| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2025/0023/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/24 |
| Огноо | 2025-02-10 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/24
2025 02 10 2025/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С,
Шүүгдэгч: Г.Т,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М********** овогт Г********** Т********** холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ****************************************************************
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Т********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Т********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Э********** “...би ********** ХХК-ийн гүний уурхайн ажилчдын оффист 20 гаруй хүмүүстэй ажил хийдэг. Тэгээд 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажлаа хийх үедээ тэсэлгээ хийх газрын зургийг авах гээд ажлын байрнаасаа түр гарсан. Тэгээд 30 орчим минутын дараа буцаад ажлын байрандаа ирэх үед миний ширээн дээрээ үлдээсэн өөрийн эзэмшлийн “iphone 13pro” загварын гар утас алга болгосон байсан. Тухайн үед би хүмүүсээс асуух үед манай ажлын газрын хүмүүс бүгд мэдэхгүй хараагүй гээд байсан. Би мөн оффисын өрөөндөө унагаасан байж магадгүй гэж бодоод хайсан боловч олдоогүй. Түүнээс хойш 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Find my phone” аплейкешн ашиглан үзэхэд 6 өдрийн өмнө Эрдэнэт хотод заасан байсан. Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн *** сум, *** баг, *** тоот хашааны дотор заагаад байсан…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,
2025 оны 02.02-ны өдрийн дахин өгсөн “…тухайн үед би явсан газруудаараа хайгаад яг өөрийн жолоодож явсан LV-*** парк дугаартай тээврийн хэрэгсэлд үзэж хайгаагүй байсан. ...энэ миний эзэмшлийн миний гээсэн гар утас мөн байна. ...надад ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй байна....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
“Дамно” үнэлгээний компанийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /1.400.000/ /хавтаст хэргийн 20-25 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Г.Т********** “...би 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “**********” ХХК-ийн гүний уурхайд ажиллаж байх үедээ өдрийн 13-14 цагийн хооронд LV-*** парк дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад жолооч талын суудлын бүсээ зүүх үедээ суудлын завсраар гар утас байхыг хараад гаргаж үзэхэд Iphone маркийн цилкон нь цагаан өнгийн гэртэй, мөнгөлөг саарал өнгийн гар утас байсныг тус тээврийн хэрэгслээс олсон. Тэгээд би гүний уурхайгаас гарах үедээ өөрийн олсон Iphone маркийн гар утсыг цүнхэндээ хийгээд уурхайгаас гарч явсан. Тус өдөр ажлын сүүлийн өдөр буюу ээлж буух өдөр байсан тул би хуваарийн дагуу ажлаасаа бууж Орхон аймаг *** суманд байх гэр лүүгээ явсан ба гэр лүүгээ явах үедээ олсон утсаа цүнхлээд аваад явсан юм. Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр цагдаагаас хүн ирж надаас болсон явдлын талаар асууж тодруулсан. Би хүний гээгдэл эд хөрөнгийг олсон бөгөөд тухайн гээгдэл эд хөрөнгийн эзэмшигчид нь мэдэгдэлгүй хувьдаа буюу өөртөө авч явсан нь миний буруутай үйлдэл байсан. Энэ тал дээр би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ба маргах зүйл байхгүй. Харин тухайн гээгдэл эд хөрөнгө болох гар утсыг би олсон бөгөөд хулгай хийж аваагүй. ...намайг гар утас олох үед хажууд хүн байгаагүй мөн би гар утас олсон талаараа холбогдох албан тушаалтнуудад хэлээгүй....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
2025.01.30-нд эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 84-89 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн шинжийг хангажээ.
Шүүгдэгч Г.Т********** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Г.Т********** гэмт үйлдлийн улмаас хохирогч С.Э********** эд хөрөнгө /бусдын өмчлөх эрх/-д хохирол учирсан бөгөөд үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.
Шүүгдэгч Г.Т********** өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Т********** нь “Apple” брендийн “Iphone 13 pro” загварын гар утсыг хохирогч С.Э********** буцаан өгсөн болох нь эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 87 дахь тал/,
Иймд, шүүгдэгч Г.Т********** бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.Т********** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Т********** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 33 дахь тал/
Иймд шүүгдэгч Г.Т********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М********** овогт Г********** Т**********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т********** 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т********** оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Т********** нь “Apple” брэндийн “Iphone 13 pro” загварын гар утсыг хохирогч С.Э********** буцаан өгсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т********** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ