| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Золбоо |
| Хэргийн индекс | 195/2025/2180/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2464 |
| Огноо | 2025-10-30 |
| Зүйл хэсэг | 20.7.1., 20.8.1., |
| Улсын яллагч | Г.Я |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2464
2025 10 30 2025/ШЦТ/2464
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтөлж,
улсын яллагч Г.Янжиндулам,
шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч М.Даваадорж,
шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Т*** овогт Х.Х-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, О*** овогт М.Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202004140006 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О*** овогт М.Н (РД:********),
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т*** овогт Х.Х (РД:********).
Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Х.Х, М.Н нар нь бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бусдаас гялгар ууттай, нийт 1,7290(1,7 грамм) грамм цэвэр жинтэй, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй зүйл буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 29-нд шилжих шөнө хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, **** гудамжны **** тоот орон сууцанд байх хар өнгийн цамцны халаасанд сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Х.Х нь 2022 оны 6 дугаар сарын 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, **** гудамжны **** тоот орон сууцанд гялгар ууттай, нийт 3,6020 (3,6 грамм) грамм цэвэр жинтэй, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй зүйл буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Х.Х нь өөрийн хууль бусаар олж авсан, хадгалсан “өвс” гэх хэрэглээний нэршилтэй зүйл буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр өөрийн түрээслэн оршин суудаг Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, **** гудамжны **** тоот орон сууцанд иргэн Б.Б, А.Б, Л.Б, Н.Ө, Э.Ш, М.Н нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх нөхцөл боломжийг бүрдүүлж, орон байраар хангасан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Х мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Н мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч М.Н, Х.Х нар нь гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрээр, бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бусдаас гялгар ууттай, нийт 1,7290 грамм цэвэр жинтэй, өвс гэх нэршилтэй НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
Шүүгдэгч Х.Х нь тус сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 29-нд шилжих шөнө хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, **** гудамжны **** тоот орон сууцанд өөрийн хар өнгийн цамцны халаасанд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Мөн тус орон сууцанд 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө гялгар ууттай, нийт 3,6020 грамм цэвэр жинтэй, өвс гэх нэршилтэй НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч Х.Х нь Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, **** гудамжны 6/3 тоот орон сууцыг түрээсэлж, өөрийн хууль бусаар олж авсан, хадгалсан өвс гэх нэршилтэй НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг өөртөө болон бусдад хэрэглэх боломж нөхцөлийг бүрдүүлсэн буюу сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангасан болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар хуудас),
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 37-44 дүгээр хуудас),
Шүүгдэгч М.Н-н биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 78-82 дугаар хуудас),
Шүүгдэгч М.Н-н биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 83-85 дугаар хуудас),
Шүүгдэгч Х.Х-н биеэс биологийн дээж авч,мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас),
Шүүгдэгч Х.Х-н биед үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 57 дугаар хуудас),
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 124-125 дугаар хуудас, 127 дугаар хуудас),
Гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 129-131 дүгээр хуудас),
Гэрч Л.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 133-134 дүгээр хуудас),
Гэрч Н.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 136-137 дугаар хуудас),
Гэрч Э.Ш-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 146-147 дугаар хуудас),
Гэрч Н.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 149-150 дугаар хуудас),
Гэрч Э.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 161-162 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 63 дугаар хуудас),
Гэрч Х.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 167-168 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 3367 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 177-180 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 3372 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 183-187 дугаар хуудас),
Шинжээч Д.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ЕГ0325/2161 дугаартай шинжээчийн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 81-83 дугаар хуудас),
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 700 дугаартай шинжээчдийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 195-196 дугаар хуудас),
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 209 дугаартай шинжээчдийн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас),
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас),
Гэрч У.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас),
Гэрч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 134-136 дугаар хуудас),
Шүүгдэгч Х.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 126-127 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 152-153 дугаар хуудас),
Шүүгдэгч М.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 129-130 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 159-160 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
Шүүгдэгч Х.Х-н иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 202 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 197 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 115 дугаар хуудас), төрсний бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 199 дүгээр хуудас), регистрийн дугаарын лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 200 дугаар хуудас), үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн дугаар (1 дүгээр хавтаст хэргийн 201 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 203 дугаар хуудас), хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 204 дүгээр хуудас), Татварын ерөнхий газрын 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 07/1710 дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 3/6374 дугаартай албан бичиг, Авто тээврийн үндэсний төвийн 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 281 дугаартай лавлагаа, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 03/1371 дугаартай албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 214 дүгээр хуудас),
Шүүгдэгч М.Н-н иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 116 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 117 дугаар хуудас), регистрийн дугаарын лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 118 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 114 дүгээр хуудас).
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл:
Шүүгдэгч М.Н, Х.Х нар нь гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрээр, бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бусдаас гялгар ууттай, нийт 1,7290 грамм цэвэр жинтэй, өвс гэх нэршилтэй НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
Шүүгдэгч Х.Х нь тус сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 29-нд шилжих шөнө хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, **** гудамжны **** тоот орон сууцанд өөрийн хар өнгийн цамцны халаасанд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Мөн тус орон сууцанд 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө гялгар ууттай, нийт 3,6020 грамм цэвэр жинтэй, өвс гэх нэршилтэй НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч Х.Х нь Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, **** гудамжны **** тоот орон сууцыг түрээсэлж, өөрийн хууль бусаар олж авсан, хадгалсан өвс гэх нэршилтэй НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг өөртөө болон бусдад хэрэглэх боломж нөхцөлийг бүрдүүлсэн буюу сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангасан болох нь гэмт хэрийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч нарын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрчүүдийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтүүд, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн ойлголт, шинж, хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хорт үр дагавар ихтэй учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцод заасан.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын конвенц, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг хэлнэ гэж тодорхойлсон.
Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг “хууль бус” гэж үзнэ.
Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.
Шүүгдэгч Х.Х нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалах үйлдлийн хувьд тухайн бодисыг өөрийн эзэмшил, хяналтад байлгасан үйлдлийг ойлгоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын жагсаалт, 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” конвенцын жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах гэмт хэргийн ойлголт, шинж, хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар бусдыг хангасан идэвхитэй үйлдэл байх бөгөөд шүүгдэгч Х.Хүслэнд холбогдох нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах” гэмт хэргийн шинжийг мөн хангасан байна.
“Орон байраар хангасан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлэх зорилгоор хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргээр хангасан, мөн тодорхой ажил үйлчилгээ, аж ахуйн нэгж, байгууллагын нэрээр халхавчлан тусгай газар бий болгосныг тус тус ойлгоно.
Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомжийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Х.Х, М.Н нар нь өөрсдийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зарим зүйл, заалтыг хэрэглэх тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Х.Х-н үйлдлүүдийн хувьд үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” болон “Сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах” төрлийн хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч М.Н-н үйлдлийн хувьд шүүгдэгч Х.Х-тэй гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрээр үйлдлээрээ санаатай нэгдэж бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Х-н өмгөөлөгч М.Даваадорж “...Шүүгдэгч Х.Х-г хэрэг хариуцах чадвартай эсэхэд эргэлзээ төрж байх тул сэтгэцийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь хавтаст хэрэгт авагдсан шүүх сэтгэц эмгэг судлалын 700 дугаартай дүгнэлтэд түүнийг “...одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт, шинж үгүй байна, сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэж дүгнэсэн бөгөөд шүүгдэгч Х.Х-н биеийн байдлыг илтгэсэн эмнэлгийн баримтуудаас үзэхэд түүний өвчний онош нь тэмбүүгийн шалтгаант менингит болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдолын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсон гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч Л.Амартогос нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.
Улсын яллагчаас шүүгдэгч М.Н-г “шүүгдэгч Х.Х-тэй бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 29-нд шилжих шөнө хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, **** гудамжны **** тоот орон сууцанд байх хар өнгийн цамцны халаасанд сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч тус хар өнгийн цамц нь шүүгдэгч Х.Х-н цамц гэдгийг нэр бүхий гэрчүүд мэдүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь тус сэтгэцэд нөлөөт бодисыг хамт явж олж авсан боловч шүүгдэгч Х.Х-н цамцны халаасанд шүүгдэгч М.Н-г үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн хадгалсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Х, М.Н нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Тус гэмт хэргүүд нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, орон байраар хангасан үеэс төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Хэлбэрийн шинжтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Х.Х-д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт 3 жилийн хугацаагаар тогтоох,
Шүүгдэгч М.Н-т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Х.Х-н өмгөөлөгч М.Даваадорж “....Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч М.Н-н өмгөөлөгч Л.Амартогос “...1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж түүний бага насны хүүхдүүдтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийг журамлан тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн /императив/ шинжтэй хэм хэмжээ биш, харин эрх олгосон /диспозитив/ шинжтэй хэм хэмжээ бөгөөд дээрх зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүгдэгч М.Н-н холбогдсон гэмт хэрэг нь хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдлын эсрэг буюу нийгмийн хор аюулын хэр хэмжээ ихтэй гэмт хэрэг тул өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Х.Х, М.Н нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч М.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-т гэмт хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, бага насны 2 хүүхэдтэй (1-2 настай) зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд түүнд 5 жилийн хугацаагаар “өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-д энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан түүний эрүүл мэндийн (тэмбүүгийн шалтгаант менингит өвчнөөр оношлогдон улмаар нугасны усаа удаа дараа авхуулсан) нөхцөл байдлыг харгалзан үзэж 4 жилийн хугацаагаар “өөрийн оршин суугаа газар болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар “өөрийн оршин суугаа газар болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар шүүгдэгч Х.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт зорчих эрхийг хязгаарлах ялыг 5 жилийн хугацаагаар тогтоов.
Шүүгдэгч М.Н, Х.Х нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдгээрт анхааруулав.
III. Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хамт ирүүлсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “№1” гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, “№3” гэж хаягласан гялгар ууттай мөнгөлөг цаас, “№4” гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн нунтаг мэт зүйл, “№6” гэж хаягласан гялгар ууттай тариур, “Nike” гэсэн бичиглэлтэй хар өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг,“№5” гэж хаягласан гялгар ууттай АХ8478525 сери дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, AL4937373 сери дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Монгол банканд шилжүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н, Х.Х нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О*** овогт М.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Т*** овогт Х.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-т 5 (тав) жилийн хугацаагаар “өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-д 4 (дөрөв) жилийн хугацаагаар “өөрийн оршин суугаа газар болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар “өөрийн оршин суугаа газар болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 4 (дөрөв) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт зорчих эрхийг хязгаарлах ялыг 5 (тав) жилийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н, Х.Х нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдгээрт анхааруулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хамт ирүүлсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “№1” гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, “№3” гэж хаягласан гялгар ууттай мөнгөлөг цаас, “№4” гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн нунтаг мэт зүйл, “№6” гэж хаягласан гялгар ууттай тариур, “Nike” гэсэн бичиглэлтэй хар өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг,“№5” гэж хаягласан гялгар ууттай АХ8478525 сери дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, AL4937373 сери дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Монгол банканд шилжүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.Н, Х.Х нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н, Х.Х нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЗОЛБОО