2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар      2025/ШЦТ/2393

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтөлж,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

хохирогч “****” ТӨХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Д,

шүүгдэгч Я.Г, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Д.Отгонбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос О*** овогт Я.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102003440120 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Улсын дээд шүүхээс хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О*** овогт Я.Г (РД:********).

Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Я.Г нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “****” ТӨХК-ийн “Эрчим” зоогийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд тус цахилгаан станцын ажилчдын хоолонд бэлдсэн /бууз, ногоотой шөлний бөөрөнхий, котлетын амталж хөлдөөсөн, гуляшны бэлдэж амталсан, тефтелний амталж бэлдсэн, шницелийн амталж хөлдөөн бэлдсэн/ махнаас өөрийн эзэмшлийн **** УБС улсын дугаартай Toyota маркийн Highlander загварын тээврийн хэрэгслээр өөрийн үүсгэн байгуулсан “****” цэцэрлэг рүү зөөвөрлөж, “****” цайны газрын ажилчдыг ажлын бус цагаар ажиллуулан хоол үйлдвэрлэж, Онцгой байдлын ерөнхий газартай байгуулсан “үйлчилгээ үзүүлэх” 129 дугаартай гэрээний дагуу “****” зочид буудалд коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын голомттой улс орноос ирсэн эмнэл зүйн шинж тэмдэггүй тусгаарлалтад байрлаж байгаа иргэдэд хоол нийлүүлж буюу авч хувийн хэрэгцээндээ зарцуулан завшиж “****” ТӨХК-д үргэлжилсэн үйлдлээр 12,605,805 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Гэрэлмаа мэдүүлэхдээ “Миний бие 1991-2022 он хүртэл тус цахилгаан станцад ажилласан. Хувийн шалтгааны улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн. Манай байгууллага нийтдээ 1,500 хүний хоол бэлтгэдэг. Ү.Т гэдэг хүн захирлаар томилогдож ирээд манай гал тогоог хувьчлах, хувьчлахдаа өөрийн хамаарал бүхий хүмүүсийг оруулах тухай асуудал ярьсан. Үүнээс үүдэн бид маргалдаж эхэлсэн. Манай цайны газрыг авах санаархал энэ хүнд байсан. Би ажлаасаа гарахгүй байж байгаад тэтгэвэртээ гарах санаатай мөн намайг ажлаас гарчихвал хоолны чанар муудна гэдгийг би удаа дараа хэлж байсан. Мөн энэ хүн бол албан ёсны болон албан ёсны бус 4-5 эхнэртэй. Захирлууд амралтад явах, салхинд гарах зэргээр бид хамт явж байсан. Намайг өөртэй нь гэр бүлээс гадуурх харилцаатай байх саналыг тавьж байсан ч би зөвшөөрөөгүй. Өөрт нь зөвшөөрсөн хариу өгөөгүй болохоор намайг заналхийлж жилд 2 удаа аудитын шалгалт болон эрчим хүчний яамны шалгалт, сангийн яамны шалгалтуудыг оруулсан. Энэ шалгалтуудаар ямар ч зөрчил илрээгүй. Би сүүлийн 10 гаруй жил удирдах албан тушаалд ажиллаж, ажилдаа үнэнчээр ажиллаж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд 1 килограмм мах дутаж байгаагүй. Ковидоос үүдэлтэй өндөржүүлсэн бэлэн байдал улсын хэмжээнд зарлаж ковидын шинжилгээ өгөөгүй хүнийг нэвтрүүлдэггүй байсан. Энэ үед манай гал тогооны ажилчдын 30 хувь нь ажиллаж байсан. Долоо хоногийн 2 өдөр нь би ажиллаж 3 өдөр нь цахимаар хуралд орж цар тахлын нөхцөл байдалтай холбоотой хэдэн хүн хоол идсэн, хэдэн хүн хоол идээгүй зэрэг мэдээллүүдийг илтгэдэг байсан. Тухайн үед ажлын цагаа би ERP системээр бүртгүүлдэг байсан бөгөөд миний орсон, гарсан цагуудыг тогтоох боломжтой. Тэр үед дарга нарын 20 гаруй машинууд орж гардаг, бид нарын утсанд программ суулган хаана явж байгааг хянадаг байсан. Ковидын үед мах дутсан гэх 1-2 дугаар саруудад би гэрээсээ ажилласан. 1 тонн 200 килограмм жинтэй махыг би ажил руу орон аваад явах боломжгүй. “****” цэцэрлэгийн нэрээр “****” зочид буудалд байрлан халдвар хамгааллын дэглэм сахиж байгаа хүмүүст хоол нийлүүлж байсан нь үнэн. Хөл хорионы дэглэм тогтоосон бүсэд байгаа хүмүүс хоолны амт чанарыг шүүмжилсэн тул 3 байгууллагаас гэрээ цуцалсан гээд надад төрөөс санал тавих үед би дэлхийн нийтийг хамарсан цар тахлын үед тус больё гэж бодон 8 дугаар сард гэрээ байгуулсан. А гэдэг хүний мэдүүлгээр миний машинд мах ачиж байх үеийн зураг гаргаж өгсөн. Энэ зургийг үзвэл зуны улирлын зураг байх бөгөөд мах 1-2 дугаар саруудад дутсан мөн өвлийн зураг бол цастай байх байсан. Тухайн зургууд нь станцад өдөр бүр хийгддэг хоолны бэлдцийн зургуудыг гаргаж өгсөн байсан. Улсын яллагч нотлох баримт шинжлэхдээ 3 дугаар сарын 20-ны өдрийн зураг гэж шинжлэн судлуулж байна. Энэ зураг бол нягтлан Т гэдэг хүн буяны ажил гарсан хоол хийгээд өгөөч гэсэн хүсэлтийн дагуу хоол хийж өгсөн. Тэр үед шинжилгээ өгөөгүй бол станц руу оруулдаггүй байсан бөгөөд хоол авахаар ирэх үед нь онцгой дэглэм тогтоосон учир оруулахгүй байсан. Ийм учраас намайг туслаач гэхээр нь би хоолыг нь хүргэж өгсөн. Гэтэл энэ зургийг гаргаж өгсөн байна. Намайг ажилтнуудаа цалингүй ажиллуулаа гэж ярьж байна. Би 40 гаруй ажилтантай байсан бөгөөд үүний 30 гаруй нь эмэгтэй хүмүүс байсан. Би 13,000,000 төгрөгийг хуримтлалд хийж өгсөн. Намайг ажлаас гарсны дараа тэр хүмүүс хүүхдүүддээ бэлэг авч өгч, амралтад явж бүгдээрээ нийлж захиран зарцуулж дууссан. Ү.Т захирал өмнө нь **** инженер албан тушаалтай байсан бөгөөд ****-д томилогдон ирэхдээ харуул хамгаалалтын албыг бүрэн бүрэлдэхүүнээр нь сольж өөрийнхөө нутгийн дүү н.Б-г харуулын албаны даргаар томилж, өөрийн хамаарал бүхий хүмүүсийг ажиллуулсан. Тухайн үед алба хаагч нарыг рентгенээр шалган мөн машинд байгаа эд зүйлсийг шалгадаг байсан. Би Мөнгөн захирлыг гэрчээр оролцуулж шүүх хуралдаан дээр нүүрэлдэх хүсэлттэй байсан ч гэрчээр оруулж ирээгүй. Харуул хамгаалалтын алба хаагч нар одоо үнэгүй хоол идэж байгаа. Энэ бүхэн Ү.Т гэдэг хүний захиалгаар явсан. Манай байгууллага нийт 47 ажилтантай байсан. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч манай 7 ажилтнаас тус бүр 2 удаагийн мэдүүлгийг авсан байсан. Мэдүүлэг өгсөн хүмүүс нь өнөөдөр дарга, ахлах тогооч, нярав зэрэг албан тушаал дэвшсэн байна. Хүүхэд асрах чөлөөтэй байсан Д гэдэг эмэгтэй Авлигатай тэмцэх газарт очиж 2 удаагийн мэдүүлэг өгсөн. Энэ эмэгтэй бол 3 жилийн хугацаанд 2 удаа төрсөн бөгөөд 8 сартай хүүхдээ харахгүй миний ажлыг 3 хоногийн дараа ирж хүлээж авсан. Тэр хүн надтай 3 жил хамт ажиллаагүй. Манай ангийн Э гэдэг эмэгтэй мөн мэдүүлэг өгсөн байсан бөгөөд  ажлаасаа гарсан байхад нь би ажилд авч байсан. Сүүлдээ Ү.Т захирлын хоолыг хийдэг болсон. Би ажилтнуудаа хөдөө авч явахдаа Эрдэнэчимэг, Булгаа гэдэг хоёр ажилтнаа авч явдаг байсан. Гэтэл энэ 2 хүн хоёулаа Ү.Төмөрхуяг захиралтай дотно, гэр бүлийн харилцаатай болсон. Одоо энэ 2 хүн албан тушаал дэвшсэн байгаа. Би 40 ажилтнаас мэдүүлэг авах талаар хүсэлт гаргасан боловч 7 ажилтнаас мэдүүлэг авсан. Миний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлоогүй бөгөөд энэ бүхэн гүтгэлэг. Ковидын үед хоол үйлдвэрлэлийн бүх байгууллагууд ажилладаггүй байсан болохоор буяны болон сайд нарын хоолыг манайхаас авдаг байсан. Тэр үед тогооч, жолооч нарт хоолны баримтыг би үзүүлж байгаагүй, үзүүлэх шаардлага байхгүй. Гэхдээ би энэ талаарх баримтуудаа гаргаж өгсөн. Мөн би өөрийнхөө картыг ажилтнууддаа өгөөд миний нэрээр уншуулчхаарай гэхэд манай ажилтнууд өөрсдийнхөө нэрээр уншуулж, тушаасан байсан. Ийм болохоор миний нэр дээр харагдахгүй. Энэ талаар би хүсэлт гаргахад нотлох баримтыг цуглуулаагүй. Станц дээр би баримтаа авах гээд очиход намайг оруулахгүй хөөж гаргасан. Би хувийн эд зүйлсээ ч авч чадаагүй байгаа. Ажлын 1300 гаруй гишүүнтэй фейсбүүк цахим группт би Ү.Т захирлын үнэн байдлыг бичсэн. Энэ нийтлэлийг даруй устгаж цахим группийг хааж, үүнээс хойш 3 хоногийн дараа намайг ажлаас халсан. Би ажилтнууддаа ээж шиг нь хандаж гадаад улс руу явуулдаг байсан. Бид нар наадмаар хамтдаа ажиллаж 40,000,000-50,000,000 төгрөг олж энэ мөнгөөрөө шинэ жилийн баяраа тэмдэглэдэг байсан. Манай гэр бүл намайг 1 тонн мах авч явах хэмжээнд хүмүүжүүлээгүй, ийм асуудалд орох хүн би биш. Би 12 дугаар сар, 01 дүгээр сар, 02 дугаар саруудад мах худалдаж авсан. Махны худалдаа эрхэлдэг Г гэдэг хүнээс хэдэн тонн мах авсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Мах дутсан гэх 1-2 дугаар саруудад би 18 хоног ажилласан байдаг. Тэгэхээр би өдөрт 100 килограмм мах авч явах боломжгүй. Манай байгууллагыг тусгай цагдаа нар хамгаалдаг. Ковидын үед хүний нөөцөөс надад 400 ажилтан ажилласан гэдэг тоо судалгаа ирүүлдэг. Үүний 250 ажилтан нь хоолонд ордог үлдсэн хүмүүс нь ковид авчихна гээд хоолонд ордоггүй байсан. Ахлах тогооч Д.О, Э нарт хяналт тавиагүй нь миний буруу. Хэрэв би дээрх албан тушаалтнуудад хяналт тавьж тооллого болон устгал хийлгэж байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Монгол Улсын ерөнхий аудитор хүн энэ махыг хариуцлага алдаж дутаасан бөгөөд нягтлан тооллого хийгээгүй, программаас мэдээллээ татаагүй зэрэг асуудлаас үүссэн байна. Хэрэв энэ ажиллагааг хийсэн бол мах дутахгүй байсан гэж дүгнэсэн. Дахин цагдаагийн газраас шинжээч томилж шинжилгээ хийлгэсэн. Энэ шинжилгээгээр мөн л буруу дүгнэсэн. Учир нь яагаад мах дутсан гэдэг шалтгааныг олж тогтоолгүйгээр, зөвхөн аудитор А шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн. Миний бие Д.О-той 50 гаруй жил хамт ажилласан бөгөөд хариуцлага алдсаны улмаас Д.О ажлаасаа халагдсан. Ковидын үед нэг өдөр цахимаар, нэг өдөр биечлэн ажиллаж байсан. Энэ хооронд мах дутсан. Манай нөхрийг Авлигатай тэмцэх газраас шалгасан бөгөөд зөрчил илрээгүй болохоор намайг шалгасан. Би тухайн үед өмгөөлөгч Т.Багахүүтэй хамт мэдүүлэг өгсөн. Ү.Т захиралтай би өрөөнд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэхдээ Д.О гэдэг хүнийг яагаад ажлаас нь халж байгаа юм бэ, энэ хүн чинь өрх толгойлсон эмэгтэй, хорт хавдартай хүн болохоор буцаагаад ажилд нь авчих гэж хэлэхэд зөвшөөрсөн. Ингээд маргааш нь Д.О-г ажилд авсан хэдий ч шинэ ажилтнаар тооцон үндсэн цалинг 1,000,000 төгрөгөөр тогтоосон болохоор удаан жилийн нэмэгдэл өгөх боломжгүй болсон. Тэтгэвэртээ гарах гэж байсан тул Д.О шүүхэд хандаж шүүхээс буцаан ажилд нь томилохыг даалгасан. Шүүхэд хандахаас нь өмнө махаа төл гэхэд цалингаасаа төлье гэж хэлсэн. Ажилдаа орон цалингаа авч байгаад станцаас авсан ажилгүй байсан хугацааны цалингаараа махны хохирлоо нөхөн төлсөн. Ингээд станц хохиролгүй болсон. Энэ хэрэгт Д.О, Э гэх мэт 5 ээлжийн ахлах тогооч нар бүгд буруутай байсан. Эдгээр хүмүүсийн дарга нь би болохоор буруутай ч гэсэн би эд хариуцагч биш. Эд хөрөнгө хариуцдаг хүмүүст шаардлага тавиагүй нь миний гэм буруутай үйлдэл. Би алдаагаа хүлээн зөвшөөрч байгаа. Ёс зүйн хороонд манай ажилтнууд гомдол гаргаж байсан. Энэ хэргээс болж би 4 жил шүүхээр явж эрүүл мэндээрээ хохирч нойргүйдэлд өртсөн. Харуулын бүртгэлийн дэвтэр дээр энэ хүн нохойны хоол авсан гэдэг бүртгэл нь байдаг. Гэтэл намайг 100 килограмм мах аваад явсан бүртгэл дэвтэр дээр байдаггүй. Би ковидын үед чадвартай тогооч нарыг илүү цагаар ажиллуулж 13,000,000 төгрөгийг хуримтлуулсан. Энэ мөнгөөр манай ажилтнууд Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болон хүүхдийн баярыг тэмдэглэн амралтад явсан. Би хүнийг цалингүй ажиллуулсан удаа байхгүй. Намайг ажлаас гарснаас хойш манай ажилтнуудын 50 хувийг ажлаас халсан. Ү.Т гэдэг хүнийг хэдэн эхнэртэйг сошиалаас харж болно. Би Ү.Т захирлын саналыг хүлээн зөвшөөрч нууц амраг нь болох ёстой байсан юм уу. Би үнэхээр харамсаж байна. Намайг гэмт хэрэг үйлдсэнийг нотолсон баримт байхгүй. Улсын их хурлын даргыг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байхад намайг хэлмэгдүүлэх амархан байх гэж бодож байна. Тухайн үед зах зээл дээр нэг килограмм махны үнэ 7,500 төгрөг байсан. Махны хохирлын мөнгийг О-р төлүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмж төлүүлсэн. Хуулиараа мах, гурил зэрэг нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгддөг. Үүнээс би хүнийг яаж харлуулж, ажилгүй болгож чаддаг гэдгийг харж байна. Би Ү.Т гэдэг хүнээс айж байна. Энэ хүний аав нь прокурор байсан гэж ярьдаг. Намайг ковидын шинж тэмдэгтэй хүнийг ажиллуулсан гэж буруутгаж ажлаас халж би хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоор орон ялж байсан. Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр би өмгөөлөгчгүй орон мөн ялж байсан. Тэр үед надад 800,000 төгрөгийн цалин нөхөж олгосон. Ковидын бараа материал гэж маск, цэвэрлэгээний бодис зэргийг надад хүчээр өгсөн. Манайхаар хүн цөөхөн үйлчлүүлсэн учир нөгөө бараанууд нь илүү гарсан тул надад тушаалаар дахин арга хэмжээ авсан. Жилд 3 удаа надад арга хэмжээ авч хамгийн сүүлд нь Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар Э гэдэг хүний үснээс нь татсан гэж буруутган намайг ажлаас халсан. Намайг станц руу оруулахгүй байгаа болохоор би мөнгө тушаасан баримтаа авч чадахгүй байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “****” ТӨХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Д мэдүүлэхдээ “2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хооронд мах дутсан асуудал гарсан. Тухайн үед шүүгдэгчийг буруутай гэж үзээгүй. Ахлах тогооч Д.О-г эд хариуцагч учир буруутай гэж аудитын дүгнэлтээр үзэн ажлаас нь чөлөөлсөн. Энэ хэргийн талаар өмнө нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Энэ шүүхийн шийдвэрээс өмнө шүүгдэгч Я.Г нь хохирол болох 12,000,000 төгрөгийг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад төлсөн. Хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Одоогоор Д.О болон шүүгдэгч Я.Г нарын мөнгийг буцаан шилжүүлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа” гэв.

Шүүгдэгч Я.Г нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” ТӨХК-д “****” цайны газрын даргаар ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тус цахилгаан станцын ажилчдын хоолонд бэлдсэн 1272.615 килограмм махыг өөрийн эзэмшлийн “Toyota Highlander” маркийн **** УБС улсын дугаартай тээврийн хэрэгслээр өөрийн үүсгэн байгуулсан “****” цэцэрлэг рүү зөөвөрлөж, “****” цайны газрын ажилчдыг ажлын бус цагаар ажиллуулан хоол үйлдвэрлэж, “****” зочид буудалд коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын голомттой улс орноос ирсэн эмнэл зүйн шинж тэмдэггүй тусгаарлалтад байрлаж байгаа иргэдийн хоолыг бэлтгэн хувьдаа завшиж хохирогч “****” ТӨХК-д 12,605,805.37 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 386 дугаартай албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 47 дугаар хуудас),

Шүүгдэгч Я.Г-н тээврийн хэрэгслийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 69 дүгээр хуудас),

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 72 дугаар хуудас, 142 дугаар хуудас),

“****”-ийн эзэмшлийн Голомт банкны ******** дугаартай дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 106-115 дугаар хуудас),

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны шуурхай штабын менежер нарын баталсан тусгаарлах байруудад дагаж мөрдөх хоолны цэс (2 дугаар хавтаст хэргийн 2-5 дугаар хуудас),

“****” зочид буудал, “****” цэцэрлэгийн хооронд байгуулсан ковид-19 цар тахлын улмаас тусгаарлалтад байгаа иргэдийн хоол, хүнсийг нийлүүлэхээр хамтарч ажиллахаар 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн **** дугаартай хамтарч ажиллах тухай гэрээ (2 дугаар хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас, )

“****” зоогийн газрын махны тооцооны талаар гаргасан дотоод аудиторын дүгнэлт, махны тооцоо (3 дугаар хавтаст хэргийн 81-84 дүгээр хуудас, 5 дугаар хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас),

“****” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б/143 дугаартай тушаал (4 дүгээр хавтаст хэргийн 80-85 дугаар хуудас),

“****” зоогийн газрын ажилчдын хоорондоо харилцсан групп чатны хуулбар (5 дугаар хавтаст хэргийн 94-110 дугаар хуудас),

Гэрч Т.А-н гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (5 дугаар хавтаст хэргийн 114-148 дугаар хуудас),

Шүүгдэгч Я.Г-н 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх цагийн бүртгэлийн мэдээлэл (5 дугаар хавтаст хэргийн 151-155 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч “****” ТӨХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 165-169 дүгээр хуудас, 6 дугаар хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас, 28-29 дүгээр хуудас),

Гэрч Г.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 175 дугаар хуудас),

Гэрч Т.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 177-180 дугаар хуудас, 182-184 дүгээр хуудас, 6 дугаар хавтаст хэргийн 88-90 дүгээр хуудас),

Гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 186-188 дугаар хуудас, 9 дүгээр хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас),

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 190-192 дугаар хуудас, 6 дугаар хавтаст хэргийн 72-75 дугаар хуудас),

Гэрч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 197-200 дугаар хуудас),

Гэрч Ү.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 202-204 дүгээр хуудас, 6 дугаар хавтаст хэргийн 53-56 дугаар хуудас),

“****” ТӨХК-ийн захиргаанд 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шүүгдэгч Я.Г-н ёс зүйн зөрчил, хууль бус үйлдэлтэй холбогдуулан гаргасан ажилчдын гомдол (5 дугаар хавтаст хэргийн 205-206 дугаар хуудас),

Гэрч Х.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 208-211 дүгээр хуудас, 9 дүгээр хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас),

Шүүгдэгч Я.Г-н “Эрчим” зоогийн газрын даргын ажлын байрны тодорхойлолт (5 дугаар хавтаст хэргийн 239-244 дүгээр хуудас),

“****” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/114 дугаартай “Орон тоо бий болгох, ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаал (6 дугаар хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас),

“****” ТӨХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн гүйцэтгэх захирлын Б/139 дугаартай шүүгдэгч Я.Г-д “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал (6 дугаар хавтаст хэргийн 7 дугаар хуудас),

“****” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаартай “Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалт батлах тухай” тушаал, нэрсийн жагсаалт (6 дугаар хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас),

Гэрч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас),

Гэрч Ц.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 31-33 дугаар хуудас),

Гэрч Г.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 35-38 дугаар хуудас, 9 дүгээр хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас),

Гэрч М.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас, 9 дүгээр хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас),

Гэрч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас),

Гэрч О.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 48-51 дүгээр хуудас),

Гэрч Н.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 68-70 дугаар хуудас),

Гэрч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 92-95 дугаар хуудас),

Гэрч Д.Г-н эзэмшлийн Хаан банкны ******** дугаартай дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (6 дугаар хавтаст хэргийн 96-98 дугаар хуудас, 100-108 дугаар хуудас),

2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай мөрдөгчийн магадалгаа  (6 дугаар хавтаст хэргийн 112-143 дугаар хуудас),

“****” ТӨХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 01/839 дугаартай албан бичиг * (6 дугаар хавтаст хэргийн 204 дүгээр хуудас),

“****” ТӨХК-ийн Ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл (6 дугаар хавтаст хэргийн 244-249 дүгээр хуудас),

“****” зоогийн газрын ажилчдын хоорондоо харилцсан болон найзууд гэсэн фейсбүүк групп чатны хуулбар (6 дугаар хавтаст хэргийн 250 дугаар хуудас, 7 дугаар хавтаст хэргийн 1-14 дүгээр хуудас),

Гэрч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 248-250 дугаар хуудас),

Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас),

Гэрч С.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас),

Гэрч Э.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас),

Гэрч Ж.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас),

Гэрч Ч.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавсралтууд (9 дүгээр хавтаст хэргийн 66-83 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (6 дугаар хавтаст хэргийн 175 дугаар хуудас), Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (6 дугаар хавтаст хэргийн 174 дүгээр хуудас),

I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл:

Шүүгдэгч Я.Г нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” ТӨХК-д “****” цайны газрын даргаар ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тус цахилгаан станцын ажилчдын хоолонд бэлдсэн 1272.615 килограмм махыг өөрийн эзэмшлийн “Toyota Highlander” маркийн **** УБС улсын дугаартай тээврийн хэрэгслээр өөрийн үүсгэн байгуулсан “****” цэцэрлэг рүү зөөвөрлөж, “****” цайны газрын ажилчдыг ажлын бус цагаар ажиллуулан хоол үйлдвэрлэж, “****” зочид буудалд коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын голомттой улс орноос ирсэн эмнэл зүйн шинж тэмдэггүй тусгаарлалтад байрлаж байгаа иргэдийн хоолыг бэлтгэн хувьдаа завшиж хохирогч “*****” ТӨХК-д 12,605,805.37 төгрөгийн хохирол учруулсан болох нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 386 дугаартай албан бичиг, шүүгдэгч Я.Г-н тээврийн хэрэгслийн лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа, дансны хуулга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны шуурхай штабын менежер нарын баталсан тусгаарлах байруудад дагаж мөрдөх хоолны цэс, “Тоёоко инн” зочид буудал, “****” цэцэрлэгийн хооронд байгуулсан ковид-19 цар тахлын улмаас тусгаарлалтад байгаа иргэдийн хоол, хүнсийг нийлүүлэхээр хамтарч ажиллахаар 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 20/78 дугаартай хамтарч ажиллах тухай гэрээ, “****” зоогийн газрын махны тооцооны талаар гаргасан дотоод аудиторын дүгнэлт, махны тооцоо, “****” зоогийн газрын ажилчдын хоорондоо харилцсан групп чатны хуулбар, гэрч Т.А-н гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Я.Г-н 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх цагийн бүртгэлийн мэдээлэл, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч, нэр бүхий гэрчийн мэдүүлэг, “****” ТӨХК-ийн захиргаанд 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шүүгдэгч Я.Г-н ёс зүйн зөрчил, хууль бус үйлдэлтэй холбогдуулан гаргасан ажилчдын гомдол, “****” зоогийн газрын даргын ажлын байрны тодорхойлолт, “****” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/114 дугаартай “Орон тоо бий болгох, ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаал, “****” ТӨХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн гүйцэтгэх захирлын Б/139 дугаартай шүүгдэгч Я.Г-д “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, “****” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаартай “Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалт батлах тухай” тушаал, нэрсийн жагсаалт, “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 01/839 дугаартай албан бичиг, “****” ТӨХК-ийн Ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл, “****” зоогийн газрын ажилчдын хоорондоо харилцсан болон найзууд гэсэн фейсбүүк групп чатны хуулбар, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 159 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хөрөнгө завших гэмт хэргийн ойлголт, шинж, хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр бүрмөсөн өөрийн эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах гэсэн санаа зорилгоор үйлдэгдэхээс гадна тухайн эд хөрөнгөнөөс өөртөө эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн ашигтай байдлыг бий болгож, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан байдаг онцлогтой.

Хууль ёсны өмчлөгчөөс тогтоосон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг шунахайн сэдэлтээр, зохих зөвшөөрөлгүйгээр өөрийн эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн хууль бус эзэмшил, өмчлөлд шилжүүлж захиран зарцуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзнэ.

Харин энэ гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн бол хүндрүүлэх шинжид хамаарахаар хуульчилсан бөгөөд нийтийн албан тушаалтан өөртөө эсхүл бусдад хууль бус давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрийн болон байгууллагын өмч, хөрөнгийг завшсан үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад засан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь тус гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Албан тушаалын байдал” гэдэгт албаны эрх нөлөө хамаарахаар бол “албаны эрх нөлөө” гэж тухайн нийтийн алба хаагчийн хувьд хууль тогтоомж, дүрэм журмаар тогтоосон эрхлэх чиг үүрэг, бүрэн эрхэд шууд хамаарахгүй ч албан тушаалын дээгүүр эрх, нийтлэг давуу байдлаар бусад албан тушаалтанд нөлөөлөх боломжийг, “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг тус тус ойлгоно.

Нөгөө талаас шүүгдэгч Я.Г-н ажлын байрны тодорхойлолтын 12.2-т “Эрхээ хэтрүүлэн урвуулан ашиглаж өөрийн буруутай үйл ажиллагаанаас компанид хохирол учруулсан, эд хөрөнгө ашиглан шамшигдуулсан болон нуун дарагдуулсан нь баримтаар тогтоогдвол хуульд заасны дагуу хариуцлага хүлээх ба шаардлагатай гэж үзвэл хуулийн байгууллагад шилжүүлнэ” гэж зааснаас үзэхэд шүүгдэгчийн хувьд байгууллагын эд хөрөнгийг хувьдаа ашиглан шамшигдуулахыг хориглосон, эд хөрөнгийг хамгаалах үүрэг хүлээсэн субъект гэж үзэхээр байна.

Түүнчлэн хохирогч “****” ТӨХК-аас мах дутсан цаг хугацаа болон “****” зочид буудалд тусгаарлалтад байгаа хүмүүст хоол бэлтгэж өгсөн цаг хугацаа хоорондоо давхацсан шалтгаант холбоотой байх бөгөөд хохирогч байгууллагын дотоод аудитын шалгалт хийснээс хойших хугацаанд мах дутаагүй, харин ч хэмнэгдэж байсан болохыг дурдах нь зүйтэй.  

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Я.Г нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Я.Г-н үйлдлийн хувьд үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна.

Өмгөөлөгч нарын дүгнэлтийн тухайд:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат “...Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хайнга хандах гэмт хэргийн шинжтэй байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэж дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хайнга хандах” гэмт хэргийн үндсэн шинж нь албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг гэмт хэрэг.

Хууль” гэж хууль тогтоох дээд байгууллагаас баталсан нийтээр дагаж мөрдөх, нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн эрх зүйн баримт бичгийг, “захиргааны хэм хэмжээний акт” гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг тус тус ойлгоно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Я.Г нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад 50,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй, нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр үйлдэгддэг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан “Хайнга хандах” гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч Я.Г-н үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү “...Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй байх тул түүнийг цагаатгаж өгнө үү” гэж маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь нэр бүхий гэрчүүдийг хувийн таарамжгүй, өс хонзонгийн сэдэлтээр, бусдын ятгалгаар, хэн нэгний ашиг сонирхлын үүднээс худал мэдүүлэг өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангагдсан, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч Я.Г-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “****” ТӨХК-д 12,605,805.37 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол бүрэн төлөгдсөн байх тул шүүгдэгч Я.Г-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Я.Г-д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат “...Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү  “...Торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Я.Г-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Я.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, хохирол төлбөрийг бүрэн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Я.Г-д 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.

III. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Г-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч О*** овогт Я.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Я.Г-д 12,000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г-д оногдуулсан торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Я.Г-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Г-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ЗОЛБОО