгээр “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 20290006 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20290006/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мөн өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, үл хөдлөх эд хөрөнгийн фото зураг, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мөн өдрийн эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл, мөн өдрийн төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, мөн өдрийн зарлан дуудах мэдэгдэл, мөн өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Т ХХК-ийн дүрэм, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 20290006/04 дүгээр эд хөрөнгө хураах тухай тогтоол, мөн өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Д.Э ын гаргасан үнийн санал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 9/67 дугаар тогтоол хүчингүй болгох тухай тогтоол, 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 20290006/05 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, мөн өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, зарлан дуудах мэдэгдэл, Т ХХК-ийн үүсгэн байгуулагчийн мэдээлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 4-137/16806, 4-137/16807, 4-137/16808, 4-137/16805, 4-137/16804 дугаар үнийн санал авах тухай мэдэгдлүүд, 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мөн өдрийн 4-137/17517, 4-137/17518, 4-137/17519, 4-137/17520 дугаартай үнийн санал авах тухай мэдэгдлүүд, Д.Э ын үнийн санал, Д.Б, З.Д, А.С нарын шинжээч томилуулах хүсэлт, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9/277 дугаар шинжээч томилох тухай тогтоол, мөн өдрийн шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцож болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээчид эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл, шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт, Д ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 132/022 дугаар итгэмжлэл, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №Ш22-44 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, Д ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №Ш22-44 тоот шинжээчийн дүгнэлт, Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хугацааны сунгалт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02785 тоот шийдвэрээр Т ХХК, А.С нараас зээлийн гэрээний үүрэгт 241 631 911 төгрөгийг гаргуулж, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 24 дүгээр гудамж, 000 тоот хаягт байршилтай, 64 м.кв талбайтай хувийн сууц, 378 м.кв талбай бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. 2022 оны 10 дугаар сард Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилж үнэлгээ хийлгүүлсэн Д ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Ш22-44 тоот шинжээчийн дүгнэлтээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 36 680 255 төгрөгөөр үнэлсэн. Уг үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн хот төлөвлөлтөөс 80 000 000 төгрөг буюу 40 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар сольж авахаар тохиролцсон байдаг. Иймд Дамно ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Ш22-44 тоот шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02785 тоот шийдвэрээр Т ХХК, А.С нараас зээлийн гэрээний үүрэгт 241 631 911 төгрөгийг гаргуулж Т банк ХХК-д олгож, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Т ХХК, А.С нарт холбогдох гүйцэтгэх хуудсыг тус газар 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэн, төлбөр барагдуулах мэдэгдлийг төлбөр төлөгчид удаа дараа өгсөн боловч тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тул барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 24 дүгээр гудамж, 000 тоот хаягт байршилтай, 64 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2206001129 дугаарт бүртгэгдсэн 378 м.кв талбай бүхий газрын хамт 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20290006/01 дугаар бүхий битүүмжлэх актаар битүүмжилж, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 20290006/05 дугаар тогтоолоор хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал авах тухай мэдэгдлүүдийг төлбөр төлөгч нар болон өмчлөгч нарын хаягт баталгаат шуудангаар хүргүүлэхэд төлбөр төлөгч Т ХХК-ийн Д.Э нь зах зээлийн үнийг 70 000 000 төгрөгөөр үнэлсэн, А.С , Д.Б, З.Д нар шинжээч томилуулан үнэлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн тул хөрөнгийн үнэлгээний Д ХХК-ийн шинжээч Ц.Т ийг шинжээчээр томилоход барьцаа хөрөнгийг 36 680 255 төгрөгөөр үнэлсэн. Иймд тус газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн баримтаар, улсын бүртгэлийн Ү-22****** дугаартай, Хан-Уул дүүргийн * дугаар хороо, Жаргалантын ** дүгээр гудамж, 000 тоот хаягт байршилтай, 64 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-22******* дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Жаргалантын ** дүгээр гудамж, 000 тоот хаягт байршилтай, 378 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөгч нь А.С болох нь, Т ХХК, А.С болон Т банк ХХК нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан №14/1088 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх эд хөрөнгүүдийг барьцаалсан болох нь тус тус тогтоогддог.
Зээлдэгч Т ХХК, А.С нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч Т банк ХХК нь шүүхэд хандаж, улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/02785 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 309 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2019/00849 дүгээр тогтоолоор хариуцагч Т ХХК, А.С нараас 241 631 911 төгрөг гаргуулан Т банк ХХК-д олгож, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл дээрх барьцаа хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэжээ.
Уг захирамжид шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ГХ2019/00731 тоот гүйцэтгэх хуудас олгож, НШШГГ дээрх гүйцэтгэх баримт бичигт үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9/277 дугаар тогтоолоор барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Д ХХК-ийг шинжээчээр томилж, Д ХХК нь дээрх хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг 36 680 255 төгрөгөөр тогтоосон байна.
5. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог ба төлбөр төлөгч, өмчлөгч нар зөрүүтэй үнийн санал өгсөн, мөн төлбөр төлөгчөөс шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9/277 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.
6. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.
Д ХХК нь хөрөнгөд зах зээлийн, орлогын, өртгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, үнэлэгдэж буй хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний зардлын хандлага болон барилгын төсөвт тооцооллоор, газрыг нормативын аргаар үнэлж, улсын бүртгэлийн Ү-22***** дугаартай, Хан-Уул дүүргийн * дугаар хороо, Жаргалантын ** дүгээр гудамж, 000 тоот хаягт байршилтай, 64 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2******** дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн * дугаар хороо, Жаргалантын ** дүгээр гудамж, 000 тоот хаягт байршилтай, 378 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын зах зээлийн үнэ цэнийг 36 680 255 төгрөгөөр тогтоосон байна. Мөн хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртгийн өнөөгийн үнэ байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиг судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...Уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ 80 000 000 төгрөг, Нийслэлийн хот төлөвлөлтөөс 80 000 000 төгрөг буюу 40 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар сольж авахаар тохиролцсон” гэж дурдсан боловч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шаардлагаа нотлоогүй байна.
7. Иймд дээрх шинжээчийн тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс хэт бага, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
9. Энэ өдрийн шүүх хуралдааны товыг 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч......... гэх дугаарын утас руу тус тус залгаж мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.
10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн мэдэгдлээр хүргүүлсэн үнэлгээг эс зөвшөөрч 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан үндэслэлээ “...мэдэгдлийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан” гэж тайлбарласан, хариуцагч уг асуудлаар маргаагүй тул шүүх хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан гэж дүгнэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч НШШГГ т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч А.С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ