| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Золбоо |
| Хэргийн индекс | 195/2025/2038/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2376 |
| Огноо | 2025-10-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.3., 26.1.1., |
| Улсын яллагч | Э.Д |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2376
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтөлж,
улсын яллагч Э.Дөлгөөн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н, түүний өмгөөлөгч Б.Хонгорзул,
шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б*** овогт Ц.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2506000000804 дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б*** овогт Ц.Б (РД:********).
Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Ц.Б нь Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр **** тоотод байрлах гэртээ байхдаа 2025 оны 01 дүгээр сарын 23-аас 02 дугаар сарын 27-ны өдрийн хооронд “****” ХХК-ийн эзэмшлийн данснаас нийт 60 удаагийн гүйлгээгээр 297,800,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад их хэмжээний хохирол учруулсан,
Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр **** тоотод байрлах гэртээ байхдаа 2025 оны 01 дүгээр сарын 23-аас 02 дугаар сарын 27-ны өдрийн хооронд “****” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны аппликейшнд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ “Би **** ХХК-д 2 сарын хугацаатай нягтлан бодогчоор ажиллах гэрээ байгуулсан. Цаашдаа компанийн үйл ажиллагаа явагдах юм бол урт хугацааны хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллана гэж хоорондоо тохиролцсон. Миний бие тухайн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Мэйл хаягийг хуурамчаар үйлдсэн гээд байгаа боловч тухайн үед би энэ байгууллагын бичиг баримт, гэрчилгээ гарахаас эхлэн бүх үйл ажиллагаанд оролцсон. Шинээр татварын системд бүртгүүлэхэд мэйл хаяг хэрэгтэй байна гэхэд энэ байгууллагад мэйл хаяг байхгүй байсан тул шинэ мэйл хаяг нээ гэж орчуулагч **** хэлсэн. Тэгээд би шинэ мэйл хаяг нээж ****-д мэйл хаяг болон кодыг нь өгсөн. Би мэйл хаягийг санаатайгаар хуурамчаар үйлдээгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н мэдүүлэхдээ “Манай компанийн хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан байгаа. Харин бидний зүгээс өмгөөлөгчийн зардлыг нэхэмжилж байна” гэв.
Шүүгдэгч Ц.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** тоот гэртээ байхдаа “****” ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны ******** дугаартай дансанд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтрэн танилцаж, улмаар тус данснаас олон удаагийн үйлдлээр 297,800,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас),
Хохирогч “****” ХХК-ийн гүйцэтгэх захирал **** (****)-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас, 25-26 дугаар хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 159-160 дугаар хуудас),
Хохирогч “****” ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны ******** дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 38-42 дугаар хуудас),
Шүүгдэгч Ц.Б, хохирогч “****” ХХК-ийн жолооч **** нарын хоорондоо харилцсан ви чатны хуулбар (хавтаст хэргийн 43-49 дүгээр хуудас),
Шүүгдэгч Ц.Б-н эзэмшлийн Хаан банкны ******** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 58-83 дугаар хуудас),
Шүүгдэгч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 93 дугаар хуудас), авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 86 дугаар хуудас), эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах (хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас), жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 91 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 92 дугаар хуудас), регистрийн дугаарын лавлагаа (хавтаст хэргийн 95 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 96 дугаар хуудас), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 97 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 98 дугаар хуудас).
I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл:
Шүүгдэгч Ц.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** тоот гэртээ байхдаа “****” ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны ******** дугаартай дансанд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтрэн танилцаж, улмаар тус данснаас олон удаагийн үйлдлээр 297,800,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан болох нь хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, дансны хуулгууд, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, харилцан яриа бүхий ви чатны хуулбар, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэргийн ойлголт, шинж, хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан идэвхтэй үйлдэл байх бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.
“Кибер орчин” гэж мэдээлэлд хандах, нэвтрэх, цуглуулах, түүнийг боловсруулах, хадгалах, ашиглах боломж олгож байгаа мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний орчныг гэж,“кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан” гэдгийг үгийн шууд утгаар нь тус тус ойлгоно.
Хулгайлах гэмт хэргийн ойлголт, шинж, хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс (300,000 төгрөг) дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.
Харин энэ гэмт хэргийг “их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж” үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд их хэмжээний хохирол гэдэг нь тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсныг хэлэх ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж” үйлдсэн гэмт хэргийн шинжийг мөн хангасан байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан кибер аюулгүй байдал болон бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ц.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Б-н үйлдлүүдийн хувьд үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “кибер орчинд хууль бусаар халдах” болон “хулгайлах” төрлийн хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нь “...Хавтаст хэрэгт шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргүүдийг үйлдсэн талаарх нотлох баримт хангалттай цуглараагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэн цагаатгаж өгнө үү” гэж маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангагдсан, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд шүүгдэгч Ц.Б-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “****” ХХК-д 297,800,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Ц.Б-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Бусад нэхэмжлэлийн тухайд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн зардлыг нэхэмжилж байгаагаа илэрхийлсэн.
Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр” гэж заасан байх тул энэ шийтгэх тогтоолоор хохирогчоос гарсан өмгөөлөгчийн зардлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд хохирогч “****” ХХК нь өөрт учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б-д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 4 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж тусад нь эдлүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Ц.Б-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул дээрх зүйл, хэсэг, заалтуудад заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба хохирол төлсөн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, түүнд оногдуулсан торгох ялыг цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүгдэгч торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.
III. Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б*** овогт Ц.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 2700 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаас тусад нь эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
7.Хохирогч “****” ХХК нь өөрт учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдсугай.
8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЗОЛБОО