| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2025/0056/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/72 |
| Огноо | 2025-05-16 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Ц |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/72
2025 05 16 2025/ШЦТ/72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Намуун,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнай,
Шүүгдэгч: Б.Н,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ***** овогт Б***** Н***** холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *****************************************************************
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Н***** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Н***** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хавтаст хэргийн 20-24 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Н***** "... 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 1100 цагийн үед Улаанбаатар хотоос гараад 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01 00 цаг өнгөрч байхад Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг "Цагаан хад" хад суурьшлын бүсэд байрлах ажлын байран дээрээ ирсэн. Би "Цагаан хад" суурьшлын бүсэд " ***** " нэртэй хүнс, барааны дэлгүүр ажиллуулдаг... тухайн шөнө Улаанбаатар хотоос ирээд дэлгүүрийнхээ хаалгыг онгойлгох гээд дэлгүүрийн үүдэнд зогсож байхад машин ирээд намайг мөргөсөн. Намайг мөргөсөн машин манай дэлгүүрийн эсрэг талд байдаг үсчний гадна хүмүүстэй маргалдаж байгаад хөдлөөд наашаа, цаашаа яваад байсан. Тэгж байгаад намайг ирээд мөргөсөн. Урьд өмнө нь харж байгаагүй огт танихгүй. Манай эхнэр машин дотор сууж байсан. Тухайн үйл явдлыг харж байсан. Намайг мөргөсөн машины жолоочтой маргалдсан хүмүүс бас харсан байх... З.У***** гээд үсчнийг зус таньдаг, бусдыг нь танихгүй ээ. Цаг агаарын хувьд салхи шуургагүй дулаахан байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Би мөргөсөн жолоочийг танихгүй, хувийн таарамжгүй харьцаа, өс хонзон байхгүй, огт танихгүй хүн байсан. Тухайн үед намайг мөргөхөд нэлээн гэрэлтэй байсан. Намайг харахгүй байх боломжгүй байсан... Эмчилгээний зардалд 20,000,000 төгрөг өгсөн... Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт байхгүй. Намайг "Ална" гэсэн зорилготой дайрсан байх. Би тэр хүнд буруу зүйл огт хийсэн зүйл байхгүй ээ. Намайг мөргөсөн машины жолоочоос 3 сарын хугацаанд ажил хийгээгүй зардал, дэлгүүрийн бараанууд хугацаа дууссан байгаа учраас барааны үнийг нэхэмжлэн авмаар байна. Нийт хохирол 25,000,000 төгрөг болж байна....
2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дахин өгсөн:
"... Миний хохирлыг бүрэн барагдуулсан тул ямар ч гомдол, санал байхгүй. Би хэргийн материалтай танилцана. Шүүх хуралдаанд оролцохгүй ээ. Би сэтгэцэд учирсан гэм хор, уршгийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй ээ..." гэсэн мэдүүлгүүд /хавтаст хэргийн 29, 32 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Д***** "... Би 2024 оны 09 дугаар сарын 24-ний шөнийн 0100 цагийн үед Улаанбаатар хотоос нөхөр Б.Н***** хамт ирсэн. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг "Цагаан хад" суурьшлын бүсэд ажлын байран дээрээ ирэхэд "Цагаан хад" суурьшлын бүсийн гол үсчний гадна талд улаан өнгийн приус маркийн машин зогсож байсан. Манай нөхөр машинаа байрлуулах гээд эргэх үед машины гэрэлд улаан өнгийн приус маркийн машинаас хүн буугаад шээж байсан. Тэгээд согтуу хүн тухайн машинд байгаа юм байна гэж мэдсэн. Тэр машинд байсан хүмүүс салоны гэрлээ асаасан байсан. Удалгүй "Цагаан хад"-ны голоос 2 залуу гар утасны гэрэл асаагаад үсчний гадна ирээд үсчний хаалгыг тогшсон. Тэгсэн дотроос нэг эмэгтэй гарч ирсэн. Тэгээд тэр хэд машинтай хүмүүстэй маргаан үүсгээд чанга чанга дугараад байсан. 4-5 минут хэрэлдсэн... нөгөө улаан өнгийн приус хүчтэй ухрах үйлдэл хийсэн. Маргалдсан хүмүүсээ мөргөх гээд байх шиг байсан. Эхний ухралтаар маргалдсан хүмүүс нь бултсан. Тэгсэн дахиад нөгөө хүмүүсийг мөргөх гээд ухарсан, дахиад нөгөө 2 хүн нь бултсан. Тэгсэн машинтай хүмүүстэй маргалдсан нэг залуу нь манай нөхөртэй мэнд мэдээд байж байсан чинь нөгөө улаан өнгийн приус маркийн машин хурдтай манай дэлгүүрийн чигтээ хөдөлсөн тэгээд "Тас, няс" гээд чанга дуу чимээ гарахаар нь би машинаасаа буугаад очсон чинь манай нөхөр доголоод үсчний урд байсан цагаан өнгийн тээврийн хэрэгслийн урдуур гүйж орсон. Манай нөхрийг мөргөсөн машин ухрах үйлдэл хийгээд гудмаар зугтаад явсан. Тэгээд эмнэлэг орж үзүүлсэн... цагдаа дуудсан.. 2 хүн л байсан. Урд суудал дээр байсан... Машинаасаа буугаад шээхдээ гуйваад байсан, бас яриа нь архи уусан хүний өнгөөр ярьж байсан. Өндөр, намхан хоёр залуу үсчин дээр ирсэн. Өндөр нь манай нөхөр дээр ирээд юм ярьж байсан. Намхан залуу хүүхэн хоёрыг мөргөх гээд байсан..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Э***** "... Би 2024 оны 09 дугаар сарын 23-ны 2200 цаг өнгөрч байхад найз Б. Н***** уулзаад Б. Н***** төрсөн өдөр байсан учраас "***** *****" ХХК-ийн эзэмшлийн ***** УНВ улсын дугаартай, приус 20 маркийн тээврийн хэрэгслийг Б. Н***** жолоодоод "**********" ХХК-ийн ойролцоо байдаг "***** *****" гэдэг хүнсний дэлгүүрээс "Агар" нэртэй 2 шил архи аваад "Цагаан хад" суурьшлын бүсийн хогийн цэгийн ойролцоо очоод хоёулаа хувааж уусан... 2 шил архиа хувааж ууж дуусгаад гадаа гарч бид хоёр бие засчхаад буцаад машиндаа суусан. Тэгээд цаашаа юу болсныг санахгүй байгаа... Б.Н***** жолоодож компаниас гарсан. Б. Н***** бид хоёр хоёулаа байсан. Өөр хүн байгаагүй..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч З.У***** "... машинаа хөдөлгөөд ухраад буцаад урагшлахдаа машины урд хамар хэсгээр албаар тэр хоёрыг мөргөчхөөд тэр чигтээ яваад өгсөн... Угаасаа согтуу байсан... мөргөдөг хоёр ахаас бусад нь эрүүл байсан..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Б***** "... Би 2024 оны 09 дугаар сарын 23-наас 2024 оны 09 дүгээр сарын 24-нийг шилжих шөнө хэдэн цаг болж байсныг сайн санахгүй байна миний таньдаг эгч “Цагаан хад” суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг З.У***** үсчний газарт ажиллаж амьдардаг. Тухайн шөнө намайг интернэт тоглоомын газарт байж байхад миний фейсбүүк чат руу 3.У***** эгч залгаад "Манай үсчний газрын гадаа хаалгыг хүн нүдээд айлгаад байна" гэхээр нь би Ц.Т***** гэдэг ахтай хамт очсон... очиход улаан өнгийн приус 20 маркийн машин үсчний гадаа зогсож байсан. Би очоод тэр улаан приус маркийн машины жолоочийн эсрэг талаар очоод "Цонхоо доошлуулчих" гэсэн машиныхаа цонхыг онгойлгохоор нь "Та жоохон хүүхэдтэй эмэгтэй хүний хаалга, үүдийг балбаад яах гээд байгаа юм бэ" гэсэн чинь жолооч нь "Чамд ямар хамаатай юм бэ” гээд маргалдаж эхэлсэн. Жолооч нь бууж ирээд маргалдаж байсан чинь Б.Н***** ах намайг дуудсан... Б.Н***** ах дээр очоод мэнд мэдээд дэлгүүрийн үүдийг нээх гээд байж байсан чинь гэнэт нөгөө улаан приус маркийн машиныг ирж мөргөсөн. Мөргөхөөс нь өмнө би Б.Н***** ахыг татсан тэгсэн тэр машин дэлгүүрийн үүдийг мөргөсөн. Тэгээд буцаж ухраад яваад өгсөн. Тэгээд эмнэлэг цагдаа дуудсан... Зүүн гарын бугуй хавьд яс нь цуурсан байна гэсэн өөр гэмтэл байхгүй... Байхгүй надад эмчилгээний зардал гээд 300,000 төгрөг өгсөн... Би үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Т***** “... Би 2024 оны 09 дугаар сарын 23-наас 2024 оны 09 дүгээр сарын 24-нийг шилжих шөнө хэдэн цаг болж байсныг сайн санахгүй байна миний найз “Цагаан хад" суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “*****” үсчний газарт ажиллаж амьдардаг "З. У*****" гэдэг найз маань тухайн шөнө намайг интернэт тоглоомын газарт байж байхад утсаар залгаад “Манай үсчний газрын гадаа хаалгыг хүн нүдээд айлгаад байна" гэхээр нь би Б.Б***** гэдэг дүүгийн хамт очсон... очиход улаан өнгийн приус 20 маркийн машин үсчний гадаа зогсож байсан. Б.Б***** очоод тэр улаан приус маркийн машины жолоочийн эсрэг талаар очоод "Цонхоо доошлуулчих" гэсэн. Машиныхаа цонхыг онгойлгохоор нь "Та жоохон хүүхэдтэй эмэгтэй хүний хаалга үүдийг балбаад яах гээд байгаа юм бэ” гэсэн чинь машин дотор байсан 2 хүн Б.Б***** хандан "Чамд ямар хамаатай юм бэ" гээд маргалдаж эхэлсэн. Жолооч нь бууж ирээд маргалдаж байгаад Б.Б***** цохих шиг болсон. Тэгээд Б***** харилцан нэг цохилцоод салсан... нөгөө улаан приусийн жолооч машиндаа суугаад минут болсон. Тэгээд тэр хооронд Б.Н***** ах "Улаанбаатар хотоос ирлээ, ахынхаа барааг зөөлцөөд өгөөч" гэж байсан. Б.Н***** ахтай Б.Б***** уулзаад зогсож байхад гэнэт нөгөө улаан приус маркийн машин ухраад эхлээд н.У*****г дайрангаа алдаад тэр чигтээ нэлээн хол ухарч байгаад зогсож зогсож байгаад урагш хөдлөөд Б.Н*****, Б.Б***** хоёрыг мөргөсөн. Тэгээд зугтаагаад яваад өгсөн..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Т.Н***** 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ***** дугаартай "1. Б.Н***** биед зүүн хөлийн 1-р хурууны хугарал, зүүн хөлийн тавхайн 1, 2-р хураа, тавхайн доод хэсэгт шарх, зүүн хөлийн шагай, тавхайд цус хуралт, зүүн шилбэ, тавхайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Б.Н***** биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоолоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 56-57 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал /бодит байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.
Шүүгдэгч Б.Н***** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Н***** хохирогчийг тээврийн хэрэгслээр мөргөсөн үйлдэл болон хохирогч Б.Н***** биед зүүн хөлийн 1-р хурууны хугарал, зүүн хөлийн тавхайн 1, 2-р хураа, тавхайн доод хэсэгт шарх, зүүн хөлийн шагай, тавхайд цус хуралт, зүүн шилбэ, тавхайд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Н***** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Н***** нь хохирогч Б.Н***** эмчилгээний төлбөрт 20,000,000 /хорин сая/ төгрөг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 74-75, 104 дэх тал/,
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1,500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Н***** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Н***** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 92 дахь тал/
Иймд шүүгдэгч Б.Н***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ***** овогт Б***** Н***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н***** 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н***** оногдуулсан 1,500,000 төгрөгийн торгох ялыг 5 /тав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Н***** нь хохирогч Б.Н***** эмчилгээний төлбөрт 20,000,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Б.Н***** нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н***** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ