| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2023/00405/И |
| Дугаар | 183/ШШ2023/01164 |
| Огноо | 2023-04-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2023/01164
| 2023 оны 04 сарын 12 өдөр | Дугаар 183/ШШ2023/01164 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: ...... оршин суух, Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........ оршин суух, Б-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 5 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Н,
хариуцагчийн төлөөлөгч Ня, М,
нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.
Нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н хариуцагч Бд холбогдуулан зээлийн хүү 6 600 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг, шүүх хуралдааны явцад 5 700 000 төгрөг болгон багасгаж шаарджээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Н би 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Бтэй 25 сая төгрөг зээлдүүлэх гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар бичгээр байгуулж, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж зааснаар хоногийн 0.8 хувийн хүүг тохирч 2022 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл үндсэн зээл болон хүүг хамтад нь төлүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан. Гэвч Б нь гэрээгээр тохиролцсон хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох буюу эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлсэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу Б нь зээлсэн мөнгөө хугацаанд төлөх үүрэгтэй байна. 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 7 500 000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 7 500 000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөгийг төлж үндсэн зээлээ 23 хоногийн хугацаа хэтрүүлж төлж барагдуулсан боловч зээлийн гэрээгээр тохирсон хүүг огт төлөөгүй. Иймд зээлийн гэрээ байгуулсан өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс сүүлийн мөнгө орж ирсэн өдөр буюу 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хүү болох 5 700 000 төгрөгийг Бгээс гаргуулж өгнө үү. Гэрээнд хүүг хоногоор тооцохоор тохирсон бөгөөд бичихдээ хоног гэдгээ орхиод бичсэн байсан гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б нэхэмжлэгчээс 10 хоногийн хугацаатай, 0.8 хувийн хүүтэйгээр 25 000 000 төгрөг зээлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 7 500 000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 7 500 000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 5 000 000 төгрөг төлөөд үндсэн зээл хаагдсан. Ямар нэгэн байдлаар шахаж шаардсан зүйл байхгүй. Гэрээг нь харвал хоногийн гэдэг зүйл байхгүй. 10 хоногийн хугацаатай зээлүүлнэ, энэ нь 0.8 хүүтэй гэж заасан байдаг. Зээлийн гэрээ дууссанаас хойш хүү авна гэдэг нь нэхэмжлэгч шаардах эрхгүй юм. 10 хоногийн хугацаанд 0.8 хувиар зээлсэн байтал хоногийн гэдэг байдлаар шаардаж байна. Гэрээгээр тохирсон хүү 200 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс 2021.12.22-ны өдрийн Б, Н нарын гараар бичсэн гэрээ, депозит дасны дэлгэрэнгүй хуулга зэргийг ирүүлсэн. /хх-ийн 4-7/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
...2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Бтэй 25 000 000 төгрөг зээлдүүлэх гэрээг бичгээр байгуулж, хоногийн 0.8 хувийн хүүг тохирсон. ... үндсэн зээлээ 23 хоногийн хугацаа хэтрүүлж төлж барагдуулсан боловч зээлийн гэрээгээр тохирсон хүүг огт төлөөгүй. Иймд зээлийн гэрээ байгуулсан өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс сүүлийн мөнгө орж ирсэн буюу 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хүү болох 5 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч тал ...Анх гэрээг байгуулахдаа 10 хоногийн хугацаанд 0.8 хүүтэйгээр зээл олгосон болохоос 10 хоногийн хугацаатай хоногийн 0.8 хувийн хүүтэй зээл олгоогүй. Зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд хүү төлөх талаар анхнаасаа тохиролцоогүй. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хүү шаардах эрхгүй. Иймд уг зээлийн гэрээний дагуу 10 хоногийн 25 000 000 төгрөгийн 0.8 хувийн хүү буюу нийт 200 000 төгрөгийн хүү төлөх үндэслэлтэй гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Н нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийг хүртэл 10 хоногийн хугацаатай, 0.8 хувийн хүүтэй, 25 000 000 төгрөгийг, түүний Хаан банкны .................. тоот данс руу шилжүүлж, зээл өгсөн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гар утасны үзлэг зэргээр тогтоогдож байна.
Дээрх мөнгөнөөс хариуцагч нь зээлсэн 25 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Нт буцаан өгсөн байх ба эдгээр асуудлаар талууд маргаангүй байна.
5. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ. гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж тус тус заажээ.
6. Нэхэмжлэгч Н нь талуудын байгуулсан гэрээгээр хүүг хоногийн 0.8 хувь байхаар тохирсон гэж тайлбарлаж байх боловч хариуцагч тал хүүг хоногоор тохироогүй гэж маргасан байна.
7. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. гэснээр талууд гэрээний хугацааг 10 хоногоор, гэрээгээр хүүг 0.8 хувь байхаар тохирсон байх ба хүүг хоногоор тохирсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
8. Дээрхээс дүгнэхэд хариуцагч Бгээс зээлийн хүүнд 200 000 төгрөгийг /25 000 000х0,8%/ гаргуулж нэхэмжлэгч Нт олгох үндэслэлтэй ба илүү нэхэмжилсэн 5 500 000 төгрөгийг хангах үндэслэлгүй байна.
9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Бгээс 200 000 төгрөгийг нэхэмжлэгч Нт олгож, илүү нэхэмжилсэн 5 500 000 төгрөгийг хэрэгсэгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бгээс улсын тэмдэгтийн хураамжид 6 650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Нт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ