Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2019/01280

 

Ж.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/00766 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЦГт холбогдох,

 

2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б нь ЦГ-ын дэд даргаар ажиллаж байгаад 2016.09.28-ны өдрийн Б27 дугаартай тушаалаар ажлаасаа үндэслэлгүй чөлөөлөгдсөн. Уг тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, цалин хөлсөө гаргуулах тухай нэхэмжлэлийг Хууль зүйн яам болон ЦГ-т холбогдуулах захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд шүүх 2017.02.09-ний өдрийн 106 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Уг шийдвэрийг давж заалдаж, 2017.04.06-ны өдөр 273 дугаар магадлал гарч Хууль зүйн дотоод хэргийн сайдын Б27 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ж.Быг ЦГ-ын дэд даргаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэр хянагдаагүй хүчин төгөлдөр болсон.

Дараа нь 2016.09.28-ны өдрөөс 2017.02.09-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 8,608,021 төгрөгийг гаргуулахаар иргэний шүүхэд хандсан. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Уг шийдвэрийг давж заалдсан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018.05.02-ны өдрийн 1029 дугаартай магадлалаар Ж.Быг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, цалин хөлсөнд 25,093,014 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр мөн хянагдаагүй хүчин төгөлдөр болсон. Дээрх шийдвэрүүдийн дагуу Ж.Б нь олговруудыг бүхэлд нь авсан. Энэ үйл баримтуудын талаар ИХШХШТХ-ийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй юм. Гагцхүү Ж.Быг өнөөдрийг хүртэл ажилд нь эгүүлэн тогтоохгүй байгаа. Бид хууль зүйн сайдтай уулздаг, хүлээж бай гэдэг, тийм учраас шийдвэрийг өнөөдрийг хүртэл албадан биелүүлээгүй байгаа. Шийдвэрийг албадан биелүүлэх эсэх нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал юм. Гэхдээ ажилд авахгүй байгаа учир үр дагаврыг хариуцах ёстой.

Тийм учраас бид Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар 2018.03.14-ний өдрөөс 2019.03.14-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 22,828,356 төгрөг гаргуулна гэж нэхэмжилсэн. Харин бид үнийн дүн тавих шаардлагагүй байж, тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа 2018.03.14-ний өдрөөс өнөөдрийн шүүхийн шийдвэр гаргах хүртэл Ж.Бын ажилгүй байсан дундаж цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэж тодруулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.04.06-ны өдөр 273 дугаар магадлалаар Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2016.09.28-ны өдрийн Б27 дугаартай тушаалыг хүчингүй болгож Ж.Быг өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулсан. Үүний дагуу ЦГ-аас 8,000,000 гаруй төгрөгийг нэхэмжлэгчид олгосон байгаа. Мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.05.02-ны өдрийн 1029 тоот шийдвэрийг Ж.Быг ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 25,093,014 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Энэ мөнгийг ч бид Ж.Бад өгчихсөн байгаа. Үүнийг мөн сайдтай зөвшилцсөн. Цагдаагийн албаны тухай 2014.01.01-ний өдрийн болон 2017.03.02-ны өдрөөс хэрэгжсэн хуулиудаар ЦГ-ын дэд даргын албан тушаалыг Хууль зүйн дотоод хэргийн сайд томилж, чөлөөлнө гэсэн зохицуулалттай буюу нэхэмжлэгчийн албан тушаал нь Хууль зүйн дотоод хэргийн сайдын эрх хэмжээний асуудал болсон. Тэгээд Захиргааны хэргийг шүүхийн шийдвэр гарснаас хойш Хууль зүйн дотоод хэргийн сайдаас буцаан томилсон тухай тушаал ирээгүй байгаа болохоор бид ажил албан тушаал бууруулж томилж болохгүй байгаа юм. Бидэнд өөрсдөө томилох эрх хэмжээ байхгүй байна. Одоо өөр хүн Ж.Бын ажлыг хийж байгаа. Дээр нь цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ЦГ-аас авах уу, Хууль зүйн дотоод хэргийн сайдаас авах уу гэсэн маргаантай асуудлууд ч байна. Мөн Төсвийн тухай хуулиар төсвийн шууд захирагч нь батлагдсан цалингаас орон тоогоор ажилчдын цалин хөлсийг тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж байдаг. Хууль зүйн дотоод хэргийн сайд хүн томилсон болохоор цалингийн төсвөөрөө нөгөө томилогдсон хүнийг цалинжуулаад байгаа болохоор уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгчийг сайдаас буцаагаад томилчих юм бол бидэнд татгалзаад байх зүйл байхгүй. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас 25 998 951 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Бад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар дээрх олговроос шимтгэл тооцож, Ж.Бын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ЦГт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Бын гомдол нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Бын тэмдэгтийн хураамжид төлсөн 272 100 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Ж.Бад олгож, хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас 287,945 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Болд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр биелэгдээгүй байгаа үр дагаврыг хариуцагч хариуцах учиртай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас үүссэн үр дагаврыг бусдад хариуцуулж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоохыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохыг ЦГт тус тус даалгаж шийдвэрлэсний дагуу хариуцагч өөрт хамаарах шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Хариуцагчийн ажил олгогч нь Хууль зүй, дотоод хэргийн сайд. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч ЦГт холбогдуулж 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 22 828 356 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар шаардсан. Нэхэмжлэгч 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс тус шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. /хх-1-2, 21, 32/

 

Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагдсан. Дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй байна.

 

Мөн ажил олгогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй байх тул, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэсэн үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.09-ний өдрийн 106 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.04.06-ны өдрийн 273 дугаар магадлалаар 2017.02.09-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 608 021 төгрөгийг гаргуулж Ж.Бад олгожээ. /хх- /

 

Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.15-ны өдрийн 509 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.05.02-ны өдрийн 1029 дугаар магадлалаар нэхэмжлэгч Ж.Бын 2017.02.09-ний өдрөөс 2018.03.14-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 25 093 014 төгрөгийг ЦГ-аас гаргуулсан байна./ хх-5-13 /

 

Анхан шатны шүүхээс  Ж.Бын нэг сарын цалин хөлсийг 1 902 363 төгрөг, 1 өдрийн цалин хөлсийг 90 588 төгрөг гэж тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй ч энэ үүрэг биелэгдээгүй тул мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох нь зүйтэй юм.

 

Анхан шатны шүүхээс хийсэн нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тооцохдоо /2018.05.02-ны өдрийн 1029 дугаартай магадлалд заасан 2018.03.14-ний өдрөөс тус шүүхийн шийдвэр гарсан 2019.05.02-ны өдрийг хүртэл тооцон, 13 сар /1 902 363 * 13 сар =24 730 719 төгрөг/, 14 өдөр /90 588 * 14 өдөр = 1 268 232 төгрөг/-ийн олговорт нийт 25 998 951 төгрөг /24 730 719 + 1 268 232/ гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасантай нийцжээ.

 

Мөн дээрх олговроос шимтгэлийг тооцон нэхэмжлэгч Ж.Бын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ЦГт даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/00766 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч Цагдаагийн Ерөнхий газрын давж заалдах журмаар гаргасан гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД