| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/0049/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/53 |
| Огноо | 2025-09-17 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.Г |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т
Улсын яллагч С.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ц
Шүүгдэгч Н.О нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******овогт ****** холбогдох эрүүгийн 2540000000054 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19**** оны **** дугаар сарын ****-ны өдөр Д аймгийн И суманд төрсөн, эрэгтэй, *** настай, халх, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл ***, ,*** хамт Д аймгийн И сумын *** дүгээр баг, Бүрдэнэ гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай ******** овогт Н.О
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.О нь 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг “Ар шанд” гэх газраас Ш.О өмчлөлийн сүргээсээ тасарсан байсан 5 хонийг мориор тууж өөрийн амьдардаг Д аймгийн И сумын 1 дүгээр багт байрлах хашаандаа авчирч нядлан, худалдан борлуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.О нь 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг “Ар шанд” гэх газраас Ш.О өмчлөлийн сүргээсээ тасарсан байсан 5 хонийг мориор тууж Д аймгийн И сумын *** дүгээр багт байрлах хашаандаа авчирч нядлан, бусдад худалдан борлуулж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Ш.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хонь малаа тоолсон чинь манай хонь бүрэн байсан Тэгээд нөгөөдөр нь буюу 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нь бороо орохоор нь хонио хашаад 1 цаг орчим ширүүн аадар бороо ороод бороо зогссон. Тэгээд хашаанд байсан хонь малаа хашаанаас гаргах үед тоолсон чинь манай хониноос 8 хонь, 2 ямаа дутуу тоологдсон. Тэгээд би гайхаад манай нөхрийн төрсөн эгч Л гэх хүнд хэлээд Л эгч Дархан сумын цагдаад өргөдөл өгсөн. Манай 8 тооны хонь сүүлэн дээрээ бөөрөнхий улбар шар өнгийн будагтай, им нь бор толгойтой, эр хонь нь 2 чих цуулбар имтэй бор эрээн халзан, эр хонь им нь буруу чих араасаа хөндлөн имтэй энэ хоёр хонийг сайн мэдэж байна. Бусад хонио сайн мэдэхгүй байгаа, ер нь дандаа эр хонь алга болсон байсан. Хоёр ямаа болохоор улаан ямаа байгаа эвэр будагтай. Манай малчны хонь ямаа нийлээд 345 байсан. Тэндээс хонь нь 72 байсан ба 8 дутуу, одоо 64 байна. Ямаа 273 байсан ба 2 дутуу одоо 271 байна. Нийлээд 335 тооны хонь, ямаа байна” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 хуудас/
Хохирогч Ш.О мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн "...Би 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Д аймгийн И сумын төвөөс зүүн зүгт 800 метр яваад хогийн цэг дээр Дархан сумын хэсгийн төлөөлөгчтэй уулзаад танай хониноос дутсан хонины 1 ширхэг толгой мөн байж магадгүй, ирээд та үзээч гэсний дагуу очиж үзэхэд манай хониноос дутсан бор эрээн нүүртэй бор халзан хонины толгой мөн байсан ба тэгээд хэдэн хонь нь олдов гэж цагдаагаас асуутал Дархан сумын цагдаа 5 хонь авсан байж магадгүй юм шиг байна. Та хонио очиж нягтлан дахин тоолоорой гэж хэлэхээр нь маргааш өглөө нь буюу 2025 оны 08 дугаар сарын 05-ны 08 цагийн үед хонио бүртгэж тоолоход манай хониноос 5 хонь дутсан бусад нь бүрэн байсан. Би цагдаад 8 хонь, 2 ямаа гэж гомдол гаргасан ба нас дээр гарсан болохоор тухайн үед хонио дутуу харан тоолоод өргөдөл гаргасан байна. 2025 оны 08 дугаар сарын 05-ны өглөө 08 цагийн байдлаар манай 340 тооны хонь ямаа нийлсэн мал байна. Үүнээс хонь 67, ямаа 273 байна. Нийт 340 тооны хонь ямаа нийлсэн мал байна. Дутуу 5 хонь байна. Манай малчны хонь ямаа нийлээд 345 байсан. Тэндээс хонь нь 72 байсан ба 5 дутуу. Одоо 67 хонь байна. Ямаа 273 байна. Нийлээд 340 тооны хонь ямаа байна гэх мэдүүлэг (хх-ийн 58-59 хуудас)
Гэрч С.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багт Өргөнзүлэг нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Би 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагийн үед дэлгүүр дээрээ ирээд айж байтал Үнэнмөнх гэж залуу гаднаас орж ирээд эхлээд 2 сайн хонь байна авах уу гэхээр нь би тухайн хүүхдийг сайн таньж мэддэг болохоор авъя гэж хэлсэн. Тэгээд Ү*** дэлгүүрээс гараад машиндаа ачсан байсан 2 хонины гулуузыг өөрийн төрсөн дүүгийн хамтаар өргөөд оруулж ирсэн. Тухайн хонь нь саяхан ажилласан юм шиг мах нь нойтон байсан. Би 2 хонийг хиллэхэд эхний хонь 44кг татсан. Дараагийн хонь 27кг татсан. Нийлээд 71кг болсон. 1кг махыг нь 10,000 төгрөгөөр бодоод 710,000 төгрөгийг Ү***** өөрийн дансанд нь шилжүүлсэн. Ах дахиад мах авахгүй биз гэхээр нь би авъя гэж хэлсэн. Тэгээд Ү***** 2025 оны 07 дугаар сарын 26-ны 13 цагийн үед мах аа авах уу хийчхээд ирлээ хонины 3 ширхэг гулууз байна гээд төрсөн дүүгийнхээ хамтаар өргөөд оруулаад ирсэн. Эхний хонины гулуузыг хиллэхэд 40кг татсан дараагийн хонь нь 40кг 3 дахь хонь нь 41 кг татсан. Би өмнөх авсан үнээ буулгаад 1 кг нь 9000 төгрөгөөр авсан. Тэр гурван хонь нийлээд 121кг болсон. 1,089,000 төгрөгийг Ү**** гэх залуугийн дансанд шилжүүлсэн. Би тухайн үед Ү***** гэх залууг сайн таньдаг болохоор гарал үүслийн бичгийг нь асуух талаараа мартсан байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 15-17 хуудас)
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Манай нөхөр О**** 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагийн үед адуугаа харж ирье гээд гэрээс гараад явсан. Шөнийн 01-02 цагийн үед байхаа би унтаж байсан болохоор цаг сайн хэлж мэдэхгүй байна. Шөнө орж ирээд амарсан. Маргааш өглөө нь манай нөхөр О****** надад хэлэхдээ 5 хонины гулууз авч ирсэн байгаа түүнийг зараад гар утасныхаа зээлийг өгчих гэж хэлсэн. Урьд өмнө нь өөрийн өмчлөлийн ямаанаас ишигтэй ямаагаа хонь болгоё сольё гэж нөхөр О******тай ярьж байсан болохоор тэрийгээ солиод ирсэн юм байна гэж бодоод өөрийн төрсөн дүү Ү*******ийг машинтай нь дуудаад зараад өгчих эгч нь мах авдаг дэлгүүрт нь өртэй болохоор болохгүй байна, мөнгийг нь өөрийн данс руугаа хийлгээд аваарай гэж хэлээд явуулсан. Эхлээд хоёр хонийг нь авч яваад 73кг татсан гээд өөрийнхөө дансанд 730,000 төгрөгийг авсан байсан. Дараагийн 3 хонио 12 цагийн үед зарсан. Тухайн 3 хонь 121кг татаад 1кг нь 900,000 төгрөгт бодоод 1,089,000 төгрөг болсон байсан. Тухайн мөнгө нь манай дүүгийн дансанд ороод миний өөрийн эзэмшлийн Хаан банкны 5366082506 тоот дансанд 2 удаагийн гүйлгээгээр 1,819,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тухайн мөнгийг хэрэгцээндээ зарцуулаад дууссан. Өргөнзүлэг ХХК нь 8 нэрийн хүнсний дэлгүүр болохоор мах ирэхээр авахгүй байх гэж бодоод 2 хонины гулууз махаа эхлээд төрсөн дүү Ү***** өгөөд явуулахдаа дахиад мах авах талаар асуугаарай гэж хэлээд явуулсан. Дүү махаа зарчхаад дахиад мах авна гэж байна шүү гэж надад хэлээд үлдэгдэл 3 хонио зарсан. Би тухайн үөд дүүгийн машинд сууж байсан юм. Манай дүү над руу Хэнтий аймгийн Дархан сумын хэсгийн төлөөлөгч байна гээд цагдаа залгаад 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гарал үүслийн бичиггүй зарсан 5 тооны хонины гулууз махны талаар асуугаад байна, энэ мах ямар учиртай мах вэ та цагдаатай ярих уу гээд rap утсаа өгсөн. Би rap утсыг нь аваад манай нөхөр байхгүй байна би тэр хонины талаар сайн мэдэхгүй байна гээд утсаа салгасан Тэгээд би нөхрөөсөө асуусан чинь хойно тасарсан 5 хонь байхаар нь авчраад хийсэн юм. Чи цагдаад өөрийнхөө малаас хийсэн юм гээд хэлчих гээд манай нөхөр тэмцээнд орж байсан болохоор яваад өгсөн. Тэгээд удалгүй Дархан сумын хэсгийн төлөөлөгч залгасан. Тэгэхээр нь би надад 5 ишигтэй ямаа байсан юм. Сумын төвөөс урагш 15 км зайд байдаг манай аавын төрсөн ах О.Г-д гэх ахтайгаа сольж аваад зарсан юм аа гэж хэлсэн. Тэгсэн чинь цагдаа надаас тухайн зарсан гэх 5 хонины гулууз махны арьс, толгой шийр нь хаана байгаа вэ гэж асуухад манай гэрийн хөргөгчид байгаа очоод үз гэж хэлээд утсаа тасалсан. Би өөрөө тухайн хонийг ямар учиртай хонь байсан талаар нь мэдээгүй байсан. Нөхөр цагдаад тэгээд хэлчих гэхээр нь хамаагүй юм ярьж нөхрийгөө асуудалд оруулчих вий гэж айсандаа тийм тайлбар егсөн. Утсаар цагдаад худлаа ярьсандаа айгаад унтаж чадахгүй бие тавгүйцээд нөхөр О-г загнаад чамаас болж би цагдаад худлаа ярьчихлаа би тайван байж чадахгүй байна. Цагдаад очиж үнэн зөвөө хэллээ, чи ч гэсэн үнэн зөвөө хэлээ гэж нөхөр О-тай ярилцан одоо нэг мэдүүлэг өгч сэтгэл санаа тайвширлаа" гэж хэлсэн" гэх мэдүүлэг (хх-ийн 20-22 хуудас)
Гэрч Ж.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2025 оны 07 дугаар сарын 25-ны оройн 21 цаг өнгөрч байсан, би маргааш адуундаа явах учраас сумын төв орж бензин авахаар өөрийн эзэмшлийн улаан өнгийн Даюун загварын тээврийн хэрэгсэлтэй Дорноговь аймгийн Иххэт сумын төв орохоос 3 км зайд явж байхад манай сумын О****** гэх залуу хонгор халзан морь унасан 5 хонь туугаад явж байгаа тааралдсан. Би урдаас нь яваад очсон чинь О***** надад хандаж ахдаа энэ 5 хонийг хашихад туслаад өгөөч гэхээр нь би О*****г таньдаг болохоор нээх их зүйл бодсонгүй туслахаар болсон. Тэгээд би О******д хандан ах нь бензин аваад ирье гээд шатахуун авчхаад О*******гийн гэрийн гадаа ирэхэд О**** 5 хонио туугаад гэрийнхээ гадаа ирсэн байсан ба гэрийнхээ хашаанд оруулан хашиж өгсөн. Тэгээд орой харанхуй болсон байсан болохоор О*******оос юун хонь болох талаар нь ч асуугаагүй. гэрээр нь ч ороогүй шууд хөдөө гэртээ ирсэн. Би О********г өөрийнхөө л хонийг тууж явна гэж бодсон. О********д цөөхөн хэдэн тооны мал байдаг болохоор өөрийнхөө хонийг тууж яваа юм байх гэж бодоод хөдөөгийн бид нэг нэгэндээ тустай байдаг болохоор тусалъя гэж бодоод шатахуун авч ирээд хашаанд нь хашилцаж өгсөн. Харин сая мэдүүлэг өгөхөөр ирэхийн өмнө О********с "чи ямар учиртай хонь туугаад явж байсан юм бэ" гэж асуухад О**** надад хэлэхдээ "Би адуунд яваад харих гэж байхад дэрсэнд хэнийх нь болох нь мэдэгдэхгүй 5 тооны хонь байхаар нь би өөрөө ашиглах санаатай тууж явсан юм. Тэгээд танд хүний тасарсан хонь авч байгаа талаар хэлээгүй. Би өөрөө гэрийнхээ хашаанд нядлаад махыг нь зарчихсан. Уучлаарай таныг асуудалд оруулчихлаа" гэж хэлсэн" гэх мэдүүлэг (хх-ийн 27-28 хуудас)
Гэрч Б.Ү******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2025 оны 07 дугаар сарын 26-ны 09 цаг өнгөрч байсан Би өөрийн гэртээ амарч байхад миний 94588440 дугаарын утас руу манай төрсөн эгч Б**** залгаж Г***** ахын дэлгүүрт мах зараад өгчих эгч нь Г****** ахын дэлгүүрт өртэй болохоор орж болохгүй байна гээд намайг дуудсан. Тэгээд би өөрийн эзэмшлийн 74-24УКО улсын дугаартай Тоyота Приус41 загварын тээврийн хэрэгсэлтэй очиход нядалсан 5 тооны хонины гулууз мах байсан. Эхлээд 2 тооны хонины гулууз махыг нь өөрийн машиндаа ачаад явсан. Мах ачаад явахад манай эгч Б****** наад 2 тооны хонины гулууз махаа зарчих, дахиад мах авах уу гэж асуугаарай. Мах зарсан мөнгөө өөрийнхөө дансанд хийгээд аваарай. Эгч нь өртэй байгаа шүү гэж хэлсэн. Тэгээд тус дэлгүүрт очоод 2 тооны хонины гулууз махаа хиллэхэд 2 гулууз мах 73 кг татсан. 1 кг-ийг нь 10.000 төгрөгөөр бодоод 730,000 төгрөгийг шилжүүлсэн. Махаа зарчхаад Б****** эгчтэй утсаар залгаж яриад дахиад мах авна гэж байна шүү гэж хэлсэн чинь жаахан байж байгаад хүрээд ир 3 тооны хонины гулууз мах байгаа зарчих гэсэн. Тэгээд би за гээд утсаа тасалсан. Тэгээд 11 цаг өнгөрч байхад манай эгч Б******* над руу дахин залгасан хүрээд ир мах зараад өг гээд тэгээд би машинтайгаа очоод 3 тооны хонины гулууз махыг нь аваад Г**** ахын дэлгүүрт орж махаа аваад ирлээ, ах авах уу гэхэд оруулаад ир гээд хиллэхэд 3 тооны хонины гулууз мах нийлээд 121кг татаад 1кг-ийг нь 9000 төгрөгөөр бодоод 1,089,000 төгрөг болсон. Max зарсан мөнгөө би өөрийн Хаан банкны 5366142308 тоот дансанд аваад Б****** эгчийн Хаан банкны дансанд нь 3 тооны хонины гулууз мах зарсан мөнгөө бүгдийг нь шилжүүлсэн. Нийт 2 удаагийн гүйлгээгээр 1,819,000 төгрөгийг шилжүүлсэн. Би махны талаар асуугаагүй, зараад өг гэхээр нь л зарсан. Би Д аймгийн Э суманд Д аймгийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд манай хүргэн ax Н.О оролцох байсан болохоор би төрсөн эгч Б**** хүргэн ах О***** нарын хамтаар тээврийн хэрэгсэл жолоодоод 2025 оны 08 дугаар сарын 01-ний орой 18 цагийн үед явсан. Маргааш нь над руу Дархан сумын хэсгийн төлөөлөгч байна. Та Өргөнзүлэг нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрт гарал үүслийн бичиггүй 5 тооны хонины гулууз мах зарсан байна Энэ ямар учиртай мах вэ гэж асуухад нь би сайн мэдэхгүй байна. Манай эгч заруулсан юм. Манай эгчтэй ярь гээд Б эгчтэй яриулсан чинь манай эгч бас гайхаад цагдаад хариулт өгч чадалгүй утсаа тасалсан. Тэгээд манай эгч Б***** нөхөр О****** тэр 5 хонь чинь ямар учиртай хонь вэ гэж асуухад адуу хайгаад явж байхад 5 тооны хонь тасарсан байсан тууж авчраад ажилласан гэж хэлж байсан. Удалгүй над руу цагдаа залгасан чинь манай эгч Б утсаа аваад О.Ганболд гэх ахтай 5 ишигтэй ямаагаар сольсон юм гэж хэлсэн. Толгой нь манай гэрт байгаа очоод үзэж болно гэж хэлээд утсаа салгасан гэх мэдүүлэг. /хх-ийн 31-32 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Н.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.О нь “...ямар нэгэн гомдол тэмцэлгүй. Хохирлоо бүрэн авсан” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Ш.О-нд шүүгдэгч Н.О нь 3,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүй 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “өөрийн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч *******овогт Н.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаан) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “өөрийн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Н.О-д сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Н.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР