| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2025/0028/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/27 |
| Огноо | 2025-02-11 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Г.Ц |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/27
2025 02 11 2025/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнай,
Шүүгдэгч: Д.Ж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ********** овогт Д.Ж********** холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн *****************************************************************
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Ж********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Ж********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Б********** мэдүүлсэн “...би 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд явган хүний замын ажил хийхээр очсон. ...2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр манай инженер Д.Ж********** гэдэг хүн тухайн өдөр надтай гадуур хамт явж байсан Н.Э********** ахад “Жоохон газар индүүдээд өг” гэж хэлсэн гэсэн тэрийг нь Н.Э********** ах надад хэлээгүй бид 2 архи уугаад гудамжинд явж байхад миний явж байсан машины урдуур хэрж зогсоод машинаас бууж ирээд намайг машинаас буулгаад газарт унагаад дэвссэн. Тэгээд Н.Э********** ахыг машины кабинд зодоод байсан. … бид хоёрыг өөрийнхөө машинд суулгаад аваад явсан. Тэгээд ажилчдын кемп дээр аваачиж бид хоёрыг буулгасан… маргааш нь Н.Э********** ахын бие өвдөөд байна гээд эмнэлэгт үзүүлсэн… 2 хоногийн дараа миний бие өвдөөд байхаар нь бас Ханбогд сумын эмнэлэгт үзүүлсэн… “хавирга хагарсан” гэсэн …”Яаралтай хот яв” гэж эмч хэлсэн. … манай дарга н.Б********** “Өвчин намдаах эм уучих” гээд 9 хоног өвчин намдаах эм уулгаад амралтын кемпэд байсан. Тэгээд бие өвдөөд нэг л болохгүй байхаар нь эмнэлэгт дахиж очиж үзүүлсэн. Тэгээд намайг яаралтайгаар Өмнөговь аймаг руу явуулсан…Өмнөговь аймгаас Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ирсэн...хотод ирээд хагалгаанд орсон. Одоо эмнэлгээс гараад 14 хонож байна. Ханбогд сумын явган хүний замыг хариуцсан инженер надтай ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Бие гайгүй болчих болов уу гээд цагдаагийн байгууллагад мэдээлээгүй...тухайн үед намайг газарт унагаад зүүн талын хавирга хэсэгт нэлээн олон удаа өшиглөөд байсан. Зүүн талын хавирга хэсэгт нэг удаа дэвссэн. Хагалгаанд ороод тэнхрээгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Б********** “...би Өмнөговь аймгийн Ханбогд суманд авто зам тавих ажил хийгээд асфальт авч байсан юм. ...орой нь Б********** бид 2 “Хараа” нэртэй 0,5 литрийн архи 1 шилийг машин дотроо хувааж уугаад байж байсан чинь Ж********** “Та 2 одоо наад архи мархиа болилдоо олон хоног уулаа ш дээ” гэж хэлсэн. Тэгснээ миний нүүр лүү цээж рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд эргэж тойрч очоод Н.Б********** тад дээр очсоноо машинаас татаж буулгаад Н.Б********** нүүр лүү нэг удаа алгадаад, нуруу руу нь хальт өшиглөж байгаа харагдсан. Тэгээд Ж********** “Одоо наад архиа боль, маргааш ажлаа хийцгээнэ шүү” гэж хэлээд яваад өгсөн юм. ...би Н.Б********** маргааш өглөө нь “Зүгээр үү” гээд асуусан чинь “Зүгээр, зүгээр би яах ч үгүй” гэж хэлсэн. ...Д.Ж********** нь авто замын асфальт тавих ажлыг хариуцаж ажиллаж байсан хүн. Н.Б********** нь индүүний операторчин хүн. Энэ 2 хүн ажил хэргийн харилцаатай. ... Цайныхаа цагаар дэлгүүр явчхаад, ундаа аваад ирсэн чинь “Архи уулаа” гэж хэлсэн. Түүнээс тухайн өдрөө ажлаа хийж дуусгачхаад орой нь архи уусан. Ж********** архи уугаагүй эрүүл байсан. Архи уудаг хүн шиг харагдаагүй. Ж********** нь нүүр лүү нэг удаа алгадсан, цээжнийх нь баруун тал руу нэг удаа өшиглөсөн. Өөрөөр цохиж зодоогүй. Ж********** нь Н.Б********** хавирга хэсэг рүү нь нэг л удаа өшиглөсөн. Нүүр хэсэг рүү нь нэг л удаа алгадсан. ...бид гурав л байсан.... Н.Б********** Ж********* цохиж, зодсон зүйл байхгүй. Миний баруун хавирга хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Өөрөөр намайг цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай “Эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд: 1. Н.Б********** биед зүүн талын 6-р хавирганы хугарал, зүүн уушгины урагдал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас цээжний хөндийд хий-цус хуралдалт үүсч улмаар гялтангийн идээд үрэвслээр хүндэрсэн. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. 3. Дээрх гэмтлүүд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Н.Б********** биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна....” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Д.Ж********** мэдүүлсэн “...”Галба” цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын гудамжинд зогсож байхаар нь би яваад очиход Н.Б**********, Б.Б********** нар нь дундаа нэг шил “Хараа” архи тавьчихсан, архи уусан байдалтай байж байсан... би Н.Б********** машинаас татаж буулгаад нүүр лүү нь 2 удаа алгадаад араас нь нэг өшиглөхөд Н.Б********* газар газар хэвтсэн ба би Н.Б********** зүүн талын цээж буюу хавирга хэсэг рүү нэг удаа л өшиглөсөн. ...Н.Б********** нь ажлын байраа хаяад удаа дараа архи уугаад алга болоод байхаар нь би уураа барьж дийлэлгүй тухайн өдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Н.Б********** биед халдсан....Н.Б********** эмчилгээний төлбөрт нийт ********** төгрөгийг өгсөн. ...би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Гэм буруугийн тал дээр надад маргах зүйл байхгүй. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, торгуулийн ял шийтгэл оноож өгнө үү гэж хүсмээр байна....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал /бодит байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.
Шүүгдэгч Д.Ж********** өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Б********** бие махбодод хүнд зэргийн гэмтэл учирсныг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Ж********** хохирогчийн зүүн талын цээж буюу хавирга хэсэг рүү өшиглөсний улмаас түүний биед зүүн талын 6-р хавирганы хугарал, зүүн уушгины урагдал бүхий гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Д.Ж********** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Ж********** нь хохирогч Н.Б********** эмчилгээний төлбөрт нийт 7,000,000 /долоон сая/ төгрөг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 83, 88 дахь тал/
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 10,000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Ж********** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Ж********** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 43 дахь тал/
Иймд шүүгдэгч Д.Ж********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ********** нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ********** төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******** овогт Д********н Ж********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж********г 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж********д оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Ж******** нь хохирогч Н.Б********н эмчилгээний төлбөрт 7,000,000 /долоон сая/ төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ж********** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ