2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2500

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч Э.Т***, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Т***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаар хэргийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 05 дүгээр сарын 29-ны өдөр *** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, аялал жуулчлал мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт *** дүүргийн *** дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх,

Тайж овогт ***ийн Т*** (РД: КЮ89052971).

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Т*** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дуудлагын дагуу очсон хууль сахиулагчийг буюу хохирогч А.А***г албан үүргээ биелүүлэхтэйн холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас:

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Т***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, эсэргүүцсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтай, хавтаст хэргээс хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан бичгийн нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Э.Т***, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр нараас “...гэм буруу дээрээ маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээг зөвшөөрч, ...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон чөлөөлүүлэх байр суурьтай, ...нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэж (шүүх хуралдааны тэмдэглэл), хавтаст хэргээс хэргийн 56, 74 тал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 10 хуудас бүхий баримтуудыг тус тус шинжлэн судалж  шүүх хуралдаанд оролцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Шүүгдэгч Э.Т***ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 73 дахь тал) зэрэг болно.

Хоёр.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

2.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Э.Т*** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дуудлагын дагуу очсон хууль сахиулагчийг буюу хохирогч А.А***г албан үүргээ биелүүлэхтэйн холбогдуулан хүч хэрэглэж, цээж хэсэгт нь мөргөх, удаа дараа цохих, эмзэг эрхтэн рүү нь цохих, газарт унагаасан малгай авч өг гэх зэргээр эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Хохирогч А.А***н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт "ТЭЦ4-ын хойд талын зам дээр *** ***, *** *** согтуу гэх дуудлага мэдээлэл 17 цаг 19 минутад ирээд 17 цаг 36 минутад очиход хоёр машин цэх өөд өөдөөсөө мөргөлдсөн, Тоёота Сай маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч архи согтууруулах хэрэглэсэн, ертөнцийн зүгээр баруун хойш харсан байдалтай. Эсрэг урсгалаар явж байсан Тоёота Приус 30 маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам хөвөөнөөс гаргасан байдалтай байсан. Тэгээд юу болсон талаар хохирогч гэх *** *** улсын дугаартай машины жолоочоос асуух гэтэл хажуугаас 175-180 см өндөртэй, махлагдуу, саравчтай хар малгай, улаан цамцтай, хар өмд, цагаан пүүзтэй үл таних эрэгтэй хажуугаас юу гээд мэдэгдэхгүй, хэл ам нь ойлгогдохгүй "писда, лалар гэх мэт үгээр намайг доромжлоод машин руугаа ойртуулахгүй байсан. Улмаар хэргийн газрын үзлэг хийлгэхгүй байхаар нь хууль ёсны дагуу "та согтуу байна, суугаад байж бай, би хэргийн үзлэг хийх шаардлагатай байна гэж хэлэхэд ерөөсөө тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй утсаа албаар газар унагаагаад чи миний утсыг газраас авч өг гэж намайг доромжилж эхэлсэн. А Тэгээд энэ маягаар байж байтал миний хажууд тэр залуу ирээд миний цээж хэсэг рүү удаа, дараа цохисон. Тухайн үед би өөрийнхөө гар утсыг хохирогч гэх хүн өгөөд утсаараа бичлэг хийлгэж байтал бичлэгийг хийж байсан өнцгийн нөгөө талд намайг гаргаж байгаад бичлэгт өртөхгүйгээр зүүн гараараа миний бэлэг эрхтэн рүү нэг удаа цохисон. Энэ үйлдэл нь бичлэгт үзэгдэл муухан гарч байгаа. Харин миний цээж хэсэг рүү цохиж байгаа болон хууль ёсны дагуу шаардлага тавих үед биелүүлэхгүй эсэргүүцээд байсан үйлдэл нь бичлэгт тод харагдаж байгаа. Нөгөө согтуу залуу ерөөсөө үг биелүүлэхгүй сүүлдээ бараг намайг зодох гээд дайраад байхаар нь цагдаад дуудлага өгсөн... 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын тушаалаар эргүүл хамгаалалтын газарт эргүүлийн цагдаагаар ажилд ороод 2013 онд Тээврийн цагдаагийн албанд шилжин томилогдоод одоог хүртэл ажиллаж байна... Тэр талаар ерөөсөө мэдэх зүйл байхгүй. Би үл таних эрэгтэйг согтуу байсныг нь аль болох эелдгээр харьцаа үүсгэж гэсэн боловч миний хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, мөн дээрээс нь намайг албан үүргээ гүйцэтгэж байх үед саад учруулсан... Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй согтолтын зэрэг нь нэлээн өндөр байсан. Тэр хүн яагаад шаардлагыг биелүүлээгүй байгааг нь мэдэхгүй байна... Ерөөсөө ашиглах боломж байхгүй байсан... Би ерөөсөө халдаж гэмтээсэн зүйл байхгүй... Миний хүзүү, хоолой, зүүн чихний ар хэсгээр зулгарч, нүүр тус газартаа хоёр удаа цохиулснаас болоод толгой дүүргэлт үүсээд өвдөж байна. Мөн эмзэг эрхтэн рүүгээ цохиулснаас болоод хөндүүрлээд өвдөж байна... Тоёота Приус 30 маркийн машины жолооч нэг эрэгтэй түүнтэй хамт хоёр эмэгтэй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй болон миний бие байсан...Тиймээ би шүүх эмнэлэгт үзүүлнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

түүний 2025 оны 04 сарын 07-ны өдөр дахин өгсөн “...Намайг тус зам тээврийн осол дээр буюу Баянгол дүүргийн 20 дугаар зур хорооны нутаг дэвгэрт байрлах гацуурт ххк-аас урагш эргэдэг 2 эгнээ тойрог зам дээр *** *** улсын дугаартай сайя маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун хойш харсан байдалтай эсрэг урсгал сөрж, тоёота приус 30 маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эгц урдаас мөргөж замаас гаргасан байдалтай байсан. *** *** улсын - дугаартай сайя маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь машиныхаа баруун урд талд явган хүний зам дээр харахад илт архи согтууруулах ундааны зүйл үнэртүүлсэн тоёота приус 30 маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч руу чи цагдаагаа боль, би чамд шинэ машин авч өгнө гэж дээд өнгөөр орилж дарамталсан байдалтай байсан харьцаж байсан...Цагдаагийн албан хаагчийг мэдсээр байж намайг элдвээр хэлж, цохиж, доромжилж мөн тус аваараас болж маш олон тээврийн хэрэгслийн жолооч нар харж байхад намайг маш эвгүй байдалд буюу ичгэвтэр байдалд удаан хугацаанд байлгасан мөн миний эмзэг эрхтэн лүү гараараа цохисон бөгөөд одоо хүртэл хавдартай байгаад гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

2. Насанд хүрээгүй гэрч Ц.О***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 04 сарын 04-ний өдөр би Хан-Уул дүүргийн Таван богдоос хичээлээ тарчхаад ***, М*** нарын хамтаар Хар хорин зах орж юм авчхаад тэндээсээ гараад ***, М*** бид гурав М***ын хар өнгийн приус-30 маркийн машинтай /дугаарыг нь мэдэхгүй/ ТЭЦ-4 ийн замаар Яармаг чиглэлд явж байхдаа огцом эргэлттэй зам байсан, тэгээд урд цагаан машин өөдөөс ирж байсан ба тухайн машины араас усан цэнхэр өнгийн машин гүйцэж түрүүлэх гээд урсгал сөрж ирээд манай машинтай мөргөлдсөн. Тэр машины жолооч нь согтуу байсан тул бид хэд замын цагдаа дуудаад удалгүй цагдаа ирж мөргөсөн жолоочтой ярилцаж байхдаа тэр согтуу жолооч замын цагдаагийн үгэнд нь орохгүй хэрэлдээд цагдаатай барьцалдаж авсан. Би тэр цагдаагийн утсаар нь бичлэг хийсэн...Би тухайн үед бол яг цохиж байсныг нь хараагүй. Намайг харахад цагдаагийн үгэнд орохгүй, цагдаатай барьцалдаж авсан байсан. Цохисныг М*** харсан гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал) ,

3. Насанд хүрээгүй гэрч О.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 17 цагийн орчимд хичээлээ тарчхаад найз О***ын хамт ТЭЦ-ийн хойгуур явдаг засмал зам дээр явж байхад өөдөөс ирэх автозамын урсгалаас цайван өнгийн жижиг суудлын тэрэг зүүн тийшээ урсгалаараа явж байсан эгнээний хар өнгийн приус 30 маркийн автомашинтай мөргөлдөөд зам дээр зогссон. Урсгалаараа явж байсан хар приус 30 маркийн автомашинтай ах машинаасаа бууж ирсэн харин эсрэг урсгалаас ирж мөргөдөг ах машинаасаа шал согтуу бууж ирээд гуйваад байсан. Тэгээд согтуу ах битгий цагдаа дуудаа би хохирлыг чинь төлчихье гээд байсан. Мөргүүлдэг машины ах юм дугараагүй цагдаа шууд дуудсан. Цагдаа нээх удалгүй хүрч ирээд "нөгөө мөргөдөг согтуу ахыг "йишээ суучих гээд" цагдаагийнхаа машинд суулгах оролдсон боловч суугаагүй. Тэгээд тэр согтуу ах замын цагдаатай өөдөөс нь хэрэлдээд хэг ёог хийгээд бараг барилцаж аваад байсан. Цагдаа ах тэр согтуу хүнтэй эвээр хэлж үзсэн арга байгаагүй. Тэгээд удалгүй өөр 3 цагдаа ирээд согтуу нөхрийг аваал яваад өгсөн. Тэд нарыг явсны дараа өөр цагдаа нар ирээд хэмжилт хийгээд байсан. Тэр согтуу ах нэлээн согтуу байсан цагдаа нар ирээд түүнийг аваад явсан. Хаашаа явсныг нь би мэдэхгүй. Ийм л юм болсон... Биед бол гэмтэл учраагүй, харин би тэр хар өнгийн приус урсгал сөрж орж ирээд миний дотор нь сууж явсан машинд гэмтэл учруулсан. Би гомдолтой байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал) ,

4. Гэрч А.М***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 17 цагийн орчимд Баянгол дүүрэг 20-р хороо ТЭЦ4-ийн хойд талын зам дээр өөрийн хар өнгийн Тоёота Приус 30 маркийн *** *** улсын дугаартай машинтайгаа явж байтал яг эргэдэг эргэлтэн дээр нэг машин урдаас урсгал сорж орж ирээд өөдөөс мөргөчихсөн. Тэгээд машинаасаа буугаад ирсэн нөгөө мөргөсөн машины жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хажууд очиход эхүүн үнэр үнэртэж байсан болохоор шууд дуудлага өгсөн. Цагдаа  ирээгүй байх үед тэр машины жолооч надад хандан "би битгий цагдаад дууд, би чиний хохирлыг бүрэн барагдуулж өгнө, бас чамд гаальтай машин авч өгье гээд өөдөөс томроод байсан болохоор тэр хүнтэй юу ч дуугарахгүй байж байтал замын цагдаа ирсэн. Замын цагдаа ирээд надаас юу болсон талаар асуухад түүнд машинтайгаа хойноос урагшаа чиглэлтэй явж байх үед урдаас саарал өнгийн Тоёота Сай маркийн *** *** улсын дугаартай машин урдаас мөргөчихсөн, машинаасаа буугаад очсон чинь тэр машины жолооч согтуу байсан талаар болсон бүх үйл явдлыг хэлсэн. Тэгээд тэр цагдаа нөгөө осол гаргасан хүн дээр очоод "та бичиг баримтаа аваад ир гэж хэлсэн чинь өөдөөс нь "чи хэн юм бэ" гээд өөдөөс томорч эхэлсэн. Тэгсэн чинь нөгөө цагдаа болохоор өөдөөс нь юу ч хэлэхгүй байж байгаад осол гарсан хэсгийн зураг, хэмжилтийг хийж гэтэл нөгөө осол гаргасан хийх гэж байгаа зүйлийг ерөөсөө хийлгэхгүй саад учруулаад байсан. Тэр үед цагдаа осол гаргасан эрэгтэйд хандан "хууль ёсны дагуу шаардлагыг та биелүүлэх ёстой, би хэргийн үзлэгийг хийх гэж байна, та надад саад учруулаад байна гэж хэлэхэд ерөөсөө хэлсэн үгийг нь ч тоохгүй. Харин ч бүр эсрэгээрээ цагдаа ахын цээж хэсэг рүү гараараа цохиж эхэлсэн. Яг тэр үеэр цагдаа надад өөрийнхөө гар утсыг өгөөд бичлэг хий гэхээр нь гар утсан дээр бичлэг хийж эхэлсэн. Бичлэг хийж байх явцад осол гаргасан эрэгтэй цагдаа ахын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй өөдөөс нь эсэргүүцэж байгаад түүний эмзэг эрхтэн рүү нь зүүн гараараа цохиод авсан. Энэ үйлдэл нь бичлэгт сайн гараагүй. Харин бусад цагдаагийн биед осол гаргасан эрэгтэй цээж хэсэг рүү удаа дараа цохиж байгаа. Мөн заамдаж аваад толгой руу хоёр удаа мөргөж байгаа дүрс бичигдсэн байгаа. Дээрх үйл явдал бүр зогсохгүй байхаар нь замын цагдаа ах цагдаад дуудлага өгсөн. Дуудлагаар хоёр цагдаа ирээд авч явах гэтэл тэр цагдаа нарын тавьсан шаардлагын бас биелүүлэхгүй өөдөөс янз бүрийн хараалын үгээр хэлж доромжилж биед нь халдаж байсан... Замын цагдаа осол гаргасан эрэгтэйд аль болох эелдгээр хууль ёсны шаардлагыг тавьж байхад өөдөөс илт эсэргүүцээд байсан. Ямар шалтгааны улмаас замын цагдаагийн биед нь халдсан талаар мэдэхгүй байна... Нэлээн согтолттой байсан... Биед нь гэмтэл учруулахаар зүйлийг огт хийгээгүй. Харин хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байхаар нь өөрөөсөө холдуулж түлхсэн зүйл байгаа... Осол гаргасан эрэгтэйд ерөөсөө ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Харин А*** гэх цагдаагийн биед хүзүү, хоолойн хэсгээр зулгарчихсан. Сүүлд нь бэлэг эрхтэн рүүгээ зохиулаад зовуурилж байна гэж хэлж байсан... Тэр ах ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

5. Шүүгдэгч Э.Т***ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...2025 оны 04 сарын 04-ны өдөр цагийг нь санахгүй байна. би ажил дээрээ байж байгаад ганцаараа 2,5 литрийн пиво 1 ширхгийг уусан. Дараа нь өөрийн Toyota sai загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад гэр рүүгээ харих гэж ДЦС-н дунд замаар туслах зам эргэж орсон. Тэгээд нарийн тойрог зам дээр эргэх гэж байгаад нэг автомашинтай мөргөлдсөн. Улмаар уг тээврийн хэрэгслийн жолоочтой нь уулзаад тохиролцъё гээд гэж хэлсэн чинь цагдаа дуудсан байгаа гэж хэлсэн. Тэгээд хүлээгээд байж байтал хаанаас ч юм бэ нэг дүрэмт хувцастай цагдаа ирсэн. Тухайн цагдаа ганцаараа байсан. Тэгээд уг алба хаагч над руу дайраад эхэлсэн. Чи согтуу байна. Аваар хийчихлээ гэж хэлсэн. Би уг цагдаад миний буруу, жолооч барьж байгаад ийм аваар гаргачихлаа. Би нөгөө тээврийн хэрэгслийн дүүд хэлсэн байгаа. Хохиролгүй болгоно гэж хэлсэн. Дараа нь уг цагдаа намайг чамайг хэн гэдэг юм бэ? Чамайг суулгана аа гээд байсан. Тэгээд уг алба хаагч надтай зам тээврийн осол гаргасан гэх жолоочид гар утсаа өгсөн. Би мөн адил уг жолоочид өөрийнхөө гар утсыг өгөөд давхар бичлэг хийчих гэж хэлсэн. Тэгээд уг алба хаагч намайг газар унагаад миний гарыг биеийн ар талд өчсөн. Би уг алба хаагчаас гуйсан. Гар тавихгүй байхаар нь чаргууцалдаж байгаад газраас боссон. Босоод уг алба хаагчтай маргалдсан. Та яагаад надад хүч хэрэглээд байгаа юм гэж хэлсэн. Дараа нь уг алба хаагч эсэргүүцлээ гээд миний гарыг дахиж биеийн ар талд барих гэхээр нь би зууралдсан. Дараа нь хэв журмын 2 алба хаагч ирээд намайг эрүүлжүүлэх байр руу хүргэсэн... Үгүй. Харин цагдаагийн алба хаагч миний гарыг биеийн ар талд өчиж барих гэхээр нь би гараа биеийнхээ урд хэсэгт гаргах гээд гараа хүчтэй татсан. Ингэх үед санамсаргүй уг алба хаагчийн биед хүрсэн байх. Түүнээс бие би санаатай алба хаагчийн биед халдсан зүйл байхгүй... Миний баруун талын мөр хөндүүртэй байна... Миний бие өөрийн гаргасан зөрчилдөө гэмшиж байна. Миний хууль бус үйлдлийг таслан зогсоосон алба хаагч миний учирч болох эрсдэлийг талсан зогсоох үед нь би уг алба хаагчтай маргалдсантай уучлал хүсэж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-31 дахь тал),

 түүний мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр ирсэн цагдаагийн алба хаагч А*** нь надтай өндөр дуугаар харьцахаар нь би та өөрийгөө танилцуулаач таныг хэн гэдэг вэ гэж асуусан надад А*** нь чамд хамаагүй гэж хэлсэн түүнээс болж маргасан би гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би тухайн өдөр болсон үйлд явдлыг бүгдийг нь санаж байна, надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь тал),

6. Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.Буяннэмэхийн 2025 оны 04 сарын 22-ны өдрийн *** дугаартай “... 1. А.А***н биед баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. 3. 4. 6. 7. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

7. Эд зүйл хүлээн авсан “... хэргийн оролцогч А.А***н-с баримт болон гарган өгсөн камерын бичлэг 1 ширхэг сд-г 2025 оны 06 сарын 03-ны өдөр хүлээн авав...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 38 дахь тал),

8. Дүрс бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэгийн зүүн доод буланд 0:00:01 гэх бичиглэл байв. Бичлэгт машин замын хажууд явган хүний зам дээр зогсох хоёр хүн байх ба цагдаагийн алба хаагчийг малгай авч өг гэж гараараа зааж буй хар өнгийн халимаг үстэй улаан өнгийн малгайтай цамцтай залуугийн дүрс бичигдсэн байв. 0:00:05 секундэд улаан цамцтай залуу цагдаагийн алба хаагчийг биеэрээ түлхэж байгаа бичигдсэн байв... Үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд 0:00:14 секундэд улаан цамцтай залуу миний утсаар ч бас бичлэг хийчих гэж хэлээд бичлэг хийж буй хүнд утсаа өгч байгаа нь бичигдсэн байв... Бичлэгт 00:00:39 секундэд Улаан цамцтай залуу чи яагаад намайг өчиж байгаа юм гэж цагдаагийн алба хаагчийн цээжин хэсэг рүү хуруугаараа чичиж байх ба цагдаагийн алба хаагч чи миний биед халдаад байна гэж буй дуу дүрсний бичлэг байв... Бичлэгт 0:01:14 минутад улаан цамцтай хүн цагдаагийн алба хаагч руу биеэрээ түлхээд байсан учир цагдаагийн алба хаагч урдаас нь гараараа түлхэж буй дүрс бичигдсэн байв... Үзлэгийг цааш бичлэгт үргэлжлүүлэхэд 0.01.41 минутад улаан цамцтай залуу цагдаагийн алба хаагчийн бие рүү ойртож буй нь бичигдсэн байв... Бичлэгт 0.01.57 минутад улаан цамцтай залуу цагдаагийн алба хаагчийг тохойгоороо түлхэж мөн би хэргээ хүлээх гэж байна яасан, яасан гэх мэтчилэн чанга дуугарч цагдаагийн алба хаагчийн цээж хэсэг рүү хуруугаараа бичлэг байв. Чичилж буй бичлэг байв... Үзлэгийг үргэлжлүүлэхэд бичлэгийн 0.02.15 минутад хашааны буланд хар хөх өнгийн саравчтай малгай газар байгааг харуулсан байв... Бичлэгт 0.02.23 минутад улаан цамцтай залуу цагдаагийн алба хаагчийг малгай авч өг гэж түлхэж буй нь бичигдсэн байв. Мөн 0.03.01 минутад улаан цамцтай залуу цагдаагийн алба хаагчийг малгай авч өг гэж гараас нь татаж байв... Бичлэгт 0.03.42 минутад улаан цамцтай залуу цагдаагийн алба хаагчийн толгой хэсэг рүү өөрийн дух хэсгээрээ мөргөж буй нь бичигдсэн байв... Үзлэгийг үргэлжлүүлэхэд бичлэгийн 0.04.06 минутад улаан цамцтай залуу өөрийнхөө гар утсыг аваад цагдаагийн алба хаагч руу харуулан бичлэг хийж байгаа нь бичигдсэн байв... бичлэгийн 0.04.17 минутад цагдаагийн алба хаагч миний "биед хүрэхээ больчхооч" гэж хэлэхэд улаан цамцтай залуу "Май" гэж хэлэн салаавч гаргаж буй нь бичигдсэн байв. Эхний бичлэгийн үзлэгт өөр хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй тул үзлэгийг дараагийн файл рүү үргэлжлүүлэв... Үзлэгийг 604267fa-4633-4e0f- 87d9-0edc6589cc51 гэх нэртэй файл руу нэвтэрч ороход 0.00.12 секундийн бичлэг байх бөгөөд бичлэгийг тоглуулахад 0.00.01 секундэд улаан цамцтай залуу цагдаагийн алба хаагчийн цээж хэсэг рүү хүчтэй мөрлөж буй нь бичигдсэн байв... Бичлэгт 0.00.03 секундэд цагаан цамцтай залуу цагдаагийн алба хаагчийн эрүү хэсэг рүү толгойгоороо мөргөж буй дүрс бичлэг бичигдсэн байх бөгөөд улаан цамцтай залуу наад бичлэгээ над руу явуулчихаараа гэж хэлж буй нь бичигдсэн байв... Үзлэгийг үргэлжлүүлэхэд 0.00.12 секундэд улаан цамцтай залуу цагдаагийн алба хаагчийг заамдаж буй бичигдсэн байв...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 40-43 дахь тал),

9. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарсан дуудлага, мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны Зам цагдаагийн газрын Баянгол дүүргийн замын Цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч А.А*** нь тус мэдээллийг шалгаж байх явцад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол үл таних эрэгтэй биед нь халдаж, хууль ёсны  шаардлагыг биелүүлээгүй...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 05 дахь тал) зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна.

2.2. Хууль зүйн дүгнэлт.

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэх явцдаа тавьсан шаардлагыг үл ойшоон эсэргүүцэж, тэдгээрийн эсрэг цохих, өшиглөх, түлхэх, боох, хувцсыг нь урах, мөрдсийг нь хуулах зэргээр бие махбодын хүчирхийлэл үйлдэх, мөн тэдгээрийг айлган сүрдүүлэх зорилгоор хийсэн сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж эсэргүүцсэн идэвхтэй үйлдэл байдаг.

Дээрх хэрэгт баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” шүүгдэгч Э.Т***ын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлд “Хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно гэж, “Албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодод халдсаныг ойлгоно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос гаргаж өгсөн “...Цагдаагийн алба хаагч мөн эсэхийг шалгасан хуудас болон 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар А.А***н нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаар цахим лавлагаа...” болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаанд гарын үсэг зурж баталгаажуулан өгсөн мэдүүлэг[1] /Биеийн байцаалт...эрхэлсэн ажил, хөдөлмөр/ зэрэг нотлох баримтаар хохирогч А.А*** нь Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны зохицуулагч цагдаагаар ажиллаж байсан нь нотлогдон тогтоогдоно.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн үйл баримтыг тодруулах, сэргээн тогтоох, бусад нотлох баримтыг шалгах, үнэлэх зорилгоор хэргийн оролцогч нараас мэдүүлэг авах, гэмт хэрэг үйлдсэн болон үйлдээгүй няцаалт байгаа эсэхийг тодруулахаар мэдүүлэг авах нь ач холбогдол билээ.

Мэдүүлгийн эх сурвалжийг шалгах, хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулах замаар хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэх ба хохирогч А.А*** нь мөрдөн шалгах ажиллагаанд 2 удаагийн өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт "ТЭЦ4-ын хойд талын зам дээр *** ***, *** *** согтуу гэх дуудлага мэдээлэл 17 цаг 19 минутад ирээд 17 цаг 36 минутад очиход хоёр машин цэх өөд өөдөөсөө мөргөлдсөн, Тоёота Сай маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч архи согтууруулах хэрэглэсэн, ертөнцийн зүгээр баруун хойш харсан байдалтай. Эсрэг урсгалаар явж байсан Тоёота Приус 30 маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам хөвөөнөөс гаргасан байдалтай байсан... хажуугаас 175-180 см өндөртэй, махлагдуу, саравчтай хар малгай, улаан цамцтай, хар өмд, цагаан пүүзтэй үл таних эрэгтэй хажуугаас...намайг доромжлоод... Тэгээд энэ маягаар байж байтал тэр залуу миний цээж хэсэг рүү удаа, дараа цохисон... би өөрийнхөө гар утсыг хохирогч гэх хүнд өгөөд утсаараа бичлэг хийлгэж байтал бичлэгийг хийж байсан өнцгийн нөгөө талд намайг гаргаж байгаад бичлэгт өртөхгүйгээр зүүн гараараа миний бэлэг эрхтэн рүү нэг удаа цохисон...” гэж мэдүүлсэн.

Түүнчлэн хохирогч нь цагдаагийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан гэх агуулга бүхий дээрх мэдүүлэг нь насанд хүрээгүй гэрч Ц.О*** болон О.*** нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М***ын хар өнгийн приус-30 маркийн машинтай /дугаарыг нь мэдэхгүй/ ТЭЦ-4 ийн замаар Яармаг чиглэлд явж байхдаа...урд цагаан машин өөдөөс ирж байсан ба тухайн машины араас усан цэнхэр өнгийн машин гүйцэж түрүүлэх гээд урсгал сөрж ирээд манай машинтай мөргөлдсөн. Тэр машины жолооч нь согтуу байсан тул бид хэд замын цагдаа дуудаад удалгүй цагдаа ирж мөргөсөн жолоочтой ярилцаж байхдаа тэр согтуу жолооч замын цагдаагийн үгэнд нь орохгүй хэрэлдээд цагдаатай барьцалдаж авсан...”[2] гэх зөрүүгүй мэдүүлэг,

гэрч А.М***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 17 цагийн орчимд Баянгол дүүрэг 20-р хороо ТЭЦ4-ийн хойд талын зам дээр өөрийн хар өнгийн Тоёота Приус 30 маркийн *** *** улсын дугаартай машинтайгаа явж байтал яг эргэдэг эргэлтэн дээр нэг машин урдаас урсгал сөрж орж ирээд өөдөөс мөргөчихсөн...мөргөсөн машины жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор шууд дуудлага өгсөн...Замын цагдаа ирээд надаас юу болсон талаар асуухад түүнд....гэх бүх үйл явдлыг хэлсэн. Тэгээд тэр цагдаа нөгөө осол гаргасан хүн дээр очоод "та бичиг баримтаа аваад ир гэж хэлсэн чинь өөдөөс нь "чи хэн юм бэ" гээд өөдөөс томорч эхэлсэн. Тэгсэн чинь нөгөө цагдаа болохоор өөдөөс нь юу ч хэлэхгүй байж байгаад осол гарсан хэсгийн зураг, хэмжилтийг хийж гэтэл нөгөө осол гаргасан хийх гэж байгаа зүйлийг ерөөсөө хийлгэхгүй саад учруулаад байсан. Тэр үед цагдаа осол гаргасан эрэгтэйд хандан "хууль ёсны дагуу шаардлагыг та биелүүлэх ёстой, би хэргийн үзлэгийг хийх гэж байна, та надад саад учруулаад байна гэж хэлэхэд ерөөсөө хэлсэн үгийг нь ч тоохгүй. Харин ч бүр эсрэгээрээ цагдаа ахын цээж хэсэг рүү гараараа цохиж эхэлсэн....Бичлэг хийж байх явцад осол гаргасан эрэгтэй цагдаа ахын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй өөдөөс нь эсэргүүцэж байгаад түүний эмзэг эрхтэн рүү нь зүүн гараараа цохиод авсан. Энэ үйлдэл нь бичлэгт сайн гараагүй. Харин бусад цагдаагийн биед осол гаргасан эрэгтэй цээж хэсэг рүү удаа дараа цохиж байгаа. Мөн заамдаж аваад толгой руу хоёр удаа мөргөж байгаа дүрс бичигдсэн байгаа... Замын цагдаа осол гаргасан эрэгтэйд аль болох эелдгээр хууль ёсны шаардлагыг тавьж байхад өөдөөс илт эсэргүүцээд байсан...” гэх мэдүүлэг, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[3] зэргээр эргэлзээгүй нотлогдож байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийтийн албаны ашиг сонирхол, хууль сахиулах талаар хуулиар тогтоосон журам, хууль сахиулагчийн хэвийн үйл ажиллагааны эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Э.Т*** нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт “хэргийн газрын үзлэг хийх” гэж хуульчилсан бөгөөд Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны цагдаагийн офицер цолтой, зохицуулагч албан тушаалтай хохирогч А.А*** нь “...2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт "ТЭЦ4-ын хойд талын зам дээр *** ***, *** *** согтуу гэх” дуудлага мэдээллийн дагуу очиж, осол, хэргийн газрын үзлэг хийх талаар хууль ёсны шаардлага тавихад шүүгдэгч Э.Т*** нь хууль сахиулагчийн үйл ажиллагаанд саад учруулах, биед нь хүч хэрэглэж цохих, мөргөх зэрэг үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангах ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...хэргийн газар албан ёсны дуудлагаар очсон нь эргэлзээтэй...” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Э.Т*** болон түүний өмгөөлөгч Ц.Батбаяр нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

4. Иймд шүүгдэгч Э.Т***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Оролцогчийн эрхийн хязгаарласан байдал.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой.

Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Тус гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогддог ба хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй тул шүүгдэгч Э.Т***ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Э.Т*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

4.3. Түүнчлэн шүүгдэгч Э.Т***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Э.Т***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна…хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди ирүүлснийг хэрэгт хадгалуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батбаяраас “...Миний үйлчлүүлэгчийн анх хууль сахиулагчийг эсэргүүцсэн шалтгаан нь хууль сахиулагчийн албаны хувцасны бүрдэл бүрэн бус байгууллагын тэмдэглэгээгүй болон энгэр хэсэгтээ өөрийн нэр нь байхгүй. Өөрөөр хэлбэл Цагдаагийн алба хаагчдад нийтлэг үүрэг байдаг. Жишээлбэл дуудлагаар ирсэн бол өөрийн нэр албан тушаалаа танилцуулах гэх мэтчилэн. Ийм учраас Т***ын хувьд цагдаагийн алба хаагчтай маргалдсан...Шүүгдэгчид өмгөөлөгчийн зүгээс цагдаагийн алба хаагч албаны хүлээсэн үүргээ биелүүлж үйл ажиллагаа явуулахдаа түүний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж, хэдийгээр тухайн цагдаан алба хаагчийн биед гэмтэл учраагүй боловч халдсан үйлдэл болон өөрөөр мөн тавьсан шаардлагын хариуд чадахгүй гэх зэргээр хариу үйлдэл үзүүлснээр энэ төрлийн гэмт хэрэг төгсдөг гэдгийг тайлбарласан... Хэдийгээр хавтаст хэрэгт А*** нь тухайн цаг хугацаанд дуудлага мэдээлэл авснаар очсон эсэх нь тодорхойгүй байгаа боловч түүний цагдаагийн алба хаагчийн хувьд хүлээсэн нийтлэг үүргийнхээ дагуу үүрэг гүйцэтгэж байсан гэдэг агуулгаараа энэ хэргийн хохирогч болж байгаа учраас өнөөдрийн шүүх хуралдаанд манай зүгээс гэм буруу асуудлаар маргахгүй...Улсын яллагчаас гаргасан торгох ялын хэмжээг 3,000,000 төгрөг болгон багасгаж түүнд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү. Шүүгдэгч нь бага насны 2 хүүхэдтэйгээ хамт амьдардаг аав хүн байгаа юм. Тийм болохоороо шүүгдэгч нь энэ асуудалд маш их гэмшиж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ ухамсарлаж байгаа...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Э.Т***аас “...Ахиж ийм алдаа гаргахгүй, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн тайлбарыг тус тус гаргасан болохыг дурдав.

Шүүгдэгч Э.Т***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Т***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т***т оногдуулсан 3,000,000 (гурван сая) төгрөгийн торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Э.Т***т сануулж шүүх шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Т*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Э.Т***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овогт ***ийн Т***ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Т***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т***т оногдуулсан 3,000,000 (гурван сая) төгрөгийн торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Э.Т***т сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Т*** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 6.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Т***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БУЛГАНТАМИР

 

 

[1] Хавтаст хэргийн 12 дахь тал

[2] Хавтаст хэргийн 19 дэх тал

[3] Хавтаст хэргийн 40-43 дахь тал