| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2023/00372/И |
| Дугаар | 182/ШШ2023/01683 |
| Огноо | 2023-06-05 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2023/01683
| 2023 06 05 | 182/ШШ2023/01683 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, *******, ******* тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, ******* оффис төв, 901 тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД:/-д холбогдох,
Гэрээний үүргийн хохиролд 2 044 399.60 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 13-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цэнджав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч талаас санхүүгийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 2 044 399 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Манай компани ******* Актив ХХК-тай 2017.01.17-ны өдөр санхүүгийн ажил гүйцэтгэх гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Тухайн гэрээгээр ******* Актив ХХК-д татварын болон санхүүгийн бүх холбогдох тайланг нягтлан бүртгэлийн болоод олон улсын стандартад нийцүүлэн үнэн зөв хийж гүйцэтгүүлэх, ажлын хөлсийг гэрээнд тогтоосон хугацаанд төлж барагдуулах, шаардлагатай баримт материалаар хангах үндсэн үүргүүдийг талууд тохиролцсон. Эрчимт Нэмэр ХХК-ийн санхүү, татварын тайлангийн ажлыг хариуцагч компанид гэрээгээр бүрэн хариуцуулаад татварын холбогдох бүх тайланг цахимаар илгээх болсон бөгөөд хариуцагчийн гаргасан эцсийн тайланг хэрэгт баримтаар өгсөн.
Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс 2017.12.20-ны өдөр манай компанид 351730094 тоот шийтгэлийн хуудас оногдуулсан. Шийтгэлийн хуудас оногдуулсан үндэслэл нь аж ахуйн нэгжид хамааралгүй зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хасагдах зардалд тооцсон, төлбөрийн баримтыг хуурамчаар бичүүлж албан татвар ногдох орлогыг бууруулсан гэж үзээд 2 044 399.60 төгрөгийн торгуулийг манай компанид оногдуулсан.
Гүйцэтгэгч тал эрх бүхий байгууллагад санхүүгийн үнэн зөв тайланг гаргах, гэрээний хавсралтын 4-т заасны дагуу НӨАТ-ын тайланг татварын албанд тушааж, хамгаалах үндсэн үүргийг хүлээсэн. Бид мэргэжлийн нягтлан бодогч байхгүй, санхүүгийн талаар дутмаг мэдлэгтэй учраас мэргэжлийн байгууллагатай санхүүгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж энэ талаарх асуудлаа бүрэн хариуцуулсан.
Гэтэл гүйцэтгэгч тал буюу байгууллагын санхүү тайланг үнэн зөв тайлагнах үүрэгтэй компанийн буруутай үйл ажиллагааны улмаас уг шийтгэлийн хуудсыг манай компанид оногдуулсан гэж бид үзэж байна.
Татварын албанаас тайландаа залруулга хийгээд зөрчлөө арилга гэсэн мэдэгдлийг тухайн үед бидэнд ирүүлсэн. Тийм учраас бид ******* Актив ХХК-д асуудлыг шийдвэрлэх талаар удаа дараа шаардсан боловч үр дүнд хүрээгүй.
Торгууль оногдуулсан учраас торгуулаа төлөөгүй бол дараагийн тайланг илгээж болохгүй хязгаарлалт тогтоогддог учраас бид дараа дараагийн жилийн тайлангаа илгээхийн тулд торгуулиар оногдуулсан мөнгөн дүнг тухайн цаг үед нь бүрэн төлж барагдуулсан. Гэрээний дагуу болон хуульд заасны дагуу уг төлсөн мөнгөө нөхөн төлүүлэх боломжтой учраас бид татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудастай маргаагүй.
Хариуцагч нь өнөөдрийг хүртэл өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхгүй байгаа тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1., 227 дугаар зүйлийн 227.5.-д заасны дагуу хариуцагчаас 2 044 399.60 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд хугацаа нь тодорхойгүй байгаа боловч, энэ нь 1 жилийн хугацаанд л хүчинтэй байсан. Өөрөөр хэлбэл, 2017.01.27-ноос 2018.01.27-ны хооронд 2016 оны санхүүгийн тайланд дүгнэлт хийж гаргаж өгөх байсан. Хариуцагч гэрээний үүргийг биелүүлээгүй, ажлын үр дүнг доголдолтой хүлээлгэж өгсөн.
Бид гэрээний үүргийн дагуу шаардлагатай санхүүгийн баримт гаргаж өгсөн. Хэрэв тайлан гаргахад шаардлагатай нэмэлт материал, энэ зөрчил гаргахад хүргэсэн нэмэлт материал шаардлагатай байсан бол хариуцагч тал өөрийн эрхийн хүрээнд биднээс шаардах ёстой байсан. Иймд бид, татварын тайланг гаргаж цааш нь мэдүүлэхдээ алдаатай, буруу гүйцэтгэсэн, гэрээний доголдолтой байна гэж маргаж байгаа учраас энэ гэрээний 6.1-д заасан хүлээлгэн өгсөн, гүйцэтгэсэн тайлан мэдээг алдаатай буюу буруу гүйцэтгэсний улмаас учирсан аливаа хохирол хариуцах үүрэгтэй гэж үзэж байгаа. Бид татварын тайланг цааш нь мэдээлж, гаргах мэдүүлэхдээ буруу гүйцэтгэсэн, алдаатай гүйцэтгэсэн, гэрээний доголдолтой байна гэж маргаж байгаа учраас гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд нэхэмжилж байна.
Хариуцагчтай олон ажил дээр хамтран ажиллаж бие биенээ сайн мэддэг, харилцдаг байсан. Нэхэмжлэгч энэ мөнгийг амаар маш олон удаа хэлж, дандаа утсаар ярих гэх мэт уламжлалт маягаар шаардаж байсан. 2021.01.29-нд албан бичгээр мэдэгдсэн, өөрийн ажилтнаар хариуцагчид хүргүүлсэн, хариуцагч хүлээн авсан гэдэг. Өөрөөр бичгийн хэлбэрээр шаардаж байсан баримт байхгүй. И-мэйл /email/-ээр явуулсан баримт байгаа эсэх талаар асуухад захирал нь өөрөө биеэрээ нягтлан бодогч байсан хүнд аваачиж өгсөн гэдэг. Гэвч одоо тухайн хүний нэрийг мэдэхгүй, гэрчээр дуудах боломжгүй байдаг. Удаа дараа амаар шаардаж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байгаа. Татварын албаны шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгуулийг төлсөн нь хариуцагчийн гэрээний үүргээ зөрчиж учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш юм. Иймд нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс талуудын хооронд байгуулагдсан 2017.01.27-ны өдрийн 17/77 тоот Санхүүгийн ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу хийж гүйцэтгэсэн ажил нь зөрчилтэй байсны улмаас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2017.12.20-ны өдрийн 351730094 тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан 2 044 399.60 төгрөгийн торгуулийг гаргуулахаар нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Үндэслэл нь гэрээний зүйлд хамааралгүй зүйлээр хариуцагч байгууллагыг буруутгаж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж үзэж байна. Санхүүгийн ажил гүйцэтгэх гэрээ-ний 1 дүгээр зүйлд талуудын тохиролцсон гол нөхцөл нь захиалагчаас буюу үйлчлүүлэгчээс гаргаж өгч байгаа баримтад үндэслээд санхүүгийн тайланг үнэн зөв гаргаж цахим хэлбэрээр болон эрх бүхий байгууллагад хүргүүлэх ажлыг хийх үүргийг хүлээсэн. Үүнийхээ дагуу хариуцагч компани үүргийг гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, гэрээний 1.1, 4.6-д гүйцэтгэх ажлыг заасан бөгөөд уг ажилд санхүүгийн анхан шатны баримтыг үйлдэх бидэнд эрх байхгүй, харин гэрээний 5.1-д заасан баримтуудыг үндэслэн тайланг гаргаж, илгээх ажлыг хийж гүйцэтгэсэн. Захиалагчийн гаргаж өгсөн санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн нягтлан бодох бүртгэлийн тайланг гаргах үүрэг хүлээсэн. Гэрээний 4.10-д зааснаар анхан шатны баримт буруу, зөв эсэхийг захиалагч өөрөө хариуцах ёстой.
Гүйцэтгэгч нь гаргаж өгсөн баримтуудыг тайланд тусгаагүй, эсхүл тайлангийн хугацааг хожимдуулсан, дутуу буруу шивсэн, орхигдуулсан тохиолдолд гэрээнд зааснаар хариуцлага хүлээхээр байгаа.
Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн шийтгэлийн хуудсанд дурдсан зөрчил нь санхүүгийн анхан шатны баримт нь өөрөө хуурамч байна, бараа материал анхан шатны гүйлгээ хийгээгүй байж баримт бүрдүүлсэн гэдэг үндэслэлээр зөрчлийг зааж торгууль тавьсан. Уг зөрчлийг гэрээтэй холбоод авч үзвэл анхан шатны баримтыг гаргаж өгөх үүрэг захиалагч талд байдаг.
Нэхэмжлэгч талаас өгсөн баримтад үндэслэж гаргасан тооцоо нь өөрөө гэрээний 1.1-д заасан гэрээний зүйлд зөрчил болохгүй. Нэхэмжлэгч тал өөрөө ч гэсэн манайхаас гаргаж өгсөн баримт гэдэгт маргахгүй байна. Иймээс гэрээний зөрчилд хамаарахгүй зөрчил байгаа юм. Ингээд нийтдээ гэрээний 5.1.1, 5.5, 6.2-т заасныг зөрчсөн гэж үзэх хариуцагч байгууллагын буруу байхгүй. Нэхэмжлэгч байгууллагын буруутай үйл баримт байгаа учраас нэхэмжлэгч байгууллагын өмнөөс хариуцагч байгууллага хариуцлага үүрэх боломжгүй.
Нөгөө нэг үндэслэл нь гэрээнээс үүдэлтэй маргаан байгаа учраас зайлшгүй хугацааны асуудал яригддаг. Аливаа маргаан бол ямар нэг хугацаа хязгааргүй үргэлжлээд байх боломжгүй хуульд зааж хязгаарлалт тогтоодог. Зөрчилтэй, хариуцагч байгууллагын буруутай, буруугүй эсэхээс үл хамаараад хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй. Гэрээний үүргийн зөрчлийн маргаанд 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай. Энэ хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн талаарх баримт хэрэгт ирүүлээгүй байдаг.
Залруулга гэдгийг тайлан зөрчилтэй байгаад буруу, зөрүү тооцооны алдаатай гэх мэт тохиолдолд тайлангаа залруулдаг. Шийтгэлийн хуудас тавигдсаны дараа зөрчлийг залруулна гэж байдаггүй. Шийтгэлийн хуудас тавигдаж байна гэдэг өөрөө залруулахгүй буюу энэ нь өөрөө зөрчил. Зөрчил учраас зөрчилдөө хариуцлага хүлээх тухай яригдана. Өмнөх тооцооллын алдааг залруулах тухай ойлголт яригдахгүй. Гэхдээ татварын байцаагч үүнийг ийм зөрчилтэй байна гэж хэлээгүй. энэ баримтууд бодитой бус, гэрээ, баримтууд аль аль нь бодитой биш байхад тайланд тусгасан нь буруу гэж 2016 оны баримтад актаар дүгнэсэн. Тэгэхээр хугацааны наана цаана гэдэг нь өөрөө гол маргааны зүйл биш. Захиалагч нь өөрөө энэ бодитой биш баримтуудыг гаргаж өгсөн буруу. Энэ баримтуудыг захиалагч өөрөө бусад гэрээ байгуулсан нөгөө талаас авч байгаа. Үүнийг аваад санхүүгийн тайланд тусга гэж манайд өгсөн байна. Татварын байгууллагын шийтгэх хуудсанд заасан ******* трейд ХХК-иас бараа материал авсан гэх баримтыг бид нар мэдэх боломжгүй, захиалагчийн өгсөн баримтыг үндэслэн тайлан гаргасан. Гүйцэтгэх захирлын гарын үсэг зурж, тамга дарагдсан санхүүгийн анхан шатын баримтуудыг үндэслэн тайлан гаргадаг. Бусад компанийн баримтыг шивэх ажлыг гэрээгээр хүлээгээгүй, түүний нэмэгдсэн өртгийн албан татварыг тайланд шивсэн эсхүл шивээгүй байдлаас болж хариуцагч буруудах үндэслэлгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчид оногдуулсан татварын актыг 2018.01.02-нд захирлууд уулзахад мэдсэн. Түүнээс хойш ажил гүйцэтгэх гэрээнд ажлын доголдол үүссэн бол 6 сарын дотор гомдол гаргах эрхтэй, хариуцагчид 2 044 399.60 төгрөгийг төлөх талаар шаардлага гаргаж байгаагүй. Иймд нэхэмжлэлийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, ******* регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон итгэмжлэл, ******* ХХК-ийн 2021.01.27-ны өдрийн 2021/08 тоот ******* ******* ХХК-д явуулсан гэх албан бичиг, 2017.01.27-ны өдрийн талуудын хооронд байгуулсан 17/77 тоот Санхүүгийн ажил гүйцэтгэх гэрээ, түүний хавсралт, 2017.12.20-ны өдрийн 351730094 тоот Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, тус хэлтсийн 2022.01.06-ны өдрийн 02/7 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 5-17/ зэргийг,
4.Хариуцагч талаас нотлох баримтаар, регистрийн дугаартай, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,төлөөлөгч томилсон итгэмжлэл, 2017.01.27-ны өдрийн талуудын хооронд байгуулсан 17/77 тоот Санхүүгийн ажил гүйцэтгэх гэрээ, түүний хавсралт, /хх-ийн 28, 37, 63-69/ зэргийг,
5. Тус шүүхийн шүүгчийн 2023.05.03-ны өдрийн 5605 дугаартай захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2017.12.20-ны өдрийн 01/722 тоот албан бичгээр ирүүлсэн тус хэлтсийн улсын байцаагч нарын 2017.12.20-ны өдрийн 351730094 тоот Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас,Татварын улсын байцаагчийн актыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 78-81/, нэхэмжлэгч талаас ирүүлсэн ******* ХХК-ийн 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан гэх 1 хавтас баримт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан, Санхүүгийн ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргээ зөрчсөний улмаас хохиролд 2 044 399 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүхээс хэргийн үйл баримт, зохигчдын тайлбар зэргийг дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс 2017.12.20-ны өдөр манай компанид 351730094 тоот шийтгэлийн хуудсаар аж ахуйн нэгжид хамааралгүй зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хасагдах зардалд тооцсон, төлбөрийн баримтыг хуурамчаар бичүүлж албан татвар ногдох орлогыг бууруулсан гэж үзээд 2 044 399.60 төгрөгийн торгууль оногдуулсан нь хариуцагч талын Санхүүгийн ажил гүйцэтгэх гэрээ-нд заасан санхүүгийн үнэн зөв тайланг гаргах, НӨАТ-ын тайланг татварын албанд тушааж, хамгаалах үндсэн үүргийг биелүүлээгүй улмаас ажлын үр дүнг доголдолтой хүлээлгэн өгч, дээрх хэмжээний хохирол учруулсан, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1., 227 дугаар зүйлийн 227.5., гэрээний 6.1-д зааснаар хохирлыг шаардах эрхтэй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбарлан мэтгэлцсэн.
2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ, Санхүүгийн ажил гүйцэтгэх гэрээ-ний 1.1, 4.6, 5.1-д зааснаар нэхэмжлэгчийн гарган өгсөн баримтуудыг үндэслэн тайланг гаргаж, илгээх ажлыг хийж гүйцэтгэсэн, гэрээний 4.10-д зааснаар анхан шатны баримт буруу, зөв эсэхийг захиалагч өөрөө хариуцах ёстой, үүнд хариуцагч байгууллагын буруу байхгүй тул хариуцлага үүрэх боломжгүй, гэрээний үүргийн зөрчлийн маргааны хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн талаарх баримтгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогджээ.
3.1. Зохигчдын хооронд 2017.01.27-ны өдөр 17/77 тоот Санхүүгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгч байгууллагын 2016 оны санхүү, нягтлан бодох бүртгэл, бүх төрлийн татварын болон санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад үнэн зөв хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч ******* ХХК нь тогтоосон хугацаанд сарын төлбөрт *******0 000 төгрөг төлөх, тайланг үнэн зөв гаргахад шаардлагатай баримт материалаар хангах үүргийг тус тус хүлээжээ.
Талууд, хариуцагчийн гүйцэтгэх 24 төрлийн ажил үйлчилгээг тус гэрээний хавсралтад зааснаар тодорхойлсон байх бөгөөд үүнд НӨАТ-ын тайлан гаргаж бэлтгэх, цахим тайланд шивж илгээх, НӨАТ-ын падааныг цахим тайлангийн программаар шивж илгээх, НӨАТ-ын тайланг татварын албанд тушааж хамгаалах, ААНБОАТ-ын тайланг бэлтгэх, цахим тайланд шивж илгээх, ААНБОАТ-ын тайланг татварын албанд тушаах, хамгаалах, холбогдох баримт бичгийг бүрдүүлж цэгцлэн үдэх гэсэн ажлууд орсон байна.
Гэрээний дагуу хариуцагчаас нэхэмжлэгч байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэл, бүх төрлийн татварын болон санхүүгийн тайланг гаргаж хүлээлгэн өгсөн болон нэхэмжлэгчээс гэрээний дагуу ажлын хөлс төлсөн талаар талууд түүнчлэн гэрээг 2017.01.27-ноос эхлэн 1 жилийн хугацаатай байгуулсан талаар тус тус маргаагүй, энэ нь дээрх 17/77 тоот Санхүүгийн ажил гүйцэтгэх гэрээ, ******* ХХК-ийн 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан гэх 1 хавтас баримт зэргээр нотлогдсон.
3.2. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс Татварын ерөнхий газрын даргын 2014.04.22-ны өдрийн А/102 тушаалаар баталсан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж-ийн дагуу нэхэмжлэгч ******* ХХК-ийн 2012-2016 онуудын албан татвар ногдуулалт, төлөлтийн байдал, санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан зэргийг хянаж шалган Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2. дугаар зүйлд заасныг үндэслэн 2 044 399 төгрөгийн төлбөр ногдуулж шийдвэрлэжээ.
Үүнд: ******* ХХК нь 2016 онд ******* бизнес трейд ХХК-иас бараа, материал авсан мэтээр 7 061 363.64 төгрөгийн дүн бүхий төлбөрийн баримт хуурамчаар бичүүлж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусган, албан татвар ногдох орлогоос хасч тооцсон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1., 14.5.-д заасныг зөрчсөн гэж үзэж, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4., 74.3.-т зааснаар 706 136.36 төгрөгийн нөхөн татвар, 193 235.50 төгрөгийн торгууль, 112 656.30 төгрөгийн алданги, мөн дээрх 7 061 363.64 төгрөгийн дүн бүхий төлбөрийн баримт хуурамчаар бичүүлж, тус аж ахуйн нэгжид хамааралгүй зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хасагдах зардалд тооцон албан татвар ногдох орлогыг бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2.-т заасныг зөрчсөн гэж үзэж Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4., 74.3.-т зааснаар 706 136.36 төгрөгийн нөхөн татвар, 211 840.90 төгрөгийн торгууль, 114 394.10 төгрөгийн алданги тооцогдсон.
Өөрөөр хэлбэл, татвар төлөгч Эрчимнэмэр ХХК-д 14 122 727.28 төгрөгийн зөрчилд, 1 *******2 272.72 төгрөгийн нөхөн татвар, 405 076.40 төгрөгийн торгууль, 227 050.40 төгрөгийн алданги, нийт 2 044 399.60 төгрөгийн төлбөр ногдуулсан нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарын 2017.12.20-ны өдрийн 351730094 тоот Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, зохигчдын тайлбараар нотлогдсон.
3.3. Хэрэгт авагдсан Татварын улсын байцаагчийн актыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэл гэх баримт нь огноогүй байх боловч дээрх 2017.12.20-ны өдөр үйлдэгдсэн 351730094 тоот шийтгэлийн хуудастай Эрчимнэмэр ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан танилцаж гарын үсэг зурсан байна. Татвар төлөгч байгууллага нь улсын байцаагч нарын дээрх шийдвэр, үйл ажиллагаанд холбогдох хуулийн дагуу гомдол гаргаагүй байх бөгөөд уг шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр болж, 2 044 399.60 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагаас төлж барагдуулсан нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2022.01.06-ны өдрийн 02/7 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгээр нотлогдсон.
4. Талуудын хооронд байгуулсан 2017.01.27-ны өдөр 17/77 тоот Санхүүгийн ажил гүйцэтгэх гэрээ-ний 1.4-т зааснаар талууд гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажил үйлчилгээ болон түүний үргэлжлэх хугацаа, давтамжийн тоог гэрээний хавсралтаар 1 сар бүрт, улирал тутамд, жилд 1 удаа гэх зэргээр харилцан тохиролцож тодорхойлсон, гэрээнд гэрээний зүйл болох ажил үйлчилгээг бусдаар гүйцэтгүүлэхээр тохиролцсон зүйлгүй зэрэг байдлаас үзэхэд зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасан ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг хүлээсэн хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, гэрээний зүйл болох нэхэмжлэгч байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэл, бүх төрлийн татварын болон санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад үнэн зөв хийж гүйцэтгэх ажил, үйлчилгээг хариуцагч биечлэн гүйцэтгэсэн, хуульд заасан тодорхой хугацаанд тогтмол, давтагдаж хийх шинжтэй, ******* ХХК нь тайлан гаргахад шаардлагатай мэдээлэл, санхүүгийн баримтуудыг гаргаж өгөх, ажиллах нөхцөлөөр хангасан зэрэг нөхцөл байдал нь Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1., 363 дугаар зүйлийн 363.1.-д заасантай нийцсэн байна.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчид ажлын эцсийн үр дүн болон түүнээс бий болох эрсдлийг захиалагчийн өмнө хүлээж байдаг бол хөлсөөр ажиллах гэрээний хувьд ажиллагч нь ажлын эцсийн үр дүнд хүрэхийн тулд өөрийн хувь нэмрээ зүй зохистойгоор оруулж ажиллахыг ажиллуулагчийн өмнө хүлээж байдаг гэрээний харилцаа юм.
5. Зохигчдын хооронд байгуулсан 17/77 тоот Санхүүгийн ажил гүйцэтгэх гэрээ-ний 5.7-д Гүйцэтгэгч тал Монгол улсын хууль тогтоомж, бусад дүрэм журам, олон улсын стандартад нийцүүлэн ...ажил үүргийг мэргэжлийн өндөр түвшинд, үнэн зөв хийж гүйцэтгэх үүрэгтэй гэж, 5.8-д Энэхүү гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажил үүрэгтэй холбогдох мэдээ, мэдээллийг захиалагч талд амаар болон бичгээр тайлагнах гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагын 2016 оны татварын тайланг гаргаж татварын байгууллагад илгээхдээ 7 061 363.64 төгрөгийн дүн бүхий төлбөрийн баримт хуурамчаар бичүүлж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусган, албан татвар ногдох орлогоос хасч тооцсон, тус аж ахуйн нэгжид хамааралгүй зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хасагдах зардалд тооцон албан татвар ногдох орлогыг бууруулан тооцсон зөрчил гаргасан нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2017.12.20-ны өдрийн 351730094 тоот шийтгэлийн хуудсаар тогтоогдож, үүний улмаас ******* ХХК нь 2 044 399 төгрөгийн татварын төлбөр төлж зардал гаргаж хохирсон гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээний хавсралтад тодорхойлсон сар бүрт НӨАТ-ын тайлан гаргаж бэлтгэх, цахим тайланд шивж илгээх, НӨАТ-ын падааныг цахим тайлангийн программаар шивж илгээх, НӨАТ-ын тайланг татварын албанд тушааж хамгаалах, улирал бүрт ААНБОАТ-ын тайланг бэлтгэх, цахим тайланд шивж илгээх, ААНБОАТ-ын тайланг татварын албанд тушаах, хамгаалах, холбогдох баримт бичгийг бүрдүүлэх үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д зааснаар хариуцагч нь дээрх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-д заасан дээрх хэмжээний зардал гарч хохирсон байна.
6. Санхүүгийн ажил гүйцэтгэх гэрээ-ний 6.1.-д Гүйцэтгэгч тал өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас санхүүгийн тайлан, тэнцлийг...захиалагч талын хүлээлгэн өгсөн баримт материалд тулгуурлан гүйцэтгэсэн тайлан, мэдээг алдаатай буюу буруу гүйцэтгэсэн, шивсний улмаас захиалагч тал учирсан аливаа хохирол /торгууль, алданги/-ыг бүрэн хариуцна гэж тус тус заасан бөгөөд үүнээс үзвэл, талууд гэрээний зүйл болох нэхэмжлэгч байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэл, бүх төрлийн татварын болон санхүүгийн тайланг үнэн зөв хийж гүйцэтгэх гэрээний үүргээ зөрчсөний улмаас учруулсан хохиролд торгууль болон алдангийг тооцож ажиллагч тал хариуцахаар харилцан тохиролцсон байх тул татварын байгууллагын 351730094 тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан 405 076.40 төгрөгийн торгууль, 227 050.40 төгрөгийн алданги, нийт 632 126.8 төгрөгийг хохиролд тооцон Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, гэрээний 4.4-т гүйцэтгэгч талын буруутай үйл ажиллагааны улмаас өөрт учирсан аливаа хохирол болон гуравдагч этгээдийн өмнө үүссэн аливаа хариуцлагыг шалгуулах арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
7. Талуудын хооронд байгуулсан 17/77 тоот Санхүүгийн ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу хариуцагч ******* ******* ХХК нэхэмжлэгч байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэл, бүх төрлийн татварын болон санхүүгийн тайланг үнэн зөв хийж гүйцэтгэх үүргийг хүлээсэн хэдий ч Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар татварын тайланг үнэн зөв үйлдэж, зохих ёсоор тайлагнах үүргийг татвар төлөгч хүлээх тул татварын байгууллагын 351730094 тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан нэмэгдсэн өртгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварт нийт 1 *******2 272.72 төгрөгийн нөхөн татварыг хариуцагчаар төлүүлэх боломжгүй юм.
8. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хариуцагч талаас 17/77 тоот Санхүүгийн ажил гүйцэтгэх гэрээ-ний төгсгөлд хэсэгт ...2018.01.02-ны өдөр цуцлав... гэж тэмдэглэн нэхэмжлэгч, хариуцагч байгууллагуудын тамга дарж, гарын үсэг зурсан байх бөгөөд зохигчид 2017.01.27-ны өдөр байгуулсан дээрх гэрээ нь 1 жилийн хугацаатай, 2018.01.27-нд дууссан талаар хэн аль нь тайлбарласан байна.
Нэхэмжлэгч тал нь татварын байгууллагаас шийтгэлийн хуудсаар төлбөр ногдуулсан талаар амаар байнга хэлж шаардаж байсан гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтгүй, 2021.01.27-ны өдөр 2021/08 тоот албан бичгийг ******* ******* ХХК-д явуулсан гэх боловч уг албан бичгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн баримтгүй байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ: 75.2.1. гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил... гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан 2017.01.27-ны өдрийн 17/77 тоот Санхүүгийн ажил гүйцэтгэх нэртэй хөлсөөр ажиллах гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх 2021.01.27-ны өдөр дууссан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 78 дугаар зүйлд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх нөхцөл байдлыг илэрхийлэх баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзах эрхтэй болно.
9. Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж, нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагчаас гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 2 044 399 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.3., 116., 118. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1., 219 дүгээр зүйлийн 219.1., 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох, нэхэмжлэгч ******* ХХК-ийн, гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 2 044 399 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА