Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 347

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Д.Мөнх-Эрдэнэ,

Шүүгдэгч Ц.Нямдалай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зөөлд овогт Цогоогийн Нямдалайд холбогдох эрүүгийн 201726020720 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймаг, Богд суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникч мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар баг, Урт булаг 5 дугаар хорооллын 20 дугаар байрны 43 тоотод суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Саруул хотхоны 114-52 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ФБ91080457 регистрийн дугаартай, өөлд овогт Цогоогийн Нямдалай. 

 

Шүүгдэгч Ц.Нямдалай нь хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Нямдалай мэдүүлэхдээ:

  Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын санал болгосон ялыг зөвшөөрч байна гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Нямдалайгийн өгсөн:

            “... Цэр-Очир ах нөгөө залуутай уулзаад хоорондоо хэрэлдсэн ба би тухайн үед ахыг авах гэтэл ... чамд ямар хамаатай юм бэ гээд намхан шивээстэй залуу нь чи намайг мэдэх үү би 10-р хорооллын атаман гэсэн зүйл яриад над руу дайрах гээд байсан. Тэгэхэд нь та зүгээр цаашаа бай гээд хүчтэй түлхсэн чинь зөрүүлээд намайг цохисон ба тэр цохилт нь намайг оноогүй, хальт шүргээд өнгөрсөн. ... Тэр хоёр босч ирээд бие биенээсээ зууралцаад зогсож байсан ба нэг найз нь цаашаагаа гүйгээд найзуудыгаа дуудах шиг болохоор нь ... зугтаасан ... нөгөө намхан залуу араас хөөгөөд наад бацааныг чинь ална гээд над руу дайраад хүрээд ирсэн. Хүрээд ирэхээр нь өөдөөс нь зодолдсон ба зууралдаад байж байх зуураа нүүрэн тус газар нь нэг удаа хүчтэй цохисон. Тэр үед хохирогч боржууран дээр тээгэлдээд унах шиг болсон ... Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна ... Хохирогч Н.Ганбатад эмчилгээний зардалд 3,500,000 төгрөг өгсөн. Одоо учир зүгээ олоод эвлэрсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45, 89 дүгээр хуудас/

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Н.Ганбатын өгсөн:

 “... 2017 оны 3 дугаар сарын 09-ний орой ... Цэндээ дээр хоёр залуу ирчихсэн байсан ба хоорондоо маргалдах маягтай байсан. Тэгээд би маргалдаж байхыг нь хараад больцгоо гээд уцаарлангүй байдлаар хэлээд, тэдгээр залуустай хэрэлдсэн. Тэгсэн бор залуу нь над руу гараа далайсан ба цохилтыг нь гаргаад зууралдаж эхэлсэн ... Тэр үед Топаз буудлын үүдэнд тийм сүртэй зодоон болоогүй байсан ба нөгөө залуус Дээгийг орилсны дараа зугтаагаад Топаз буудлаас урагшаа зам дагуу гүйсэн. Тэр үед Дээгий араас нь гүйсэн ба би Дээгийг ганцаараа очоод зодуулчих байх гэж бодоод араас нь хөөсөн. Тэгээд намайг гүйгээд очиход над руу цохисон. Тухайн үед цохилтыг нь гаргаад бултсан. Тэгэхэд нэг эмэгтэй болон хамт явсан дүү нь зуурах гээд зогсоох гээд намайг татсан. Тэр үед би тэр хоёр руу харах хооронд хажуу талаас миний нүүрний баруун хэсэгт баруун гараараа хүчтэй цохисон. Цохилтын улмаас би хойшоо унасан ба барагцаагаар 20-30 секунтийн турш хэсэг ухаан балартсан. Намайг ухаан балартаад босоод ирэхэд намайг цохисон залуу хоёр гартаа дорцоов барьчихсан зогсож байхаар нь айгаад машины ард ороод зайлсан. ...  Эмчилгээний зардал нийтдээ 1,700,000 орчим төгрөг болсон ... Нямдалай надтай учир зүгээ олоод эвлэрсэн бөгөөд эмчилгээний зардалд 3,500,000 төгрөг авсан. Гомдол саналгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20, 90 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Цэр-Очирын өгсөн:

 “... Тухайн үед би арай намхан залуутай нь зууралдаж байгаад өөрөө боржур дээр тээглээд уначихсан. Тэгсэн Нямдалай ахаа зугтаарай найзуудаа дуудчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь босож ирээд хар хурдаараа буюу мөнгөн тойг зочид буудал руу эргэж гүйгээд ... такчин суугаад явсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Батдэлгэрийн өгсөн:

 “...Эргээд хартал хоёр залуу Ганбаттай ноцолдоод зогсож байсан. Тэгэхээр нь би хөөе юу болоод байна гэж орилтол нөгөө хоёр залуу урагшаа зам дагаад гүйсэн. Тэгэхээр нь би эд зүйлийг нь авчихав уу, дээрэмдчихэв үү яав гээд араас нь гүйсэн ба Мөнгөн тойг зочид буудлын ойролцоо нөгөө залуу зогсож байсан. Очоод яасан юу болсон манай найзыг яачив гэж асуугаад зогсож байтал араас Ганбат хүрээд ирсэн. Ганбатыг ирэхэд өөдөөс нь шууд цохиж эхэлсэн ба бөөнөөрөө зууралдаад хоёр талаасаа салгах гэж оролдох үед надтай юм ярьсан залуу Ганбатын нүүрэн тус газар нь маш хүчтэй нэг удаа цохисон ба Ганбат цохилтын улмаас газар унасан ... Ганбатыг гүйгээд ирэхэд нь нэг удаа цохисон. Тэгэхэд Ганбат бултаад барилцаж авсан. Нөгөө залуутай явж байсан эрэгтэй эмэгтэй хоёр зодооныг салгах гэж оролдтол нөгөө залуу Ганбатын нүүрэн тус газар нь дахиад нэг удаа хүчтэй цохисон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Цэнд-Аюушийн өгсөн:

 “... 2 залуу ирээд гал асуусан бил үү юу асуусан билээ өдөх шиг болсон. Тэгэхээр нь төвөгшөөгөөд татгалзсан хариу хэлтэл юу ярьсан эсэхийг нь санахгүй байна надтай юм ярьж байхад Ганбат хажуунаас орж ирээд, юу гэж хэлснийг нь санахгүй байна. Тэгсэн нөгөө 2 учир зүггүй дайраад өндөр бор царайтай нь эхлээд Ганбат руу дайрсан. Гэсэн хэдий ч тэнд ерөөсөө тийм сүртэй зодоон болоогүй Ганбат нөгөө залуу 2 зууралцаж байхад нь Дэлгэр хөөе яаж байна аа гэж орилоход нөгөө 2 залуу шууд зугтаарай гээд зугтаагаад явсан. Тэр 2 залууг зугтаасны дараа Дээгий шууд араас нь хөөсөн ба Дээгийгийн араас Ганбат бас хамтдаа гүйсэн ... Би хувцас нь газар уначихсан байхаар нь хамаж аваад араас нь Мөнгөн тойгийн ойролцоо очиход Ганбат цохиулчихлаа гэчихсэн нүдээ дарчихсан ирж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.Амарзаяагийн өгсөн:

 “...Тухайн үед дээгүүрээ шалдан залуу нь хүрж ирэхэд манай дүүг нүүрэн тус газар нь цохисон ба манай дүү зөрүүлээд нөгөө залуугийн нүүрэн тус газар нь цохисон. Тэгээд зууралдаад байж байх зуур шалдан залуу нь газар унаад босч ирээд манай дүү рүү дайраад байсан. Тэр үед дүү Нямдалай дорцоов бариад тэдгээр залуусыг хөөж холдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Өсөхбаярын өгсөн:

 “...Дээгүүрээ шалдан залуу хүрч ирээд Нямдалай ах руу ойртоход Нямдалай ах нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд бид хэд салгах гээд очтол дахиж нүүрэн тус газар нь нэг удаа цохисон ба нөгөө шалдан намхан махлагдуу залуу нь шууд газар унаад өгсөн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/

 

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 3753 тоот:

              1. Н.Ганбатын биед хоншоор ясны болон баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, дух, хамрын нуруу, цээж, хэвлий, баруун тохой, зүүн шууны зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт баруун нүдний алим, цээж, хэвлий, зүүн бугалганы цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

     3. Дээрх хоншоор ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун нүдний ухархайн доод ханийн цөмөрсөн хугарал ба баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь дээрх журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

     4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/

 

     - Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 15-16-р хуудас/

     - Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-н 17-р хуудас/

     - Хохирлын баримтууд /хх-н 67-69/,

     - Хохирол төлсөн баримт /хх-н 78, 98/ баримууд болон,

 

шүүгдэгч Ц.Нямдалайгийн хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Б.Тэлмэнгийн өгсөн:

 “... Найз Нямдалай төлөв даруу, тайван талдаа, зодоон хийгээд танхайраад яваад байдаггүй, хичээлдээ сайн, усан спортоор хичээллэдэг байсан. Спортын мастер зэрэгтэй. Улс болон дэлхийн аваргын тэмцээнд орж байсан  ...” гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар  хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Цогнямын өгсөн:

 “... Найз Нямдалай зан аашийн хувьд энгийн даруу, илүү дутуу үггүй, дуу чимээ багатай, тайван дөлгөөн, хүмүүстэй амархан танилцаж найзалдаг. ... Усан спортоор хичээллэдэг. Спортын мастер зэрэгтэй, улсын болон олон улсын тэмцээнд улсаа төлөөлөн амжилттай оролцож байсан   ...” гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр  хуудас

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 52/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 54/,

- АСАП сангийн лавлагаа /хх-н 6/,

- Бакалаврын дипломын хуулбар /хх-н 49-50/,

- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-н 51/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Ц.Нямдалайд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын саналаа яллагдагчид танилцуулж гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Ц.Нямдалай нь 2017 оны 3 дугаар сарын 09-10-нд шилжих шөнийн 05 цаг 53 минутын орчимд “Топаз” зочид буудлын ойролцоо Н.Ганбаттай маргалдаж, улмаар тус хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэрийн хишиг” компанийн “Soccer” бейкеригийн орчин Н.Ганбатыг зодож, эрүүл мэндэд нь  хоншоор ясны болон баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, дух, хамрын нуруу, цээж, хэвлий, баруун тохой, зүүн шууны зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт баруун нүдний алим, цээж, хэвлий, зүүн бугалганы цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

            шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад  мэдүүлсэн шүүгдэгч Ц.Нямдалайгийн “... Тэр хоёр босч ирээд бие биенээсээ зууралцаад зогсож байсан ба нэг найз нь цаашаагаа гүйгээд найзуудыгаа дуудах шиг болохоор нь ... зугтаасан ... нөгөө намхан залуу араас хөөгөөд наад бацааныг чинь ална гээд над руу дайраад хүрээд ирсэн. Хүрээд ирэхээр нь өөдөөс нь зодолдсон ба зууралдаад байж байх зуураа нүүрэн тус газар нь нэг удаа хүчтэй цохисон. Тэр үед хохирогч боржууран дээр тээгэлдээд унах шиг болсон ... Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна ... Хохирогч Н.Ганбатад эмчилгээний зардалд 3,500,000 төгрөг өгсөн. Одоо учир зүгээ олоод эвлэрсэн...  гэх,

мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч  Н.Ганбатын “...2017 оны 3 дугаар сарын 09-ний орой ... бор залуу нь над руу гараа далайсан ба цохилтыг нь гаргаад зууралдаж эхэлсэн ... Тэр үед Топаз буудлын үүдэнд тийм сүртэй зодоон болоогүй байсан ба нөгөө залуус Дээгийг орилсны дараа зугтаагаад Топаз буудлаас урагшаа зам дагуу гүйсэн. Тэр үед Дээгий араас нь гүйсэн ба би Дээгийг ганцаараа очоод зодуулчих байх гэж бодоод араас нь хөөсөн. Тэгээд намайг гүйгээд очиход над руу цохисон. Тухайн үед цохилтыг нь гаргаад бултсан. Тэгэхэд нэг эмэгтэй болон хамт явсан дүү нь зуурах гээд зогсоох гээд намайг татсан. Тэр үед би тэр хоёр руу харах хооронд хажуу талаас миний нүүрний баруун хэсэгт баруун гараараа хүчтэй цохисон. Цохилтын улмаас би хойшоо унасан ба барагцаагаар 20-30 секунтийн турш хэсэг ухаан балартсан. Намайг ухаан балартаад босоод ирэхэд намайг цохисон залуу хоёр гартаа дорцоов барьчихсан зогсож байхаар нь айгаад машины ард ороод зайлсан. ... Нямдалай надтай учир зүгээ олоод эвлэрсэн бөгөөд эмчилгээний зардалд 3,500,000 төгрөг авсан. Гомдол саналгүй ...” гэх,

гэрч  А.Цэр-Очирын “...Тухайн үед би арай намхан залуутай нь зууралдаж байгаад өөрөө боржур дээр тээглээд уначихсан. Тэгсэн Нямдалай ахаа зугтаарай найзуудаа дуудчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь босож ирээд хар хурдаараа буюу мөнгөн тойг зочид буудал руу эргэж гүйгээд ... такчин суугаад явсан ...”  гэх,

гэрч Б.Батдэлгэрийн “... Мөнгөн тойг зочид буудлын ойролцоо нөгөө залуу зогсож байсан. Очоод яасан юу болсон манай найзыг яачив гэж асуугаад зогсож байтал араас Ганбат хүрээд ирсэн. Ганбатыг ирэхэд өөдөөс нь шууд цохиж эхэлсэн ба бөөнөөрөө зууралдаад хоёр талаасаа салгах гэж оролдох үед надтай юм ярьсан залуу Ганбатын нүүрэн тус газар нь маш хүчтэй нэг удаа цохисон ба Ганбат цохилтын улмаас газар унасан ... Ганбатыг гүйгээд ирэхэд нь нэг удаа цохисон. Тэгэхэд Ганбат бултаад барилцаж авсан. Нөгөө залуутай явж байсан эрэгтэй эмэгтэй хоёр зодооныг салгах гэж оролдтол нөгөө залуу Ганбатын нүүрэн тус газар нь дахиад нэг удаа хүчтэй цохисон ...” гэх,

гэрч Л.Амарзаяагийн “...Тухайн үед дээгүүрээ шалдан залуу нь хүрж ирэхэд манай дүүг нүүрэн тус газар нь цохисон ба манай дүү зөрүүлээд нөгөө залуугийн нүүрэн тус газар нь цохисон. Тэгээд зууралдаад байж байх зуур шалдан залуу нь газар унаад босч ирээд манай дүү рүү дайраад байсан. Тэр үед дүү Нямдалай дорцоов бариад тэдгээр залуусыг хөөж холдуулсан ...” гэх,

гэрч  Э.Өсөхбаярын “...Дээгүүрээ шалдан залуу хүрч ирээд Нямдалай ах руу ойртоход Нямдалай ах нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд бид хэд салгах гээд очтол дахиж нүүрэн тус газар нь нэг удаа цохисон ба нөгөө шалдан намхан махлагдуу залуу нь шууд газар унаад өгсөн ...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 3753 тоот дүгнэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Н.Ганбат нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний “... эмчилгээний мөнгө 3,500,000 төгрөг авсан, ямар нэгэн гомдол санал байхгүй ...” гэх /хх-н 90, 98/ мэдүүлгээр нотлогдож байгаа тул шүүгдэгч Ц.Нямдалайг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Ц.Нямдалай нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ц.Нямдалайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.       

           

          Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

  

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Зөөлд овогт Цогоогийн Нямдалайг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Нямдалайг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Ц.Нямдалай бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Нямдалайг торгох ялыг биелүүлэх хугацааг 1 /нэг/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Си-Ди-г хэргийг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргасугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Нямдалайд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ