Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т*******

Улсын яллагч С.Г*******

Шүүгдэгч С.С******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овогт С*******ын С*******т холбогдох эрүүгийн 2540000000077 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19*** оны *** дугаар сарын ***-ны өдөр С*** аймгийн Ш*** суманд төрсөн, ** настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ********** ажилтай, ам бүл *** хамт, Х**** аймгийн Б**** сумын *** дугаар баг *** дугаар байрны *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 18А шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар гэмт хэрэгт ЭБШХ-ийн 25 дугаар зүйл 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/ЗЗ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан ******* регистрийн  дугаартай ******* овогт С*******ын С*******

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.С******* нь жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, Ажнай төвийн урд талын замд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 3,06 хувийн согтолттой 48-75 УББ улсын дугаартай Тоёота алфард загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын  хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь

 

Гэрч Б.А "...Би 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хэлтсийн даргын томилсон хуваарийн дагуу өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Ажнай" худалдааны төвийн урд талд Тоёота алфард маркийн 48-75 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой үнэртэж байсан. Би цагдаагийн хэлтэс дээр авч ирж согтуурал хэмжигч багажаар үлээлгэхэд 3,06%-ийн согтолттой байсан..." гэх мэдүүлэг ( хх-ийн 10-11 тал)

 

Шүүгдэгч С.С*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Би прокурорын тогтоолд заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь үнэн. Би 2025 оны 09 сарын 02-ны орой 0,5 литрийн Хараа нэртэй архи хүргэнтэйгээ 2 уулаа хувааж уучихсан. Тэгээд өөрийн Тоёота алфард 48-75 УББ дугаартай тээврийн хэрэгслийг унаад замын хөдөлгөөнд оролцоод явж байтал цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байсан таараад цагдаагийн хэлтсийн байранд ирж согтуурлын зэрэг хэмжих багажаар хэмжүүлэхэд 3,06 хувь гарсан байсан." гэх мэдүүлэг (хх-ийн 23-24-р хуудас)

 

          Зөрчил илрүүлэх тухай хуудас, (хх-н 2 тал), Жолоочийн согтуурлыг драгер багажаар шалгасан тэмдэглэл (хх-н 3 тал)

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ЗШ/64 дугаартай Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад зааснаар С.С*******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 (дөрвөн зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох тухай шүүхийн шийтгэвэр (хх-н 17-18 тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Шүүгдэгч С.С******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Тус гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу гэмт үйлдлийн төгсгөлд заавал тодорхой хор, уршиг учирсан байхыг шаардаггүй бөгөөд энэхүү шинжээр нь прокуророос шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 

        Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокуророос санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 2,900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” санал нь хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч С.С*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.С*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***** овогт С*******ын С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,900,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С*******т оногдуулсан 2,900,000 төгрөгийн торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл С.С*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР