Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/88

 

 

  

     2025            06               18                                               2025/ШЦТ/­­­­88                                               

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,   

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Наранхүү,     

Шүүгдэгч: Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт Г**********ын Г**********д холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн ******************************************************************

 

       Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

  Шүүгдэгч Г.Г********** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын *** баг, ***** супермаркетын замд 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ***** маркийн    **** ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г********** нь мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Э.Наранхүү нь дүгнэлт болон тайлбартаа: ‘’ ...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын хяналтын прокурор Э.Наранхүү би, Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Г.Г**********д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна.

Хэргийн үйл баримтын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар Г.Г********** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын *** дугаар баг, ***** супер маркетын замд 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ***** маркийн **** ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн ийм үйл баримт бол авагдсан. Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон байдал бол яллах дүгнэлт дээр дурдсан жолоочийн согтууруулах ундаа шалгуулахаас зайлсхийсэн тэмдэглэл, энгэрийн камерын бичлэг, тэмдэглэл, гэрч Д.О**********ын мэдүүлэг, гэрч Г.Г**********ийн мэдүүлэг мөн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 сарын 10-ны өдрийн зөрчлийн шийтгэвэр зэргүүдээр Г.Г********** нь өмнө нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан гэдэг нь тогтоогдож байгаа. Ийнхүү хасуулсан байх хугацаандаа буюу 4 сарын дараа 2025 оны 04 сарын 05-ны өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод тухайн согтууруулах ундаагаа шалгуулахаас зайлсхийсэн үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа гэж үзэж байгаа. Хууль зүйн дүгнэлтийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд өмнө нь согтууруулах ундаа хэрэглээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхыг шаарддаг, энэ шинжийг хангаж байгаа. Дахин тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодох эсвэл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол гэмт хэрэг болдог. Согтуурсан, мансуурсан эсэхийг шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл тогтоогдож байгаа учраас 27.10-5-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж байгаа. Иймд шүүгдэгч Г.Г**********ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүхээс Г.Г**********ийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн хэрэг үйлдэх оюун санааны буюу хүсэж үйлдсэн санаа зорилго, тээврийн хэрэгслийг согтуугаар давтан жолоодсон хугацаа буюу дөрвөн сарын хугацаа, согтуурсан үйлдлээ шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл мөн гэмт хэргийг нуун далдлахаар найз О**********ыг жолооны хүрд сольж суулгасан ийм үйл баримтууд хэрэгт авагдсан мөн амьсгал дахь спиртийн хэмжээ тогтоогдоогүй. Мөн “*********” ХК-д ажил эрхэлдэг талаар нийгмийн даатгалын лавлагаа хавсаргасан. Эрүүгийн хариуцлагын зорилго нь нийгэмшүүлэх, цээрлүүлэх, эцсийн дүнд нийгэмшүүлэх зорилготой. Энэ зорилгын хүрээнд Г.Г**********д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг хохирол байхгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоног байхгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсаргуулах, битүүмжилсэн хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид 2025 оны 04 сарын 29-ний өдрийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналыг гаргаж байна.” гэв.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд Г.Г********** нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээ шалгуулахаас зайлсхийсэн гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

 

Цагдаа зохицуулагч дэд ахлагч М**********ийн 2025 оны 04 дүгээр сарын 05-ний өдрийн "*****” супермаркет дэлгүүрийн үүднээс **** ӨМӨ улсын дугаартай ********** маркийн тээврийн хэрэгслийг Г.Г********** нь эрхээ хасуулсан үедээ замын хөдөлгөөнд оролцсон" зөрчлийг илрүүлэв гэх илтгэх хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/,

 

Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэг, үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6-8 дахь тал/,

 

 Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэсэн мэдээлэл: Эрх хасах: Өмнөговь, Цогтцэций зөрчлийн тухай хуулийн 14.7-5.1 2024-****, 2025-12-10 гэх жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 33 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.О**********ын 2025 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн "... Би 2025 оны 04 дүгээр сарын 04-ны өдрөөс 05-ны өдөр шилжих шөнө 00 цагийн үед Ханбогд сумын төвд байрлах ****** лаунжид Г**********ийн хамт 0.5л хэмжээтэй ********** гэсэн бичигтэй пиво тус тусдаа 2 ширхгийг захиалсан боловч би бараг 1 лааз талтай уусан. Тэгээд ***** лаунжаас гараад Г**********ийн машин болох **** ӨМЕ улсын дугаартай ********** маркийн тээврийн хэрэгслийн зорчигч суудал дээр суусан харин Г********** өөрөө машинаа жолоодон замын хөдөлгөөнд оролцох гээд дөнгөж хөдөлж байхад бид хоёрын ард цагдаагийн машин ирж байгааг хараад машинаа буцаагаад зогсоолд нь байрлуулсан. Тэгээд Г********** нь надад хэлэхдээ "хоёулаа гялс суудлаа солиод суучье" гэхэд би зөвшөөрөөд суудлаа сольсон. Тэгээд цагдаа ирээд манай найз болох Г**********ийг дуудаж гаргасан. Тэгээд юу болсон талаар сайн мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 12 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Г.Г**********ийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн "...Би 2025 оны 04 дүгээр сарын 04-ны өдрөөс 05-ны өдөр шилжих шөнө 00 цагийн үед Ханбогд сумын төвд байрлах ***** лаунжид О**********ын хамт 0.5 литрийн хэмжээтэй UB HERO гэсэн бичигтэй пиво 2 лаазыг уусан. Тэгээд ***** лаунжаас гараад өөрийн эзэмшлийн **** ӨМЕ улсын дугаартай ********** маркийн тээврийн хэрэгслийг асаагаад харуудаа зорчигчийн суудалд О**********ыг суулгаад тээврийн хэрэгслээ асаагаад ухрах араа буюу "R" араандаа оруулаад зогсож байсан байрнаасаа 2 метр гаруй зайд ухрах үйлдэл хийсэн тухайн үед манай машины ард цагдаагийн машин ирж байгааг хараад би машинаа урагшлах араа буюу "D" араандаа хийж буцаад зогсож байсан зогсоолдоо зогсох гэж 2 метр гаруй газар яваад машинаа зогсоолд байрлуулсан. Би тухайн үед эрхийн үнэмлэхгүй бас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир цагдаа ирж байхыг хараад сандарсандаа хамт явж байсан О**********тай суудлаа солиод суучих гэж хэлээд бид 2 суудлаа сольж суусан. Тухайн үед цагдаа бид 2- ыг суудлаа сольж сууж байхын хараад над дээр ирээд надад согтуурлын зэрэг шалгах багажаар согтолтын хэмжээг шалгах гэхэд би цагдаагийн тавьж байгаа шаардлагыг биелүүлээгүй, мөн тээврийн хэрэгслийн түлхүүрээ хашаа давуулаад шидсэн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 2024/ЗШ/***  дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 46-48 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

Шүүгдэгч Г.Г**********ийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Г********** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын ***  баг, ***** супермаркетын замд 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ***** маркийн    **** ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

   Шүүгдэгч Г.Г********** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

            Дээрх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоосон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэргийн шинжийг хангажээ.

 

           Шүүгдэгч Г.Г********** нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 /нэг/ жилийн хугацаагаар хасуулсан болох нь жолоочийн лавлагаа, мэдээлэл баримтаар тогтоогдсон байна. /хавтаст хэргийн 33 дахь тал/

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт үйлдлийг ойлгохоор заасан.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “согтуурсан”-ийг тайлбарласан хууль тогтоогчийн аутентик тайлбарт “шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.” гэж, мөн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн”-ийг тайлбарласан хууль тогтоогчийн аутентик тайлбарт “согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.” гэж тус тус заажээ. 

 

  Шүүгдэгч Г.Г********** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Өмнөговь аймгийн Ханбогд сумын *** баг, ***** супермаркетын замд 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр **** маркийн    **** ӨМЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийж “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, илтгэх хуудас, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Д.О**********ын мэдүүлэг, жолоочийн лавлагаа, мэдээлэл баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд, шүүгдэгч Г.Г**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

 

   Гэмт хэргийн улмаас хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Г.Г**********ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.  

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч Г.Г**********ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Г.Г********д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 9,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,

 

  Шүүгдэгч Г.Г**********ээс “...Хэлэх зүйл байхгүй.” гэх саналыг гаргаж мэтгэлцсэн болно.

 

Шүүгдэгч Г.Г**********н саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г**********ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 9,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа ойлгож, гэмшсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон ба гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангасан байна гэж үзэв.    

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн 1 /нэг/ ширхэг флаш дискийг хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Г**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ********** овогт Г**********ын Г**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г*********ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 9,000 /есөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,000,000 /есөн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г********** нь 9,000,000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г********д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн 1 /нэг/ ширхэг флаш дискийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 6. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Г********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАТМӨНХ