| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2023/03409/И |
| Дугаар | 101/ШШ2023/02972 |
| Огноо | 2023-06-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2023/02972
| 2023 06 12 | 101/ШШ2023/02972 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.У /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.М /рд:/,
Хариуцагч: М.Н /рд:/ нарт холбогдох,
6,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Д.Мын төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Д.М, өмгөөлөгч Б.Б нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.У нь Дорнод аймгийн Хэрлэн сумаас хотод нүүж ирээд Д.М, түүний охин М.Нт нартай 2009 онд анх танилцсан. Хариуцагч нар нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ,,,, тоот хаягт ,,, м.кв газар болон нэг давхар байшинг Д.Ут худалдахаар болж, амаар тохиролцсоны дагуу байшинг 6,000,000 төгрөгөөр, газрыг 2,000,000 төгрөгөөр үнэлэн, төлбөрийг бэлнээр Д.Мт өгч, эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан. Д.У нь 2009 оноос эхлэн худалдаж авсан байшингийнхаа дулаан алдалтыг багасгаж, гадна болон дотоод засварын ажлыг гүйцэтгэж 2022 оны зуныг хүртэл амар тайван амьдарч байсан. Гэтэл Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 07 дугаар сарын 19-нд мэдэгдэл ирүүлсэн бөгөөд уг мэдэгдэлд зөвшөөрөлгүй газар хашаа, байшин барьж амьдарч байгаа тул 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр газар, байшинг чөлөөлөхийг мэдэгдсэн. Үүний улмаас өөрийн худалдан авсан байшиндаа амьдрах боломжгүй болсон тул Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны даргатай очиж уулзахад, анхнаасаа Д.М, М.Нт нар нь Д.Уийг хуурч, зөвшөөрөлгүй газар баригдсан байшин зарсан болох нь тодорхой болсон. Мөн түүнчлэн тухайн үед Д.Уийн нэр дээр шилжүүлсэн Баянзүрх дүүрэг, ,,,, ,,,, ,,,өмчлөх эрхтэй газар нь Д.Ут худалдсан байшингийн доорх газар биш, өөр газар байрлалтай хоосон газар болж таарсан. Улмаар Д.Уийн одоо амьдарч буй байшинг дайруулан дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд зам тавих талаар мэдэгдсэн тул зөвшөөрөлгүй газарт баригдсан байшинд цаашид аж төрөх боломжгүйд хүрсэн. Хариуцагч Д.М, М.Нт нар нь байшинг зөвшөөрөлгүй газар баригдсан гэдгийг мэдсээр байж Д.Ут өөр байршилд байрлах газрын гэрчилгээг танилцуулах замаар байшинг зөвшөөрөлтэй газар баригдсан гэж итгүүлж, газар болон байшинг худалдсанд гомдолтой байна. Өнөөдрийн байдлаар байшиндаа амьдрах боломжгүй, зам тавих учраас албадан чөлөөлөлтөд өртөх асуудал тулгарч, амьдран суух орон гэргүй болох нөхцөлд байна. Иймд хариуцагч нараас зөвшөөрөлгүй газар дээр байшин барьж, Д.Ут худалдсаны улмаас дээрх нөхцөл байдал үүсэж, Д.У нь амьдрах байшингүй болж байгаа тул зөвшөөрөлгүй газар баригдсан байшинг худалдсаны улмаас Д.Ут үүсэж буй хохиролд байшингийн үнэ болох 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1а. Газрын албанаас мэдэгдэх хуудас ирэхэд зөвшөөрөлгүй газар гэдгээ мэдсэн. Бид хариуцагчаас төлбөр авах эрхтэй. 1 хариуцагчийн төлөөлөгч ирсэн боловч нөгөө хариуцагчийн төлөөлөгч ирээгүй. Бид мэтгэлцээгүй тул хурлыг хойшлуулж өгнө үү.
1б. Маргаан бүхий амины сууцны төлбөрийг гаргуулахаар шаардсан. 2009 онд танилцсан. Ингэхдээ Баянзүрх дүүрэг, ,,,,, тоот нь газрын зөвшөөрөлтэй гээд дээр нь байгаа сууц нь ашиглах боломжтой гээд худалдсан байдаг. Үүнээс хойш нэхэмжлэгч нь газрын гэрчилгээ олгогдсон ба амины сууцанд ямар нэг гэрчилгээ олгоогүй гэж ойлгосон. Ингээд 6 саяа өгөөд амьдарч эхэлсэн. Ингэхдээ газар байшин минийх гэж үзээд хэд хэдэн засвар хийсэн. 2022 оны 7 сард газар зохион байгуулалтын албанаас зөвшөөрөлгүй газар барьсан тул газраа чөлөөл гэсэн. Энэ үед газрын гэрчилгээгээ гаргаж үзүүлсэн. Гэтэл худалдсан газар нь өөр байрлалд байдаг болж таарсан. Өөр газар байгаа газрыг худалдсан байсан. Нэхэмжлэгчийн амьдарч байгаа байшингийн байрлаж байгаа газар нь өндөр хүчдэлийн доор байгаа тул хориотой газар гэсэн юм. Ингээд газрыг чөлөөлөх мэдэгдэл өгсөн байдаг. Энэ газар дээр зам барина гэж мэдэгдэл өгсөн. Улмаар хариуцагч нартай холбогдоод яагаад худлаа яриад зөвшөөрөлгүй газар баригдсан байшин зарсан юм бэ гэхэд тэр газрыг авахыг зөвшөөрсөн. Ингээд байшингийн мөнгөө нэхэж холбогдоход татгалзсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед 6 саяар худалдсаныг аль аль тал нь мэдэж байгаа юм. Нэхэмжлэгч нь одоо байшингүй болсон тул орон байртай байхын тул хуурмагаар гэрээ хэлцэл байгуулсан тул өгсөн авснаа буцаах нэхэмжлэл гаргаж байгаа юм. Үндсэн төлбөрөө авах зорилготой байгаа юм. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжих дуусгавар болох харилцаа үүсээгүй Иргэний хуулийн 56.1-д заасныг зөрчсөн хэлцэл юм. Хуурч мэхэлсэн гэдэг нь зөвшөөрөлтэй газар гэж зарчхаад зөвшөөрөлгүй газар барьсан байшинг зарсан байсан юм. Газар нь зөвшөөрөлтэй тул байшин нь асуудалгүй гэсэн юм. Газар эзэмших эрхэд заасан газар нь байшингийн доорх газар гэж зарсан нь асуудал болоод байгаа юм. Талууд гэрээгээ бичгээр байгуулах ёстой гэх шаардлага хангагдаагүй байна. Зөвшөөрөлгүй газар барьсан байшингаа зарсан тул хууль зөрчсөн юм. Гэрээний үүрэг шаардаагүй. Хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан байна. Анх хуурамч өөр газрын гэрчилгээ үзүүлээд дараа нь шилжүүлж өгсөн байдаг. Эзэмших эрхгүй газар дээрх хөрөнгийг худалдсан. Хариуцагч өөрийн татгалзлаа нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул нотлогдохгүй байна. Өмнөх хэрэг дээр тийм шинжээчийн дүгнэлт гараагүй юм. Бид мөн адил өмнөх хэрэгт оролцож байсан юм. Дүгнэлт гараагүй тул энэ хэрэгт дүгнэлт байхгүй юм гэв.
2. Хариуцагч Д.Мын төлөөлөгч Н.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн үйл баримтын хувьд хуурч мэхэлж дуудсан юм байхгүй. Зар тавиад худалдсан. Хуурч мэхэлсэн зүйл байхгүй. Анхнаасаа худалдан авах хэлцэл явагдахад газар зөвшөөрөлтэй эсэх талаар дурдсан зүйл байхгүй. Үл хөдлөхийн гэрчилгээ байсан бөгөөд худалдах худалдан авах гэрээ хийсэн. Худалдан авагч мөн адил эрх үүрэгтэй. 2022 онд газартай холбоотой нэхэмжлэл гаргасан. 2023.1.26-нд хариуцагчийн зөвшөөрөл батлагдсан. Энэ нь хүчин төгөлдөр болсон. Газрыг нь өгчихсөн байгаа юм. Иргэний хуулийн 56.1-р хүчин төгөлдөр бус гэж байна. Энд ямар хэлцлийг тооцох талаар нарийвчлан зохицуулсан байдаг. Гэрээ хийгээд нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаг. 10 хэдэн жил амьдарчхаад одоо нэхэж байна. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хуулийн 56-д хууран мэхэлж хийсэн хэлцэл гэх ойлголт байхгүй. Хуурсан гэх асуудал нь эрүүгийн журмаар шийдвэрлэх юм. Нэхэмжлэгчийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан байдаг. Кадастрын зураглал болон газрын албаны хүмүүсийн буруутайгаас болоод ийм асуудал үүссэн юм шиг байгаа юм. Худалдах худалдан гэрээ байгуулсан эсэх талаар маргаагүй. 6 сая төгрөг төлбөрт авсан талаар маргаагүй. Байшинг үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн газар бүртгүүлээгүй. Байшингийн доорх газар зөвшөөрөлтэй эсэх талаар мэдэхгүй. Шилжүүлсэн газар нь байшин байгаа газар мөн. Яагаад чөлөөлөх болсон талаар мэдэхгүй. Газрын маргаантай холбоотой хэргийн талаар мэднэ. Хэрэг шийдэх үед кадастрын зураг буруу хийгдсэнээс өөр газар гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Өөр газар сая 2023 онд шүүх шинжээчийн дүгнэлтээр мэдсэн. Иргэний хуулийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна. Талууд хүсэл зоригоо илэрхийлж хийгдсэн. Газар өмчлөх эрх шилжсэн байгаа юм. Иргэний хуулийн 59-н хувьд ойлгомжгүй байна. Хэлцэл хийх зорилгоор бусдыг хуураагүй зар тавиад л нэхэмжлэгч ирж уулзсан. Газар зохион байгуулалтын албанаас мэдэгдэл ирэх хүртэл амьдарч байсан гэж байна. Иймд хуурсан гэх үндэслэлгүй. Газар чөлөөлөх мэдэгдэл өгсөн байна. Иймд нөхөн олговрын асуудал яригдах юм гэв.
3. Нэхэмжлэгч нь шүүхэд дараах нотлох баримтыг ирүүлсэн: газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаар гэрчилгээний хуулбар /хх5/, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 192 дугаар тодорхойлолт /хх6/, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 16/513 дугаар албан тоотын хуулбар /хх7/, 2022 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн мэдэгдэх хуудасны хуулбар /хх9/, нөхөн олговрын зориулалттай үнэлгээний тайлан /хх12-22/, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдэх хуудас /хх33/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагч нараас 6,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь хувийн сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, төлбөрт төлсөн 6,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч Д.М нь газар зохион байгуулалтын албаны буруутайгаас кадастрын зураг алдаатай хийгдэж, улмаар зөвшөөрөлтэй газраас өөр газар хувийн сууц баригдсан тул хариуцагч буруугүй, мөн дахин төлөвлөлтөд орсон тул зохих этгээдээс нөхөн олговор шаардах ёстой, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан.
4. Хариуцагч М.Нтын төлөөлөгч Ц.У-т 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. Улмаар хариуцагч нар эх, охин болох талаар маргаагүй бөгөөд хариуцагч нарын төлөөлөгч Ц.У-т шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар мэдэгдсэн. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй. Гэвч хариуцагч М.Нт, түүний төлөөлөгч Ц.У нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй, хариу тайлбар ирүүлээгүй байх тул хариуцагч М.Нт нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, үзлэг хийх тухай хүсэлт гаргасныг хэлэлцээд хангахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гарсан. Улмаар хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг хэлэлцэж эхэлсэн өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талыг нэхэмжлэлээ тайлбарлах талаар мэдэгдэх үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх нэхэмжлэгч талыг шаардлага нэмэгдүүлэх боломж олгоогүй гэх үндэслэлээр шүүгчээс татгалзах тухай хүсэлт гаргасан. Шүүх хуралдаан тодорхой дэс дарааллаар явагдах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж, татгалзан гаргах тухай хүсэлт байгаа эсэхийг асуухад татгалзах тухай хүсэлт гаргаагүй. Цаашлаад, хэргийг хэлэлцэж эхэлснээс хойш шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргавал гаргаагүйд тооцож хуралдааныг үргэлжлүүлэх бөгөөд энэ талаарх хуулийн зохицуулалтыг Улсын дээд шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолоор тайлбарласан байна.
Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг гаргаагүйд тооцож, хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
6. Нэхэмжлэгч нь 2009 онд газар болон түүн дээр баригдсан гэх хувийн сууцыг хариуцагч нараас худалдан авахаар тохиролцож улмаар хувийн сууцны үнэнд 6,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарласан. Хариуцагч нар, тэдгээрийн төлөөлөгч нар нь энэ талаар маргаагүй бөгөөд хариуцагч Д.Мын төлөөлөгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараараа 6,000,000 төгрөгийг хувийн сууцны үнэнд хүлээн авснаа зөвшөөрсөн. Түүнчлэн зохигч хэн аль тухайн үед бичгийн хэлбэрээр гэрээ байгуулаагүй байх бөгөөд шүүхэд энэ талаар баримт ирүүлээгүй боловч хариуцагч маргаагүй тул шүүх нотлох шаардлагагүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй юм.
Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлыг доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээнэ.
6а. Улмаар гэрээний зүйлийн үнэ болох 6,000,000 төгрөг төлөгдсөн талаар зохигчид маргаагүй тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
7. Худалдах худалдан авах гэрээнд бичгийн хэлбэрээр байгуулах хэлбэрийн шаардлага тавигдахгүй тул энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй. Түүнчлэн хариуцагч нь маргаж буй хувийн сууцыг захиран зарцуулах эрхтэй байсан эсэх талаар маргаагүй.
Өөрөөр хэлбэл, тухайн хувийн сууцанд өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй тул худалдах худалдан авах гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх боломжгүй. Энэхүү байдал нь зохигчид худалдах худалдан авах гэрээ байгуулах эрхийг хязгаарлахгүй юм.
8. Нэхэмжлэгч нь 2009 оноос хойших хугацаанд уг хувийн сууцанд оршин суусан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд 2022 оны 07 дугаар сард эрх бүхий байгууллагаас газар чөлөөлөх талаар мэдэгдэл ирснээр зөвшөөрөлгүй газар баригдсан талаар мэдсэн гэх тул хууран мэхэлж хийсэн хэлцэл гэх тайлбар үндэслэлгүй.
9. Хариуцагч Д.Мын төлөөлөгч Н.Б нь маргаж буй хувийн сууц нь зөвшөөрөлгүй газар баригдсан болохыг өмнө нь газрын эзэмших эрхийн талаарх маргааныг хянан шийдвэрлэх явцад мэдсэн бөгөөд энэ нь хариуцагч нарт хамааралгүй, харин газар зохион байгуулалтын албанаас кадастрын зургийг буруу гаргаснаас болсон гэж тайлбарласан.
Энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхнаасаа зөвшөөрөлгүй газар баригдсан хувийн сууцыг зөвшөөрөлтэй газар хэмээн ойлгуулж худалдсан гэж маргасан.
Уг хувийн сууц нь зөвшөөрөлгүй газар байршиж байгаа болох нь 2022 оны 07 дугаар сарын 19 болон 20-ны өдөр дүүргийн газар зохион байгуулалтын албанаас үйлдсэн мэдэгдэх хуудас, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 16/148 дугаар албан тоотоор тус тус тогтоогдож байна. /хх8, 9, 33/
10. Хариуцагч нар нь анх хувийн сууцыг барихдаа газрыг эзэмших эрхтэй гэж ойлгосон гэх боловч холбогдох гэрчилгээ, кадастрын зураг, газар зохион байгуулалтын албанаас газрыг хүлээлгэн өгсөнтэй холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаар шүүхэд ямар нэг хүсэлт гаргаагүй зэргээс хариуцагчийн дээрх тайлбар үгүйсгэгдсэн гэж үзлээ.
11. Дээрх үйл баримтуудаас үзэхэд маргаж буй хувийн сууц нь эрхийн зөрчилтэй байсан болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж эрх үүссэн байна. Цаашлаад, хувийн сууц байршиж байгаа газар нь авто замын трассын нөлөөлөлд авсан болох нь дээрх мэдэгдэх хуудас, 16/148 дугаар албан тоотоор тогтоогдсон тул мөн хуульд зааснаар эрхийн зөрчлийг арилгах нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй юм.
12. Нэхэмжлэгч нь гэрээний үүрэг шаардаагүй бөгөөд харин гэрээнээс татгалзаж, гэрээний гүйцэтгэлийг буцаан шаардаж байх тул хөөн хэлэлцэх хугацааг ерөнхий буюу 10 жилээр тооцох юм.
12а. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох тул гэрээнээс татгалзаж, гэрээний гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч нь хувийн сууц байршиж буй газар нь эзэмших эрхийн зөвшөөрөлгүй гэдгийг мэдсэн 2022 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан үеэс тоолно.
Иймд хариуцагч Д.Мын төлөөлөгч Н.Б-ын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар үндэслэлгүй.
13. Нэхэмжлэгчид худалдах худалдан авах гэрээнээс татгалзах эрх үүссэний дагуу гэрээнээс татгалзаж байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэл буюу төлсөн төлбөрийг буцаан өгөх үүрэгтэй.
14. Хариуцагч М.Н нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Мягмарсүрэнгийн хариуцагч М.Ныг мэтгэлцэх эрхээр хангаж, хуралдааныг хойшлуулах тухай тайлбар үндэслэлгүй.
15. Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнээд хариуцагч нараас 6,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
16. Харин шүүхийн хэлэлцүүлэг эхлэх үед нэхэмжлэгч талаас маргаж буй хувийн сууцыг засан сайжруулсантай холбогдуулан шаардлага нэмэх тухай гаргасан тайлбарын хувьд гэрээнээс татгалзсан, цаашлаад газар авто замын трассын нөлөөлөлд орсонтой холбогдуулан хохирол учирсан гэж үзвэл зохих этгээдэд холбогдуулан жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.
17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 110,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Д.М, М.Н нараас 6,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ут олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 110,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД