| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2023/02502/И |
| Дугаар | 101/ШШ2023/03191 |
| Огноо | 2023-06-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2023/03191
| 2023 06 23 | 101/ШШ2023/03191 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Ө” ХХК /рд:/-д холбогдох
9,109,621 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О, Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.О, Б.Н нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: Манай компани шатахуун, дизель түлш бөөнөөр болон жижиглэнгээр худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тээвэр хийж байгаа компани болон тээврийн жолооч нарт гэрээ хийн 15 хоногийн хугацаатай түлш зээлээр худалдан борлуулдаг болно. “Ө” ХХК-ийн хүсэлтийн дагуу 2020 оны 05-р сарын 15 -ний 20/0515 тоот “ШАТАХУУН ХАНГАМЖИЙН ГЭРЭЭ”-г 7 сар 15 хоногийн хугацаатай байгуулсан. Энэхүү гэрээний дагуу шатахуун зээлээр худалдаж, худалдан авч байсан болно. Гэтэл “Ө” ХХК нь тус “Г” ХХК-ийн ШТС-аас 2021 оны 05-р сарын 24-ний өдрөөс 2021 оны 10-р сарын 05 - ний өдөр хүртэл зээлээр худалдан авсан түлшний тооцооны үлдэгдэл 6,073,081 (үндсэн мөнгө) төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Бид удаа дараалан иргэн “Ө” ХХК-ийн захирал Д.Бтэй холбогдож зээлээ төлөхийг шаардсаар ирсэн ба тус компани уг тооцоог 2022 оны 05-р сарын 01-ний дотор бүрэн барагдуулна гэсэн боловч одоог хүртэл тус тооцоог барагдуулаагүй байна. Г ХХК ерөнхий нягтлан Ц.Батчимэг болон Ө ХХК-ийн захирал Д.Б нарын 22/002 тоот “ТООЦООНЫ ҮЛДЭГДЛИЙН БАТАЛГАА”-г 2022 оны 01-р сарын 05-ний өдрийн байдлаар хийж үзэхэд тус “Ө” ХХК -ийн үндсэн түлшний тооцоо 12,073,081 төгрөг байжээ. Үүнээс 2022 оны 05-р сарын 18-ний өдөр 6.000.000 төгрөг төлсөн ба одоо 6,073,081 төгрөг үлдээд байна. Иймд “Ө” ХХК-с 2021 оны 05-р сарын 24-ний өдрөөс 2021 оны 10-р сарын 05 - ний өдөр хүртэл худалдан авсан түлшний үлдэгдэл тооцоо 6,073,081 төгрөг, энэхүү “ШАТАХУУН ХАНГАМЖИЙН ГЭРЭЭ”-ний 5.2.1, 6.3-д заасны дагуу алданги 3,036,540 төгрөг (50 хувьд нийцүүлэн тооцов) , НИЙТ 9,109,621 ( есөн сая нэг зуун есөн мянга зургаан зуун хорин нэгэн ) төгрөг гаргуулах, маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул хүлээн авна уу.
1а. Хариуцагч тал хурлын тов мэдсэн боловч ирээгүй тул хурлыг үргэлжлүүлэх хүсэлтэй. Нэхэмжлэгч нь шатахуун худалдах үйл ажиллагаа явуулдаг. Тээврийн жолооч нарт 15 хоногийн хугацаагаар зээлээр худалддаг. Улмаар хариуцагчтай гэрээ байгуулж шатахуун зээлээр худалдсан. Нийт үлдэгдэл тооцооны талаар талууд акт үйлдсэн. Энэний дагуу төлбөр төлөгдөөд үлдэгдлийг төлөөгүй тул гэрээний 5.2.1-т зааснаар алданги тооцсон. Алданги нь 10 сая гаруй болж байгаа бөгөөд хуулийн дагуу 50 хувиар тооцсон. Нийт 9,109,621 төгрөг шаардаж байгаа юм. Хариуцагч нь нэхэмжлэл гаргасны дараа 3 сая төгрөг төлсөн тул үүнийг хасаад 6,109,621 шаардана. Хариуцагчийн тайлбарын хувьд худалдан авснаа зөвшөөрдөг. Мөн 2022.4.8-д манайд хүсэлт ирүүлдэг. Төлбөр төлөх талаар хүсэлт ирүүлж бид хугацаа олгосон боловч үндэслэлгүйгээр алданги төлөхгүй гэсэн байна. Ямар үндэслэлээр алданги төлөхгүй гэж байгаа нь тодорхойгүй байна. Талууд гэрээг харилцан тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд худалдан авсан талаар маргаагүй гэв.
2. Хариуцагч “Ө” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нийт худалдан авсан түлшний үлдэгдэл 6,073,081 төгрөгийн үлдэгдэлтэй алданги 3,036,540 гэх ба манай компани үндсэн үлдэгдлээс 3,000,000 төлсөн ба түүний үлдэгдэл болох 3,073,081 төгрөгийг төлөхөд бэлэн харин алданги гэх тооцоог төлөхөөс татгалзаж байна гэжээ.
3. Нэхэмжлэгч нь шүүхэд дараах нотлох баримтыг ирүүлсэн: 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шатахуун хангамжийн гэрээний хуулбар /хх5-6/, тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар /хх12/, тооцооны баримтын жагсаалтын хуулбар /хх13/, зарлагын падааны хуулбар 9 ширхэг /хх14-18/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагч нь 3,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг биелүүлснийг баталж, хариуцагчаас 6,109,621 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Г” ХХК нь гэрээний үүрэгт үндсэн төлбөр 6,073,081 төгрөг, алданги 3,036,540 төгрөг, нийт 9,109,621 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 3,000,000 төгрөг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 6,109,621 төгрөг гаргуулах тухай шаардлагаа дэмжсэн.
3. Хариуцагч “Ө” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийг төлж, үндсэн төлбөрөөс үлдэх 3,073,081 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алдангийг төлөхгүй гэж маргасан.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О нь хариуцагчийг 3,000,000 төгрөг төлсөн болохыг зөвшөөрсөн тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлснийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Учир нь хариуцагч нь зарим шаардлагыг биелүүлсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй бөгөөд хуульд харшлахгүй юм.
5. Зохигчид 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шатахуун хангамжийн гэсэн нэртэй гэрээ байгуулсан байна. /хх5-6/
Гэрээний удиртгал хэсэг болон 2.1, 5.2-д зааснаар нэхэмжлэгч нь зээлээр болон бэлнээр тогтоосон үнээр шатахуун худалдах, хариуцагч нь үнийг 15 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон байна. Мөн ийнхүү худалдан авахдаа 15 хоногт үнийг төлбөл хүү, алданги төлөхгүйгээр тохиролцжээ.
Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлыг доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээнэ.
6. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу шатахуун нийлүүлсэн болох нь хэрэгт байгаа зарлагын баримтуудаар тогтоогдсон. /14-18/
Улмаар талууд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 12,073,081 төгрөгийг төлбөрийн үлдэгдэлтэй байгаа талаар тооцоо нийлж акт үйлджээ. /хх12/
Цаашлаад, нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах үед 6,073,081 төгрөгийн үнэ төлөгдөөгүй гэж тайлбарласан бол хариуцагч нь энэхүү үлдэгдэл төлбөрийн мөнгөн дүнг зөвшөөрсөн. /хх32/
7. Гэрээний 5.2.1, 6.3-т талууд төлбөр төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна. Ийнхүү тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцнэ.
7а. Нэхэмжлэгч нь шүүхэд 2023 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагч нь тооцооны үлдэгдлийн баталгаанд заасан хугацааг 546 хоногоор хэтрүүлсэн байна.
Үүнээс алдангийг тооцвол 1 хоногт 30,365.40 төгрөг, 546 хоногт 16,579,508.40 төгрөгийн алданги тооцогдох боловч нэхэмжлэгч нь алдангид 3,036,540 төгрөг шаардсан нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцсэн байна.
8. Иймд хариуцагчид гэрээний дагуу нийт 9,109,621 төгрөг төлөх үүрэг үүссэн бөгөөд төлсөн төлбөр болох 3,000,000 төгрөгийг хасаад 6,109,621 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай.
Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн бол улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувиас чөлөөлөх тул 3,000,000 төгрөгт холбогдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийг төлж, шаардлагын зарим хэсгийг биелүүлснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Ө” ХХК-с 6,109,621 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 112,704 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 31,475 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Г