Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2023/0350

 

 

   2023          04          11                                      128/ШШ2023/0350

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* овогт Ц*******ын О*******, РД:Ч*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А*******,

Хариуцагч: Нийслэлийн Мал эмнэлгийн газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.М******* нарын хоорондын хууль бус эс үйлдэхүйд холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Э******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

            1.1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01/98 дугаар “... мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулахад хяналт шалгалтын зорилго оршино” гэх удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийжээ.

            1.2. 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүнгийн хуудас гарчээ.

            1.3. Улмаар 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Г.М******* “Эд хөрөнгө битүүмжилсэн тухай” эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдэж, дулааны аргаар хагас боловсруулсан үхэр, ямааны 56.5 тонн махыг нянгийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн гэсэн үндэслэлээр битүүмжилсэн байна.

1.4. Ц.О*******ээс 2022 оны 09 болон 10 дугаар сард “битүүмжилсэн 56.5 тонн махыг чөлөөлж, олгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Засаг дарга болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандаж гаргасан боловч тус байгууллагуудаас гомдлыг харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

1.5. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 02-01/4080 дугаартай албан бичгээр “...Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохиролд нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, шийдвэр гарган биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий Нийслэлийн зөвлөлд таны БНХАУ-д экспортлох зорилгоор боловсруулж бэлтгэсэн 56,5тн ямааны махыг шилжүүлсэн болно...” гэсэн хариуг өгчээ.

1.6. Нэхэмжлэгч Ц.О*******ээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан “Мэргэжлийн хяналтын ерөнхий газар иргэн Ц.О******* миний 56.5 тонн махыг олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан.

1.7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Ц.О******* миний 56.5 тонн дулааны аргаар хагас боловсруулсан махыг олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, олгохыг даалгах” гэж тодруулсан.  

 

            Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1 Нэхэмжлэгч Ц.О*******ээс 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын үндэслэлдээ:

“1. Миний бие “Ө*******” ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 21/12 дугаар түрээсийн гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн 7 хороо, Э*******, 1-15 тоотод байрлах 8 номерын агуулахад дулааны аргаар хагас боловсруулсан 49 тн үхрийн мах, 7.5 тн ямааны мах, нийт 56.5 тн мах хадгалуулсан. 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01/98 дугаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хяналт шалгалтын удирдамжид “... “Ө*******” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийг хамруулан 4 аж ахуйн нэгжид төлөвлөгөөт бус, урьдчилсан сэргийлэх шалгалтыг явуулахаар” шийдвэрлэсэн. Үүний дагуу 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүмүүс ирж, шинжилгээний дээж авсан бөгөөд мөн өдрөө манай махыг битүүмжилсэн. Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 23-ны өдөр хүртэлх хугацаанд шинжилгээ хийж, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр шинжилгээний хариу гарсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана”, 5.2.4-т “Шалгалтын хүрээ, шалгалтад хамрагдах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, объектын нэр” гэж заасан. Удирдамжид “Ө*******” ХХК-ийг шалгах байсан боловч уг компанийн агуулахад хадгалж байсан манай махнаас шинжилгээний дээж авч, хяналт шалгалтын удирдамжийн хүрээг зөрчсөн. Хураан авсан 56.5 тн мах нь “Ө*******” ХХК-ийн мах бус иргэн Ц. О******* миний мах болохыг уг компани өөрөө мэдэгдсэн албан бичиг хэрэгт байгаа. Шинжилгээний дээжийг 5 болон 8 дугаар агуулахаас нийтдээ 10 махны дээж авсан бөгөөд манай махнаас 6 дээж авсан, 4 махнаас нь нянгийн хэмжээ их гэсэн зөрчил гарсан гэдэг боловч аль нь 5 дугаар агуулах, аль нь 8 дугаар агуулахын мах болох нь лабораторийн хариунаас тодорхой харагдахгүй байна. Мөн Бүтээгдэхүүнээс дээж авах актад нийт махны хэмжээ 40 тн гэх боловч лабораторийн шинжилгээний хуудаст 56.5 тн зэрэг зөрүүтэй мэдээлэл тусгагдсан.

2. Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний хариугаар манай махыг нянгийн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн гэж дүгнэлт гарсан гэж хураан авсан байдаг. Гэхдээ би уг махыг Монгол Улсад бус БНХАУ-д экспортлох зорилготой байсан. Урьд өмнө нь мөн мах экспортлон гаргаж байсан. БНХАУ-ын GB2726:2016 дугаартай хагас боловсруулсан махны стандартад нянгийн зөвшөөрөгдөх хэмжээ 10-ийн 5 зэрэг байдаг.

Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний хариуны үндэслэл болсон MNS ISO 4833:19958, MNS6790:20198, MNS6308:2012 стандартуудад дулааны аргаар хагас боловсруулсан махны нянгийн тоо ямар байх талаар заагаагүй, хамааралгүй стандартыг баримтлан дүгнэлт гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс Захиргааны ерөнхий хуульд зааснаар хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй, бодит нөхцөлд тохирсон шийдвэр гэж үзэхээргүй юм.

Манайх махаа БНХАУ-д экспортлохын тулд хагас боловсруулсан бөгөөд Монгол Улсын хэмжээнд ингэж боловсруулсан мах дэлгүүр, зах, худалдааны төвүүдээр худалдаалагддаггүй, энэ талаар тайлбар хэлэхэд хариуцагч тал хүлээж аваагүй, нийтэд илэрхий үйл баримт байхад манай махыг хураан авсанд гомдолтой байна.

3. Монгол Улсын Шадар сайдын 2011 оны 19 дүгээр тушаалаар батлагдсан “Бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журам”, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын А/167 дугаар тушаалаар батлагдсан “Бүтээгдэхүүнээс дээж авах аргачлал”-д заасан ажиллагааг зөрчсөн.

Тодруулбал, махнаас дээж авах, тээвэрлэхдээ дээрх журамд заасны дагуу ажиллагаа явуулах ёстой бөгөөд маргаан гарсан тохиолдолд захиргааны байгууллага гаргасан шийдвэрээ нотлох үүрэгтэй. Гэвч журмын дагуу ажиллагаа явуулснаа нотолж чаддаггүй. Манай махыг зориулалтын дагуу тээвэрлээгүйн улмаас бусад агуулахын махтай холилдон нян үржсэн байхыг үгүйсгэхгүй. Манай мах гарал үүсэл тодорхой, жил дамнан хадгалаагүй, шинээр бэлдсэн байсан.

4. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрээр манай махыг битүүмжилсэн бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хураан авч, зөрчлийн хэрэг үүсгэн торгууль ногдуулсан. Бид шийтгэлийн хуудаст холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шийдвэрлэгдэж, шүүх зөрчил гаргаагүй гэж үзэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэрээр Ц.О******* миний биеийг зөрчлийн хэргийн холбогдогч гэж үзэхээргүй болохыг дүгнэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 дугаар зүйлийн 14-т “Шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 7, 8 дахь хэсэгт заасан зөрчлийн хэргийн улмаас хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийн талаар энэ зүйлийн 15 дахь заалтад заасан шийдвэрийг гаргана”, 15.1-д “Эзэмшигчид нь буцаан олгох” гэж заасан. Эндээс үзвэл, зөрчлийн хэргийн шийдвэрээр нэгэнт зөрчил гаргаагүй гэдгийг дүгнэсэн учраас хураан авсан махыг маань буцаан өгөх үндэслэл бүрдэж байна.

5. Миний бие махаа авахаар холбогдох төрийн захиргааны байгууллага болон хариуцагчид удаа дараа албан хүсэлтээр хандаж байгаа боловч өнөөдрийг хүртэл олгохгүй эс хангасан дулааны аргаар хагас боловсруулсан, БНХАУ-д экспортод гаргахаар бэлдэж, бэлтгэсэн мах байтал одоог хүртэл өгөхгүй байгаа нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн, эдийн засгийн болон бусад зүйлээр өнөөдрийг хүртэл хохирч байгаа тул зөрчигдсөн эрхээ шүүхээр сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна.

6. Тиймээс Ц. О******* миний 56.5 тн дулааны аргаар хагас боловсруулсан махыг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, олгохыг хариуцагчид Даалган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2.2. Нэхэмжлэгч Ц.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие “Ө*******” ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 21/12 дугаар түрээсийн гэрээ байгуулсан. Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Э******* 1-15 тоотод байрлах 8 номерын агуулахад дулааны аргаар хагас боловсруулсан 49 тонн үхрийн мах, 7,5 тонн ямааны мах нийт 56,5 тонн мах хадгалуулсан. 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01/98 дугаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хяналт шалгалтын удирдамжид “Ө*******” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийг хамруулан 4 аж ахуйн нэгжид төлөвлөгөөт бус урьдчилсан сэргийлэх шалгалтыг явуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүмүүс ирж шинжилгээний дээж авсан бөгөөд мөн өдрөө манай махыг битүүмжилсэн. Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 23-ны өдөр хүртэлх хугацаанд шинжилгээ хийж 2022 оны 08 дугаар сарын 24-ны өдөр шинжилгээний хариу гарсан.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана:”, 5.2.4-д “шалгалтын хүрээ, шалгалтад хамрагдах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, объектын нэр” гэж заасан. Удирдамжид “Ө*******” ХХК-ийн шалгах байсан боловч уг компанийн агуулахад хадгалж байсан манай махнаас шинжилгээний дээж авч хяналт шалгалтын удирдамжийн хүрээг зөрчсөн. Хураан авсан 56,5 тонн мах нь “Ө*******” ХХК-ийн мах бус иргэн Ц.О******* миний мах болохыг уг компани өөрөө мэдэгдсэн албан бичиг хэрэгт байгаа. Шинжилгээний дээжийг 5 болон 8 дугаар агуулахаас нийтдээ 10 махны дээж авсан бөгөөд манай махнаас 6 дээж авсан, 4 махнаас нь нянгийн хэмжээ их гэсэн зөрчил гарсан гэдэг боловч аль нь 5 дугаар агуулах, аль нь 8 дугаар агуулахын мах болох нь лабораторийн хариунаас тодорхой харагдахгүй байна. Мөн бүтээгдэхүүнээс дээж авах актад нийт махны хэмжээ 40 тонн гэх боловч лабораторийн шинжилгээний хуудаст 56,5 тонн зэрэг зөрүүтэй мэдээлэл тусгагдсан.

Мөн Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний хариугаар манай махыг нянгийн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн гэж дүгнэлт гарсан хураан авсан байдаг. Гэхдээ би уг махыг Монгол Улсад бус БНХАУ-д экспортлох зорилготой байсан. Урьд өмнө нь мөн мах экспортлон гаргаж байсан. БНХАУ-ын GB2726:2016 дугаартай хагас боловсруулсан махны стандартад нянгийн зөвшөөрөгдөх хэмжээ 10-ийн 5 зэрэг байдаг.

Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний хариуны үндэслэл болсон MNS ISO 4833:19958, MNS 67905201988 MNS6308:2012 стандартуудын дулааны аргаар хагас боловсруулсан махны нянгийн тоо ямар байх талаар заагаагүй хамааралгүй стандартыг баримтлан дүгнэлт гаргасан нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс Захиргааны ерөнхий хуульд зааснаар хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй бодит нөхцөлд тохирсон шийдвэр гэж үзэхээргүй юм. Манайх махаа БНХАУ-д экспортлохын тулд хагас боловсруулсан бөгөөд Монгол Улсын хэмжээнд ингэж боловсруулсан мах дэлгүүр зах худалдааны төвүүдээр худалдаагүй энэ талаар тайлбар хэлэхэд хариуцагч тал хүлээж аваагүй нийтэд илэрхий үйл баримт байхад манай махыг хураан авсанд гомдолтой байна.

Монгол улсын шадар сайдын 2011 оны 19 дүгээр тушаалаар батлагдсан бүтээгдэхүүнээс дээж авах түүнийг хадгалах тээвэрлэхтэй холбогдсон журам 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын А/167 дугаар тушаалаар батлагдсан бүтээгдэхүүнээс дээж авах аргачлалд заасан ажиллагааг зөрчсөн. Тодруулбал махнаас дээж авах тээвэрлэхдээ дээрх журамд заасны дагуу ажиллагаа явуулах ёстой бөгөөд маргаан гарсан тохиолдолд захиргааны байгууллага гаргасан шийдвэрээ нотлох үүрэгтэй. Гэвч журмын дагуу ажиллагаа явуулснаа нотолж чаддаггүй. Манай махыг зориулалтын дагуу тээвэрлээгүйн улмаас бусад агуулахын махтай холилдон нян үржсэн байхыг үгүйсгэхгүй. Манай мах гарал үүсэл тодорхой жил дамнан хадгалаагүй шинээр бэлдсэн байсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрээр манай махыг битүүмжилсэн бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хураан авч зөрчлийн хэрэг үүсгэн торгууль ногдуулсан. Бид шийтгэлийн хуудаст холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шийдвэрлэгдэж шүүх зөрчил гаргаагүй гэж үзэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэрээр Ц.О******* миний биеийг зөрчлийн хэргийн холбогдогч гэж үзэхээргүй болохыг дүгнэсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 дугаар зүйлийн 14-д “Шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 7, 8 дахь хэсэгт заасан зөрчлийн хэргийн улмаас хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийн талаар энэ зүйлийн 15 дахь заалтад заасан шийдвэрийг гаргана” гэж заасан. Эндээс үзвэл зөрчлийн хэргийн шийдвэрээр нэгэнт зөрчил гаргаагүй гэдгийг дүгнэсэн учраас хураан авсан махыг буцаан өгөх үндэслэл бүрдэж байна. Миний бие махаа авахаар холбогдох төрийн захиргааны байгууллага болон хариуцагчид удаа дараа албан хүсэлтээр хандаж байгаа боловч өнөөдрийг хүртэл олгохгүй эс үйлдэхүй гаргаад байна. Манай мах чанар стандартын шаардлага хангасан дулааны аргаар хагас боловсруулсан БНХАУ-д экспортод гаргахаар бэлдэж бэлтгэсэн мах байтал одоог хүртэл өгөхгүй байгаа нь хууль бус нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн эдийн засгийн болон бусад зүйлээр өнөөдрийг хүртэл хохирч байгаа тул зөрчигдсөн эрхээ шүүхээр сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. Тиймээс миний 56,5 тонн дулааны аргаар хагас боловсруулсан махыг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож олгохыг хариуцагчид даалган шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

“1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/1863 дугаартай “Арга хэмжээ авч ажиллах тухай” албан бичигт “Ө*******” ХХК-ийн дулааны аргаар хагас боловсруулсан махнаас нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй гарсан нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан зөрчлийн шинжтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийг шалган шийдвэрлэж танилцуулгыг ирүүлнэ үү” гэсэн албан бичиг болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 29 дугаартай дотоод албан бичгүүдээр “Ө*******” ХХК-ийн хөргүүрт агуулахад хадгалагдаж байгаа 56.5 тн дулааны аргаар хагас боловсруулсан махыг хадгалж байгаа зөрчлийг харьяаллын дагуу шилжүүлснийг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр цахим системээр хүлээн авсан. (Зөрчлийн хэргийн 03 дугаар хуудас, хавсралт 2)

2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01/49 дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсэг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 01/98 дүгээр удирдамжийн хүрээнд 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “Ө*******” ХХК-ийн 8 дугаартай агуулахаас иргэн Ц.О*******ийн дулааны аргаар хагас боловсруулсан 56.5 тн ямаа, үхрийн чанасан махнаас давтан дээж /6 ш сорьц/ авч, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид шинжлүүлсэн. Миний бие дээрх ажлын хэсэгт оролцоогүй тул нэхэмжлэлд тусгагдсан “... тухайн үед үхэр, хонь, ямааны махнаас дээж авсан ажлын хэсгийн тээврийн хэрэгсэл нь ямар нэг зориулалтын хөргүүр байхгүй, пургон машинд өөр компанийн хүмүүсийн махны дээжүүд байсан, зориулалтын бус тээвэрлэлтийн явцад нян үржсэн, холилдсон гэж үзэж байна. Мөн 2022 оны 06 дугаар сарын 02, 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шинжилгээ хийхээр авсан ямааны махны дээж иргэн миний махтай ямар ч хамааралгүй, дээж авах үеийн тоо хэмжээнд оруулаагүй байсан” гэх үйл явцыг би мэдэхгүй. Үүнийг тодруулахын тулд тухайн шинжилгээний дээжийг авч шинжлүүлсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч К.Зурашаас тодруулах нь зүйтэй байна. Мөн тухайн вакуум савлагаатай хөлдөөсөн дээжийг задлахгүйгээр, сав баглаа, боодлын битүүмжлэлийг алдагдуулахгүйгээр хөлдүү хэвээр нь лабораторид хүргэж өгсөн тул дээж авах, тээвэрлэх, хүргэх явцад нянгийн бохирдол үүсэх боломжгүй.

3. “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх (Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бохирдуулагч агуулсан) дэх заалтад зааснаар хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг Дараах тохиолдолд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж хуульчилсан байдаг бөгөөд улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн 2022 оны 08 сарын 24-ний өдрийн 22-2956 бүртгэлийн дугаартай сорилын дүнгээр 6 сорьцоос 4/5, 7, 9, 10/ сорьцод нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байна. Эдгээр сорилын дүнгээр Мах махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001 стандартын /шинжилгээний сорилын дүнг хавсаргасан/ шаардлагад нийцэхгүй байна.

Энэхүү зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1. дэх (хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.) заалтыг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 00 дугаартай шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан. Мөн “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохиролд нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, шийдвэр гарган биелэлтэд хяналт тавих” үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд иргэн Ц.О*******ийн дулааны аргаар хагас боловсруулсан 56.5 тн ямаа, үхрийн чанасан махыг хураан шилжүүлэх хүсэлтийг гаргасан болно” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар 05 дугаар сарын 02, 20, 22-нд махны үйлдвэр шалгах удирдамж гарсан. Үүний дагуу агуулахад хадгалж байгаа маханд шалгалт хийхэд мах хадгалж байсан. 06 дугаар сарын 10-ны өдөр Ц.О*******ээс дээж аваагүй “Ө*******” ХХК-ийн газраас дээж авсан байдаг. Сүүлд нь дахиад 8 сард нэхэмжлэгчийн махнаас дээж аваад шинжилгээ хийсэн. Би өөрөө шинжилгээний дээжийн бүрэлдэхүүнд оролцоогүй. Шинжилгээний хариугаар нянгийн бохирдол 6 дээжээс гарсан. Ингээд Монгол Улсад мөрдөж байгаа стандартад нийцэхгүй дээж байсан юм. Өөр хэлэх тайлбар байхгүй.

Хагас боловсруулсан бүтээгдэхүүний шинжилгээний хариутай дүйцүүлээд гаргасан. Монгол Улсад махыг хэрэглэхгүй гэж тайлбарлаж байна. Устгах боломжгүй учир нь зарим маханд бохирдол байхгүй. Стандарт хангасан мах дээр устгах зохицуулалт байхгүй. Орон тооны бус зөвлөлд шилжүүлээд тэндээс шийдвэр гарна. Улсын орлого болох уу устгах уу гэдгийг комисс шийдвэрлэнэ.  Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болохоор намайг шийдвэрлээрэй гэсэн.

Би өөрөө дур мэдэн шийдвэр гаргах юм бол чамд тийм эрх байна уу гэдэг асуудал үүснэ, би дээрээ олон даргатай. Эдгээр хүмүүсийн шийдвэрийг харахгүй бол болохгүй. Миний бодлоор Монгол Улсад хэрэглэх биш зохих хэмжээний нянгүй хэсгийг хүнд нь өгөөд дээж аваад өгөх бодолтой байгаа. Гэвч дээрээс хариу өгдөггүй. Дулааны аргаар боловсруулсан мах гэдэг нь 60-70 хувь хагас боловсруулаад, шулаад хамгаад шөл тос урсгаад цагаан өнгөтэй зүйл үлдэнэ ингээд гадагшаа 25, 26 кг махыг экспортолно. Үүнийг гулууз мах буюу шинэ мах гэж ойлгохгүй. Харахад чанасан 70 хувийн болсон савласан мах байгаа” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.О*******ээс Нийслэлийн Мал эмнэлгийн газарт холбогдуулан “Ц.О******* миний 56.5 тонн дулааны аргаар хагас боловсруулсан махыг олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, олгохыг даалгах” нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,

- шинжилгээний дээжийг авахдаа Монгол Улсын Шадар сайдын 2011 оны 19 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтын 4.1, 4.2, 4.3, 4.4 дэх заалтуудыг илтээр зөрчсөн,

- Монгол Улсад дулааны аргаар мах боловсруулах техникийн стандарт байхгүй байхад өөр махан бүтээгдэхүүний техникийн стандартыг баримтлан шинжилгээ хийсэн,

- Уг хагас боловсруулсан махыг Монгол Улсад худалдаалах бус БНХАУ-д экспортлох бөгөөд тус улсад экспортлох шаардлагыг хангаж байгааг харгалзалгүйгээр махыг хурааж авчхаад өгөхгүй байгаа нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,

2.1. Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Г.М******* нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Эд хөрөнгө битүүмжилсэн тухай” эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдэж, “Ө*******” ХХК-ийн агуулахад хадгалагдаж буй 56,5тн дулааны аргаар хагас боловсруулсан үхэр, ямааны махыг битүүмжилсэн,

2.2. Улсын ахлах байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01-02-023/04 тоот шийдвэрээр “... агуулахад хадгалагдаж буй 50 тонн ямааны махыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариу гарч, энэхүү шийдвэрийг хүчингүй болгох хүртэл хугацаанд худалдах, борлуулахыг хориглож, битүүмжилсэн,

2.3. Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Г.М******* нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 00 дугаартай шийтгэлийн хуудсаар Ц.О*******ийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн,

2.4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 284 дугаартай шийдвэрээр дээрх 00 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон,

2.5. Б.О*******ээс гаргасан “битүүмжилсэн 56.5 тонн махыг чөлөөлж, олгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдолд

2.5.1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 09-01/4080 тоот албан бичгээр “... албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохиролд нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, шийдвэр гарган биелэлтэд хяналт тавих эрх бүхий Нийслэлийн зөвлөлд таны БНХАУ-д экспортлох зорилгоор боловсруулж, бэлтгэсэн 56.5 тонн ямааны махыг шилжүүлсэн болно” гэсэн хариу өгсөн,

2.5.2. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01/3169 тоот албан бичгээр “...гомдлоо холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж, шийдвэрлүүлэхийг хүсье” гэсэн хариу өгсөн,

2.5.3 Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн 03/5736 тоот албан бичигт “... Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гомдлыг харьяаллын дагуу шилжүүлж байна” гэсний зэрэгцээ хувийг Ц.О*******т хүргүүлсэн нөхцөл байдал тогтоогдов.

3. Дээрх үйл баримт болон хагас боловсруулсан махыг Ц.О*******т өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй, устгаагүй, мөн өөр ямар нэгэн шийдвэр гараагүй тухайд хэргийн оролцогчдын хэн аль нь маргаагүй.

4. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9 дүгээр зүйлийн 10.9.7-д “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх” бүрэн эрхийг улсын байцаагч хэрэгжүүлэхээр заажээ.

5. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 зүйлийн 15 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргахдаа зөрчил шалгах ажиллагааны журмын дагуу хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 15.1 “эзэмшигчид нь буцаан олгох”, 15.2 “устгах”, 15.3 “улсын орлого болгох”, 15.4 “зөрчлийн хэрэгт хадгалах” гэж, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж заажээ.

6. Б.О*******т торгох шийтгэл ногдуулсан 00 дугаартай шийтгэлийн хуудасны 6-ын “В”-д ямар нэг албадлагын арга хэмжээ авах тэмдэглэгээ хийгээгүй байна.

7. Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллагаас Улсын ахлах байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01-02-023/04 тоот шийдвэрээр “... агуулахад хадгалагдаж буй 50 тонн ямааны махыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариу гарч, энэхүү шийдвэрийг хүчингүй болгох хүртэл хугацаанд худалдах, борлуулахыг хориглож, битүүмжилсэн” шинжилгээний хариу гарснаас хойших хугацаанд “Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага, стандарт”-д заасны дагуу гаргасан аливаа шийдвэрийг шүүхэд ирүүлсэнгүй.

8. Иймд хариуцагч нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан “Хяналт шалгалтын удирдамж”-ийн 7.2-т “.. сорилын дүнг үндэслэж, үнэлэлт дүгнэлт өгөх”, 7.3-т “... Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.3 дахь хэсэг, “Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага, стандарт”-ын 15.8 дахь заалтыг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт гаргана” гэснийг хэрэгжүүлээгүй байна.

9. Харин нэхэмжлэгчээс “...Орон тооны бус зөвлөл Мэргэжлийн хяналтын ерөнхий газар луу явуулсан гэж байгаа. Улмаар манайх хариуцахгүй Мэргэжлийн хяналтын ерөнхий газар луу явуулсан гэсэн хариу хэлсэн...” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Монгол Улсад хэрэглэх биш зохих хэмжээний нянгүй хэсгийг хүнд нь өгөөд дээж аваад өгөх бодолтой байгаа. Дээрээс ямар ч хариу өгөхгүй над руу л түлхсэн байгаа, ... шүүхийн шийдвэр гарахыг хүлээж байна... ” зэргээр тайлбарлав.

10. Хариуцагч захиргааны байгууллагаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дээр 2.4.1-т дурьдсан албан бичгээр нийслэлийн Зөвлөлд шилжүүлсэн гэж тайлбарласан, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам”-ын 2.8-д “Хураагдсан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, химийн болон цацраг идэвхт бодис, нян, өсгөвөр, эм, эмийн түүхий эд, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг эрх бүхий албан тушаалтан заавал шинжилгээнд хамруулсны дараа Зөвлөлд хүргүүлнэ. Зөвлөлөөс худалдан борлуулах, шилжүүлэх, эсхүл устгах шийдвэрийг энэ журмын 5.5-д заасан хугацаанд гаргана” гэж заасан боловч тус Зөвлөлөөс аливаа шийдвэр гараагүй болох нь нэхэмжлэгчийн “... орон тооны бус зөвлөл манайх хариуцахгүй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шийднэ гэдэг...” гэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болохоор намайг шийдвэрлээрэй гэдэг, ... шүүхийн шийдвэр л хүлээж байна...” гэх тайлбараар тус тус тогтоогдов.

11. Хуулийн дээрх зохицуулалтууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлуудыг нэгтгэн үзвэл, хариуцагч нь хяналтын улсын байцаагч болохынхоо хувьд ч тэр, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болохынхоо хувьд ч тэр хяналт шалгалт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэх талаар тодорхой шийдвэр гаргах үүрэгтэй боловч уг үүргээ хэрэгжүүлж битүүмжилсэн махыг устгах, эсхүл улсын орлого болгох зэрэг шийдвэр гаргаагүй атлаа махыг олгохгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан хууль бус эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлтэй.

12. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь шинжилгээнд хамруулсан мах нь стандартын шаардлага хангахгүй гэж дүгнэвэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8, “Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага, стандарт”-ын 10.6-д дахь заалтын дагуу акт үйлдэх, эсхүл эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 зүйлийн 15 дахь хэсгийн 15.2-т заасны дагуу устгах шийдвэр гаргаагүй атлаа махыг буцаан олгоогүй хууль бус эс үйлдэхүй гаргажээ.  

13. Түүнчлэн улсын байцаагч энь 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “Ө*******” ХХК-ийн 8 дугаартай агуулахад хадгалж байсан 40 тн үхрийн махнаас 4 ширхэг, ямааны махнаас 2 ширхэг дээж авсан гэж акт үйлдсэн байх боловч сорьц дээжийг дугаарлаагүйгээс Улсын Мал эмнэлэгийн ариун цэврийн төв лабораторийн 22-2956 бүртгэлийн дугаартай шинжилгээний дүн нь нэхэмжлэгчийн хадгалуулсан маханд хийсэн шинжилгээний дүн эсэхийг тодорхойлох боломжгүй болгож байх тул нэхэмжлэгч талын “шинжилгээний дээжийг авахдаа Монгол Улсын Шадар сайдын 2011 оны 19 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтын 4.1, 4.2, 4.3, 4.4 дэх заалтуудыг илтээр зөрчсөн” гэх тайлбар үндэслэлтэй байна.

14. Дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.О*******ээс Нийслэлийн Мал эмнэлгийн газар /хуучнаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагч Г.М*******/-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9 дүгээр зүйлийн 10.9.7, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 зүйлийн 15 дахь хэсгийн 15.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.О*******ээс Нийслэлийн Мал эмнэлгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ц.О******* миний 56.5 тн дулааны аргаар хагас боловсруулсан махыг олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 56.5 тонн махыг олгохыг хариуцагч Нийслэлийн Мал эмнэлгийн газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.МӨНХЗУЛ