Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2

 

      2025             02              06                                                 2025/ШЦТ/­­­­22                                                          

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч: М.Л,

Шүүгдэгч: Д.Б,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.Энхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овогт М***** Л*****, ***** овогт Д***** Б***** нарт холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***************************************************************,

Монгол Улсын иргэн, ****************************************************************

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

   Шүүгдэгч М.Л*****, Д.Б***** нар нь бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5-р баг, Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг " ***** ***** " ХХК-ийн кемпийн хашаанд Д.Ц***** үл ялих зүйлээс маргалдан улмаар түүний бие эрх чөлөөнд нь халдан цохих, өшиглөх зэргээр зодож тархи доргилт, 1 шүд унасан /11- р/, 1 шүд хугарсан /12-р/, доод уруулын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Л***** нь мэдүүлэхдээ: “Байхгүй” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б***** нь мэдүүлэхдээ: “Байхгүй” гэв.

Шүүх хуралдаанд улсын яллагч В.Төгсбаяр нь дүгнэлт болон тайлбартаа: “Өмнөговь аймаг Ханбогд сумын сум дундын прокурорын хяналтын прокурор, В.Төгсбаяр би,  Монгол улсын прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл,  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн М.Л*****, Д.Б***** нарт холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна.

Шүүгдэгч Б*****, М.Л***** нар нь бүлэглэн 2024 оны 12 сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын хайрхан тавдугаар баг цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг жавхлант жолоо компанийн кемпийн хашаанд Д.Ц***** үл ялих зүйлээс маргалдаж улмаар түүний бие эрх чөлөөнд нь халдан цохих гишгэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан ийм гэмт хэрэг үйлдсэн болох нь бол мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Тийм учраас түүнийг тэднийг эрүүгийн хуулийн тусгай ангийн арван нэг зургаадугаар зүйлийн ийн хоёр дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн ийм гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч мөн шүүгдэгч нартай эвлэрч мөн 5,500,000 төгрөгийн хохирол төлсөн болох нь тогтоогдож байгаа учраас түүнийг тэднийг хохирол төлбөр төлсөн болохыг шийдэх тогтоолд дурдуулж бусдад төлөх төлбөргүй байна гэсэн ийм дүгнэлтийг мөн гаргаж байна юуны хувьд энэ хэргийн улмаас шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа.

Д.Б***** М.Л***** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс оруулж байна. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ энэ хэргийн улмаас шүүгдэгч нарт авагдсан  бөгөөд энэхүү таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй байна гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Энхтөр нь дүгнэлт болон тайлбартаа: “Манай үйлчлүүлэгч М.Л*****, Д.Б*****нар нь 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг ***** компанийн кемпэд хохирогч Д.Ц***** хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдаж, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан үйлдэл бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагч нарын хэргээ хүлээсэн мэдүүлэг зэргээр батлагдаж байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах улсын яллагчийн саналтай санал нэг байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учраас эрүүгийн хариуцлага ноогдуулах нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үздэг. Тэгэхээр тухайн хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэвэл Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Шүүгдэгч Д.Б***** хувьд ямар нэг байдлаар гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгэж байгаагүй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн мөн учруулсан хохирлыг бүрэн төлсөн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.3-т заасан нөхцөл байдал бүрэн тогтоогдож байна. Хохирогчийн зүгээс хохирол төлбөрийн талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын нэгдүгээр зэргээр тогтоогдсон ч гэсэн 5,500,000 төгрөг төлсөн. Хохирогч нь хохирол гомдол байхгүй, гомдол саналгүй, нэмж нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ бичгээр ирүүлсэн байгаа. Тийм учраас шүүгдэгч нарт оногдуулахаар улсын яллагчийн зүгээс 500 нэгжээр торгох санал гаргасныг шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг хувийн байдал зэрэгт тохирсон гэж үзэж байгаа учраас улсын яллагчийн саналын дагуу 500,000 төгрөгөөр торгох саналыг дэмжиж байна.” гэв.

  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Ц***** мэдүүлсэн: "... Тэгэхээр нь би энэ хоёрын хэрүүлийг нь болиулах гээд Л***** хандаж "Та хоёр адилхан нэг компанийн жолооч байж яах гэж хэрэлдэж муудалцдаг юм бэ?" гэж хэлэхэд Л*****"Чамд хамаагүй шүү" гэж хэлээд Л***** хоёр миний эрүү, шүд рүү цохисон, Б***** намайг бариад миний цээж, гуя хэсэг рүү хэд хэдэн цохисон. Хажууд байсан жолооч нар салгасан. Тэгээд О*****компанийн удирдлагуудыг дуудаж ирэхээр яваад өгсөн. Тэгээд Л***** Б***** бид гурвыг жолооч нар салгасны дараа би машин руугаа очоод машиныхаа хойно зогсож байхад Л*****, Б***** хоёр хүрч ирээд намайг нийлээд зодсон. Тэр үед Л***** намайг миний цамцаар толгойг минь ороогоод намайг хэд хэд цохиж хөшиглөсөн, миний шүд рүү Б***** өшиглөж миний уруулын завж гэмтсэн, миний нэг үүдэн шүд хөдөлж нэг үүдэн шүд хугарсан. Тэгээд бид хэдийг манай компанийн жолооч нар ирээд дахиж салгаж өгсөн. Л*****, Б***** нар намайг ална гээд дайраад байсан, манай компанийн жолооч нар салгаад барьж өгсөн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/,   

              Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ***** дугаартай: "Биед үзлэг хийж, эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд: 1. Д.Ц***** биед тархины доргилт, 1 шүд унасан /11-р/, 1 шүд хугарсан /12-р/, доод уруулын язарсан шарх гэмтэл үүсжээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. 4. Нэг шүд унасан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.2 заалтаар ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 10%-аар тогтонги алдагдуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл 3.1.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

  Шүүгдэгч М.Л*****, Д.Б***** нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Л*****, Д.Б***** нар нь бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5-р баг, Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг " ***** ***** " ХХК-ийн кемпийн хашаанд Д.Ц***** үл ялих зүйлээс маргалдан улмаар түүний бие эрх чөлөөнд нь халдан цохих, өшиглөх зэргээр зодож тархины доргилт, 1 шүд унасан /11-р/, 1 шүд хугарсан /12-р/, доод уруулын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

    Шүүгдэгч М.Л*****, Д.Б***** нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.  

             Шүүгдэгч М.Л*****, Д.Б***** нарын хохирогчийн бие эрх чөлөөнд нь халдан цохих, өшиглөх зэргээр зодож тархи доргилт, 1 шүд унасан /11- р/, 1 шүд хугарсан /12-р/, доод уруулын язарсан шарх бүхий гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

             Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. 

   Шүүгдэгч М.Л*****, Д.Б***** нарын бүлэглэн хохирогч Д.Ц***** бие эрх чөлөөнд нь халдан цохих, өшиглөх зэргээр зодож тархи доргилт, 1 шүд унасан /11- р/, 1 шүд хугарсан /12-р/, доод уруулын язарсан шарх бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

 Иймд, шүүгдэгч М.Л*****, Д.Б***** нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ***** дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Ц***** бие махбодод хөнгөн гэмтэл учирсныг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Ц***** “...бүх хохирлоо барагдуулж гомдол саналгүй болсон...” гэх хүсэлтийг гаргажээ. /хавтаст хэргийн 79 дэх тал/,  

         Шүүгдэгч М.Л*****, Д.Б***** нар нь хохирогч Д.Ц***** эмчилгээний төлбөрт 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 94 дэх тал/,

            Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Л*****, Д.Б***** нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс оруулж байна.” гэх дүгнэлтийг,

  Шүүгдэгч М.Л***** “...өөрийнхөө хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа учраас торгуулийн арга хэмжээн дээр санал нэгтэй байгаа.” гэв.

  Шүүгдэгч Д.Б***** “...санал нэгтэй байна.” гэв.

  Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Энхтөрөөс “...улсын яллагчийн саналын дагуу 500,000 төгрөгөөр торгох саналыг дэмжиж байна.” гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.

 Шүүгдэгч М.Л***** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгч М.Л***** урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 66 дахь тал/

Шүүгдэгч Д. ***** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Л*****, Д.Б***** нарыг тус тус 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа ойлгож, гэмшсэн нөхцөл байдалд нь тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангасан гэж үзэв.     

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Л*****, Д.Б***** нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Л*****, Д.Б***** нар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Л*****, Д.Б***** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***** овогт М***** Л*****, ***** овогт Д***** Б***** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Л*****, Д.Б***** нарыг тус тус 500 /таван зуу/ -н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Л*****, Д.Б***** нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Л*****, Д.Б***** нар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч М.Л*****, Д.Б***** нар хохирогч Д.Ц***** эмчилгээний төлбөрт 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Л*****, Д.Б***** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.БАТМӨНХ