Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2023/01394

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр

Дугаар 183/ШШ2023/01394

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

        

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 0 тоотод байрлах, Б ХХК,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 тоотод байрлах, Т ХХК,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 88 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Янжиндулам,

Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга М.Дэлгэрбаяр нар оролцов.​

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 88 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, ...Манай компани нь уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа болон төмрөөр хашаа хашлага хийх үйлдвэрлэл явуулдаг бөгөөд үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд уул уурхайн тоног төхөөрөмжийг захиалагчийн хүсэлтээр үйлдвэрлэн, нийлүүлдэг. Хариуцагч Т ХХК нь манай компаниас уул уурхайн тоног төхөөрөмж буюу элс угаах тоног төхөөрөмж, шлюзыг 150 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, бид 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 11/20 дугаартай Элс угаах тоног төхөөрөмж /скруббер/-н шлюз худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 3.2-т төлбөрийн нөхцөлийг гэрээний хавсралт №2-т зааснаар гэрээний урьдчилгаа төлбөр 90 000 000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, үлдэгдэл 60 000 000 төгрөгийг 2 хувааж төлөхөөр тохиролцсон. Гэвч захиалагч тал гэрээний үүргээ биелүүлэхгүй явсаар 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 30 000 000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 35 000 000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 5 000 000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 5 000 000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 2 000 000 төгрөг буюу нийт 77 000 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 73 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Хэдийгээр захиалагч тал гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, гэрээний төлбөр дутуу байсан ч манай компани үүргээ бүрэн биелүүлж, захиалагчийн захиалсан тоног төхөөрөмжийг 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр актаар бүрэн хүлээлгэн өгч, тоног төхөөрөмжийг суурилуулан металлыг нь гаргуулж, шалгаж хүлээлгэж өгсөн. Бид хариуцагч компаниас гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан ба хариуцагчийн зүгээс ...өнөө маргаашгүй хийчихнэ гэж хэлдэг ч огт төлдөггүй, хол болохоор байнга очиж, шаардаж чадахгүй явсаар одоо утсаа ч авахаа больсон. Гэрээний 6.2-а-д Захиалагч нь гэрээнд заасан төлбөрийг заасан хугацаандаа барагдуулаагүй тохиолдолд төлөх ёстой өрийн дүнгээс хоногийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээгээр алданги төлнө гэж заасны дагуу алдангийг тооцож үзэхэд гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтэрч байна. Иймээс гэрээний үлдэгдэл төлбөр 73 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, нийт 88 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 53 000 000 төгрөгийн тооцооны үлдэгдлийн баталгааны хувьд, тухайн үедээ, манайхыг 10 дугаар сарын 02-ны өдөр тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөх байсан боловч хугацаандаа хүлээлгэж өгөлгүй хугацаа хэтрүүлсэн учир хариуцлагаа хүлээ гээд байсан, манай талаас төлбөрөө авахын тулд яах ч аргагүй ингэж үйлдсэн гэж тайлбарласан.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа ...Т ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч компани бөгөөд үүнийхээ хүрээнд Б ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 11/20 дугаартай Элс угаах тоног төхөөрөмжийн шлюз худалдах худалдан авах гэрээг хийсэн. Гэрээний 2.1-т ажил хүлээлцэх хугацааг 30-40 хоног гэж тохирсон ч 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр тоног төхөөрөмжийг хүлээлцэж авсан. Тус худалдах, худалдан авах гэрээний 5.2-т Тоног төхөөрөмжийг зургийн даалгаврын дагуу Монгол улсад борлуулж байгаа чанартай материалаар хийж гүйцэтгэх үүрэгтэй гэж, 5.3-т Тоног төхөөрөмж бэлэн болж захиалагчид хүлээлгэн өгөх үедээ тоног төхөөрөмжийг суурилуулж холболтыг бүрэн хийн тоног төхөөрөмжийг бүрэн ажиллуулж хүлээлгэж өгнө гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч компанийн хүлээлгэж өгсөн тоног төхөөрөмж бүрэн ажиллагаанд ороогүй, хүлээлгэж өгөх үед цар тахалтай холбоотойгоор шалгаж авах боломжгүй нөхцөл байдалтай байсан. Дээрх нөхцөлийн улмаас тус төхөөрөмжийн ажиллагааг бүрэн шалгах боломжгүй байсан бөгөөд дараа нь ажиллагаанд оруулж үзэхэд элс угаах ажиллагаа нь алдаатай байснаас элсийг бүрэн зайлуулах боломжгүй нөхцөл байдалтай буюу төхөөрөмжийг одоог хүртэл ашиглах боломжгүй байна. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж зааснаас үзвэл элс угаах тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байх тул нэхэмжлэгч тал доголдолтой бараа бүтээгдэхүүн нийлүүлж зөрчил гаргасан. Манай компанийн хувьд элс угааж олборлолт хийх зорилгоор тус тоног төхөөрөмжийг анх захиалсан бөгөөд цар тахлын улмаас үйл ажиллагаа зогсож хөрөнгөгүй болсон. Дээрх гэрээний дагуу төлөх урьдчилгаа төлбөрөө бага багаар төлж, төхөөрөмжийг захиалсан боловч нэхэмжлэгч тал доголдолтой хөрөнгө нийлүүлснээс элс угаах боломжгүй болж цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд хохирч байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ захиалагч тал нийт 77 000 000 төгрөгийг Б ХХК-д төлсөн боловч үлдэгдэл 73 000 000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарладаг. Гэтэл Б ХХК-ийн тооцооны үлдэгдлийн баталгаанд 53 000 000 төгрөгийн үлдэгдлийн баталгаатай болохыг нотлов гэж нэхэмжлэгч талаас тооцож баталгаа гаргасан. Гэрээний 6.2-а-д хэдийгээр алданги төлөхөөр зохицуулсан боловч хариуцагч Т ХХК-ийн хувьд дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас хөл хорионд орж, ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, мөн 2021 оны 9 дүгээр сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас акт тавьж манай байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон. Дээрх нөхцөл байдлаас үүдэж  үйл ажиллагаа явуулах, хөрөнгө олох боломжгүй нөхцөл бий болсноор төлбөр төлөх боломжгүй болсон. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан буюу цар тахал гарснаар үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь компанийн буруутай үйл ажиллагаа биш тул алданги төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч байгууллагын албан ёсны бланк, тамга тэмдэг байхгүй байх тул нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд эсэх нь тогтоогдохгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1-т тус тус заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Талууд тооцооны үлдэгдэл 53 000 000 төгрөг гэж тохирсон атал 73 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, Б  ХХК болон Т ХХК нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан №11/20 тоот элс угаах тоног төхөөрөмж /скруббер/-н шлюз худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралт, барааны төлбөр хийх хуваарь, 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн угаах төхөөрөмж скруббер-100 хүлээлцэх акт, Б ХХК-ийн Голомт банк дахь 14****** тоот дансны хуулга, Г.Т ын Хаан банк дахь 50******  тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, фото зураг зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

4. Хариуцагч талаас, тооцооны үлдэгдлийн баталгааг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Т ХХК нь манай компаниас уул уурхайн тоног төхөөрөмж буюу элс угаах тоног төхөөрөмж, шлюзыг 150 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, бид 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр  Элс угаах тоног төхөөрөмж /скруббер/-н шлюз худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний хавсралтаар урьдчилгаа төлбөр 90 000 000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, үлдэгдэл 60 000 000 төгрөгийг 2 хувааж төлөхөөр тохиролцсон. Гэвч захиалагч тал гэрээний үүргээ биелүүлэхгүй 73 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Хэдийгээр захиалагч тал гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, гэрээний төлбөр дутуу байсан ч манай компани үүргээ бүрэн биелүүлж, тоног төхөөрөмжийг 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр актаар бүрэн хүлээлгэн өгч, суурилуулан, металлыг нь гаргуулж, шалгаж хүлээлгэж өгсөн. Иймд үлдэгдэл төлбөр 73 000 000 төгрөг, гэрээний 6.2-а-д заасантай нийцүүлэн алданги 15 000 000 төгрөг, нийт 88 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. 53 000 000 төгрөгийн тооцооны үлдэгдлийн баталгааны хувьд, тухайн үедээ, манайхыг 10 дугаар сарын 02-ны өдөр тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөх байсан боловч хугацаандаа хүлээлгэж өгөлгүй хугацаа хэтрүүлсэн учир хариуцлагаа хүлээ гээд байсан, манай талаас төлбөрөө авахын тулд яах ч аргагүй ингэж үйлдсэн гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: Б ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Элс угаах тоног төхөөрөмжийн шлюз худалдах худалдан авах гэрээг хийсэн. Гэрээний 2.1-т ажил хүлээлцэх хугацааг 30-40 хоног гэж тохирсон ч 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр тоног төхөөрөмжийг хүлээлцэж авсан. Хүлээлгэж өгөх үед цар тахалтай холбоотойгоор шалгаж авах боломжгүй байсан. Ажиллуулж үзэхэд элс угаах ажиллагаа нь алдаатай байснаас элсийг бүрэн зайлуулах боломжгүй нөхцөл үүссэн бөгөөд нэхэмжлэгч тал доголдолтой бараа бүтээгдэхүүн нийлүүлж, зөрчил гаргасан. Мөн нэхэмжлэгч нь  73 000 000 төгрөгийг төлөөгүй гэж нэхэмжилж буй боловч 53 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар тооцооны үлдэгдлийн баталгаа гаргасан. Гэрээний 6.2-а-д алданги төлөхөөр зохицуулсан боловч дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас хөл хорионд орж, ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, мөн 2021 оны 9 дүгээр сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас акт тавьж манай байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон. Дээрх нөхцөл байдлаас үүдэж  үйл ажиллагаа явуулах,  хөрөнгө олох боломжгүй нөхцөл бий болсон тул алданги төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч байгууллагын албан ёсны бланк, тамга тэмдэг байхгүй байх тул нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд эсэх нь тогтоогдохгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1-т тус тус заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү Талууд тооцооны үлдэгдэл 53 000 000 төгрөг гэж тохирсон атал 73 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Элс угаах тоног төхөөрөмж /скруббер/-н шлюз худалдах, худалдан авах гэх гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр Б ХХК нь элс, шавар задалж угаах хүчин чадалтай тоног төхөөрөмжийг иж бүрдэл шлюзнуудын хамт үйлдвэрлэж, 150 000 000 төгрөгөөр Т ХХК-д худалдахаар, Т ХХК нь төхөөрөмжийн үнийн урьдчилгаа төлбөр болох 60 хувь буюу 90 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, дунд төлбөр болох 20 хувь буюу 30 000 000 төгрөгийг төхөөрөмжийг уурхай руу ачих өдөр, үлдэгдэл төлбөр болох 30 хувь буюу  30 000 000 төгрөгийг төхөөрөмжийг уурхайд суурилуулж, ажилд оруулж хяналт дууссан өдрөөр тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцжээ.

 

5. Талууд тус гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлэсэн боловч тухайн төхөөрөмжийг хариуцагчийн хүсэлтээр үйлдвэрлэн нийлүүлж байгаагаас үзвэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний дагуу хариуцагч талаас 77 000 000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй.

 

6. Гүйцэтгэгч Б ХХК нь гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийг захиалагчид хүлээлгэн өгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдох бөгөөд хариуцагч Т ХХК тус тоног төхөөрөмжийг ...алдаатай байснаас элсийг бүрэн зайлуулах боломжгүй нөхцөл үүссэн, нэхэмжлэгч тал доголдолтой бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж маргасан боловч тус тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй, гэрээгээр тохирсон төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

7. Мөн талууд гэрээний 6.2Б дэх заалтад ...гэрээнд заасан төлбөрийг заасан хугацаандаа барагдуулаагүй тохиолдолд төлөх ёстой өрийн дүнгээс хоногийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээгээр алданги тооцно, ...нийт алдангийн хэмжээ гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байна гэж тусгасан тул нэхэмжлэгч алданги 15 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 232 дугаар зүйлийн 232.3-т заасантай тус тус нийцэх бөгөөд талууд нэгэнт алдангийн хуульд заасан хэмжээнээс бага байхаар гэрээгээр тохиролцсон тул шүүх хариуцагчийн гаргасан ...алданги төлөхөөр зохицуулсан боловч дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас хөл хорионд орж, ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, мөн 2021 оны 9 дүгээр сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас акт тавьж манай байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон. Дээрх нөхцөл байдлаас үүдэж  үйл ажиллагаа явуулах,  хөрөнгө олох боломжгүй нөхцөл бий болсон гэх тайлбарт дүгнэлт хийх, алдангийн хэмжээг бууруулах шаардлагагүй гэж үзлээ.

 

8. Хариуцагч Т ХХК гэрээний үлдэгдэл төлбөрийг 53 000 000 төгрөг гэж маргасан бөгөөд хэрэг авагдсан, тооцооны үлдэгдлийн баталгаагаар талууд 53 000 000 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталсан байх боловч нэхэмжлэгч энэ талаар ...тухайн үедээ, манайхыг 10 дугаар сарын 02-ны өдөр тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөх байсан боловч хугацаандаа хүлээлгэж өгөлгүй хугацаа хэтрүүлсэн учир хариуцлагаа хүлээ гээд байсан, манай талаас төлбөрөө авахын тулд ингэж үйлдсэн гэж тайлбарласан, хариуцагч гүйцэтгэгчийн гэрээний үүргийн зөрчлийн талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, мөн 77 000 000 төгрөгөөс илүү төлбөр төлсөн талаарх баримтыг гаргаж өгөөгүй байна.

 

9. Иймд шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас гэрээний үндсэн үүрэгт 73 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, нийт 88 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ...Б ХХК нь хуулийн этгээд гэх утгаар нэхэмжлэл гаргасан байх боловч нэхэмжлэлд компанийн тамга дарагдаагүй байна. Иймд зөвхөн гүйцэтгэх захирал гарын үсэг зурсныг тус компанийг бүрэн төлөөлж байна гэж үзэхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

Талуудын хооронд, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан гэрээнд гүйцэтгэгч талыг төлөөлж Б ХХК-ийн захирал Г.Төмөрбаатар гарын үсэг зурсан байх бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлд мөн захирал Г.Төмөрбаатар гарын үсэг зурсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж дүгэнх үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 597 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас 88 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 597 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ