2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2605

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Б.Одонтуяа /томилолтоор/,

хохирогч О.Д***,

шүүгдэгч Ц.С*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.С***д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын 10-ны өдөр *** аймагт төрсөн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** тоотод оршин хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх,

*** овогтой ***гийн С*** (РД: НХ72091008).

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.С*** нь 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 23 цаг 45 минутын орчимд, Хан-уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Наадамчдын зам, 118 дугаар сургуулийн урд замд, Toyota Passo маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4, 16.1-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарц дээр явган зорчигч болох О.Д***г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас:

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.С***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтай, хавтаст хэргээс хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс шинээр гаргаж өгсөн баримтыг шинжлэн судалж,

хохирогч О.Д*** шүүхийн хэлэлцүүлэгт “...Одоо яг би 6 сараас хойш ажилгүй, тэгээд нийтийн байранд дүүтэйгээ хамт байдаг. Саяхан байранд халаалт ирснээс 100,000 төгрөг түрээсэнд нэмэгдсэн. Өмнө түрээс 430,000 төгрөг байсан боловч одоо түрээс 530,000 төгрөг болсон. Мөн одоо би эм, тариа хэрэглэж байгаа...Дүү сувилагч учраас хувиараа тариа хийлгээд байгаа...Хамгийн анх эмнэлэгт үзүүлэхэд эмчийн бичиж өгч байсан эм, тариаг өвдөхөөрөө хийлгээд байгаа...Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ, би өдрийн 250,000 төгрөг олдог ба ажилгүй байсан 5 сарын хугацааны цалин орлогоо нэхэмжилж байна...Шүүгдэгчээс 800,000 төгрөг авсан нь үнэн...” гэж (шүүх хуралдааны тэмдэглэл), хавтаст хэргээс тусгайлан нотлох баримт шинжлэн судлалгүй,

шүүгдэгч Ц.С*** шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэж (шүүх хуралдааны тэмдэглэл) хавтаст хэргээс тусгайлан нотлох баримт шинжлэн судлалгүй тус тус шүүх хуралдаанд оролцоцгоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 68 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дахь тал), мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дэх тал) зэрэг болно.

Хоёр.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

2.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүгдэгч Ц.С*** нь 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 23 цаг 45 минутын орчимд, Хан-уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Наадамчдын зам, 118 дугаар сургуулийн урд замд, Toyota Passo маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4, 16.1-т заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарц дээр явган зорчигч болох О.Д***г мөргөж, түүний биед биед умдаг яс, баруун тахилзуур ясны доод 1/3 зөрөөгүй далд хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч О.Д*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тэр өдрийн орой 19 цагийн орчимд яармагт найзтайгаа уулзаж хүний 2, 2 пиво, 1 шил 0,5 гр-ын архи хувааж найзыгаа явуулчхаад ганцаараа яармагийн эцэс орохоор явж байгаад машинд мөргүүлсэн. Тухайн үед ухаан санаа орж гараад ГССҮТ-д сэргэсэн...Ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явган хүний гарцаар зам хөндлөн гарсан. Машин ирж байгааг сайн хараагүй их хөдөлгөөнтэй байсан. Дүгнэлтүүдтэй танилцсан санал хүсэлт байхгүй. Эм тариа, эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дэх тал),

2. Шүүгдэгч Ц.С***гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...Би тухайн орой 23 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Тоёота пассо маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож 361-р гармаас Моносын уулзвараар ертөнцийн зүгээр урагшаа эргээд л нисэхийн уулзвараар ертөнцийн зүгээр зүүн тийш эргэж яваад замын урд хэсэгт зам дагуу хамт явсан хүнээ буулгачхаад 361 орохоор явж буцаж эргээд зүүнээс баруун тийш явж байхад урдаасаа хойшоо чиглэлтэй явган хүний замаар гарч байсан хүн мөргөчихсөн...Би тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангилалтай. Миний жолоодож явсан “Тоёота Пассо” маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшилд байдаг юм...Би явган хүн гарцаар гарч ирж байгааг огт хараагүй. Явган зорчигч гэнэт гараад ирсэн зугтааж баруун гар тийш дараад замын хашлага даваад зогссон. Би ер нь хурд багатай явсан 20-25 км цагийн хурдтай л явсан байх...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дахь тал),

3. Нийслэлийн Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ЕГ0725/*** дугаартай Шинжээч эмч Ц.Бадралын “...1. О.Д***гийн биед умдаг яс, баруун тахилзуур ясны доод 1/3 зөрөөгүй далд хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-26 дахь тал),

4. Нийслэлийн Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 09 сарын 01-ны өдрийн ЕГ0825/*** дугаартай Шинжээч эмч З.Амар-Амгалан, Д.Аззаяа нарын “1. ***ын Д*** /РД:***/-ийн сэтгэцэд 2025 оны 06 дугаар сарын 13-ны орой үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинүүд илэрч байна. 2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 43-45 дахь тал),

5. Авто тээврийн үндэсний төвийн ТӨҮГ-н Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн *** дугаартай Баянгол дүүргийн 24-р хороо "Шинэ тулга Од" ХХК байранд байрлах Авто тээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч Г.Батболдын “...Уг тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна... Урд копуд зүүн урд хэсгээрээ хонхойж гажсан, урд салхины шил дотогш цөмөрч их хэмжээтэй хагарсан гэмтэлтэй байна... Шингэн дамжуулгатай АВС тоормосны системтэй. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.59кН, баруун талдаа 1.8кН, зөрүү нь 12% (стандарт <20%), 2-р тэнхлэг дахь дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.01 кН, баруун талдаа 0.81кН, зөрүү нь 20%, (стандарт <30%) авто тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон... Дээрх эвдрэлүүд мөргөлтийн улмаас шинээр үүссэн байх боломжтой... Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 14300cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 4300cd, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 3700cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 2500cd (стандарт 10000-225000cd) байна. Хол ойрын гэрлийн тусгал чадал стандартын шаардлага хангахгүй байна...” гэх дүгнэлт, хуудас (хавтаст хэргийн 32-38 дахь тал)

6. Хэргийн газарт үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Наадамчдын гудамж яармагийн зам гэрлэн дохиотой газар дээр 118-р сургуулийн урд замд *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан хүн мөрлөсөн гэх газарт үзлэг хийхээр тогтов. Зам орчны нөхцөл байдал шулуун тэгш, хуурай, суурины доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, 6 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй, явган хүний гарцтай байв. Хэргийн газар дээр хохирогч байхгүй ГГСҮТ эмнэлэг рүү яаралтай түргэн тусламжийн машинаар хүргэгдсэн гэх тээврийн хэрэгслийн жолоочийг байлцуулан А,Б цэгийг заалгаж үзлэгийг хийв. А үсгээр явган зорчигч анх тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн цэгийг, Б үсгээр газар унасан цэгийг, В үсгээр үл хөдлөх гэрэлтүүлгийн шонгоор тус тус тэмдэглэв. Зорчих хэсгийн нийт өргөн 11.0 метр, явган хүний гарцын өргөн 4 метр, А-Б цэг хүртэл 11.80 метр, А цэгээс явган хүний баруун зүүн зах хүртэл 150 метр, А цэгээс тээврийн хэрэгслийн хойд гуфер хүртэл 6.70 метр8 Б цэгээс тусгаарлах зурвас хүртэл 9.60 метр, тээврийн хэрэгслийн урд дугуйнаас 10.0 метр, хойд дугуйнаас 9.70 метр А-В цэг хүртэл 4.0-5.30 метр, А-цэгээс хойд хашлага хүртэл 2.40 метр байв. Дуудлагаар очиход гэрлэн дохио ажиллаагүй байсан тэмдэглэлд тусгалаа...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 11-14 дэх тал),

7. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 06-10 дахь тал),

8. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлэн авсан “...Тоёота Пассо маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь явган зорчигч О.Д***г мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 04 дэх тал),

9. ТЦА, ТЦА, Замын цагдаагийн газар, ТЦА, ЗЦГ, Шуурхай зохицуулалтын хэлтэс, Дуудлагын лавлагааны “...*** *** машинтай явган зорчигч мөргөчихлөө...” гэх хуудас (хавтаст хэргийн 05 дахь тал),

10. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Цогцолмонгийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0001223 дугаартай “...A. "Toyota Passo" маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.С*** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон; Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн нь осол хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна... Б. Явган зорчигч О.Д*** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна...” гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 53 дахь тал),

11. Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн бичгээр гаргасан “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч О.Д*** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 892,400 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан нь Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 892,400 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд /гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлж өгнө үү...” гэх нэхэмжлэл (хавтаст хэргийн 75 дахь тал) зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдож байна.

2.2. Хууль зүйн дүгнэлт.

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн шинжийг заасан.

4. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгох”-оор, 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх”-ээр тус тус заажээ.

5. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Дүрэм батлах тухай 239 дүгээр тогтоолоор Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баталж, эрх зүйн системийн нэгдсэн санд бүртгэгдэж, хүчин төгөлдөр бөгөөд замын хөдөлгөөнд оролцогч нь энэхүү дүрмийг сахин биелүүлэх үүрэг хүлээсэн.

6. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн осол гарсан, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.

7. Дээрх тохиолдолд шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 3.4-т заасан "Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 4 дүгээр хавсралтын 5.3-т заасан "... Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон... үед хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно", мөн дүрмийн 16.1-т заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргажээ.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ц.С***г гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Оролцогчийн эрхийн хязгаарласан байдал.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С*** нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй, өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлсэн болохыг дурдав.

Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалт, 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар энэ хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй байна. 

3.2. Гэмт хэргийн улмаас хохирогч О.Д***гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэхээ илэрхийлсэн, түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардалд шинээр баримт гаргаж өгсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс 800,000 төгрөгийг хохирогчид гаргаж өгсөн нь талуудын мэдүүлгээр маргаангүй тогтоогдсон болно.

3.3. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэг, 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар “хохирогч эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгана” гэж хуульчилсан.

Мөн хохирогч О.Д*** нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх тухайгаа илэрхийлсэн бөгөөд Шинэчлэн батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргаж болох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих  гэмт хэрэг хамаарч байна.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 сарын 01-ны өдрийн ЕГ0825/*** дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээгээр хохирогч О.Д***гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хоёрдугаар зэрэглэл гэж тогтоосон.

Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоожээ.

Шүүхээс шүүгдэгч Ц.С*** нь анх удаа хөнгөн ангиллын болгоомжгүй гэмт хэрэгт үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, одоо 53 настай, хохирогч О.Д***гийн биед учирсан гэмтлийн байдал буюу хүндэвтэр зэргийн хохирол учирсан, умдаг яс, баруун тахилзуур ясны доод 1/3 зөрөөгүй далд хугарал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 4,752,000 төгрөгөөр тогтоолоо.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 4,752,000 төгрөгийг шүүгдэгч Ц.С***гаас гаргуулж, хохирогч О.Д***д олгох нь зүйтэй.

3.4. Харин гэмт хэргийн улмаас хохирогч О.Д*** эрүүл мэндийн төвөөс эмчилгээ, үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 892,400 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож, төлбөрийг барагдуулаагүй байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар 892,400 төгрөгийг шүүгдэгч Ц.С***гаас гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт тус тус олгож шүүх шийдвэрлэв.

3.5. Гэмт хэргийн улмаас хохирогч О.Д***гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон хохирогчид гэмтлийн улмаас гарсан эм, тарианы зардлыг тус тус нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдах нь зүйтэй.

Тодруулбал, хохирогчоос гэмт хэргийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин, орлогоо нэхэмжилсэн боловч энэ талаар нотолсон баримтгүй, мөн хохирогч О.Д*** нь хэдий хугацаанд хөдөлмөр эрхлээгүйг илтгэх баримтгүй, мөн гэмтэл авснаас хойших хугацааны дансны хуулга хэрэгт авагдаагүй зэргээс үүдэн хэдий хугацаанд орлого олоогүй болохыг тооцоолох боломжгүй байх тул хохирогчийн олох байсан орлогын хэмжээг гаргаж өгсөн баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй болохыг дурдлаа.

Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.С*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

4.3. Түүнчлэн шүүгдэгч Ц.С***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

4.4. Улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч Ц.С***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, уг ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар хязгаарлалт тогтоох саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хяна шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй...” гэсэн дүгнэлтийг гаргаж,

харин хохирогч О.Д*** болон шүүгдэгч Ц.С*** нараас тусгайлан санал, тайлбар гаргаагүй болохыг тус тус дурдав.

4.5. Шүүгдэгч Ц.С***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон”, мөн зүйлийн 1.2-д “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн,...хохирол төлбөр төлсөн” байх тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

4.6. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Ц.С***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүхээс эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл хангагдсан байна гэж үзэн эрүүгийн хариуцлага оногдуулахаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С*** нь мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулж болох эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.С*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,

шүүгдэгч Ц.С***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 3, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогтой ***гийн С***г Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.С***д оногдуулж болох эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.С*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар тус тус зааснаар шүүгдэгч Ц.С***гаас 4,752,000 төгрөгийг гаргуулж, хохирогч О.Д***д,

- Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ц.С***гаас 892,400 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч О.Д***гийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, ажилгүй байсан хугацааны цалин хөлс зэргийг иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.С***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БУЛГАНТАМИР