Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 348

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Н.Дамбадаржаа,

Шүүгдэгч Ө.Мягмардорж, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүрэн гэлэнгийнхэн овогт Өнөрсайханы Мягмардоржид холбогдох эрүүгийн 201726020840 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймаг, Жаргалант суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо Толгойт 38-р гудамж 522 тоотод оршин суудаг улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 4 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 200 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, ДЖ89081511 регистрийн дугаартай, Хүрэн гэлэнгийнхэн овогт Өнөрсайханы Мягмардорж. 

 

Шүүгдэгч Ө.Мягмардорж нь 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн автобусны буудал хүрэх замд автобусан дотор иргэн Б.Баярчимэгийн өмдний халааснаас Самсунг Галакси Е-5 загварын гар утсыг хулгайлан авч бусдад 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Мягмардорж мэдүүлэхдээ:

  Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Алтансүх энэ хэрэгт холбогдолгүй гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ө.Мягмардоржийн өгсөн:

            “... 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр буюу 07 цагийн орчим Толгойтод байдаг гэрээсээ гараад “42 цэнхэр дэлгүүр” гэсэн автобусанд суугаад Сүлжмэлийн автобусны буудал дээр буусан. Тэндээсээ хотын төв рүүгээ Толгойтын автобусанд суугаад явж байхад хүүхэд тэвэрсэн эмэгтэй хүн орж ирчихсэн зогсоод явж байхаар нь би тэр эмэгтэй хүний өмдний баруун талын халаасанд байсан  Самсунг Галакси Е-5 загварын гар утсыг нь хулгайлж аваад, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр буугаад хойшоо зам хөндлөн гараад, автобусны буудлаас нь 5 шар ордог автобусанд суусан. Тэгээд Сүлжмэлийн автобусны буудал дээр Алтансүхтэй таарсан.  Тэгээд бид 2 хамт автобусанд суугаад Саппорогийн автобусны буудал дээр буухад цагдаагийн ажилтантай таарсан. Тэгэхэд надаас хулгайлсан гар утас гарч ирсэн. Тэгээд би хулгай хийсэн талаараа ярьсан. Надад мөнгөний хэрэг гараад хулгай хийсэн. Би хулгай хийхдээ ганцаараа явж байсан ...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Б.Баярчимэгийн өгсөн:

 “... 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 7 цаг 40 минутын орчимд 10 дугаар хорооллын автобусны буудлаас Толгойтын автобусанд суугаад Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн автобусын буудал дээр очоод халаасандаа байсан Самсунг Галакси Е-5 загварын гар утсаа хулгайд алдсанаа мэдсэн. ... Тэгсэн 9 цаг 30 минутын үед манай нөхөр рүү цагдаагийн байгууллагаас яриад миний гар утсыг хулгайлсан хүнийг барьчихлаа цагдаагийн байгууллага дээр ирж гар утсаа хүлээж ав гэсэн. ... Би хулгайд алдсан гар утсаа 2016 оны 12 дугаар сард 800,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 500,000 төгрөгөөр үнэлнэ. ... Би хулгайд алдсан гар утсаа эргүүлэн авсан. Би гар утсаа доторх зураг, хадгалсан дугаар, сим карт зэргээр нь таньж байна. Одоо нэхэмжлэх зүйл болон санал хүсэлт байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.Эрдэнэсүрэнгийн өгсөн:

 “... 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 08 цаг 20 минутын орчимд би эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ган-Өсөхийн хамт ажил үүргээ гүйцэтгээд   цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппорогийн замын урд талын автобусны буудал дээр байж байхад халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүртгэлтэй байдаг Ө.Мягмардорж, А.Алтансүх нар автобуснаас бууж ирэхээр нь дуудаж уулзахад Ө.Мягмардоржийн халааснаас  Самсунг Галакси Е-5 загварын гар утас гарч ирсэн. Ө.Мягмардорж хэлэхдээ ганцаараа явж байгаад хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Дараа нь буюу сүлжмэлийн автобусны буудал дээр А.Алтансүхтэй таарсан гэж ярьсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Алтансүхийн өгсөн:

 “... 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 07 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин хотхонд байдаг гэрээсээ гараад Саппоро орох гэж явж байхад Сүлжмэлийн автобусны буудал дээр Мягмардорж зогсож байхаар нь би автобуснаас буугаад уулзсан юм. ... Тэгээд бид хоёр хамт автобусанд суугаад Саппорогийн автобусны буудал дээр буухад эрүүгийн төлөөлөгч Ган-Өсөх, Эрдэнэсүрэн нар зогсож байсан. ... Би Мягмардоржтой 8 цагийн үед таарсан. Хамт хулгайн гэмт хэрэг үйлдээгүй. ... Цагдаатай таараад бид хоёрын биед үзлэг хийхэд Мягмардоржийн биеэс Самсунг загварын гар утас гарч ирсэн. Тэгэхэд Мягмардорж хулгай хийснээ ярьсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/

 

  - Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-н 7-р хуудас/

  - Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 8-р хуудас/

  - Эд зүйлийн үнэлгээ /хх-н 9-р хуудас/ зэрэг баримууд болон,

 

шүүгдэгч Ө.Мягмардоржийн хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Б.Амарзаяагийн өгсөн:

 “... Ө.Мягмардорж миний үеэл ах ба манай хашаанд буюу Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 38-522 тоот хашаанд 4 ханатай гэрт ганцаараа амьдарч байгаа. Эхээс 4-үүлээ, айлын том хүүхэд. Охин дүү нь хүнтэй суугаад тусдаа амьдарч байгаа. Удаах дүү нь цэрэгт байгаа. Бага дүү нь жоохон байхдаа нас барсан. Ээж нь олон жилийн өмнө нас барсан. Аавыг нь мэдэхгүй  ...” гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр  хуудас/

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 27/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 29/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 28/,

- АСАП сангийн лавлагаа /хх-н 37-42/,

- Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 4 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 31-32/,

- Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-н 37/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

            Шүүгдэгч Ө.Мягмардорж нь 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн автобусны буудал хүрэх замд автобусан дотор иргэн Б.Баярчимэгийн өмдний халааснаас Самсунг Галакси Е-5 загварын гар утсыг хулгайлан авч бусдад 500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад  мэдүүлсэн шүүгдэгч Ө.Мягмардоржийн “... 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр буюу 07 цагийн орчим Толгойтод байдаг гэрээсээ гараад “42 цэнхэр дэлгүүр” гэсэн автобусанд суугаад Сүлжмэлийн автобусны буудал дээр буусан. Тэндээсээ хотын төв рүүгээ Толгойтын автобусанд суугаад явж байхад хүүхэд тэвэрсэн эмэгтэй хүн орж ирчихсэн зогсоод явж байхаар нь би тэр эмэгтэй хүний өмдний баруун талын халаасанд байсан  Самсунг Галакси Е-5 загварын гар утсыг нь хулгайлсан ...  Надад мөнгөний хэрэг гараад хулгай хийсэн.Хийсэн зүйлдээ харамсаж, гэмшиж байна ...  гэх,

мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч  Б.Баярчимэгийн “...2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 7 цаг 40 минутын орчимд 10 дугаар хорооллын автобусны буудлаас Толгойтын автобусанд суугаад Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн автобусын буудал дээр очоод халаасандаа байсан Самсунг Галакси Е-5 загварын гар утсаа хулгайд алдсанаа мэдсэн. ... Тэгсэн 9 цаг 30 минутын үед манай нөхөр рүү цагдаагийн байгууллагаас яриад миний гар утсыг хулгайлсан хүнийг барьчихлаа цагдаагийн байгууллага дээр ирж гар утсаа хүлээж ав гэсэн. ... Би хулгайд алдсан гар утсаа 2016 оны 12 дугаар сард 800,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 500,000 төгрөгөөр үнэлнэ. ... Би хулгайд алдсан гар утсаа эргүүлэн авсан. Би гар утсаа доторх зураг, хадгалсан дугаар, сим карт зэргээр нь таньж байна. Одоо нэхэмжлэх зүйл болон санал хүсэлт байхгүй ...”  гэх,

гэрч  Л.Эрдэнэсүрэнгийн “... 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 08 цаг 20 минутын орчимд ... Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппорогийн замын урд талын автобусны буудал дээр байж байхад халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүртгэлтэй байдаг Ө.Мягмардорж, А.Алтансүх нар автобуснаас бууж ирэхээр нь дуудаж уулзахад Ө.Мягмардоржийн халааснаас  Самсунг Галакси Е-5 загварын гар утас гарч ирсэн. Ө.Мягмардорж хэлэхдээ ганцаараа явж байгаад хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Дараа нь буюу сүлжмэлийн автобусны буудал дээр А.Алтансүхтэй таарсан гэж ярьсан ...”  гэх,

гэрч А.Алтансүхийн “... 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ... Сүлжмэлийн автобусны буудал дээр Мягмардорж зогсож байхаар нь би автобуснаас буугаад уулзсан юм. ... Тэгээд бид хоёр хамт автобусанд суугаад Саппорогийн автобусны буудал дээр буухад эрүүгийн төлөөлөгч Ган-Өсөх, Эрдэнэсүрэн нар зогсож байсан. ... Би Мягмардоржтой 8 цагийн үед таарсан. Хамт хулгайн гэмт хэрэг үйлдээгүй. ... Цагдаатай таараад бид хоёрын биед үзлэг хийхэд Мягмардоржийн биеэс Самсунг загварын гар утас гарч ирсэн. Тэгэхэд Мягмардорж хулгай хийснээ ярьсан ...” гэх мэдүүлгүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ө.Мягмардорж нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 4 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 200 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2016 оны 7 дугаар сарын 22-ны уг ялыг эдэлж дууссан /хх-н 37/ байх ба тэрээд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь 2002 оны эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байх хэдий ч 2015 оны шинэчилсэн найруулсан эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан 2015 оны шинэчилсэн найруулсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Ө.Мягмардоржийг бусдын эд хөрөнгийг хулгайлж, 500,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ө.Мягмардоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, түүний хувийн бусад байдал зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.     

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

  

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Хүрэн гэлэнгийнхэн овогт Өнөрсайханы Мягмардоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Мягмардоржийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй,  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Мягмардоржид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.МӨНХ-ЭРДЭНЭ