Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/21

 

Г.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр,

Нарийн бичгийн дарга: О.Очмаа нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/27 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Г.М-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.М-ын өмгөөлөгч Н.Энхтөрийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ам бүл 6,

Шүүгдэгч Г.М нь 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын боомтоор 43 ширхэг шуудайтай 476 кг ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндсийг “У” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд нууж Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь шүүгдэгч Г.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон бараа болох Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

 Шүүгдэгч Г.М нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т тус тус зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 476 кг Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулж,

шүүгдэгч Г.М-с гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан чирэгч толгой болон чиргүүлийн үнэд 40.000.000 төгрөгийг гаргуулан уг орлогыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.М-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: ...Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй байна. Харин түүнээс чирэгч толгой болон чиргүүлийн үнэд 40 000 000 төгрөг гаргуулан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, ... нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч, хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан байдаг. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулна гэсэн ойлголт байхгүй байхад, мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгсэл нь түүний өмчлөлийнх биш байхад тухайн тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Тухайн хэргийн хувьд бусдад учруулсан хохирол байхгүй байхад, мөн шүүхээс хаана, хэнд, ямар хохирол учирсан талаараа дүгнэлт хийгээгүй, тодорхой дурдаагүй мөртлөө хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Г.М-н хувьд ховор ургамлыг улсын болон гаалийн хил нэвтрүүлсэн ч тухайн дэрвэгэр жиргэрүүг бүгдийг нь хураан авсан байхад хураан авсан дэрвэгэр жиргэрүүг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн тул тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж байхгүй. Хэрвээ шүүгдэгч өөрөө тухайн ургамлын үндсийг байгалиас түүсэн, бэлтгэсэн бол байгаль орчинд хохирол учруулсан, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болох юм. Шүүгдэгчийн хувьд тухайн ургамлыг байгалиас түүж, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан үйлдэл байдаггүй.

Иймд анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолын 4 дэх заалтын “...шүүгдэгч Г.Мөнхболдын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан чирэгч толгой болон чиргүүлийн үнэд 40 000 000 төгрөгийг гаргуулан уг орлогыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай” гэснийг хасч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч Г.М-н өмгөөлөгч Н.Энхтөрийн давж заалдах гомдлыг үндэслэн Г.М-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянаад анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ. Үүнд:

Г.М-г 2020 оны 8  дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах хилийн боомтоор 43 шуудайтай 476 кг ховор ургамлын жагсаалтанд орсон дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг “У” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд нууж Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн  гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдсэн байна.

Шүүгдэгч Г.М-н Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “өөрийн эсрэг ...мэдүүлэг өгөхгүй байх”,  6 дахь хэсэгт заасан “...өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхөөс татгалзах ”,  мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т заасан “… өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” байх эрхийг нь танилцуулсны үндсэн дээр авсан гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийн тэмдэглэлийг шинжлэн судлахад:

1. Г.М нь уг ургамлыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ц суурьшлын төвөөс Монгол Улсын хилийн боомт хүрэх зайд зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн нь тогтоогдож байхад уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд заасан зорилгоос өөрөөр ховор ургамлыг…хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг агуулж буй эсэхийг шалгаагүй байна.

2. Г.М нь  “уг ургамлын үндэс гэдгийг мэдээгүй, харин хатаасан гүзээ урагш нь гаргаад өгчих, 2000 юань өгье гэж Ганц модонд 2019 оны зун танилцаж, хааяа нэг таардаг, хөзөр биллъярд тоглодог байсан Боогий гэх залуутай ярилцсан” тухайгаа, мөн ачааг ачихаас өмнө Боогий гэх залуугаас гадна 2 залуу байсан, тэд  бараан өнгийн дунд гарын жип машинд архи уусан, ачаа нь Шунхлай клонкоос урагш 200 орчим метрт саарал өнгийн старекс машинд байсан тухай мэдүүлсэн байхад  Б болон хамт байсан 2 залуу нь хэн болох, саарал болон бараан өнгөтэй машин хэний эзэмшил, өмчлөлийн машин байсан зэргийг шалгасан нотлох баримт хэрэгт цуглараагүй байна.

Энэ асуудлыг шалгуулахаар  шүүгчийн  2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЗ/284 дүгээр захирамжаар хэргийг прокурорт буцаасан байна. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар харилцах утасны орсон гарсан дуудлагын жагсаалт, утасны эзэмшигч Э.Д гэх хүнээс гэрчээр мэдүүлэг авсан байх ба уг гэрчийг яллагдагч Г.М “Б-тэй хамт явсан 2 залуугийн нэг мөн” гэж таньсан байна. /хэргийн 201, 202 дугаар хуудас/

Гэрч Э.Д-н мэдүүлэгт овор ихтэй ачааг Өмнөговь аймгийн төвөөс Цагаан хад хүртэл фургон машинаар тээвэрлэсэн тухай мэдээлэл авагдсан байхад уг ачаа нь Г.М-н эзэмшиж байсан тээврийн хэрэгсэлд дамжин тээвэрлэгдсэн эсэх, ямар төрлийн ачаа байсан эсэх зэргийг тодруулаагүй байх тул мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийсэн гэх боломжгүйгээс гадна прокурор 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 дугаар яллах дүгнэлтдээ, шүүх шийтгэх тогтоолдоо нэмэлт мөрдөн шалгах ажилагааны явцад цугларч ирсэн эдгээр нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгоогүй байна.

3. Ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоолгосон боловч шийтгэх тогтоол, яллах дүгнэлтэд тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээний талаар дүгнэлт хийгээгүйг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүй гэж үзлээ.

Шүүх дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5-т заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолж, хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй гэж үзнэ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болох ба эдгээр ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй болно.

Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөрийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар  сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/27 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Г.М-д холбогдох хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт буцаасугай.

2. Өмгөөлөгч Н.Энхтөрийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар хэргийг прокурорт очих хүртэл хугацаанд шүүгдэгч Г.М-д урьд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.НАСАНЖАРГАЛ

                                           ШҮҮГЧИД                                      Х.ГЭРЭЛМАА

                                                                                                             Г.ТЭГШСУУРЬ