| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0102/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2506 |
| Огноо | 2025-11-05 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Г.Ариунзул |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2506
2025 11 05 2025/ШЦТ/2506
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
улсын яллагч Г.Ариунзул,
хохирогч ******, түүний өмгөөлөгч Д.Баттулга,
шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа,
шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, *****
2. Монгол Улсын иргэн, *****
Холбогдсон гэмт хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****** мэдүүлэхдээ:
“...2022 оны 01 дүгээр сард тухайн үед “Жаст ойл” ХХК-д ажиллаж байгаад “Жаст ойл” ХХК татан буугдаад ажилгүй байж байхад Баасанжавтай уулзахад ажилгүй байж байхаар хамт ажиллая гэхээр нь манай тээврийн шатахууныг хариуцаад яваач гэхээр нь би ажилд орсон. Тэгээд ажилд ороод тээвэрлэлт хийсэн, тээвэр гацаад тээвэр явахгүй байна гэсэн, үүнийг яаж шийдэх үү, зөвшөөрөл авах уу гэж ярилцсан, тэгэхэд тал бүрдээ зөвшөөрөл хэрхэн авах талаараа хүнээс асуугаад явж байсан. 3 сарын үед билүү 2 сард байх манай эхнэр эмнэлэгт үзүүлэх гээд Улаанбаатар хотод ирчихсэн, тэр үед Гарам-Очирын гэрт очсон, эхнэр нь манай эхнэрийн найз, тэгээд гэрт нь очоод Гарам-Очиртой мэнд мэдээд ажил төрөл сайн уу гээд ийм ажил хийж байгаа гээд ажлаа танилцуулж байсан. Тэгээд хэд хоногийн дараа би наадахыг чинь бүтээж өгч чадах юм байна гэсэн. Би тэр үед энэ хэддээ ийм хүн байгаа юм байна гэж хэлж байсан. Тэр үед нь шийдээгүй, хоорондоо ярилцаад чи наад хүнтэйгээ ярилцаад яахаар байна, яаж бүтээх үү гэсэн. Тэгэхээр нь би Гарам-Очиртой уулзаад ер нь яадаг юм гэхэд би бүтээгээд өгье тэр зөвшөөрлийг чинь аваад өгье гэхээр нь би энэ хүнийг чадах юм байна гэж бодсон. Бид нар ярилцаад Баасанжав чиний наад хүнтэй чинь уулзъя чи яриадах гэхээр нь бид нар ярилцаад зөвлөлөө чи үнэхээр бүтээж чадах уу гэхэд би чадна гэсэн. Тэгээд 110 сая төгрөг өгчих гэсэн. Ингээд 3 дугаар сарын 16-ны өдөр ярилцаад Очирхүү мөнгөө авах гэж яваад би эмнэлэг рүү эхнэр рүүгээ явсан, эхнэр маань эмнэлэг дээр шинжилгээ өгчхөөд гарч ирж байсан. Тэгээд Баасанжав хамт явахаар болоод Баасанжав хувцсаа бэлдэхээр явахаар болоод тэр хооронд Очирхүү мөнгөө хаана авах уу гэхээр нь би эмнэлгийн гадаа эхнэр дээрээ ирчихсэн байна гэхэд би яваад очъё гэсэн. Тэгээд Очирхүү надад 110 сая төгрөгийг тоолж өгөөд 10 мянгатын нэг боодол мөнгө өгөөд замдаа хэрэглээрэй гээд өгсөн. Тухайн үед 110 сая төгрөгийг тоолж аваад тэндээсээ хөдлөөд Баасанжав дээр очиход Баасанжав хувцсаа өмсчихсөн, 5 дугаар хорооллын 39 дүгээр байр дээр очоод би приус 20 маркийн машинтай байсан, чинийхээр явах уу, минийхээр явах уу гээд ярилцаж байгаад миний приус маркийн машинаар явахаар болсон. Тэгээд Баасанжавын машиныг үлдээгээд Гарам-Очир дээр очоод чиний хэлснээр мөнгөө аваад ирлээ бид хоёр хамт явъя гэхэд та 2 яваад хэрэггүй, би ахтайгаа хамт явна гээд Түвшээ гэх хүнтэй танилцуулсан. Яаж байгаа юм гэхэд болохгүй, ажил ярьж байна гэсэн. Тэгээд за гээд мөнгөө тоолоод ав гэхэд мөнгө байгаа байх чамд итгэж байна, мөнгийг тоолохгүй гэж хэлсэн. Тэгээд юу шаардлагатай байна, юу юу хэрэгтэй байна гэхэд албан бичиг хэрэгтэй байна гэсэн. Бид хоёр хоосон бланк дээр гарын үсгээ зураад тамгаа дараад өг гэхээр нь хоосон бланк дээр Баасанжав гарын үсгээ зураад тамгаа дараад өгсөн. Тэгээд бид 2 явахаа болилоо гэсэн. Итгэлцэл байх ёстой гээд гараад ирлээ та нар хаана байна гэхэд Новотелд байна гэсэн. Би эхнэр рүүгээ явахаар болоод хоёулаа яах уу гэхэд хоёулаа уугаад яах вэ гэсэн. Тэгээд Баасанжав за тэгвэл чамайг хүргээд өгье гэсэн. Маргааш нь бид хоёр ажил дээрээ очоод сая төгрөгөө хүлээлгэж өгөх гээд нягтлан Гомбожавт тоолж өгөхөд 700 гаруй мянган төгрөг байсан, тоолоод ав, явахаа болиод авчирч өгч байна гэсэн. Тэгээд 7 хоноод юу болж байна, зөвшөөрөл яасан гэхэд бүтэж байгаа, гарын үсэг зурагдсан, тамга дутуу байна гээд эсхүл тамга дарагдсан, гарын үсэг дутуу байна, би хүнээр авчруулж байгаа, нааш ирж байгаа гээд сар болсон. Тэгээд бүтэхээргүй боллоо, залилан болж байх шиг байна гээд хуульч дуудаад Баасанжав, Очирхүү бас нэг залуу байсан. Бичиг гаргаад гомдол гаръя гээд би байгууллагын мөнгийг аваад хүн дамжуулаад өгчихсөн юм чинь гэсэн чинь би өргөдөл гаргах уу гэхэд чи хэрэггүй, компани өргөдөл гаргаж өгнө гэсэн. Тэгээд гомдол гаргаж байсан. Би мессеж бичихэд хариугүй өнөөдрийг хүргэсэн, би ажлыг бүтээх гэсэн боловч ийм асуудал болсон...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****** мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ****** мэдүүлэхдээ: “...2021 онд манай компани нүүрс борлуулалтын ажил хийгээд явж байсан. Бахархалт тээвэрлэлт компанитай гэрээ хийгдсэн байсан, тэгээд тээвэрлэлтийн зөвшөөрөл гээд 2 аймгаас зөвшөөрөл авдаг юм байна, эхний ээлжид Дорноговь аймгаас авдаг гэсэн. Тэгээд манай компаниас тээврийн урьдчилгаа төлбөр гээд мөнгө шилжүүлсэн, хэсэг тээвэрлэж байгаад дахиад ажил зогссон. Бид нар Бахархалт тээвэрлэлт талаас тээврээ шаардахад дахиад зөвшөөрөл хэрэгтэй болох юм байна гэсэн, Энхмандах бид хоёр оюунтан цагийн найзууд, бие биедээ их олон зүйл дээр тусалж байсан. Нэг зүйлийг өөрөөр яриад байна, оффис нь мэргэжилтний 20-ын тэнд байдаг гэж байсан. Тус бүрдээ зөвшөөрөл гаргах хүн хайж байсан, тэгээд Энхмандах ахыгаа Өмнөговь аймгийн ИТХ-д сонгогдсон байгаа гээд, чи тэр ахаасаа асуугаад үз, зөвшөөрөл байдаг уу, яа авдаг юм гээд бид нар ярьж байсан. Ажлаа явуулахын тулд бид нар тээвэрлэх үүрэгтэй тул тийм зүйл хайж байсан. 110 сая төгрөгийг би энэ мөнгөнд багтаагаад аваад ирээрэй гэсэн юм шиг л зүйл яриад байна, тийм зүйл болоогүй. Энхмандах тухайн өдрийн өглөө 10 цагийн үед над руу яриад манай ах ярьсан 110 сая төгрөгт багтах юм байна, орон нутгийн санд тийм юм байдаг юм байна гэсэн. Зөвхөн Бахархалт тээврийн зөвшөөрөл авах хэрэгтэй байсан. Урьдчилгаагаа өгсөн байсан тул тээвэрлэлтийг эдний компаниар явуулахаар өөр арга байхгүй. Тэгээд манай тэр ах ИТХ-ын Тэргүүлэгч болчихсон юм байна, 110 сая төгрөг авад ир, тэгээд гаргаад өгнө гэж хэлэхээр нь болж байна гэж хэлээд Баасанжав та 2 хамт яваад зөвшөөрлөө аваад хүрээд ир гэсэн. Тэгээд орой нь пабад сууж байсан гэдэг нь үнэн, яваагүй болж таарсан, яасан бэ гэхэд явах шаардлагагүй болчихлоо манай ах явна гэсэн. Анх тохирсноосоо яагаад буцаж байгаа юм гээд Баасанжав бид хоёр утсаар уурлаад маргааш нь бид нар уулзаад Мандах руу ярьсан. Мандахад л мөнгө өгсөн, цааш хэнд өгснийг мэдэхгүй учраас, тэгээд Мандах бид хоёр тааралдаад 2, 3 хоног хүлээгээд хамт оффис дээрээ өглөө 8 цагаас орой 8 цаг хүртэл хүлээгээд яаж байна, юу болж байна гэхэд тамга дараагүй болоод гээд явчихсан. Би Мандахад мөнгөө өгчихсөн тул би өглөө гэрээс нь очиж авдаг, орой хамт явдаг, манай оффис Таван шард байдаг байсан, гэтэл Энхмандах сүүлдээ миний утсыг авахгүй алга болсон. Тэгээд дарханд байна, энд байна, тэнд байна, маргааш уулзъя, нөгөөдөр уулзъя, нөгөө хүн удахгүй өгнө гэсэн гээд замхарсаар байгаад алга болсон. Тэгээд 4 дүгээр сарын 2-ны өдөр манай хадам ээжийн танил гээд Тамгын газарт ажилладаг гэх хүнээр дамжуулаад ийм янз бүрийн бичиг орсон уу, шалгаад үзье гэхэд тийм юм байхгүй байна гэсэн. 110 сая төгрөгөө нэхэмжилж байна. Би Гарам-Очирыг мэдэхгүй, саяхан над руу нэг ярьсан, бид хоёр уулзсан, ОХУ-тай гэрээ байна гэсэн талаар ярьсан. Би Энхмандахад мөнгөө өгсөн тул түүнээс авах байх, гэхдээ хэнээс авах ёстойг мэдэхгүй байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хохирогч ******гийн:
“...Би “****** гүйцэтгэх захирал албан тушаалтай ба “Эрдэнэс Таван толгой” ТӨХК-аас нүүрс худалдан авагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын компанийг төлөөлж Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах “Эрдэнэс таван толгой” ХК-ны уурхайгаас Дорноговь аймгийн Хатанбулаг суманд байрлах “Хангийн боомт” хүртэл тээврийн ажлыг хариуцан ажиллахаар гэрээ байгуулсан юм. Дээрх ажлыг гүйцэтгүүлэхээр "Бахархалт тээвэрчид" ХХК болон “Эй ар инвестмент” ХХК-тай гэрээ байгуулан хамтран ажиллахаар тохирсон, ажил гүйцэтгэх тухайн 2 компанийг Өмнөговь болон Дорноговь аймгуудын засаг даргаас заавал зөвшөөрөл авсан байх шаардлагатай гэх шаардлагыг “Эрдэнэс таван толгой” ХК-аас тавьдаг юм байна лээ, иймээс энэхүү зөвшөөрлийг авахын тулд тухайн аймгуудын орон нутгийн хөгжлийн санд 110.000.000 төгрөг байршуулж хурлаар орж шийдвэрлүүлдэг зарчимтай юм гэж Энхмандах бидэнд хэлж ярьж ойлгуулсны дагуу зөвшөөрлийн ажлыг ******ад даалгасан юм. Ингээд 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр би ******ын хамт компанийн юань, долларын данснаас валют авч 8 шарга дээр очиж солиулаад, нийт 111,000,000 төгрөгийг бэлнээр бэлдээд ******ад тухайн үед хүлээлгэн өгч Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичил хорооллын орчимд одоо нэрийг нь санахгүй байна нэг эмнэлгийн гадаа эхнэр дээр нь буулгаж өгчхөөд явж байсан юм. Тухайн өдрийн орой ******, Ө.Баасанжав нар нь хамт Өмнөговь аймаг руу явах байсан боловч яваагүй байсан юм үүнээс хойш 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр таньдаг хүнээрээ Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газарт хүсэлт очсон эсэх талаар лавлаж асуулгахад ямар нэгэн зөвшөөрөл хүссэн тухай материал огт очоогүй байсан тул арга мухардаж цагдаагийн байгууллагад хандах болсон. ...Би хувьдаа аваагүй, өөр хүнд өгчихсөн гэж хэлдэг юм анх тохирсон төлөвлөсөн ёсоор бол ****** Өмнөговь аймгийн хөгжлийн санд 110,000,000 төгрөг тушааж холбогдох газарт нь хүсэлтээ гаргаад өгсөн байсан бол ийм зүйл болохгүй байсан байх, одоо тээвэрлэлт хийсэн зүйл байхгүй бүх ажил зогсоод маш ажлын түгжрэл үүссэн байдалтай байна. ...Надад хэлснээр бол Гармаа гэж хүнд өгсөн гэж ярьдаг тэр хүн нь хаана юу хийдэг эсэх талаар нь би огт мэдэхгүй танихгүй. ...Миний багийн найз байгаа юм 94997071, 91110528 гэх утастай...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-44 дэх тал/,
Гэрч Ө.Баасанжавын:
“...Тиймээ энэ явдал бид 3 анх 2022 оны 2 дугаар сард яригдсан санагдаж байна. Энхмандахтай ярилцахад энэ зөвшөөрлийг би авч чадах юм гэж Энхмандах хэлсэн. Тэгээд Энхмандах би энэ ажлыг авъя миний таньдаг ах Өмнөговь иргэдийн төлөөлөгчөөр ажилладаг ахаас асуусан болмоор юм ярьсан. Дахиж уулзаад 100 гаран сая төгрөг хэрэгтэй юм байна гэж байсан тэгээд л гэнэт 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн өглөө бид 3 цуг уулзахад 110.000.000 төгрөг хэрэгтэй байна баталгаатай бүх яриа хөрөө нь тохирчихлоо манай ах хүрээд ир гэсэн гэж ****** болон намайг байхад тэгж хэлсэн мөн мөнгийг бэлнээр авч явах хэрэгтэй дансаар шилжүүлэхгүй гэсэн яриа өрнөсөн. ...Байгаагүй, Улаанбаатар хотод байсан. Уул нь хамт явъя гэж ярьж байснаа намайг болиулсан. ...”Уран Тех” ХХК-д ажилладаггүй тухайн компанитай нүүрс тээвэрт нь тээвэрлэлт хийж гэрээ байгуулж ажилласан. Одоо хамтарч ажиллаагүй 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээ дуусгавар болж хамтарч ажиллахаа больсон. Тээвэрлэлт 2022 оны 1 дүгээр сараас эхэлж, түүнээс хойш нэг сарын хугацаанд тээвэрлэлт хийж ажилласан. Би Очирхүүтэй багийн найзууд Энхмандахтай оюутан цагийн найзууд бид 3 хооронд өс хонзон болон өр авлага асуудал юу ч байхгүй. Очирхүүгийн компани нүүрс тээвэрлэлтийг хийхээр тус тусын компанитай тус тусдаа гэрээ байгуулсан. ...Энхмандахын компани нүүрс тээвэрлэлт хийгээгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дахь тал/,
Гэрч Д.Гомбожавын:
“...Тиймээ би мэдэж байгаа уг мөнгө авахдаа “Уран Тех” ХХК-ний данс болох Худалдаа хөгжлийн банкны 417084007 тоот данс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын мөнгөн тэмдэгт юаны данс, Худалдаа Хөгжлийн банкны 418029909 тоот долларын данснаас нийт Монгол улсын мөнгөөр 110.000.000 төгрөг авсан үүний зориулалт нь Өмнөговь аймгаас тээврийн машиныг явуулах зөвшөөрөл авахад шаардагдах мөнгө гэж ойлгосон. Тухайн мөнгө гарсан баримтуудыг өмгөөлөгч гаргаж өгсөн. ...110,000 юаны тухайн өдрийн ханшаар 1 юань 456 төгрөг ханштай нийт 50,160,000 төгрөг болсон. Харин доллар нь 21010 доллар болсон тухайн үеийн ханшаар 1 доллар 2900,99 төгрөг байсан. Нийт 60,950,000 төгрөг болж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/,
Гэрч Г.Буяндэлгэрийн:
“...Миний эхнэр Ундармаагийн төрсөн ах юм. Миний хувьцаа эзэмшдэг Баянгол дүүргийн 26 дугаар хороо нарны гүүрний урд байрлах “Медвэе Эвэнт Центр” гэх байгууллагын 2 давхарт 05 тоот өрөөг үнэ төлбөргүй ашигладаг 4-5 жил болж байна . Сүүлийн 1 жил бараг ирээгүй. Гарам-Очир нь тэнд ямар үйл ажиллагаа явуулдгийг мэдэхгүй. Би Гарам-Очирт байрыг төрийн банк-д 50.000.000 төгрөгөөр барьцаалаад тэр нь муу зээлд орж одоо би шүүхийн шийдвэрт 70,000,000 төгрөг орчим болсон байх зээлийг Ундармаа, хадам Балгармаа нарын нэр дээр авсан. Тухайн мөнгийг нь би өөрийн данс луу авсан юм. Тийм зүйл байгаа. ...Би аваагүй. Би Гарам-Очирт хандаж байрны зээл төлөхөд хүнд байна зээл яаж олох уу энийг нэг мөсөн дарахгүй бол болохгүй байна гэж ярьж байсан. ...Гэрийг мэднэ харилцаа холбоо байхгүй юм. 2023 оны 3 дугаар cap билүү 4 дүгээр сард өрөөндөө орох хэрэгтэй байна гээл надаас түлхүүр авч байсан одоог болтол буцааж өгөөгүй байгаа. Одоо эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Төмөр замд ажилладаг байсан. Эхнэрийн хувийн бизнест тусалдаг байх гэж хардаг. ...Би тухайн өдрүүдэд гэртээ хүүхдээ харж байсан. Гэртээ ажил ойрхон учир орж гарсан зүйл байж магадгүй. Би тухайн хүнээс огт мөнгө аваагүй. Эхнэр, хадам ээж 2 зээл авч өгсөн асуудал л байгаа. Эхнэртэйгээ 99094691 гэсэн дугаараар холбогддог...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69 дахь тал/,
Гэрч Р.Сэддоржийн:
“...Ямар нэг зөвшөөрлийг /нүүрс тээврийн/ аймаг орон нутгаас олгож байгаагүй. ...Би Болд овогтой Энхмандах гэх хүнийг танихгүй. Манайхаас нүүрс тээврийн зөвшөөрөл гаргаж байгаагүй болохоор өөр мэдэх зүйл надад байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дэх тал/,
Гэрч О.Эрдэнэ-Өрнөлийн:
“...Нүүрс тээвэрлэх зөвшөөрлийг манай аймгийн Засаг даргын тамгын газраас олгодоггүй энэ талаар мэдээлэл надад байхгүй. Би Болдын Энхмандах гэж хүн танихгүй юм байна. Нүүрс тээврийн зөвшөөрөл олгох хүсэлтийг манай байгууллага хүлээж авдаггүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,
Шүүгдэгч ******ын яллагдагчаар өгсөн:
“...Тэр оройдоо би Өмнөговь аймаг руу гараад маргааш өглөө нь Өмнөговь аймагт очоод Өмнөговь аймгийн нэг цэгийн үйлчилгээний дээр очоод өөрийн очсон зорилго хэлтэл “Одоогоор ямар ч зөвшөөрөл олгохгүй байгаа, та дараа ир ээ" гэхээр нь би нэгэнт ирчихсэн болохоор ямар учиртай ямар бичиг баримт бүрдүүлдэг талаар асууж, өөрт байгаа баримт материал дээр Таван толгой, гашуун сухайт, ганц мод зэрэг тээвэрчдээс нь асууж тодруулахад зөвшөөрөл олдохгүй байна гэсэн юм ярьж байсан. Тэгээд энэ талаар Энхмандахтай утсаар ярьж холбогдоод "Дээрх асуудлаа хэлээд, удахгүй зөвшөөрөл нь гарах юм байна аа, яг одоо Монгол улсын Засгийн газраас өгөхгүй гэсэн захирамж тушаалтай болохоор ямар ч газар зөвшөөрөл өгөхгүй байгаа юм байна" гэж хэлсэн. 1-2 cap орчим өнгөрсний дараа "Юу болж байна, яаж байна" гэж асуусан, би "Дахиад асууж тодруулж байгаа, би дахиад яваад ирэх юм байна, ийм асуудлуудтай байна шүү" гэдгээ хэлчихсэн байсан юм. ... Би Энхмандахаас бэлнээр мөнгө авсан, гэхдээ надад үлдээсэн мөнгөнөөс нь замын зардал, бусад зүйлдээ ашиглаарай гэсэн учраас би ашигласан. Түүнээс яг 110.000.000 төгрөг байсан эсэхийг би мэдэхгүй байна. ...Би тухайн үед ямар ч баримт цуглуулаагүй, зочид буудлын төлбөр, бензиний мөнгө, хоолны мөнгөний баримтыг огт цуглуулаагүй. Би өөрийнхөө хар ухаанаар энэ ажилд зарцуулагдах ёстой мөнгө гэж бодоод явахдаа зарцуулж байсан. Одоо бол тэр мөнгөнөөс нь надад мөнгө үлдээгүй юм. ... Энхмандах нь ганцаараа манай оффист ирээд цүнхтэй мөнгө өгөөд ажилдаа зарцуулаарай гэж хэлсэн. Надад яг 110.000.000 төгрөг өгсөн гэх тодорхой баримт байхгүй. ...Тэгээд тухайн мөнгөнөөс захиран зарцуулаарай, компаниас гаргаж байгаа мөнгө гэсэн учраас би үйл ажиллагаандаа зарцуулаарай гэсэн учраас "замын зардал, бензин, машины мөнгө, хоол унд, зочид буудлын мөнгө, дугуй хэд хэдэн удаа хагарсан, дугуй засварын төлбөрт зарцуулсан. ...Би энэ төрлийн ажил гүйцэтгэж байгаагүй. ... Үгүй, би анх удаа л энэ асуудлаар Өмнөговь аймагт очсон. ...Би бичиг баримтуудыг хараад хуулийн дагуу зөвшөөрөл өгөх ёстой байсан. Угаасаа бичиг баримт нь бүрдчихсэн учраас Өмнөговь аймгийн зүгээс хуулийн дагуу өгөхгүй байх ямар ч боломжгүй юм. Би яг хуулийн зүйл заалтыг нь сайн мэдэхгүй байна. ...Би Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газарт очсон боловч зүгээр аман байдлаар зөвшөөрөл өгөхгүй байгаа гэж хэлсэн, албан ёсоор бичгээр хариу өгөөгүй. Би малчид болон жолоочдоос нь асууж тодруулахад энэ жилээс өгөх байх, зам нь тавигдаж дууссаны дараа зөвшөөрөл олгогдож эхэлнэ гэж хэлсэн. ...Үгүй, би засаг даргын тамгын газраас өгсөн хариуг малчид болон жолоочдоос нь асууж тодруулаад бататгаж байсан юм. Би бэлнээр цүнхэнд байсан мөнгөнөөс хэрэглэсэн. Данс руугаа огт мөнгө хийгээгүй. ...Үгүй, би зүгээр хувьдаа хэлсэн үгийг нь авлига өгөөд, ажлаа хийгээд, хурдан гаргаад өгөөрэй" гэж хэлж байна гэж ойлгосон. Би бол тухайн мөнгийг нийтийн албан тушаалтанд өгсөн асуудал огт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 172-176 дахь тал/,
Шүүгдэгч ******ын яллагдагчаар өгсөн:
“...Баасанжавын хамт ороход Гарам-Очир нэг хүнтэй сууж байсан, тухайн хүнийг Түвшээ ах гэж хэлж байсан санагдаад байна, “За одоо амласан ёсоор мөнгөө аваад ирлээ, одоо бид 2 хамт явна" гэсэн чинь "Тийм юм байхгүй ээ, нөгөө хүн чинь дургүйцнэ, би ч бас дургүйцэж байна, иймэрхүү ажил дээр аман итгэлцэл байх ёстой, иймэрхүү байвал ажил чинь бүтэхгүй" гэхээр нь Баасанжав “Бид 2 хамт явна гэж тохирсон биз дээ, хамт явна гэж тохирчхоод яагаад явахгүй гээд байгаа юм бэ" гэхэд “Би энэ Түвшээ ахтайгаа явна” гэхээр нь бид 2 за за тэгвэл бичиг баримт, хэрэгтэй юм юу байна гэхэд “Юу ч гэсэн хоосон бланк өгчих” гэхээр нь Баасанжав нь ямар ч банкгүй явж байсан учраас хоосон бичгийн цаасан дээр гарын үсгээ зураад тамгаа дарж өгөөд,Баасанжав Гарам-Очироос “Энэ ажил хэр удах вэ, бидний ажил зогсчихсон байгаа” гэхэд 3 ч хонож магадгүй, 7 хонож магадгүй гэж хэлээд ярилцаж тохиролцоод 110.000.000 төгрөгийг үлдээхэд Гарам-Очир тоолж аваагүй. Би чамд итгэж байна гэж хэлээд оройдоо явна гээд Баасанжав бид 2 гараад ирсэн. Би эхнэр лүүгээ залгаад явахаа больчихлоо гээд ярьж байхад Баасанжав Гомбодорж, Очирхүү нар луу залгаж хэлж байсан, Очирхүү, Гомбожав 2 нь “Новотел” зочид буудлын доор пиво ууж байна гэхэд нь бид 2 очилгүй Баасанжавыг гэрт нь хүргэж өгчхөөд салж яваад 3 хоногийн дараа залгахад “Бараг болчихсон, жоохон хүлээж бай, тийм хурдан гарахгүй" гэхээр нь дахиад 7 хоногийн дараа ярихад "Бичиг чинь бараг бэлэн болчихсон, гарын үсэг зуруулах дутуу байна" гээд дахиад хэд хоноод хүлээгээд байсан. Дахиад тамга дарах дутуу байна гэж 7 хоног, тамга дарагдсан гээд 7 хоног шахуу, зөвшөөрөл нь наашаа ирж байна гээд 1 cap гаруй хугацаа болоод сүүлдээ бид хэд ярилцаад “Мөнгөө авъя аа, худлаа болчихлоо” гэж ярилцаад Гарам-Очир луу залгаад “Бид нарын ажил цуцлагдсан, мөнгөө авъя, хоног хугацаа хойшлуулаад цаг алдаад ажил зогсоод, ажил нь цуцлагдчихлаа, одоо мөнгөө авъя, чиний хэрэг байхгүй болчихлоо” гэхэд “Мөнгийг чинь одоо өгөх боломжгүй, бичиг чинь гарчихсан, бичгээ ав” гэхээр нь “Зөвшөөрөл чинь одоо бид нарт хэрэггүй ээ, бид нар мөнгөө авъя” гэсэн. Баасанжав Гарам-Очиртой ярихад “Бичиг чинь гарчихсан, мөнгийг чинь өгөхгүй” гэж хэрүүл хийсэн байсан. ...“Олон юм яриад байвал хулгайч явуулна шүү” гэж дарамталж эхэлсэн, түүнээс хойш дахиж холбогдоогүй, уулзаагүй юм. ...Би тоолж авсан. Тэгэхэд Очирхүү бид 2 хамт тоолоход 110,000,000 төгрөг байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 190-194 дэх тал/,
“****** гүйцэтгэх захирал Ч.Очирхүү болон “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга А.Чинзориг нарын 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хийсэн “Нүүрс худалдах, худалдан авах тухай” гэрээний хуулбар /хавтаст хэргийн 91-97 дахь тал/,
“****** гүйцэтгэх захирал Ч.Очирхүү болон “****** захирал Ө.Баасанжав нарын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хийсэн “Тээвэрлэлтийн гэрээ”-ний хуулбар /хавтаст хэргийн 98-99 дахь тал/,
Худалдаа хөгжлийн банкин дахь“****** эзэмшлийн 417084007 тоот Бүгд Найрамдах Хятад Ард Улсын мөнгөн тэмдэгт юанийн данснаас 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 110,000 юанийн зарлагын гүйлгээ хийсэн хуулбар /хавтаст хэргийн 100 дахь тал/,
Худалдаа хөгжлийн банкин дахь“****** эзэмшлийн 418029909 тоот Америк долларын данснаас 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 21,010 долларын зарлагын гүйлгээ хийсэн хуулбар /хавтаст хэргийн 101 дэх тал/
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч ******, ****** нар нь хохирогч ******гийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах, мөн шүүгдэгч нараас 110.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч ******д олгуулах” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Баттулга “...Шүүгдэгч нарын үйлдэл хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Хохирогчийн хувьд хэрэгт авагдсан баримтаар Эрдэнэс Таван толгойгоос нүүрс аваад тухайн нүүрсээ БНХАУ руу гаргахын тул 2 аймгийн нутаг дэвгэрээр тээвэрлэлт хийж Дорноговь аймагт байрлах хилийн боомтоор гаргая гэдэг үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар хэн аль нь маргахгүй байна. Тухайн тээврийн үйл ажиллагааг явуулахад Бахархалт тээвэрчид компаниар тээвэрлэлт хийлгэхээр болсон гэдэг байдал хэрэгт авагдсан. Хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаар Баасанжав, хохирогч Очирхүү нарын мэдүүлгийг харахад дараах үйл баримт Энхмандахын хэлж байгаагаар арай өөрөөр авагдсан байна. Гэрч, хохирогчоос хууль сануулж мэдүүлэг авсан. Тэр мэдүүлгүүд нь шүүгдэгч Энхмандахын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл тухайн үйл явдал буюу Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээр тээврийн зөвшөөрөл хэрэгтэй гэж Очирхүүд ойлгуулсан, ингэж ойлгуулахдаа би энэ ажлыг хийж гүйцэтгэнэ, энэ ажлыг гүйцэтгэхэд миний Өмнөговь аймаг дахь хамаатан ах тусална гэсэн агуулгатай мэдүүлэг байна. Энэ мэдүүлгээс харахад хэрэгт авагдсан баримтаар энэ хүн тэнд байдаг, эсхүл тийм хүнтэй ярьсан гэх зүйл байхгүй байж тэнд байдаг мэтээр, зөвшөөрөл авдаг мэтээр хохирогчид ойлгуулж зохиомол байдлаар зориудаар бий болгож хохирогчоос 110 төгрөгийг авсан гэдэг үйл баримт Энхмандахын тухайд байна. Энхмандахын хувьд Очирхүүгээс 110 сая төгрөгийг авах хүртлээ Гарам-Очир гэдэг хүнд өгөх гэж байгаа талаараа хохирогчид хэлээгүй. Энэ талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжлэн судлаад чи мөнгөө хэнд өгсөн бэ гэж асууж байгаа үйл баримтыг өөрөө уншиж сануулсан. Хохирогчийн тухайн чи мөнгөө хэнд өгчхөөд хэнээс авч чадахгүй байгаа юм бэ гэхэд Гармаа гэдэг хүнд өгсөн гэдэг талаар хохирогч мэдүүлж байгаа болохоос өмнө нь энэ хүн мэдүүлэг өгөхдөө, гомдол гаргахдаа хохирогчийн зүгээс, хохирогчийн өгч байгаа мэдүүлгийг хууль сануулж авсан гэрч Баасанжавын мэдүүлгээр Энхмандах хэлж ойлгуулахдаа Өмнөговь аймгийн ИТХ-д таньдаг ах байдаг учраас тэндээс авах боломжтой гэж хэлж байгаа нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, зөвшөөрөл өгдөггүй гэдгийг мэдсээр байж өгдөг мэтээр мөнгө авч байгаа үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар ямар ч байсан Гарам-Очиртой үйлдлээрээ санаатай нэгдэж байгаа. Энэ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзэж байна. Гарам-Очирын хувьд энэ 2 хүн 2022 оны 3 дугаар сард уулзсан гэж гэрчээр мэдүүлсэн. Энхмандахын хувьд 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө 2022 оны 3 сард Гарам-очиртой гэрт нь уулзсан, уулзахдаа ийм ажил байна гэх талаараа дурдахад Гарам-Очир та нар хэдээр хөөцөлдүүлэх гээд байгаа вэ гэхэд Энхмандах 110 сая төгрөгөөр гэсэн, би наадахыг чинь гаргаж өгнө гэж хэлсэн гэж Энхмандах дурдсан. Гэтэл дараа нь энэ талаар ярьсан мэтээр зөрүүтэй мэдүүлээд байна. Гарам-Очир мөн адилхан Өмнөговь аймгийн ЗДТГ-с тусгай зөвшөөрөл өгдөггүй, өгч байгаагүй талаар хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байхад өгдөг мэтээр авч байгаа. Ийм учраас анхнаасаа эдгээр хүмүүс бүлэглэн, санаатайгаар үйлдлээрээ санаатай нэгдэж залилах гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсан байна. Нөгөө талаар энэ хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч би мэдэхгүй гэж гэж хэлж байгаа нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл энэ хүн 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр мэдүүлэг өгсөн. Тэгэхдээ 110 сая төгрөгийг хүлээж авсан талаараа мэдүүлсэн. Иймд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ******ын өмгөөлөгч Б.Балжидмаа “...Манай үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргахгүй тул ямар нэгэн саналгүй, хохирол төлбөрийн хувьд улсын яллагчийн хувь тэнцүүлэн гаргуулах тухай саналыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ******ын өмгөөлөгч А.Энхтүвшин “..Уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн, тухайн үед ач холбогдол бүхий хохирогчийн мэдүүлгийг хэрхэн үнэлэх талаар тайлбар дурдмаар байна. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэгт хохирсон хүн, тухайн үйл баримтыг өөр өөрөөр тайлбарлах, илүү давсалж ярих нөхцөл байдаг. Ийм учраас энэ мэдүүлэг нь өөр баримтаар нотлогдох ёстой гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт судалсан баримтаас харахад хохирогч зөрүүтэй мэдүүлэг өгөөд байгаа, уг мэдүүлгээс зөвхөн Энхмандахын эсрэг өгсөн мэдүүлгээр яллах дүгнэлтийн үндэслэл болгон ашиглаад байгаа. Гэтэл Очирхүү нь Гарам-Очирыг таньдаггүй гэж мэдүүлсэн. Уг таньдаггүй гэсэн мэдүүлэг нь хууль сануулж авсан байдаг. Баасанжав би очоогүй гэж хэлээгүй, явах гэж байгаад больсон гэдэг агуулгаар мэдүүлэг өгөөд энэ асуудлыг зөвшөөрөл хэрэгтэй юм байна, энийг нь би олоод өгчихье гэсэн агуулгаар зүв зүгээр тээвэрлэлт ажил явж байтал зөвшөөрөл авч өгнө гээд алга болчихлоо гэсэн агуулгууд байгаа боловч сая мэдүүлгүүдээр 2022 оны 1 сард Дундговь аймагт бол зөвшөөрөлтэй, 250 сая төгрөгөөр авч байсан, тэгээд Өмнөговь дээр хил дээр 7 хоног болоод бид нар очиж чадаагүй гэсэн мэдүүлэг, тэгээд зөвшөөрөл хэрэгтэй учир бид зөвшөөрөл хайгаад явж байсан агуулгаар мэдүүлгүүд өгөгдөөд өнөөдрийн мэдүүлгээр нотлогдож байна. Гэтэл зөвшөөрөл хэрэгтэй гэдгийг төөрөгдөлд оруулсан гээд байгаа боловч өөрсдийнх нь мэдүүлгээр өмнө нь тээвэрлэлт удаашралтай явагдаад байсан, тэгээд хайж байсан гээд байгаа, тэгээд ажлаас гараад 2022 оны 3 дугаар сард ажилд орсон, ажилд ороод 3 сар цалин авсан, энэнээс өмнө тээвэрлэлтэд саад учраад нэг зөвшөөрөл нь болохгүй байсан гэдэг талаар мэдүүлэг өгсөн мөртөө өнөөдөр зохиомол байдлыг бий болгосон гэдэг бүрэлдэхүүний шинжийг хангах үүднээс ийм юмыг хэлсэн гээд, тэгээд Гарам-Очиртой огт уулзаагүй, яриагүй гээд байгаа боловч хэрэгт авагдсан мэдүүлгээр таньдаггүй хүн нь таньдаг болж таарлаа. Баасанжав нь очоогүй гээд байсан атлаа удаа дараа очиж уулзаад бланкаа өгсөн үйл баримт тогтоогддог. Хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг заавал үнэн байх албагүй бөгөөд шүүгдэгчийн мэдүүлэг өөрөө нотлох баримтаар нотлогдож байна гэж үзэж байна. Хохирогчийн мэдүүлэг болон Баасанжавын өгч байсан мэдүүлгээр үйл баримт нотлогдож байна. Хамгийн гол нь залилах гэмт хэргийн бүрэлдэхүүн шинж буюу уг зохиомол байдлыг бий болгосны улмаас шунахай сэдэлтээр ямар үйлдлийг хийсэн бэ гэдгийг нотолж чадаагүй. Ямар үйлдлээрээ Энхмандах, Гарам-Очир нар бүлэглэсэн гэдгийг нарийн тогтоож чадаагүй, зүгээр л энэ хүнийг танилцуулсан учраас бүлэглэсэн гэж үзээд байгаа боловч энэ талаар удаа дараа ажиллагаа хийсэн, тогтоогдохгүй байна гэсэн прокурорын тогтоол хүчин төгөлдөр байхад ямар нэгэн шинээр нөхцөл байдлыг өөрчлөхөөр үйл баримт, ажиллагаа хийгдээгүй мөртөө хохирогчийн саналыг үндэслээд нэг харахад тогтогдсон юм байна гэсэн үйл баримтаар оруулж ирж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өөрөөр хэлбэл бахархалт тээвэр компанийн ашиг сонирхлын үүднээс ажиллааж байгаа компанийн түлш тээвэрлэлт удааширсан учраас найзууд бэрхшээлийг яаж гаргах вэ, хэрхэн тээвэрлэлт хийх вэ гэсэн байдлаар өөрийн танилтай санамсаргүй ярилцаад боломжтой гэсэн мэдээллийг л өгсөн. Өөрийнхөө итгэл үнэмшлийн хувьд Гарам-Очирт бүтээж өгөх юм байна гэж 110 сая төгрөгтэй холбогдож байгаа юм. Уг үйл баримтын талаар мэдүүлгээ өгдөг. Миний үйлчлүүлэгчийн бахархалт тээвэрлэлт компани тусгай зөвшөөрөл хэрэгтэй хэрэгтэй байдаг гэсэн санааг огт хэлээгүй, угаасаа хэрэгтэй байсан тул энэ хүмүүс мөнгө өгөөд 250 сая төгрөгөөр хүмүүст өгөөд аваад явж байсан, дахин шаардлагатай болоод хайж байсан, 3 сард ажилд орсон ийм үйл баримт байгаа, ашиг сонирхлын хувьд ч тэр итгэл үнэмшлийн хувьд ч тэр, Бахархалт тээвэрлэлт ажилтай байвал би ажилтай байх юм байна, энийг нь манай найз бүтээгээд өгчих юм байна, найзуудын ажил бүтчихвэл цаашдаа хэн алиндаа хэрэгтэй юм байна гэсэн байдлаар хандаж байгаа. Өөрөөр хэлбэл өөртөө эдийн засгийн шунахайн сэдлээр өөртөө авсан зүйл огт байхгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ******, ****** нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******, ****** нар нь:
бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хохирогч ******г Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичил хороололд байхад нь “...Өмнөговь аймгийн засаг даргаас тээврийн ажил гүйцэтгэх зөвшөөрөл авахад орон нутгийн хөгжлийн санд 110.000.000 төгрөг байршуулдаг зарчимтай...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогчид 110.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:
- Хохирогч ******гийн “...Би “****** гүйцэтгэх захирал албан тушаалтай ба “Эрдэнэс Таван толгой” ТӨХК-аас нүүрс худалдан авагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын компанийг төлөөлж Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах “Эрдэнэс таван толгой” ХК-ны уурхайгаас Дорноговь аймгийн Хатанбулаг суманд байрлах “Хангийн боомт” хүртэл тээврийн ажлыг хариуцан ажиллахаар гэрээ байгуулсан юм. Дээрх ажлыг гүйцэтгүүлэхээр "Бахархалт тээвэрчид" ХХК болон “Эй ар инвестмент” ХХК-тай гэрээ байгуулан хамтран ажиллахаар тохирсон, ажил гүйцэтгэх тухайн 2 компанийг Өмнөговь болон Дорноговь аймгуудын засаг даргаас заавал зөвшөөрөл авсан байх шаардлагатай гэх шаардлагыг “Эрдэнэс таван толгой” ХК-аас тавьдаг юм байна лээ, иймээс энэхүү зөвшөөрлийг авахын тулд тухайн аймгуудын орон нутгийн хөгжлийн санд 110.000.000 төгрөг байршуулж хурлаар орж шийдвэрлүүлдэг зарчимтай юм гэж Энхмандах бидэнд хэлж ярьж ойлгуулсны дагуу зөвшөөрлийн ажлыг ******ад даалгасан. Ингээд 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр би ******ын хамт компанийн юань, долларын данснаас валют авч 8 шарга дээр очиж солиулаад, нийт 111.000.000 төгрөгийг бэлнээр бэлдээд ******ад тухайн үед хүлээлгэн өгсөн, ...Тухайн өдрийн орой ******, Ө.Баасанжав нар нь хамт Өмнөговь аймаг руу явах байсан боловч яваагүй байсан юм үүнээс хойш 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр таньдаг хүнээрээ Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газарт хүсэлт очсон эсэх талаар лавлаж асуулгахад ямар нэгэн зөвшөөрөл хүссэн тухай материал огт очоогүй байсан тул арга мухардаж цагдаагийн байгууллагад хандах болсон. ...Би хувьдаа аваагүй, өөр хүнд өгчихсөн гэж хэлдэг юм анх тохирсон төлөвлөсөн ёсоор бол ****** Өмнөговь аймгийн хөгжлийн санд 110.000.000 төгрөг тушааж холбогдох газарт нь хүсэлтээ гаргаад өгсөн байсан бол ийм зүйл болохгүй байсан байх, одоо тээвэрлэлт хийсэн зүйл байхгүй бүх ажил зогсоод маш ажлын түгжрэл үүссэн байдалтай байна. ...Надад хэлснээр бол Гармаа гэж хүнд өгсөн гэж ярьдаг тэр хүн нь хаана юу хийдэг эсэх талаар нь би огт мэдэхгүй танихгүй...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Ө.Баасанжавын “...Тиймээ энэ явдал бид 3 анх 2022 оны 2 дугаар сард яригдсан санагдаж байна. Энхмандахтай ярилцахад энэ зөвшөөрлийг би авч чадах юм гэж Энхмандах хэлсэн. Тэгээд Энхмандах би энэ ажлыг авъя миний таньдаг ах Өмнөговь иргэдийн төлөөлөгчөөр ажилладаг ахаас асуусан болмоор юм ярьсан. Дахиж уулзаад 100 гаран сая төгрөг хэрэгтэй юм байна гэж байсан тэгээд л гэнэт 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн өглөө бид 3 цуг уулзахад 110.000.000 төгрөг хэрэгтэй байна баталгаатай бүх яриа хөрөө нь тохирчихлоо манай ах хүрээд ир гэсэн гэж ****** болон намайг байхад тэгж хэлсэн мөн мөнгийг бэлнээр авч явах хэрэгтэй дансаар шилжүүлэхгүй гэсэн яриа өрнөсөн. ...Уул нь хамт явъя гэж ярьж байснаа намайг болиулсан...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Д.Гомбожавын “...Тиймээ би мэдэж байгаа уг мөнгө авахдаа “Уран Тех” ХХК-ний данс болох Худалдаа хөгжлийн банкны 417084007 тоот данс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын мөнгөн тэмдэгт юаны данс, Худалдаа Хөгжлийн банкны 418029909 тоот долларын данснаас нийт Монгол улсын мөнгөөр 110.000.000 төгрөг авсан үүний зориулалт нь Өмнөговь аймгаас тээврийн машиныг явуулах зөвшөөрөл авахад шаардагдах мөнгө гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Р.Сэддоржийн “...Ямар нэг зөвшөөрлийг /нүүрс тээврийн/ аймаг орон нутгаас олгож байгаагүй. ...Би Болд овогтой Энхмандах гэх хүнийг танихгүй. Манайхаас нүүрс тээврийн зөвшөөрөл гаргаж байгаагүй болохоор өөр мэдэх зүйл надад байхгүй...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч О.Эрдэнэ-Өрнөлийн “...Нүүрс тээвэрлэх зөвшөөрлийг манай аймгийн Засаг даргын тамгын газраас олгодоггүй энэ талаар мэдээлэл надад байхгүй. Би Болдын Энхмандах гэж хүн танихгүй юм байна. Нүүрс тээврийн зөвшөөрөл олгох хүсэлтийг манай байгууллага хүлээж авдаггүй...” гэсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******, ****** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад заасан бүлэглэн “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******д нийт 110.000.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд дээрх хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч ******, ****** нараас 110.000.000 төгрөгийн хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч ******д олгох нь зүйтэй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч ******, ****** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус бүрд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Баттулга “...Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1-т заасан зорилгод нийцсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийгэмшүүлэх, шүүгдэгч нар нь 3 жил, 7 сарын хугацаанд хохирол төлөх талаар нэг ч удаа санал гаргаж байгаагүй. Зарим шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргаж орсон, их хэмжээний хохирол учруулсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлэхгүй нөхцөл байдлын хувьд хорих ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргаж байгаа саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Уг гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан, уг гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд ямар тохиолдолд ял хөнгөрүүлэх вэ гэдгийг заасан. Шүүгдэгч нарт ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй. Харин ч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар их хэмжээний хохирол учруулсан, үйлдэж байгаа гэмт хэргийн шинж чанар, хохирол хор уршгийн хэмжээг харах юм бол хорих ялын хэмжээ бага байна, энэ нь ялын үндсэн бодлоготой нийцэхгүй байна гэж үзэж байна. Иймд энэ зүйл заалтад заасан үндсэн ялын 50 хувийг оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт хохирогчийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалах зорилготой, үүнтэй нийцэхгүй байна. Иймд шүүгдэгч нарт 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ******ын өмгөөлөгч Б.Балжидмаа “...Гарам-Очирын хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй, тогтмолд ирж байсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлнө гэж илэрхийлж оролцсоор ирсэн. Гэм буруугийн хурлаас өмнө Гарам-Очир хохирогчтой уулзаж, төлбөр тооцооны ийм боломж байна, ийм гэрээ байгуулсан байгаа, энэ асуудлаа шийдэгдэхээр төлнө гэдэг талаараа хэлсэн байдаг. Шинээр гаргаж өгсөн баримтад БНХАУ, ОХУ-ын 2 компаниудтай тус тус гэрээ байгуулж 14 тонн нунтаг зэсийг зуучилж Оросоос Хятад руу оруулж, Хятад 14 тонныг бүтнээр нь авч байж мөнгийг шилжүүлнэ гэсэн байгаа. Одоогоор 7 тонн тээвэрлэгдсэн байгаа. Үлдсэн 7 тонн нь ачилт хийгдэх гэж байгаа. Бид өөр бизнес хийж байгаа ба энэ талаарх баримтыг гаргаж өгсөн. Эрүүгийн хуулийн зорилго нь өөрөө хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд хохирол төлбөрийг нөхөн төлүүлэхэд оршдог. Шүүгдэгч нар хоригдоод явчихвал гэрээ нь зогсоно. Ингээд хохирол төлөх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Тэгэхээр сонгох төрлийн ял шийтгэлтэй байгаа тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа, гэр бүлийн хувьд эхнэр, 12, 14 настай хүүхдүүдийн хамт амьдардаг, тодорхой оршин суух хаягтай тулд хохирогчийн эрх ашгийг харж шүүгдэгч нарт хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ******ын өмгөөлөгч А.Энхтүвшин “...Миний үйлчлүүлэгч Үндсэн хууль заасан эрхийнхээ хүрээнд өөрийгөө өмгөөлж байр сууриа илэрхийлсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болох ёсгүй гэж үзэж байна. Тэгэхээр шүүхээс гэмт хэрэг гарах болсон шалтгаан, оролцоо зэргийг харгалзан үзэж эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн ял шийтгэлийг оногдуулах байх...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч ******, ****** нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх”, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч ******, ****** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т дахь заалтад заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч ******, ****** нарт тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн ****** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******, ****** нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
1. Шүүгдэгч ********нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бүлэглэн “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******, ****** нарыг тус бүр 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******, ****** нарт оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******, ****** нараас нийт 110.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч ******д олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******, ****** нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ******, ****** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, тэдний эдлэх ялыг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, тогтоолд хохирогч, шүүгдэгч нар, өмгөөлөгч нар, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ******, ****** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ