Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/22

 

О.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч О.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

Хохирогч У.Х,

Нарийн бичгийн дарга: О.Очмаа нарыг оролцуулан

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч  О.А-д холбогдох эрүүгийн хэргийг хохирогч У.Х, шүүгдэгч О.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Н.Нармандах нарын давж заалдах гомдол, прокурор Ц.Ариунжаргалын эсэргүүцлийг тус тус үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4,

Шүүгдэгч О.А нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сарын хооронд эхнэр У.Х-г жирэмсэн байхад, мөн 2016 оноос 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зодохдоо гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь шүүгдэгч О.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.А-д Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан буюу 2015 оны 12 дугаар сар, 2016 оны 04 дүгээр сард 2 удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэргийг “жирэмсэн эмэгтэйн эсрэг” үйлдсэн гэх хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргээс 2017 оны 12 дугаар сар, 2018 оны намар, 2019 онд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч О.А-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 10 /арав/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 280 /хоёр зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 35 /гучин тав/ хоног буюу 1 сар 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт ялын төрөл, хэмжээг 11 /арван нэг/ сар 05 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-д оногдуулсан 11 /арван нэг/ сар 5 /тав/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

энэ хэрэгт шийдвэрлэгдвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч У.Х-д 160,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Х-ны нэхэмжлэлээс 38,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хохирогч У.Х-с гаргаж өгсөн хяналтын камерын бичлэг бүхий Си  Ди 1  ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч О.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.А-н өмгөөлөгч Н.Нармандах давж заалдах гомдолдоо: “..О.А-н ...2020 оны 4 дүгээр сард 2 удаа, 2020 оны 8 дугаар сард, 10 дугаар сарын 29-ний өдөр хамтран амьдрагч У.Х-г байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсныг зөвшөөрөхгүй. Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зодсон, харгис хэрцгий хандсан, догшин авирласан, тарчлаасан үйлдэл нь байнгын байхаас гадна, ямар нэгэн хохирол гэмтэл учруулсан байхыг шаарддаг. О.А-н хувьд ял шийтгэл оногдууулах үндэслэл болсон үйлдэл тус бүрд Х-ны биед хохирол гэмтэл учирч байсныг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, хохирогчийн мэдүүлгийг нотолсон баримт байхгүй тул энэ зүйл, хэсгээр ял халдаах үндэслэлгүй тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Хохирогч У.Х давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“...Би нөхрөө хашраах зорилгоор цагдаад өгсөн ба шоронд оруулна гэж бодоогүй. Бид нялх бага насны 2 хүүхэдтэй, мөн гэр орноо барьцаанд тавин банкнаас авсан зээлийг Амгалан төлдөг байсан. Гэтэл одоо банк зээлийн мөнгийг надаас шаардах болсон. Үүнээс болж гэр орон хураана гэсэн. Иймд хорих ял оноосныг өөрчилж өгнө үү. Би гомдолгүй.” гэжээ.

Шүүгдэгч О.А давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би эхнэр У.Х-аа муудаж, маргалдаж, гар хүрдэг байсан гэдэгтээ маргахгүй. Хуулиар надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж болох заалттай байх тул хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Би ухаарч ойлгосон. Дахиж гэмт хэрэг хийхгүй. Банкны зээлээ төлөх боломжгүй байгааг харж үзнэ үү.” гэжээ.

Шүүгдэгч О.А-н өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... 1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нягтлан тунгаахыг хүсэж байна. ...анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-т заасан заалтыг зөрчсөн гэж үзнэ.

2. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. ...мөн хуулийн 1.4-д заасан: ... дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахд нөлөөлсөн. Тогтоолын 10,11, 12, 13 дугаар талуудад ...тогтоогдсон гэх дүгнэлт, тогтоох хэсгийн 2, 3, 4,  5 дахь заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь шүүх хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул зөвшөөрөхгүй байх шалтгаан юм. Мөн Эрүүгийн хуулийн 2.1, 2.2 дугаар зүйлийг О.А-н холбогдсон хэргийг холбон тайлбарлахдаа буруу тайлбарлаж хэрэглэсэн нь хууль эрх зүйн үндэслэлгүй.

3. Эрүүгийн хариуцлага нь ... түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, ...давж заалдах шатны шүүх ... хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ял хөнгөрүүлж болохоор хуульчилсан тул ...эрх зүйн байдлыг дээрдүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар гомдол гаргаж байна.

Нэг гэмт хэрэгт нэг ял шийтгэнэ гэсэн зарчмыг зөрчсөн тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар О.А-д ял оногдуулж өгнө үү. ” гэжээ.

Прокурор Ц.Ариунжаргал эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:” ...О.А-н гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг 2015 оноос эхэлж хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр байнга зодож 2020 онд таслан зогсоогдсон үйлдэл нь дээрх хуулийн зохицуулалтаар үргэлжилсэн нэг гэмт хэрэг бөгөөд зогсоогдсон үе нь 2015 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байх тул энэ хуулиар зүйлчилсэн. 

Иймд анхан шатны шүүхээс 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлтээр гэмт хэрэгт тооцохоос өмнөх үйлдэл гэж 3 үйлдлийг хэрэгсэхгүй болгож, прокурорын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилсэн зүйлчлэлийг үндэслэлгүй гэж  дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.4-т зааснаар хэргийн бодит байдалтай нийцэхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Байнга үйлдэгдсэн, үргэлжилсэн нэг гэмт хэрэг байхад 2017 оны 12, 2018 оны намар, 2019 онд зодсон болон 2020 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд зодсон үйлдлүүдийн хооронд зөрчлийн тухай хуульд заасан 6 сарын хөөн хэлэлцэх хугаа өнгөрсөн үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгож хуулийг буруу хэрэглэсэн. 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч О.А-д холбогдох хэргийг түүний болон хохирогчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын тус тусдаа гаргасан хэргийн зүйлчлэлийг өөрчлөх тухай давж заалдах гомдлоор, прокурорын зарим хэргийг болон үйлдлийг хэрэгсэхгүй болгосоныг эс зөвшөөрсөн эсэргүүцлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянаад анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангасан байна гэж үзлээ.

Өмнөговь аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь шүүгдэгч О.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч О.А нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд өөрийн гэртээ гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч байгаа эхнэр У.Х-ыг 2020 оны 4 дүгээр сард өөр эмэгтэйгийн утаснаас өөрийнх нь утсанд ирсэн мэдээг хэлэхэд чамд хамаагүй гэж багалзуурдаж, хананд савж зодсоны улмаас эхнэр У.Х нь охины хамт машиндаа хоносон, маргааш нь хүүгээ авах гээд гэртээ ороход нь дахин зодсон,

2020 оны 8 дугаар сарын сүүлээр хүүхдүүдээ өмөөрч маргалдсанаас мах идэж байсан хутганы ишээрээ гуя руу  нь хатгаж, хутгаа араас нь шидсэн,

2020 оны 10 дугаар сард орой 11 цагийн үед охины цэцэрлэгийн эцэг эхийн гар бөмбөгийн тэмцээнд явах гэхэд ажиллаж байгаа заал байхгүй гэж марган галын дэгээгээр цохиж, хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч У.Х, гэрч П.Б, гэрч Ц.О, Р.У нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эдгээр үйл баримтыг О.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “өөрийн эсрэг ...мэдүүлэг өгөхгүй байх”,  6 дахь хэсэгт заасан “...өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхөөс татгалзах ”,  мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т заасан “… өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” байх эрхийг нь танилцуулсны үндсэн дээр авсан гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр зөвшөөрсөн байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба хоорондоо ноцтой зөрүүгүй байна.

Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжид тодорхойлсон “байнга” гэх тооны ойлголтыг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг хэдэн удаа, ямар хугацаанд үйлдсэнийг тооцох талаар нарийвчлан хуульчлаагүй ч нэг үйлдэл нь дангаараа хуулийн уг зүйл, хэсэг, заалтанд заасан нэг гэмт хэргийн шинжийг хангахгүй, харин хэд хэдэн зөрчлийн шинжтэй үйлдэл нэгдэж гэмт хэргийн шинжийг бүрдүүлнэ гэж ойлгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан нөхцөл шинжид тохирно.

Түүнчлэн “Байнга” гэх уг гэмт хэргийн үндсэн шинжийг гурав ба түүнээс дээш гэж үзэх хууль хэрэглээний жишиг ойлголт тогтсон.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан тул энэ зүйл, хэсгээр үйлдлийг зүйлчилсэн нь, түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдлийн давтамжийн хувьд байнга гэх Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1- д заасан гэмт хэргийн шинжиийг хангаж байгаа энэ зүйл, хэсгээр давхар зүйлчилсэн нь шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцнэ.

Энэ нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 1 дүгээр зүйлийн 1.1-т заасан “гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх” зорилттыг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байна.  

Иймд шүүгдэгч О.А-н эхнэр У.Х-тай 2020 оны 4 дүгээр сараас 10 дугаар сарын 29-ний хооронд маргалдан эрх чөлөөнд нь халдаж 4 удаа зодсон, 2020 оны 10 дугаар сарын 29-нд эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлүүд нь хоорондоо шууд харилцан хамаарал бүхий этгээдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй нэг арга, нэг сэдэлт зорилгоор үйлдэгдсэн, тооны хувьд байнга гэх шинжийг хангаж байна.

Энэ гэмт хэргийн шинжид заасан диспозитив нөхцлийг Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих гэж зөрчилд тооцохоор хуульчилсантай харьцуулбал эрүүгийн гэмт хэрэг болон зөрчлийн хэргийн шинж, хүлээх хариуцлага, хөөн хэлэлцэх хугацааны ялгаатай талууд тодорхой харагдаж байна.

Нэгэнт хуулиар зөрчил гэж тухайлан зааж хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан тул гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулсан зөрчил тус бүрийн хоорондох хугацаа нь зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх хууль зүйн ойлголтыг давхар шаардана.

Анхан шатны шүүх О.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн, оногдуулсан ял нь түүний гэм бурууд болон уг ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлүүлэхээр тогтоосон нь үйлдсэн  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.

Хууль үйлчлэх хугацааны талаар Монгол Улсын Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж заасныг Хууль тогтоомжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгээр “Хууль тогтоомжийг Улсын Их Хурлын Тамгын газар “Төрийн мэдээлэл эмхтгэлд нийтэлнэ” гэж тодотгон заасан.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар энэ хуулийн үйлчлэлээс өмнө үйлдэгдсэн нийгэмд аюултай үйлдэл биш, зөвхөн энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан үед үйлдэгдсэн уг нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэг дүгээр зүйлийн 2, Эрүүгийн хуулийн 1.2-т заасан хууль ёсны байх зарчимд нийцнэ.

Иймд яллах дүгнэлтэд бичигдсэн 2015-2016 оны үйлдлийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдсөн Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэгт тооцох боломжгүй гэсэн үндэслэлээр, түүнчлэн зөрчил хоорондын хугацаа нь 6 сараас хэтэрсэн 2017, 1018, 2019 оны үйлдлийг гэмт хэргийн шинжийг хангаагүй  гэж тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй.

Иймд анхан шатны шүүх шүүгдэгч О.А-н гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийн шинжид нийцэж буйг зөв тодорхойлж хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүрээнд шийдвэрлэсэн гэж үзнэ.  

Дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-н 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл  цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.      

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай

 4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                ШҮҮГЧИД                                        Х.ГЭРЭЛМАА

                                                                                                                                                           Г.ТЭГШСУУРЬ