Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2023/03310

 

 

 

 

 

 

 

                               2023        06          29

                   101/ШШ2023/03310

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “Т ББСБ” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Б.Н /рд:/,

Хариуцагч: Н.М /рд:/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт нийт 9,615,533 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, хариуцагч нарын төлөөлөгч Н.Н, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т ББСБ” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б.Н, Н.М нартай 039110110075 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 10,000,000 /арван сая/ төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлдэгч Б.Н болон хамтран үүрэг гүйцэтгэгч Н.М нар нь зээл төлөх хуваарийг зөрчиж зээлээ хугацаанд нь төлж дуусгаагүй бөгөөд 2022.11.12-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Үүрэг гүйцэтгэгч нараас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлэхгүй байгаа тул гэрээний үүргийн биелэлтийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээл 6,222,269 төгрөг, хүү 2,822,887 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 564,577 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 5,800 төгрөг, нийт 9,615,533 төгрөгийн үүрэг үүсээд байна. Иймээс Зээлийн гэрээний үүрэгт 9,615,533 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

1а. Нэхэмжлэгч нь хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулсан. Улмаар зээл олгосон. Зээлдэгч нар нь зээлийг хугацаанд төлөөгүй тул нэхэмжлэл гаргасан. Үндсэн зээл 6,222,269 төгрөг, хүү 2,822,887 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 564,577 төгрөг, нотариатын зардал 5,800 төгрөг, нийт 9,615,533 төгрөг гаргуулна. Цар тахлаас болж 2020 оны 11 сараас хойш төлөхгүй гэх боловч энэ цаг хугацааг яаж бодсон нь тодорхойгүй. Тодруулсан тайлбараар хэд хэдэн үндэслэл дурдсан байдаг. Цар тахлын хуулийн 10.7-г дурдсан байдаг. Энэ заалт нь орон сууцны ипотекийн зээлд хамаарч байгаа юм. Санхүүжилт төрөөс байсан тул зогсоож болоод байгаа юм. Харин энэ зээл нь ББСБ-с авсан зээл юм. Цар тахлаас шалтгаалж хүү зогсоох гэрээний нөхцөл байхгүй. Хүсэлт гаргасан бол ББСБ хүүг зогсоож байсан боловч ийм хүсэлт гаргаагүй. Улмаар 2022 оны 3 сард бичгээр хүсэлт гаргасан. Үүний дагуу 2022 оны 6 сарын байдлаар хүү тооцохыг зогсоосон. Зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнөө гэрээг цуцалсан. УИХ-н тогтоолыг иш татсан байдаг. Тогтоолын 2.2-т зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах талаар ЗГ-т даалгасан байдаг. Энд ББСБ-н талаар байхгүй. Энэ нь төрөөс санхүүжүүлж байгаа зээлд хамааралтай. Мөн талууд харилцан тохиролцох талаар л зохицуулсан. Иймд хүү тооцохгүй гэх тайлбар үндэслэлгүй. Даатгалаас 4,500,000 орж ирсэн талаар маргадаггүй. Талууд тохиролцсон ёсоор суутгаж авсан гэв.

 

2.         Хариуцагч Н.М, хариуцагч нарын төлөөлөгч Н.Н нар нь шүүхэд, хариуцагч нарын төлөөлөгч болон өмгөөлөгч Н.Э нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг үл зөвшөөрч байгаагаа үүгээр мэдэгдэж байна. 2019 оны 11 сарын 13-нд Т ББСБ-с миний ээж Н нь авто машины зээл авч байсан. Тухайн үед би 18 настай болохоор зээлийн батлан даагчийн эрх үүргийн тухай мэдлэг дутмаг байсан бөгөөд зээлийн эдийн засагч надад батлан даагчийн эрх үүргийн тайлбарлаж өгөөгүй болно. Миний ээж Б.Н нь хамтран амьдрагч болох П.Стай хувиараа бизнес хийж хамтран зээлээ төлж байсан, удалгүй Covid-19 вирус гарч хөл хорионд орж өрхийн орлого багассаны улмаас зээлийн хугацаа хэтрүүлж байсан боловч бага багаар төлж байсан. Ингэж явсаар 2021 оны 9 сарын 29-ны өдөр П.С нь архины гүн хордлогоор нас барсан. Үүнээс хойш ээж маань сэтгэл санаагаар унаж өрийн дарамтад орж 2022 оны 1 сарын 30-нд бие муудаж БЗД-н яаралтай түргэн тусламжид хүргэгдэн харвалт өгсөн байсан. 2022 оны 2 сарын 1-ны өдөр Нийслэлийн төв 3-р эмнэлэгт яаралтай тархины хагалгаанд орсон. Миний бие нь ээжийгээ асрахын тулд ажлаасаа чөлөөлөгдсөн. Миний бие нь ээжийгээ хагалгаанд орсны дараа зээлийг нь судалж үзэхэд тус байгууллагад 11,680,038 төгрөг байсан ба уг зээл нь хугацаа хэтрэлттэй байсныг олж мэдсэн. Энэ талаар тухайн байгууллагаас надад мэдэгдэж байгаагүй. Үүнээс болоод миний зээлийн түүх муу харилцагчид орсон. Тухайн цаг бүрд мэдэгдэл хийж байсан бол бага багаар төлөх боломжтой байсан. Миний бие нь уг зээлийг төлөх уян хатан байдал хайж уг байгууллагад удаа дараа хүсэлт гаргаж очсон боловч нааштай хүлээн авч байгаагүй бөгөөд үл хүндэтгэсэн. Уг зээлийг төлөхийн тулд барьцаалсан авто машинаа зарах гээд явж байхдаа авто тээврийн осолд орсон. Уг осол нь нөгөө талын буруутай үйлдлээс болсон ба авто тээврийн хэрэгслийн хохирлын мөнгө болох 4,500,000 төгрөг банк бусын дансанд орсон. Энэ даатгалын мөнгийг авч авто машинаа засварлаж зараад зээлийг хаах хүсэлт өгсөн боловч уг хүсэлтийг минь хүлээн аваагүйн улмаас зээл төлөх боломжгүй болсноо gmail-р мэдэгдэл хийсэн боловч авч хэлэлцээгүй. Автомашинаа янзлах зарах боломжгүй болсон. Миний энэ байдлуудыг минь харгалзан үзэж зээлийн хүү болон зээлийн түр хугацааны зогсолт хүссэн боловч шийдэж өгөөгүй. Тэр үеэс хойш ар гэртэй ганцаараа ажил хийж байгаа боловч их хэмжээний өр зээл зээлэх боломжгүй банканд муу түүхтэй болохоор хувийн хэрэгцээгээ хангаж байгаа. Миний энэ байдлыг харгалзан үзэж зээл болон зээлийн хүүг минь надад болон миний ар гэрт хүндрэл учруулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н миний бие Т ББСБ-ын нэхэмжлэлтэй Н, М нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж гаргасан хариуцагч нарын тайлбарыг дараах байдлаар тодруулж байна. Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 9,615,533 төгрөгөөс 7,385,125 төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нар өмнө гаргасан хариу тайлбарт дурдсанчлан ковид 19 цар тахлын нөлөөгөөр хүүг төлөх боломжгүй болсон. Монгол Улсын Их хурлын 2020.04.29-ний өдрийн 32 дугаар тогтоолын 2.2-т зааснаар “банкны хүүг бууруулах” чиглэлийг Монгол Улсын Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд өгсөн байх бөгөөд Улсын Их хурлаас 2020.04.29-ний өдөр баталсан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7.-Д “Монгол банкнаас ...зээлийн эргэн төлөлтийн хугацааг... үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх” гэж, мөн хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-д “Зээлдэгч ... бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх эрхтэй” гэж, түүнчлэн Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоолын 8-д “Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж тус тус заасан байна. Мөн Засгийн газрын 2020 оны 178, 181, 194, 226, 238, 2021 оны 01, 27, 91, 104 дүгээр тогтоолуудаар 2020.11.12-ны өдрөөс 2021.05.08-ны өдрийг хүртэл хугацаанд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хоногуудын хүүг тооцохгүй байх үндэслэл байна. 2020 оны 11-р сарын 29-ний байдлаар 8 527 705 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан. Зээлийн төлөлтийг дээрх үндэслэлд нийцүүлэн тооцож хүснэгтээр хавсаргав. Дээрх хүснэгтийн дагуу тооцоход 2020.11.13-с 2022.11 сар хүртэл хугацаанд үндсэн төлбөрөөс 1 360 000 төгрөгийг төлж 7 167 705 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Энэ хугацааны хүүд 1 098 118,7 төгрөгийг төлөөгүй байна. 2022.04.15-ны өдөр тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрт 4 500 000 төлөгдсөнийг үндсэн зээлээс хасахад 2 667 705 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Зээлийн үндсэн төлбөр дээр 2020.11 сар хүртэлх хугацааны төлөгдөөгүй хүү 860 161 төгрөг, Ковид цар тахлын шалтгаант үеийн хүү 1 098 118,7 төгрөгийг нэмэхэд 4 626 014,7 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч байна. 2022.01 сараас хойш хугацааны хүүг болон Ковид цар тахлын шалтгаант байдал арилах үеийн хугацааны нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагч нар нь хүндэтгэн үзэх шалтгаанаар гэрээнээс татгалзах саналаа 2020.01 сараас эхлэн удаа дараа илэрхийлж, өргөдөл, хүсэлт гаргаж байсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 9 615 533 төгрөгөөс 4 626 014,7 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөх, үлдэгдэл 4 989 518,3 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2а. Нэхэмжлэгчтэй эвлэрэх саналыг гаргаж байгаа юм. Нэхэмжлэлээс зарим хэсгийг зөвшөөрнө. Хариуцагч нар нь зээлийн гэрээ байгуулж зээл авсан талаар маргахгүй. Харин зээлийн гэрээний явцад эрүүл мэндийн шалтгаан болон зээлээр авсан зүйл эвдэрсэн. Мөн цар тахал гарсан. Эдгээр нөхцөлөөс шалтгаалаад 2023.1.31-с эхлэн зээлийг эргэн төлөх боломжгүй болсон талаар мэдэгдэж байсан. Иймд 2020.11.12 хүртэлх хүү 860,191 төгрөг, үлдсэн зээл 4,596,668 төгрөг, нийт 5,466,849 төгрөг төлнө. Үлдэх хэсэг нь хөдөлмөрийн чадвараа алдсан, машин осолд орсон даатгалаас нөхөн олговор орсон тул үндсэн зээлээс хасах тул дээрх мөнгийг төлнө. Хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх боломжгүй болсон талаар мэдэгдсэнээс хойш хүү төлөхгүй.

2б. УИХ тогтоолоор СЗХ-д үүрэг өгсөн байдаг. Мөн цар тахлын хуулийн 10.7-д зээлийн үлдэгдлийн талаар зохицуулсан бөгөөд энд зөвхөн ипотекийн зээл гэж байхгүй. Иймд ББСБ нэмэгдүүлсэн хүү тооцсон нь буруу юм. Засгийн газрын 183 тогтоолд нэмэгдүүлсэн хүү тооцохгүй байхаар заасан байгаа юм. Бид хүсэлтийг байнга гаргаж байсан юм. Гэтэл нэхэмжлэгч тал гаргаагүй гэдэг. Бид нотлох баримт гаргуулъя гэсэн боловч байхгүй гэдэг. Бид татгалзаж байгаа үндэслэлийг Засгийн газрын тогтоолуудаар гаргаж байгаа юм. Зээлийн тооцооллоос үзэхэд цар тахлын бүх нийтийн бэлэн байдал зарласан үед төлсөн төлбөрийг хүүгээс хассан байдаг. Үүнийг үндсэн төлбөрөөс хасах байсан. Хэрэв үндсэн зээлээс хасаж тооцвол үлдэгдэл өөр болох юм. Бүх нийтийн хөл хорио цуцлагдсанаас хойш төлбөр төлсөн боловч хүүд тооцсон байдаг. Иргэний хуулийн 216-д зааснаар төлбөрийг үндсэн зээлээс хасахаар байгаа юм. Мөн даатгалын төлбөрийг гэрээнд зааснаар үндсэн төлбөрөөс хасах байсан юм. Даатгалын төлбөр ороод 6,400,000 төгрөг төлсөн юм. Үүний дагуу тооцвол 5,466,849 төлөх үлдэгдэлтэй байгаа юм. Гэрээг 2022.6.22-д цуцалсан гэж байгаа бол энэ үеэр бодвол бас л өөр тооцоолол гардаг. Хариуцагч нь 2021.1.31-ны өдрөөс гэрээг цуцлагдсан гэж үзэж байгаа тул энэ хугацаагаар тооцох ёстой. Засгийн газрын 2020 оны 178, 181, 194, 226, 238, 2021 оны 1, 27, 91, 104 дүгээр тогтоолуудыг үндэслэж байгаа юм гэв.

 

3.         Зохигчид шүүхэд дараах нотлох баримтыг ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний хуулбар /хх5-8/, мөнгөний тасалбар /хх9/, зээл, хүүгийн тооцоолол /хх10/, осолд орсон автомашины гэрэл зураг 9 ширхэг /хх43-44/, өөрийн хөтөлсөн зээлийн дансны хуулга 3 ширхэг /хх54, 71, 72/, хариуцагч Н.Мн гаргаж байсан гараар бичсэн хүсэлт /хх68/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх89-101/

 

3б. Хариуцагч нараас эмнэлгийн үзлэгийн тэмдэглэл /хх75-76/, эмнэлгээс өвчтөн илгээх хуудас /хх77/, Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/990 дүгээр албан тоот

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

        ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагч нараас 6,416,560.28 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,222,269 төгрөг, хүү 2,822,887 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 564,577 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 5,800 төгрөг, нийт 9,615,533 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч Б.Н, Н.М нар нь 5,466,849 төгрөг төлөхийг зөвшөөрч, эрүүл мэнд болон цар тахлын шалтгаан, зээлийн зориулалт болох худалдан авсан автомашин осолд орж үнэлгээ буурсан гэх үндэслэлээр үлдэх хэсгийг төлөхгүй гэж маргасан.

 

4.         Зохигчид 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэсэн нэртэй гэрээ байгуулсан байна. /хх5-8/

 

4а. Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээд болох нь түүний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх3/

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

4б. Улмаар гэрээний дагуу зээл олгогдсон болох нь Хаан банк дахь нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх91/

Энэхүү гүйлгээний үнийн дүн нь 12,375,000 төгрөг буюу гэрээний үнээс их байх боловч зөрүүг хариуцагч нар урьдчилан төлж, улмаар худалдан авах автомашины үнийг бүхэлд нь шилжүүлсэн гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлаж байна.

Дээрх үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй.

 

5.         Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д заасан нь төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамаарах тул хариуцагч нарын төлөөлөгч, өмгөөлөгчийн хөл хорио тогтоосон цаг хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй гэх тайлбар үндэслэлгүй.

 

6.         Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолын 8-д заасан нь банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлд зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн түүнд дарамт үүсгэхгүйгээр төлбөрийн чадварт нь тохируулан гэрээнд өөрчлөлт оруулах ажлыг хэрэгжүүлэхийг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд зөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, энэхүү тогтоолоор банк бус санхүүгийн байгууллагаас олгосон зээлийн гэрээтэй холбоотой шууд шийдвэр гараагүй. Цаашлаад, Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа буюу олгогдсон зээлтэй холбоотой ямар нэг шийдвэр гарсан гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд хариуцагч нарын төлөөлөгч, өмгөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу өөрийн тайлбарыг нотлоогүй.

Түүнчлэн хариуцагч талын үндэслэл болгосон Засгийн газрын бусад тогтоолуудаас үзэхэд банк бус санхүүгийн байгууллагаас олгогдсон зээлд хүү, нэмэгдүүлсэн хүүг цар тахлын үед зогсоох, багасгах талаар аливаа шийдвэр гараагүй байна.

 

7.         Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг талууд чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлох тул гэрээнд өөрчлөлт оруулах эрхийг гагцхүү талууд эдэлнэ. Үүнээс үзэхэд хариуцагч талын гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр хүсэлт гаргаснаар гэрээ цуцлагдсан гэх тайлбар үндэслэлгүй. Мөн хариуцагч нарт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг цуцлах эрх үүсээгүй тул хүсэлт гаргаснаар нэхэмжлэгч нь гэрээг цуцлах байсан гэх тайлбар үндэслэлгүй.

 

7а. Нэгэнт гэрээ цуцлагдаагүй, өөрчлөлт оруулаагүй байх тул хамтран амьдрагч нас барсан, хариуцагч Б.Н нь эрүүл мэндийн шалтгааны улмаас орлого олох боломжгүй болсон, зээлийн зориулалт болох худалдан авсан автомашин зам тээврийн осолд өртсөний улмаас үнэлгээ буурсан зэрэг тайлбар нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

8.         Зохигчид зээлийн гэрээг 36 сарын хугацаатай байгуулсан байх тул гэрээний хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дуусах байжээ. Харин нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч Н.М 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүсэлт гаргаснаар 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэрээг цуцалж, энэ хугацаагаар зээлийн гэрээний үүрэг шаардана гэж тайлбарласан.

 

8а. Улмаар зээлийн гэрээг хариуцагч Н.М хүсэлт гаргаснаар хугацаанаас өмнө цуцалсан байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар төлсөн төлбөрийг эхний ээлжид үндсэн зээлээс хасаж тооцно гэх тайлбар үндэслэлгүй.

 

8б. Гэрээний 3.5.6-д зааснаар буцаан төлөлтийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар хасаж тооцохоор тохиролцсон байна.

 

9.         Дээрх үндэслэлээр зээлийн гэрээний дагуу үүссэн үүргийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаагаар тооцвол гэрээ нь 1 жил, 7 сар, 11 хоног хэрэгжсэн байна.

 

Энэ хугацаанд 1 сарын 280,000 /10,000,000*2.8%/ төгрөг, 19 сарын 5,320,000 төгрөг, 1 хоногийн 9,205.48 /280,000*12/365/ төгрөг, 11 хоногийн 101,260.28 төгрөг, нийт 5,421,260.28 төгрөгийн хүү тооцогдоно.

 

9а. Хэдийгээр хариуцагч талын хүсэлтээр гэрээг цуцалсан боловч нэгэнт цуцлагдсан тул нэмэгдүүлсэн хүү шаардах нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т нийцэхгүй тул нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.

 

9б. Дээрхийг нэгтгэн тооцвол хариуцагч нарт зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүүд нийт 15,421,260.28 төгрөг төлөх үүрэг үүсжээ.

 

10.       Хариуцагч нарын төлөөлөгч, өмгөөлөгч нар нь нийт 6,400,000 төгрөгийг буцаан төлсөн гэх боловч нэхэмжлэгчийн гаргасан зээл, хүүгийн тооцооллоос үзэхэд 9,010,500 төгрөг төлөгдсөн гэсэн байх тул нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээгээр төлсөн мөнгөн дүнг тооцох нь зүйтэй. /хх10/

Ийнхүү тооцвол нийт үүргээс төлсөн төлбөрийг хасвал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 6,410,760.28 төгрөг юм.

 

11.       Нэхэмжлэгч нь шүүхэд  нэхэмжлэл гаргахад хавсаргасан баримтуудыг нотариатаас гэрчлүүлсэн байх бөгөөд төлбөрт 5,800 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна. /хх9/

 

12.       Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 6,410,760.28 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 5,800 төгрөг, нийт 6,416,560.28 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,198,972.72 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

13.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

Энэхүү үндэслэлээр нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 117,614.96 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Б.Н, Н.М нараас 6,416,560.28 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,198,972.72 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 117,614.96 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.Г