| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 101/2019/01398/И |
| Дугаар | 210/МА2019/01281 |
| Огноо | 2019-07-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2019/01281
“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2019/01419 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Х” ХХК-д холбогдох,
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 19 327 350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч П ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХХК нь П ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр S2017/040 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 1 литр түлшний үнийг 1 580 төгрөгөөр тооцож, 10 000 литр дизель түлшийг худалдан авахаар тохиролцож, 1330 литр нийт 12 884 900 төгрөгийн түлш нийлүүлсэн.
Үндсэн төлбөр 12 884 900 төгрөгөөс 0,2 хувиар тооцвол 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны алданги нь үндсэн төлбөрийн 50 хувиас давж байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д нийцүүлэн үндсэн төлбөрийн тавин хувь болох 6 442 450 төгрөгийг шаардаж банйа. Үндсэн үүрэг 12 884 900 төгрөг, анз 6 442 450, нийт 19 327 350 төгрөгийг Х ХХК-иас гаргуулж өгнө үү. Хариуцагч талаас захирал нь гарын үсэг зурсан. Анх ШТС-г түрээслэх талаар ярьж байсан боловч энэ нь хэрэгжээгүй, ийм гэрээ байгуулагдаагүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсүрэн нь шүүхэд гаргасан тайлбартаа: Дээрх компани нь Х ХХК-ний шатахуун түгээгүүрийг худалдан авахаар аман хэлцэл хийж ажиллаж байхдаа нэхэмжлээд байгаа түлшээ нийлүүлсэн бөгөөд тухайн үедээ худалдах худалдан авах гэрээ хийгээгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4, 232.8-д зааснаар хариуцагч Х ХХК-иас 15 049 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 227 850 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254 590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 233 192 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 3 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Э.Намжим нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчаас 8 155 литр түлш нийлүүлсэнийг хүлээн зөвшөөрсөн байхад 535 литр түлшийг хасаж тооцсонийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчаас нэхэмжилж буй алдангийн хэмжээ нь илт их биш. Хариуцагч нь төлбөрөө гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүйгээс анзын хэмжээ 50 хувьд хүрсэн нь нэхэмжлэгчийн буруу биш Иймд шүүхийн шийдвэрийн 4 227 850 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж талуудын мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч “П” ХХК нь хариуцагч “Х” ХХК-нд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 19 327 350 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй, шатахуун түгээх станц худалдан авахаар тохиролцож байсан” гэжээ./ хх-1-2, 62 /
Шүүх талуудын хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн болохыг нарийвчлан тодруулаагүй. Тухайлбал, дизель түлш худалдах-худалдан авах гэрээ байгуулсан уу эсхүл Шатахуун түгээх станцын түрээсийн төлбөрөөс суутгах тохиролцоо бүхий гэрээ байгуулсан уу гэх асуудал тодорхой бус байна. Худалдах -худалдан авах гэрээний Хавсралтын 1-д дизель түлшний төлбөрийг шатахуун түгээх станцын түрээсийн төлбөрөөс суутган тооцохоор заасан гэж тохиролцжээ. Талуудыг энэ асуудлаар мэтгэлцүүлэх боломжоор хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчимд нийцэхгүй болжээ.
Хариуцагч талаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай тухай шүүхэд мэдэгдсэн баримт 63 дугаар талд авагдсан, нотлох баримт буюу онгоцны тийзээ хавсарган ирүүлжээ. Анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг хойшлуулсан боловч дараачийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан мэдэгдэх хуудсаар оршин суугаа буюу ажлын газрын хаягаар хүргүүлэх журмыг зөрчсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дуусахаар байхад 2019 оны 05 дугаар сарын 15-ны хариуцагчид хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдэхгүйгээр, талуудыг мэтгэлцэх боломжоор хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан зохигчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй зөрчилд хамаарч байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2019/01419 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 197 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ
Ш.ОЮУНХАНД