| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2023/00347/И |
| Дугаар | 104/ШШ2023/00290 |
| Огноо | 2023-06-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 104/ШШ2023/00290
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: , , ,д оршин суух, ******* овогт *******ны *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: , , , Өвөршанд ******* тоот хаягт оршин суух, овогт *******ийн *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 22,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Г.*******,
Хариуцагч: Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Буянзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би Б.ын ******* тоот Хаан банкны данс руу 2021 оны 10 дугаар сарын 26-ны өлөх 10,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 12,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Шилжүүлгийн гүйлгээг Хаан банкны дансны хуулгаар баталгаажуулсан байгаа. Уг 10,000,000 төгрөгийг цалингийн зээл авч өгсөн. 12,000,000 төгрөгийг зээлэхдээ унаж байсан prius-30 машинаа зарж өгсөн. Б.******* нь тухайн үед авто машин зардаг худалдааны төвд ажилладаг байсан ба өөрийн ажилладаг газраар дамжуулан банк бус санхүүгийн байгууллагын зээлээр надад машин зарж борлуулсан. Уг 22,000,000 төгрөгийг зээлэхдээ мөнгөө нийлүүлж хөрөнгө босгоод, Япон улсаас авто машин оруулж ирж борлуулан олсон ашгаа тэнцүү хуваахаар тохиролцсон. Уг мөнгөө өнөөг хүртэл өгөөгүй байна. Тиймээс 22,000,000 төгрөгийг хариуцагч Б.*******ас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Б.******* нь цалингийн зээлийн төлөлт 3,200,000 төгрөг, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн төлөлт 3,360,000 төгрөг, нийт 6,560,000 төгрөг төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас төлбөр 6,560,000 төгрөгийг хасч, үлдэгдэл 15,440,000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлага 22,000,000 төгрөгөөс 6,560,000 төгрөгийг хасч байх тул хариуцагч Б.*******ас 15,440,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
2.Хариуцагч Б.******* шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа: ... 2021 оны 07 сарын сүүлээр ******* манай ажил дээр ирсэн. Автомашины захиалга өгөөд машин хямдхан оруулаад авчихмаар байна гэсэн. Би захиалга аваад өгөөд явдаг байсан. Тухайн үед 7 сард тээвэр өсөөгүй гайгүй байсан. 21,000,000 төгрөгт бараг багтаад ороод ирэх байх гэж хэлээд мөнгийг нь аваад машиныг нь захиалсан. Машин нь ирж байтал ложистик дээр түгжрэл үүсээд тээвэр өсөөд 9 сараас эхлээд машин үнэ өссөн. Ер нь 24,00,000 төгрөгөөс 25,000,000 төгрөг рүү орж байсан. Зах зээлийн ханш нь 30,000,000 төгрөг гараад явсан. 11 сард ******* машиныг нь гааль дээр буухад хүнээс ярьж авч өгсөн. Гаальтай машин байсан, номергүй байсан. 33,000,000 төгрөг гарсан машиныг 21,000,000 төгрөгт өгсөн. Дараа нь цалингийн зээл 10 сард авч өгөхөөр нь ложистик дээр гарсан тээврийн зардлыг өгөөрэй гээд 12,500,000 төгрөг хийж байсан. 7,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй боллоо шүү гэж хэлээд тохиролцсон. Би ажлаас гараад асуудалд орох хүртлээ түүний нэр дээрх зээлийг нь цаг хугацаанд нь төлөөд явж байсан. Би өөрөө зөндөө асуудалд орсон, бага багаар өрнөөсөө гараад явж байгаа. Би өөрөө эрүүл мэндийн асуудалтай хүн. Зүрхний том асуудалтай, намайг ажил хийх боломжгүй гээд их эмчийн дүгнэлт байгаа. Тэгсэн ч гэсэн би ажил хийж байгаад өрийг даръя гээд явж байгаа.... гэв.
3. Хэрэгт нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд:
3.1 Г.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 03 хуудас)
3.2 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/******* дугаартай шийдвэр (хх-ийн 05-07 хуудас)
3.3 Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 28/2073 тоот албан бичиг (хх-ийн 08 хуудас)
3.4 Хаан банк ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай мөнгөн шилжүүлэг (хх-ийн 09 хуудас),
3.5 Хаан банк ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай мөнгөн шилжүүлэг (хх-ийн 10 хуудас) зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
4.Хариуцагч талаас бичгийн нотлох баримт болон хариу тайлбар ирүүлээгүй байна.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан 22,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэлийн 6,560,000 төгрөгөөс татгалзаж, 15,440,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Б.******* нь авто машин зардаг худалдааны төвд ажилладаг байхдаа японоос машин оруулж ирээд зарсан ашгаа хувааж авна гэж хэлээд надаас 22,000,000 төгрөг авсан, тэгээд машин оруулж ирээгүй, мөнгөө ч буцааж өгөөгүй, хариуцагч миний цалингийн зээлийн төлөлт 3,200,000 төгрөг, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн төлөлт 3,360,000 төгрөг, нийт 6,560,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас төлбөр 6,560,000 төгрөгийг хасч, үлдэгдэл 15,440,000 төгрөгийг гаргуулна... гэж,
Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ ... Тухайн үед би нэхэмжлэгчид их тус болж байсан, Цалингийн зээл болон банк бус байгууллагын зээлэнд нь би тухай бүр төлөлтийг нь хийж явсан, одоо миний тооцоогоор 10,000,000 орчим төгрөг өгөөд эвлэрч болно... гэж тайлбарлан маргаж байна.
3.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.******* нар нь Япон улсаас автомашин захиалан Монгол улсад оруулж ирэн зарж борлуулж ашгаа хувааж авна хэмээн тохиролцож, хариуцагч Б.******* нь нэхэмжлэгчээс 22,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч уг автомашиныг оруулж ирээгүй болох нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн Хаан банк ХХК-ийн шилжүүлэгийн мэдээлэл баримт, зохигчийн тайлбар (хх-ийн 09-10)-аар нотлогдож байна.
4.Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нэхэмжлэгчээс 22,000,000 төгрөг шилжүүлэн авсан гэх үйл баримттай маргаагүй, гагцхүү уг мөнгөнөөс 12,000,000 төгрөгийг буцаан төлсөн тул одоо 10,000,000 төгрөгийг төлнө гэж маргаж байна.
5.Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар зохигч автомашин зарж ашиг олох хүсэл зоригийн илэрхийлэл нэгдэж, хариуцагч автомашиныг захиалан авчрахаар нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан боловч хариуцагч хэлцлээр тохирсон үүргээ биелүүлээгүй болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна.
6.Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ, 13.3-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ гэж зааснаас үзвэл аливаа иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээд эрх үүргээ шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй байна.
7.Зохигчид хоорондоо гэрээ байгуулаагүй, хэлцэл хийж ашиг олох зорилготой байсан боловч хариуцагч үнийн өсөлтөөс шалтгаалан хэлцлээр тохирсон үүргээ шударгаар биелээгүй тул нэхэмжлэгч түүнд шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар шаардсан, нэхэмжлэгч өөрийн нэр дээрх тоот данснаас хариуцагчийн нэр дээрх ******* тоот дансруу 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 12,000,000 төгрөгийг шилжүүлж байгаа үйлдэл нь тэдгээр нь иргэд хоорондын эрх, үүрэг үүсгэх иргэний эрх зүйн харилцаанд оролцож байгаа гэж үзнэ.
8.Хариуцагч Б.******* өөрийн нэр дээрх ******* дугаартай дансанд шилжин орсон 22,000,000 төгрөгийг буцаан нэхэмжлэгчид төлсөн гэдгээ баримтаар нотлоогүй, тухайн дансыг эзэмших, гүйлгээ хийх, мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх нь хариуцагч Б.*******д байхаас гадна нэхэмжлэгчтэй тохиролцсоны дагуу авто машиныг оруулж ирээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул шилжүүлсэн мөнгийг буцаан төлөх үүргийг хүлээнэ.
9.Иргэний хуульд үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээдээс буцаан шаардах шаардлагад хамаарах зүйлсийг тусгасан ба Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэнд хөрөнгө шилжүүлсэн тал нь уг зүйлийг олж авсан талаас хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байдаг.
10.Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Г.*******ээс 22,000,000 төгрөгийг шилжүүлэн авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй, уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид буцааж төлөх үүрэг хүлээх тул нэхэмжлэгчийн шаардаж буй 15,440,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
11.Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Г.*******т 12,000,000 төгрөгийг буцаан төлсөн хэмээн тайлбар гаргах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг зохигч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу өөрийн татгалзалтай холбоотой 12,000,000 төгрөгийг буцаан төлсөн баримтыг гаргаж өгөөгүй тул татгалзлыг үндэслэлгүй хэмээн үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
12.Нэхэмжлэгч Г.******* нь шүүх хуралдаанд 6,560,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
13.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ас 15,440,000 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 235,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан хариуцагч Б.*******ас 15,440,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ас 235,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА