| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 195/2025/2276/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2528 |
| Огноо | 2025-11-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Одхүү |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2528
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Б.Одхүү,
хохирогч М.О***,
шүүгдэгч Х.О*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.О***т холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын 08-ны өдөр *** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамтаар *** дүүргийн *** дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх,
*** овогт ***ын О*** (РД: ***).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.О*** нь 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ***ны *** тоотод орших У.***ын гэрт цэнэглэж үлдээсэн хохирогч М.О***гийн гадуураа кейс бүхий, уг кейсний хэсэгт “ХААН” банкны болон нийтийн тээврээр зорчих картыг хавчуулсан “Самсунг А55” загварын гар утсыг өмчлөгч, эзэмшигчид хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1,028,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас:
Улсын яллагчаас шүүгдэгч Х.О***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтай, хавтаст хэргээс хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж,
хохирогч М.О***гоос “...шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй...1,230,000 төгрөгөөс хурлаас өмнө 730,000 төгрөгийг, сүүлд буюу өнөөдөр 300,000 төгрөгийг надад өгсөн...” гэж (шүүх хуралдааны тэмдэглэл), хавтаст хэргээс тусгайлан нотлох баримт шинжлэн судлалгүй,
шүүгдэгч Х.О*** “...Гэм буруу дээрээ маргахгүй...хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч...Хүний юмыг авсан нь миний буруу...” гэж (шүүх хуралдааны тэмдэглэл), хавтаст хэргээс тусгайлан нотлох баримт шинжлэн судлалгүй тус тус шүүх хуралдаанд оролцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Тухайлбал, шүүгдэгч Х.О*** нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Монгол хэл, бичгээр сайн уншдаг, бичихдээ бага зэрэг муу...” гэдгээ илэрхийлсэн болно.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 22, 59 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 25 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 24 дэх тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 26 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 27-30 дахь тал) зэрэг болно.
Хоёр.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
2.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Х.О*** нь 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ***ны *** тоотод орших У.***ын гэрт цэнэглэж үлдээсэн хохирогч М.О***гийн эзэмшлийн “ХААН” банкны болон нийтийн тээврээр зорчих картыг хавчуулсан кейстэй “Самсунг, А55” загварын гар утсыг өмчлөгч, эзэмшигчид хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 1,028,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч М.О***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо *** тоотод 2025 оны 07 дугаар сарын 27 өдөр гэрийн тог масслаад хажуу Айл ***т утсаа цэнэглээд хэлээд гарсан чинь Тухай үед хажуу Айл ***т танил найз нь гээд О*** гэдэг хүн гэрээр нь ороод гарсан. О*** гэдэг хүнийг ***ын гэрт нь байхад орж нэг удаа утсаар ярчхаад гарсан. Тэгээд нэлээн байж байгаад орж утсаа авах гэсэн чинь миний galaxy A55 маркийн хар өнгөтэй, саарал кейстэй ард талд нь хаан банкны карт, автобусны карт байсан бүгд алга болчихсон байсан... Миний утсыг О***/***,***/ гэдэг хүн авсан байх гэж байсан... Хархорин захаас 1.750.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Зээлээр худалдаж авсан сард 80000 төгрөг төлдөг 2025 оны 10 сард зээлийн хугацаа дуусна... Утсаа л олж авмаар байна…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дахь тал),
түүний 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дахин өгсөн “...Би 2024 оны 06 дугаар сард гар утасныхаа кейсийг Хархорин худалдааны төвөөс 20,000 төгрөгөөр худалдан авч байсан... Миний “Хаан” банкны картаас мөнгө гараагүй. Автобусны картад 5,000 төгрөг байсан. Мөнгийг ашигласан эсэхийг мэдэхгүй байна... Би хулгайд алдсан гар утас, кейс, "Хаан" банкны виза карт, автобусны карт зэргийг буцааж аваагүй... Би хулгайд алдсан “Хаан” банкны виза картаа нөхөж аваагүй, одоогоор картгүй байна... Би гар утасныхаа кейсийг 20,000 төгрөгөөр, "Хаан” банкны виза картыг 8,000 төгрөгөөр, автобусны картаа 5,000 төгрөгөөр үнэлнэ...Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал),
2. Шүүгдэгч Х.О***ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...Би 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр баз ***ын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрт нь очсон. Тэгээд ***ын хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Архи дуусаж би ***ын гэрээс гарахдаа хажуу айлын эмэгтэйгийн цэнэглэж байсан Samsung А55 загварын гар утсыг аваад гарсан. Тэгээд тухайн өдрөө Хархорин худалдааны төвийн гадна байрлах гүүрний доор зогсдог гар дээрээс гар утас худалдаж авдаг хүнд дууссан. бэлэн 130,000 төгрөгөөр зарсан. Тус мөнгийг ойр зуурын хэрэглээндээ зарцуулж дууссан... Архины халуунд мөнгө хэрэгтэй байсан болохоор тухайн гар утсыг авсан. Хүний эд хөрөнгө авсан нь миний буруу... Би тухайн үед гар утас худалдаж авсан гэх хүнийг танихгүй, царайг нь санахгүй байна. Ямар ч байсан эрэгтэй хүн байсан. Би бэлэн 130,000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),
түүний мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би найз У.***ын гэрт У.***, хохирогч эмэгтэй бид гурав архи уусан. У.***, хохирогч эмэгтэй хоёрыг тасраад унтсан байхад нь хохирогч эмэгтэйн гар утсыг аваад явчихсан юм... Би хохирогч эмэгтэйн гар утсыг Хархорин худалдааны төвийн гадаа утас авч байсан хүнд 130.000 төгрөгөөр зараад мөнгөө бэлнээр авсан... Би архи авч уугаад дууссан... Одоогоор хохирол барагдуулаагүй байна. Цалингаа буухаар хохирлоо барагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),
3. Гэрч У.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо *** овоо *** тоот гэртээ баз О***ын хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд би тасраад унтаад өгсөн ба сэрэхэд О*** явсан байсан. Хажуу айлын О*** манай гэрт гар утсаа үлдээсэн байсан ба О***ыг явсны дараа гар утас алга болсон байна гэж О*** надад хэлсэн...Би О***ыг гар утас авч явсан гэдгийг хараагүй. Тухайн үед согтоод унтаад өгсөн байсан…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),
4. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо *** тоотод 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хажуу Айл ***т гар утсаа цэнэглүүлэхээр Galaxy A55 маркийн хар өнгийн саарал өнгийн кейстэй, ард талд нь Хаан банкны карт, автобусны картаа алдсан...” гэх тэмдэглэл болон хохирогчоос бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 03, 05 дахь тал),
5. “Тэнцвэр Эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн т1-*** дугаартай “...Нийт хохирлын дүн 1,000,000 төгрөгөө тогтоож байна” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 15-18 дахь тал),
6. “Ашидбилгүүн” хөрөнгө үнэлгээний 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай “...Самсунг А55 загварын гар утасны кейс 15,000 төгрөг, Хаан банкны виза карт 10,000 төгрөг, автобусны карт 3500 төгрөг...” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 59-42 дахь тал) зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна.
2.2.Хууль зүйн дүгнэлт.
1. Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж,
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь хохирогчоос түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ямар арга замаар хэрхэн шилжүүлэн өөрийн болгож байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших гэх мэтээр ялган зүйлчлэгддэг.
3. Шүүгдэгч Х.О***ын дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хохирогч М.О***гийн эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар шунахайн сэдлээр авч байгаа нь бусдын хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж зориуд эд зүйлийг нь өөртөө авч байгаа нь хууль бусаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
4. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эрүүгийн хэргийг шийдвэрлэх бөгөөд прокуророос шүүгдэгч Х.О***ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын саарал өнгийн кейстэй, кейст Хаан банкны карт, автобусны карттай байсан хар өнгийн Galaxy A55 загварын гар утсыг авч 1,028,500 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.
5. Иймд шүүгдэгч Х.О***ыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Оролцогчийн эрхийн хязгаарласан байдал.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О*** нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцохоо бичгээр илэрхийлсэн болно.
Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
3.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зохицуулжээ.
3.3. Хохирогч М.О*** нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй бөгөөд сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн (хавтаст хэргийн 46 дахь тал) ба дээрх гэмт хэргийн улмаас хохирогч М.О***д хөрөнгийн үнэлгээгээр нийт 1,028,500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр шийдвэрлэлээ.
Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Х.О*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
4.3. Түүнчлэн шүүгдэгч Х.О***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Х.О***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Сонгинохайрхан дүүргийн нутаг нутаг дэвсгэрээс гарахыг хориглож оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.О***ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, мөн шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Х.О***аас “...Хүний юмыг авсандаа гэмшиж байна. Миний буруу. Би хэргээ үнэн зөвөөр хүлээж байгаа тул миний хэрэгт хөнгөн ял оногдуулж шийдэж өгнө үү...” гэсэн тайлбарыг тус тус гаргаж, харин хохирогч М.О***гоос тусгайлан санал, тайлбар гаргаагүй болохыг дурдав.
4.4. Шүүгдэгч Х.О***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан нөхцөл байдал тогтоогдоно, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х.О***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар биелүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.О*** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шүүх шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.О***ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,
шүүгдэгч Х.О***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт ***ын О***ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х.О***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар биелүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.О*** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Х.О***ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.О***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР