Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/23

 

М.С-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор Ц.Ариунжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах,

Нарийн бичгийн дарга: О.Очмаа нарыг оролцуулан

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/58 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч  М.С-т холбогдох 2028002330004 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой,

Шүүгдэгч М.С нь 2020 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 05 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт хөдөө тал дээр тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас автомашины урд зогсож байсан Г.О-г мөргөж зам тээврийн осол гарган хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь М.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.С-т холбогдох 2028002330004 дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн даавуун цамц, 1273238 дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг хэргийн хамт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Хүрэлбаатарт даалгаж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч М.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.С нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо:     

1. М.С миний бие авто осол хийж хохирогч Г.О-д хүнд гэмтэл учруулсан гэм буруутайгаа гүнээ ухамсарлан ойлгож гэмшиж байгаа бөгөөд Г.О-г эмнэлэгт хүргэж өгч яаралтай хот явах шаардлагатай гэсэн тул төрсөн эгч Г.Б-т бензиний мөнгө 320000 төгрөг бэлнээр, мөн 130000 төгрөгийг Г.Б-н дансаар өгсөн. Дараа нь Улаанбаатар хотод очсон үед эмчилгээний зардалд 2650000 дансаар шилжүүлсэн.

Гэтэл анхан шатны шүүх хурал дээр хохирогчийн өмгөөлөгч нь 130000 төгрөгийг хийсэн дансыг эгч Г.Б-н данс биш гэж, 320000 төгрөг бэлнээр аваагүй гэж хэлснээс болж хэргийг шүүхээс буцаасан.

Би шүүх хурлаас гараад О-ы төрсөн эгч Г.Б-тэй ярьж очиж уулзахад мөнгө шилжүүлсэн дансыг лавлаж асуухад 5589059140 тоот данс минийх мөн гээд надаас нийтдээ 130000+320000 =450000 төгрөг авснаа бичиж өгсөн.

Гэтэл өмгөөлөгч Н.Нармандах нь би лавласан. Энэ данс эгчийнх нь данс биш. Ийм мөнгө аваагүй гэдэг. Хохирогч Г.О мэдүүлэгтээ 3000000 гаруй төгрөг авсан гэж мэдүүлсэн байдаг /хх- 39-р талд байгаа/

2. Тухайн үед намайг архи уусан эсэхийг шалгаж тогтоогоогүй байна гэж анхан шатны шүүх дүгнэснийг зөвшөөрөхгүй. Намайг архи уугаагүй байсныг Г.О нүүрэлдүүлэн байцаасан байцаалтад хэлсэн.

Мөн Г.О-ы эмчилгээний бүх зардал хохирол төлбөрийг төлж барагдуулж эрүүл болоход нь өөрийн чадлаар туслах болно.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хурлаар хянан хэлэлцэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Ариунжаргал нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ:

1. Шүүх шийдвэртээ шүүгдэгч гэмт хэргийг “согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй” гэсэн хийсвэр дүгнэлт хийж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг эргэлзээгүй байдлаар тогтоох шаардлагатай талаар дурдаж хэргийг прокурорт буцаажээ.

Гэмт хэрэг 2020 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 05 цагийн үед гарсан бөгөөд М.С нь өглөөний 10 цагийн үед хохирогч Г.О-г эмнэлгийн байгууллагад хүргэж өгч эмчилгээ, оношилгоо хийлгээд Улаанбаатар хот руу явуулсны дараа /Цагдаагийн байгууллага 17 цаг 10 минутад гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан/ Цагдаагийн газарт очсон байдаг.

Өөрөөр хэлбэл өглөөний үүрийн 05 цагаас хойш хагас өдөр буюу түүнээс дээш хугацааны дараа согтуурлын зэргийг шалгасан эсэх нь энэ хэрэгт ач холбогдолгүй бөгөөд мөн дээрх хугацаа өнгөрснөөс хойш согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг багажаар шалгаснаар согтуу байсан эсэхийг эргэлзээгүй байдлаар тогтоосон гэж үзэх нь өрөөсгөл юм.

Шүүгдэгч М.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тухайн гэмт хэрэг гарах цаг хугацаанд ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан нь хохирогч Г.О, гэрч С.Ө, хохирогч Г.О болон М.С нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээр тогтоогдсон гэж үзэж прокуророос М.С-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан улмаар энэ зүйл заалтаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт: “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно”, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно гэж тус тус заасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шүүхийн шатанд харьцуулан шинжлэн судлах буюу бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, хэрэгт авагдсан хохирлын талаарх баримтыг давхар нотолсон болон бусад баримтууд авагдаагүй гэж үзвэл, нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Ариунжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Гэмт хэрэг гарсан цаг хугацааны хувьд 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний өдөрт шилжих үүрийн 5 цагийн үед М.С хохирогч Г.О-г автомашинаар мөргөж, хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Ингээд М.С хохирогчийг өглөөний 10 цагийн үед эмнэлэгт хүргэж өгсөн. Эмчилгээ, оношилгоо хийгдээд Улаанбаатар хот руу явуулсны дараа 17 цаг 10 минутад Цагдаагийн байгууллагад ирж хүн мөргөсөн талаараа мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл өглөөний 5 цагт хэрэг учрал болсон гэж үзвэл үүнээс хойш 12 цагийн дараа М.С-н согтуурлын зэргийг шалгасан эсэх нь хэрэгт ач холбогдолгүй.

Шүүгдэгч М.Сайнчимэгийн хувьд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй гэдгээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн мэдүүлдэг. Хэрэг гарах цаг хугацаанд ч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан талаар хохирогч Г.О, гэрч С.Ө, нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээр нотлогддог. Энэ үндэслэлээр прокуророос М.С-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасны дагуу хэргийг хэлэлцэн, шийдвэрлэх боломжтой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх шийдвэр гаргахдаа иргэний нэхэмжлэл, түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хангаж, эсхүл хэрэгсэхгүй болгоно гэж заасан. Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан. Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж үндэслэлгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч М.С-т холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: М.С-н гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогчийн эгч Батчимэгт бэлнээр болон дансаар шилжүүлсэн мөнгө нийтдээ 3 100 000 төгрөг өгсөн гэх баримтыг хавсаргаж өгсөн. Иймээс давж заалдах гомдлыг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэх саналтай байна” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “…Гэмт хэрэг үйлдээд тодорхой хугацааны дараа М.С нь Цагдаагийн байгууллагад очиж хэргээ хүлээсэн. Ингэхдээ намайг үлээлгэхэд 0 хувьтай гарсан гэж хэлдэг. Хэдийгээр шүүхээс хөтөлбөргүй тогтоох шаардлагатай гэдэг ч М.С-г дахин үлээлгэж шалгах нь ач холбогдолгүй гэж үзэж байна. Давж заалдах гомдлын тухайд 132 000 төгрөгийг эгчийнх нь данс руу шилжүүлсэн. 320 000 төгрөгийг Б-т бэлнээр мөнгө өгсөн гэдгээ нотлоогүй. Миний хувьд хохирогч Г.О-той ярихад би мэдэхгүй байна. Энэ манай эгчийн данс биш байна гэж хэлдэг. Дараа нь хохирогчийн эгч Б-тэй холбогдоод хохирол, төлбөр төлсөн баримтаа гаргуулж шүүхэд ирүүлсэн. Шүүгдэгч хохирол, төлбөр төлсөн талаарх нотлох баримтаа өөрөө шүүхэд ирүүлэх үүрэгтэй байсан. Энэ нь өмгөөлөгч миний хувьд хэргийг прокурорт буцаах санаа зорилго байгаагүй гэдгийг хэлье.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-н 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр бичсэн давж заалдах гомдол, Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр бичсэн 01 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Яллагдагч М.С-т холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 2021/ШЗ/55 дугаартай шүүгчийн захирамжаар /хх-195-196/ яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарласан байна.

Анхан шатны шүүх нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдааныг хийж 2021/ШЗ/58 дугаартай “хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг /хх-218-222/ гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгийн үед хэргийг прокурорт буцаах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт ”шүүх шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ зөвлөлдөх тасалгаанд дараахь асуудал тус бүрийг хэлэлцэнэ” гэсэн заалтуудыг баримталсан байна.

Анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд /хх-215-216/ ...даргалагчаас: ...гэм буруугийн дүгнэлт сонсох ажиллагаандаа орьё, гэм буруугийн дүгнэлт сонсох хугацааг тогтооё гээд улсын яллагч, хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас саналыг авч гэм буруугийн дүгнэлт сонсох хугацааг 5 минутаар тогтоож, улсын яллагч, хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт, тайлбарыг сонсож, даргалагчаас шүүгдэгчид эцсийн үг хэлэхийг зөвшөөрч, шүүгдэгчийг эцсийн үг хэлсний дараа шүүх хуралдааныг түр завсарлуулаад зөвлөлдөх тасалгаанд орж шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан асуудал тус бүрийг хэлэлцэж шийдвэрлээгүй нь анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн гэж дүгнэв.

Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамждаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6, 12 дахь хэсэгт заасан талуудын хүсэлтүүдийг хэлэлцэж шийдвэр гаргасан эсэх нь тодорхойгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу шүүх хуралдааныг завсарлуулж хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.

Иймд “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах тухай” шүүгдэгчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/58 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч М.С-т холбогдох 2028002330004 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

3. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч М.С-т хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                          ШҮҮГЧИД                                        Х.ГЭРЭЛМАА

                                                                                                               Г.ТЭГШСУУРЬ