Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2023/01061

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2023/01061

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: ........... байрлах, А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............. байрлах, С-д холбогдох

Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Сын компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсныг тогтоож, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Н,

хариуцагчийн төлөөлөгч У

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.

 

 Нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А ХХК хариуцагч Сод холбогдуулан Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Сын компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсныг тогтоож, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т ХХК-ийн нийт хувьцааны 34 хувийг А ХХК, 33 хувийг П ХХК, үлдсэн 33 хувийг Ч эзэмшдэг. Компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар ...Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр томилогдож гэрээ байгуулсан Гүйцэтгэх захирал удирдана...." гэжээ. Хариуцагч С нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Т ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Тус шийдвэр гаргалтад манай компани оролцоогүй ба одоог хүртэл Сыг Т ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон тушаал шийдвэр, нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг танилцуулаагүй болно. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т ..Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлагын шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна..., 59.5-д Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлагын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно... гэж хуульчилсан. Гэтэл С нь Компанийн тухай хуулийн 59.4-т заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг Гүйцэтгэх захирал болсон үеэсээ хойш нэг ч удаа зарлан хуралдуулаагүй тул түүний гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсон болно. Нэхэмжлэгчийн зүгээс компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах, компанийн хэвийн үйл ажиллагааг хангах талаар хариуцагчаас хүсэж байсан боловч үр дүнд хүрээгүй. Сын бүрэн эрх нь хуулийн дагуу дуусгавар болсон байхад одоог хүртэл компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох бусад баримт бичиг, тамга, тэмдгийг өөрийн мэдэлд байлгаж байгаа болно. Иймд хариуцагч Соос компанийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулаагүй нөхцөлд тэрээр компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг бусдад төрүүлж байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуулийн дагуу хуралдуулж, шинээр гүйцэтгэх захирлыг томилсон нөхцөлд ч компанийн гэрчилгээ, тамга, тэмдэг байхгүй тохиолдолд уг гүйцэтгэх захирлыг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж чадахгүй, улмаар шинээр томилогдсон гүйцэтгэх захирал компанийг төлөөлж үйл ажиллагаа явуулж чадахгүй нөхцөл байдалд ороод байна гэв.

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С нь 2019 оны 3 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн Т ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд томилогдсон цагаасаа хойш ямар нэгэн цалин урамшуулал авч байсан зүйл огт байхгүй. Тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдох үеэс өмнө тус компани нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй, өнөөдрийн байдлаар ч мөн л ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байгаа болно. Т ХХК нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй тул орлого олдоггүй, аливаа гуравдагч этгээдтэй ямарваа нэгэн гэрээний болон бусад төрлийн харилцаанд ордоггүй компани билээ. Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч А ХХК-ийн хувьцаа эзэмшигч болоод тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдийн хууль бус үйл ажиллагаа болон үндэслэлгүйгээр шүүхэд гаргасан нэхэмжлэлүүдээс шалтгаалан манай компани болон манай охин компани Б ХХК-ийн үйл ажиллагааг алдагдуулж, улмаар санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд оруулж дампуурлын эрмэгт хүргэсэн. Өөрөөр хэлбэл бид өмнө нь хэвийн үйл ажиллагаа явуулж тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор холбогдох банк санхүүгийн байгууллагаас зээл авч улмаар үйл ажиллагааг санхүүжүүлж байсан. Гэтэл дээр дурьдсан нөхцөл байдлын улмаас бид үйл ажиллагаагаа явуулж чадаагүйн улмаас бусдад төлөх өр төлбөр хуваарийн дагуу төлөгдөөгүй зээлийн зөрчилтэй болж санхүүгийн маш хүнд байдалд орж үйл ажиллагаа бүрэн зогссон. С миний бие Т ХХК-ийн захирал болсон цагаас хойш дээр дурьдсан үндэслэлээр компани ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, ямар нэгэн ашиг, орлого олоогүй тул аливаа этгээдтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ч ажиллаагүй. Өөрөөр хэлбэл компанийн үйл ажиллагаа огт явагдаагүй тул хувьцаа эзэмшигчдийн хурал хийх шаардлага гараагүй. Тодруулбал Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар танилцуулах, хэлэлцүүлэх асуудал огт байгаагүйн зэрэгцээ нэхэмжлэгч хуулийн этгээдийн холбоо барих эрх бүхий этгээдийн мэдээлэл ч байгаагүй. Өнгөрсөн хугацаанд манай компани нь хувьцаа эзэмшигч Чийн хамтаар охин компани болох Б ХХК-ийн үйл ажиллагааг урьдын адил хэвийн түвшинд хүргэж ажиллахаар чармайн ажиллаж ирсэн. Нэхэмжлэгч нь Компанийн тухай хуульд заасан эрхийнхээ хүрээнд нэг ч удаа хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаар бидэнд шаардлага хүргүүлж байгаагүй бөгөөд хуулиар өөрт нь тусгайлан олгогдсон эрхээ зориуд хэрэгжүүлээгүй атлаа шүүхэд нэхэмжлэл гаргаж буй нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл уг асуудал нь шүүхээр шийдвэрлүүлэх асуудал биш бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийх тухай санал шаардлагаа гаргаж өөрөө хэлэлцэх асуудлаа бусад хувьцаа эзэмшигчдэд танилцуулан шүүхийн бус журмаар шийдвэрлэх боломжтой асуудал юм. Үүнээс гадна нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болгосныг тогтоолгох шаардлага атлаа, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулж гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх дараагийн хүнийг томилох тухай огт дурдаагүй байна. Нэхэмжлэл гаргаснаас хойш Т ХХК-ийн гүйцэтгэх захирал С нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2023.01.20-ны өдөр тушаал гаргаж, Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2023.03.02-ны өдөр хуралдуулахаар зарласан бөгөөд хурлын зарыг хувьцаа эзэмшигч А ХХК-д шуудангаар хүргүүлсэн. Гэвч тус хуралд тус компанийн захирал Б оролцоогүй бөгөөд ямар нэг санал ирүүлээгүй. Хувьцаа эзэмшигч Ч, П ХХК-ийн захирал С нар хуралдаж Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 62 дугаар зүйлийн 62.1.16 заасны дагуу Компанийн гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг 1 жилийн хугацаагаар сунгаж, тогтоол гаргасан. Энэ тогтоол хүчинтөгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь өмнөх шигээ компанийн үйл ажиллагаа тогтворжиж ашиг орлого олох боломж бүрдэж эхлээд байхад зориуд санаатайгаар энэ мэт шүүхийн маргаан үүсгэж урьдын адил компанийн үйл ажиллагаанд саад учруулах зорилго агуулж байна хэмээн үзэж байна. Компанийн гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг дуусгавар болгосон бол дараагийн гүйцэтгэх захирлыг томилох тухай асуудлыг хэлэлцэж улмаар дараагийн гүйцэтгэх захиралдаа компанийн үүсгэн байгуулах бичиг баримт болох гэрчилгээ, дүрэм, тамга зэргийг шилжүүлэн өгдөг. Гэтэл нэхэмжлэгч нь компанийн тамга, гэрчилгээ, дүрэм, тамга зэргийг хувьдаа авч компанийн үйл ажиллагааг санаатайгаар зогсоох санаа агуулж буй нь уг нэхэмжлэлийн шаардлагаас шууд харагдаж байна. Компанийн тамга бол тус компанийг гуравдагч этгээд болон төрийн эрх бүхий байгууллагад бусад хуулийн этгээдээс ялгадаг цор ганц зүйл бөгөөд түүнийг хувьцаа эзэмшигч өөртөө авч буй үйлдэл нь хууль болоод компанийн эрх ашигт нийцэхгүй байна. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгч шийдвэрлэж өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс Т ХХК-ийн дүрэм, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.06-ны өдрийн ..... дүгээр захирамж зэргийг ирүүлсэн байна. /хх-ийн 7-11/

 

4. Хариуцагчаас 2023.03.02-ны өдрийн төлбөрийн баримт, Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.01.20-ны өдрийн тушаал, Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023.03.02-ны өдрийн тогтоол, хавсралт, Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023.03.02-ны өдрийн ээлжит хурлын тэмдэглэл, 2023.01.27-ны өдрийн шуудангийн баримт, өдрийн сонин зэргийг ирүүлсэн. /хх-37-47/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...С нь 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс Т ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Тус шийдвэр гаргалтад манай компани оролцоогүй ба одоог хүртэл Сыг Т ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэр, нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг танилцуулаагүй. С нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг гүйцэтгэх захирал болсон үеэсээ нэг ч удаа зарлан хуралдуулаагүй тул түүний гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсон байна. Сын бүрэн эрх нь хуулийн дагуу дуусгавар болсон байхад одоог хүртэл компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох бусад баримт бичиг, тамга тэмдгийг өөрийн мэдэлд байлгаж байна. Иймд хариуцагч Соос компанийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ: ... 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Т ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд томилогдсон цагаасаа хойш ямар нэгэн цалин урамшуулал авч байсан зүйл огт байхгүй. ... Нэхэмжлэгч нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд нэг ч удаа хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаар бидэнд шаардлага хүргүүлж байгаагүй бөгөөд өөрөө хуулиар өөрт нь тусгайлан олгогдсон эрхээ зориуд хэрэгжүүлээгүй атлаа шүүхэд нэхэмжлэл гаргаж буй нь үндэслэлгүй юм. ...Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 62 дугаар зүйлийн 62.1.16 заасны дагуу Компанийн гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг 1 жилийн хугацаагаар сунгаж, тогтоол гаргасан. Энэ тогтоол хүчин төгөлдөр болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Т ХХК нь ........ хаягт үйл ажиллагаа явуулдаг болох нь, түүнчлэн 2019 оны 03 сарын 01-ний өдрөөс тус компанийн гүйцэтгэх захирлаар С ажиллаж байгаа болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан Т ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа /open.data.mn/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

6. Тус компани нь 3 хувьцаа эзэмшигчтэй байх ба Ч 33 хувь, П ХХК 33 хувь, А ХХК 34 хувьцааг эзэмшдэг болох нь компанийн дүрэм болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

7. Тус компанийн гүйцэтгэх захирал Сд хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2023.01.20-ны өдөр тушаал гаргаж, Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2023.03.02-ны өдөр хуралдуулахаар зарласан байх ба хувьцаа эзэмшигчдийн хурал 66.6 хувийн ирцтэйгээр, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хуралдсан уг хурлаар тус компанийн компанийн 2022 оны санхүүгийн тайланг баталгаажуулах, гүйцэтгэх захирлын үйл ажиллагаа явуулах эрхийг сунгах тухай асуудлыг хэлэлцэж, тус компанийн гүйцэтгэх захирал Сын бүрэн эрхийг 1 жилийн хугацаатайгаар сунгасан хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол болон тэмдэглэлийг ирүүлсэн байна. /хх-38-44/

 

8. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна. гэж, 59.4-т Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна. гэж, 61.2-т Энэ хуулийн 61.1.2-т заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-д гаргах эрхтэй. гэж, 61.6-д Энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас татгалзсан төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргаж болно. гэж тус тус заажээ.

 

9. Хуулийн эдгээр заалтаас дүгнэхэд хувьцаа эзэмшигч А ХХК нь Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Сын компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсныг тогтоож, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг гаргуулахаар шаардах эрхгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн талаарх баримтыг ирүүлээгүй, энэ талаараа нотлоогүй байна.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сод холбогдуулан Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Сын компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсныг тогтоож, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг гаргуулах нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                  

 

                     

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХЖАРГАЛ