| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2023/00631/И |
| Дугаар | 182/ШШ2023/01803 |
| Огноо | 2023-06-13 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 182/ШШ2023/01803
| 2023 06 13 | 182/ШШ2023/01803 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, дугаар хороо, 170а байр, тоот хаягт оршин суух ******* овогт *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Засгийн газрын 2 дугаар байранд байрлах, ******* *******, ******* *******ын яаманд холбогдох,
******* *******, ******* *******ын яамны 2022.12.14-ний өдрийн Б/329 дугаар Б.*******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 31-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цэнджав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.*******ээс нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016.08.17-нд хэлтэст хөрөнгийн бүртгэл, ашиглалт хариуцсан нягтлан бодогчоор томилогдсон, үүнээс 5 хоногийн өмнө гэрээт ажилтнаар томилогдсон байсан. 2020 оноос Санхүү хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэст цалин тооцоо бүртгэлийн нягтлан бодогчоор ажлаас чөлөөлөгдөх хүртэл тасралтгүй ажилласан юм.
Гэтэл Төрийн нарийн бичгийн дарга дуудаж, чиний гэрээг хүчингүй болгосон гээд 2022.12.14-ний өдөр Б/239 тоот тушаалаар гэнэт ямар ч шалтгаангүйгээр ажлаас халсан. Уг тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1.-т ...талууд харилцан тохиолцсон... гэсэн бөгөөд надтай харилцан тохиолцсон зүйл байхгүй байхад ажлаас халсан. Надтай ямар нэгэн байдлаар юу ч тохиролцоогүй. Ажил олгогчийн санаачилгаар ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.-д заасан үндэслэлүүдийг баримталдаг бөгөөд миний бие энэ үндэслэлүүдээс зөрчсөн зүйл байхгүй. Нягтлан бодогчоор ажиллаж байхдаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, ажлаа цаг хугацаанд нь гүйцэтгэж, жил бүр төрийн алба хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг гаргаж батлуулан хагас, бүтэн жилээр тайлагнаж, сайн, маш сайн гэсэн үнэлгээ авч урамшуулал авч байсан. Миний ажиллаж байсан нягтлан бодогчийн орон тоо нь байгууллагын үндсэн орон тоо байсан бөгөөд би ТҮ-7 шатлалаар цалинждаг байсан. Бид нартай хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, төрийн жинхэнэ алба хаагчид шиг гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулж, түүгээр ажил дүгнэж байдаг. Намайг ажлаас чөлөөлсөн Төрийн нарийн бичгийн даргын 2022.12.14-ний өдөр Б/239 тоот тушаалд ямар ч үндэслэл заагаагүй, ажлаас халсанд гомдолтой байна. Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас гаргасан гэх Дотоод аудитын тайлан нь албажаагүй, энэ надтай холбоотой асуудал биш юм.
1/.Цалин, тооцооны нягтлан бодогчийн гарын үсгээр цалин олгодоггүй, миний дээр хяналт тавих, цалин олгох эрх үүрэгтэй ахлах нягтлан бодогч, Төрийн нарийн бичгийн дарга үйл ажиллагаагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, Төрийн нарийн бичгийн даргын тушаал, шийдвэр гарсны дараа манай хэлтэст ирж, төрийн албаны цалингийн нэгдсэн системээр дамжин олгогддог. Надад ийм эрх байхгүй.
2/. Байгууллагын захиалгаар гадна улсад суралцаж байгаа хүмүүст нийгмийн даатгалын шимтгэл төлөх тухай мөн би шийдвэр гаргах эрхгүй. Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар шийдвэрлэгддэг. Эдгээр хүмүүс нь бүгд ийм тушаал, шийдвэртэй. Бас л ахлах нягтлан бодогчийн үүргийн дагуу ажилладаг. Жирэмсний амралттай байсан 1 ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг 2, 3 дугаар сард төлөөгүй байсан нь нөхөж гүйцэтгэгдсэн, эхний хагас жилдээ гүйцэтгэгдсэн.
3/.Үйлчилгээний ажилтнуудад 10-25 хувиар тооцон ур чадвар олгох тухай анх ажилд томилсон тушаалд нь тогтоогоод өгсөн байдаг, түүний дагуу л олгодог, би дур мэдэн олгох боломжгүй. Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар л олгодог.
4/.Цаг ашиглалтыг хариуцах үүрэггүй. Өөрөөр хэлбэл, цаг ашиглалтын бүртгэлийг Хүний нөөцийн хэлтсээс тодорхойлж сар бүр ирүүлдэг, түүнийг үндэслэн цалин тооцогддог бөгөөд энэ нь манай хэлтэст хамааралгүй.
5/. Өмнөх аудитаас шалгасан зөвлөмжийг бүртгүүлээд хэрэгжүүлээд ажилладаг. 2020, 2021 онуудын зөвлөмж бүгд хангагдсан.
Энэ тайлан нь надад хамааралгүй шүү дээ. Дотоод аудитын дүгнэлт гарсны дараа ч миний ажлын гүйцэтгэлийг үнэлж урамшуулал олгосон байгаа. Хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Иймд 2022.12.14-ний өдрийн Б/239 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан Санхүү хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн цалин тооцооны бүртгэлийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гаргах хүртэл тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулахыг хариуцагчид даалган нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэ өгнө үү гэв.
2.Хариуцагч ******* *******, ******* *******ын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******оос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Төрийн нарийн бичгийн даргын 2022.12.14-ний өдрийн Б/329 тоот тушаалаар ажил олгогчийн санаачилгаар Б.*******ийг ажлаас нь чөлөөлсөн. Үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 801.1.2.-т заасныг үндэслэсэн. Өөрөөр хэлбэл, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас шалгалт орж, 5 шалгуураар тогтоосон.
1/.Хавсран ажилласны нэмэгдэл, ээлжийн амралтын олговрыг төсвийн жилд багтаан олгоогүй, санхүүгийн тайланд өглөгөөр тусгаагүй байхад шууд олгосон,
2/. Гадаадад суралцаж байгаа ажлаас чөлөөлөгдсөн 3 ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагаас төлсөн, 1 ажилтны жирэмсний амралтын амралтын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй,
3/.Үйлчилгээний албан хаагчдын ур чадварын нэмэгдлийг батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлээгүй байхад олгосон,
4/. Ажлын цаг ашиглалттай холбоотой зөрчлүүд байхад 58 ажилтны цалинг бүрэн олгосон,
5/.Өмнөх шалгалтаар өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлж ажиллаагүй гэж үндэслэлээр нэхэмжлэгч Б.*******ийг үүрэгт ажилдаа тэнцэхгүй байна гэж дүгнэж ажлаас нь чөлөөлсөн. Тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ажил олгогчоос нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2.-т зааснаар ажлаас нь чөлөөлсөн, бусад үндэслэлүүд бол нэхэмжлэгчид хамааралгүй гэж үзсэн гэв.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.19-ний өдрийн 1290 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022.12.30-ны өдрийн 3/3292 тоот албан бичиг, 2022.12.14-ний өдрийн Б/329 тоот ажлаас чөлөөлсөн тушаал, 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө хх-ийн 4-13/, 2022 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэлийн тайлан, 2022 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн тайлан, 2023.01.11-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэх /хх-ийн 33-53/, 2016 оны Төрийн захиргаа удирдлагын газрын санхүүгийн хэлтсийн нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт зэргийг,
4.Хариуцагч талаас нотлох баримтаар, төлөөлөгч томилсон итгэмжлэлүүд 2022.12.14-ний өдрийн Б/329 тоот ажлаас чөлөөлсөн тушаал, Цалин тооцоо бүртгэлийн нягтлан бодогч Б.*******ийн 2022 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэдэх үнэлгээний хуудас, ******* *******, ******* *******ын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022.09.07-ны өдрийн А/385 тоот тушаалаар баталсан 2022 оны Хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн 106-112, 128/, 2022 оны эхний хагас жилийн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын АБ4000 Дотоод аудитын ажлын тайлан зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргасан.
5.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр, тус шүүхийн шүүгчийн 2023.04.03-ны өдрийн 4060 дугаар захирамжийн дагуу 2016.08.12-ны өдрийн Б/53 тоот Б.*******ийг ажилд томилох тухай тушаал, 2016.08.17-ны өдрийн Б.89 тоот Шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, 2020.09.16-ны өдрийн А/363 тоот Яамны албан хаагчдын албан тушаал, ажлын байрны нэр /чиг үүрэг/, ангилал, зэрэглэл батлах тухай тушаал, хавсралт /хх-ийн113-114, 125-127/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* *******, ******* *******ын яаманд холбогдуулж тус яамны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022.12.14-ний өдрийн Б/329 тоот Б.*******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Санхүү хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн цалин тооцооны бүртгэлийн нягтлан бодогчийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, зохигчдын гарган өгсөн, шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын ажилдаа эгүүлэн тогтоолгох,түүнтэй холбоотой шаардлагуудыг хангаж, ажил олгогчийн Б/329 тоот тушаалыг хүчингүй болгуулах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
1.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг, ажил олгогч нь Төрийн нарийн бичгийн даргын 2022.12.14-ний өдөр Б/239 тоот тушаалаар надтай ямар нэгэн тохиролцсон зүйлгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9.-т заасныг үндэслэн ажилтан, ажил олгогчийн аль нэг нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилга гаргасан гэж үзэн ажлаас үндэслэлгүйгээр халсан, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас гаргасан гэх Дотоод аудитын тайлан нь албажаагүй, надтай холбоотой асуудал биш гэж тайлбарлан мэтгэлцсэн.
2.Хариуцагч тал нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас гаргасан Дотоод аудитын тайлангаар шалгаж нэхэмжлэгч Б.*******ийн үүрэгт ажилдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2.-т заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн 2022.12.14-ний өдөр Б/239 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргажээ.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон.
3.1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч байгууллагад 2016.08.12-ноос эхлэн Төрийн нарийн бичгийн даргын Б/53 тоот тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын хэлтсийн Төрийн сангийн гүйлгээ, баталгаажуулалт хариуцсан гэрээт ажилтнаар, 2016.08.17-ноос эхлэн Б/89 тоот тушаалаар тус хэлтсийн Салбарын хөрөнгийн бүртгэл, өмч, хөрөнгийн ашиглалт, төсвийн шууд захирагчийн төсвийн гүйцэтгэл хариуцсан нягтлан бодогчоор тус тус томилогдон ажиллаж байсан байна.
Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020.09.16-ны А/363 тоот тушаал, уг тушаалын хавсралтаар яамны албан хаагчдын албан тушаал, ажлын байрны нэр /чиг үүрэг/, ангилал зэрэглэлийг шинэчлэн баталсан байх ба, нэхэмжлэгч Б.******* нь Санхүү хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн Цалин, тооцоо бүртгэлийн нягтлан бодогчоор томилогдон ТҮ-7 зэрэглэлээр цалин хөлс олгож ажиллаж байгаад 2022.12.14-ний өдөр түүнийг үүрэгт ажлаас нь 2022.12.16-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлжээ.
3.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4., 83.6.-д зааснаар уг тушаалын нэг хувийг нэхэмжлэгч Б.*******т гардуулан өгч, түүнтэй холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон бусад баримт бичиг, цалин хөлсний тооцоог хийсэн талаар талууд маргаагүй бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын 2022.12.14-ний өдрийн Б/329 дугаар тушаалаар Б.*******ийг чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1., 78.1.9., 83 дугаар зүйл, 110 дугаар зүйлийн 110.3.-т заасныг тус тус үндэслэж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.-д заасан үндэслэлүүдийг баримтлаагүй байна.
3.3. Нэхэмжлэгч Б.******* нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д зааснаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах, туслах чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний албан тушаалтан байх бөгөөд, хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.-т зааснаар үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар зохицуулахаар тодорхойлсон.
Иймд зохигчид Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9., 43 дугаар зүйлийн 43.2.2., 47 дугаар зүйлийн 47.1., 49 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээний гол болон нэмэлт нөхцөлүүдийг харилцан тохиролцож, ажил олгогчоос Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн Цалин тооцоо бүртгэлийн нягтлан бодогчийн ажлын байранд нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн гэрээний хувийг баталгаажуулан нэхэмжлэгч Б.*******т өгөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй, зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, түүнд ажлын байрны тодорхойлолтыг танилцуулаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
4.Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9.-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргах эрхтэй бөгөөд ажил олгогч санаачлан цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1.- 80.1.6.-д заасан аль нэг үндэслэл бий болсон үед хэрэглэх буюу ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож цуцлах зохицуулалттай юм.
Өөрөөр хэлбэл, дээрх ажил олгогчийн Б/329 тоот Б.*******ийг ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1., 78.1.9., 83 дугаар зүйл, 110 дугаар зүйлийн 110.3.-т заасан зохицуулалт нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй байна.
Үүнээс үзэхэд ажил олгогчийн Б/329 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.-д заасныг зөрчсөн байх бөгөөд ажил олгогчийн шийдвэрт баримталсан хуулийн зохицуулалтууд нь ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.
5. Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч нь эрхэлж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь Дотоод аудитын тайлангаар тогтоогдсон тул ажлаас нь чөлөөлсөн гэж тодруулан тайлбарлаж байх боловч Б.******* нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг буюу нягтлан бодогчийн ажил үүргийг хэвийн гүйцэтгэн, 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө гарган ажиллаж, хариуцагч байгууллагаас түүний 2022 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг нь 88,7 хувь буюу В үнэлгээгээр үнэлсэн болох нь Цалин тооцоо бүртгэлийн нягтлан бодогч Б.*******ийн 2022 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэдэх үнэлгээний хуудас-р тогтоогдсон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2.-т ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж заасан байх бөгөөд хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.*******ийг ажил үүргээ гүйцэтгэж байхдаа мэргэжил, мэргэшлийн түвшингийн хувьд, ур чадварын хувьд, ажлын гүйцэтгэлийн хувьд эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй болсныг тогтоосон нотлох баримтгүй байна.
Хариуцагч талаас гаргасан, тухайн байгууллагын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2022 оны эхний хагас жилийн дотоод аудитын ажлын тайлангаас үзвэл, 2022.07.25-ны өдрөөс ажлын 10 хоногт багтааж, төлөвлөгөөт бус, шалгалт явуулсан байх бөгөөд тухайн байгууллагын 2022 оны эхний хагас жилийн цалин хөлс тогтоолт, тооцоолол, олголт, яамны бүтэц орон тоо баталсан тушаал, шийдвэр, Төрийн нарийн бичгийн даргын гаргасан тушаал, шийдвэр, ажлын цагийн бүртгэл, ашиглалтын тайлан, ажилчдын хувийн хэрэг, өмнөх дотоод аудит, хяналт шалгалтаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилт зэрэг ажлын хүрээг хамарсан байна.
Уг тайлангаар ажилтны хавсран ажилласны нэмэгдэл, ээлжийн амралтын олговрыг төсвийн жилд багтаан олгоогүй, санхүүгийн тайланд өглөгөөр тусгаагүй байхад нөхөн олгосон, байгууллагын захиалгаар гадаад улсад суралцаж байгаа ажлаас чөлөөлөгдсөн 3 ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагаас төлсөн, 1 ажилтны хүүхэд асрах чөлөөтэй хугацаанд байгууллагаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, төрийн үйлчилгээний албан хаагчдын ур чадварын нэмэгдлийг батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлээгүй байхад олгосон, ажлын цаг ашиглалттай холбоотой зөрчлүүдтэй байхад 58 ажилтны цалинг бүрэн олгосон, өмнөх шалгалтаар өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлж ажиллаагүй гэж үндэслэлүүдийг зааж, дүгнэлт, зөвлөмж гаргажээ.
Нэхэмжлэгч Б.******* дээрх алдаа, дутагдлууд үүсэхэд хэрхэн яаж нөлөөлж оролцсон, ямар үүргээ биелүүлээгүй буруутай болохыг тогтоогоогүйн дээр уг тайлан нь дан ганц нягтлан бодогч Б.*******ийг буруутгасан, түүнд хамааралтай гэж үзэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, уг дотоод аудитын тайлан дүгнэлтээр нэхэмжлэгч Б.*******ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2.-т зааснаар мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд эрхэлж байгаа цалин тооцоо бүртгэлийн нягтлан бодогчийн ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж дүгнэх хууль зүйн боломжгүй, уг тайланг үндэслэн ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүйн дээр ажил олгогчийн Б/329 тоот тушаал нь хуулийн дээрх зохицуулалттай нийцэхгүй байна.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4.-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2., 78.1.5., 80.1.1., 80.1.2., 80.1.3.-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасны дагуу ажилтан Б.*******т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг өгөөгүй нь хуулийн дээрх заалтыг зөрчсөний гадна ажилтан Б.*******ийг ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшлийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2.-д заасан ...Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэсэн шаардлагыг хариуцагч байгууллага биелүүлээгүй, энэ талаар хэрэгт баримтгүй байна.
7. Иймд хариуцагч байгууллага нь ажилтан Б.*******ийг үндэслэлгүйгээр буюу мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд эрхэлж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж үзэн ажлаас нь чөлөөлсөн Төрийн нарийн бичгийн даргын Б/329 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1., 80.1.2., 80.5.-д заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгохоор шаардах эрхтэй.
8.Хэрэгт авагдсан Б.*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг үндэслэн, Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг 1 358 926 төгрөгөөр тооцон тодорхойлж, ажилгүй байсан 2022.12.14-нөөс 2023.06.13-ныг хүртэл ажлын 121 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 7 756 133 төгрөгийг хариуцагч байгууллагаас гарган нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
9.Нэхэмжлэгч Б.*******ээс хариуцагч яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022.01.14-ний өдрийн Б/329 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар шаардсан боловч энэ нь нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох шаардлагын үндэслэл бөгөөд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул ажил олгогчийн уг тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй юм.
10. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7.-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны олговроос холбогдох шимтгэл, татвар, хураамжийг тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
11. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1.-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон...тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор... ажилтан шүүхэд гомдол гаргахаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нь ажил олгогчийн 2022.12.14-ний өдрийн Б/329 тоот шийдвэрийг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1.-д заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргааны гомдол гаргасныг хянаж Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022.12.30-ны өдрийн 3/3292 тоот албан бичгээр хариуц өгсөн нь хуульд заасан гомдлыг урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан гэж үзэх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
Түүнчлэн Төрийн нарийн бичгийн даргын 2022.12.14-ний өдрийн Б/329 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж баталгаажуулахыг даалгах нэхэмжлэлийг 154 дүгээр зүйлийн 154.8., 158 дугаар зүйлийн 158.2.2.-т зааснаар шүүхэд 2023.01.12-нд нэхэмжлэлээ гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1.-д заасан үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2023.01.19-ний өдрийн 1290 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзжээ.
Үүний дараа нэхэмжлэгч нь 2023.01.31-нд шүүхэд нэхэмжлэлээ дахин нэхэмжлэлээ гаргасан нь хуулийн дээрх заалтуудыг зөрчөөгүй байна.
12. Дээрх нөхцөл байдлуудаас, нэхэмжлэгч Б.*******ийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн байх тул түүнийг урьд эрхэлж байсан Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн Цалин тооцоо бүртгэлийн нягтлан бодогчийн ажилд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж олгон, нэхэмжлэлээс ажил олгогчийн 2023.01.19-ний өдрийн Б/07 тоот шийдвэрийг хүчингүй болгох гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 139 048 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.2., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.1.-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2., 127 дугаар зүйлийн 127.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийг ******* *******, ******* *******ын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн Цалин тооцоо бүртгэлийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7 756 133.48 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлээс Төрийн нарийн бичгийн даргын 2022.12.14-ний өдрийн Б/329 тоот тушаалыг хүчингүй болгох гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/‑ийн 43 дугаар зүйлийн 43.2.7.-д зааснаар нэхэмжлэгчийн дээрх олговроос шимтгэл тооцож, нэхэмжлэгч Б.*******ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч ******* *******, ******* *******ын яаманд даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч Б.******* нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар хариуцагч ******* *******, ******* *******ын яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 139 048 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА