Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/265

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж

Улсын яллагч: Т.А

Шүүгдэгч: Г.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овогт Г.Ц-д холбогдох эрүүгийн 2512003500234 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 07-ны өдөр А аймгийн Б суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, А аймгийн Б сумын Т багийн Хамрын гол гэх газарт оршин суух хаягтай, урьд нь А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/261 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт Г.Ц

                                        

                          Холбогдсон хэргийн талаар:  

 

Шүүгдэгч Г.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Г.Ц нь 2025 оны 04 дүгээр сарын дундуур А аймгийн Б сумын нутаг дэвсгэрт байрлах Х гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд шинэс төрлийн 2 ширхэг унанги мод огтлон 3,32 метрийн урттай 5 хэсэг болгон хуваан мод бэлтгэж Портер маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслээр А аймгийн Б сумын Т багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн оршин суух газар хүртэл тээвэрлэсэн, Мөн үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр А аймгийн Б сумын нутаг дэвсгэрт байрлах Х гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд шинэс төрлийн 4 ширхэг унанги мод огтлон 3,32 метрийн урттай 8 хэсэг болгон хуваан мод бэлтгэж Портер маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслээр А аймгийн Б сумын Т багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн оршин суух газар хүртэл тээвэрлэж нийт огтлон бэлтгэсэн 13 хэсэг буюу 3,009 метр куб мод бэлтгэж тээвэрлэж, ойн санд 594,480 төгрөгийн хохирол учруулсан хууль бусаар мод бэлтгэсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хэрэг мөн байна. 

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Г.Ц нь дээрх  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Г.Д-ийн “...Байгаль орчинд учирсан 594,480 төгрөгийн хохирлыг хуульд заасан орон нутгийн 100011700914 тоот дансанд тушааж байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулчихвал өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 46-47 дугаар тал/, гэрч Г.Г-ийн“...Тухайн өдөр би хариуцсан сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад Б сумын З багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "И" ХХК-ийн мод зүсдэг хашаанд ороход уг хашаанд шинэс төрлийн мод буулгаад хураачихсан байхаар нь тухайн хашаанд байсан хүмүүсээс хэн ямар мод хаанаас авч ирж буулгасан талаар асуухад манай сумын Ц гэх залуу банз болгож зүсүүлэх гээд буулгаад явсан талаар хэлсэн тухайн модыг нүдэн барагцаагаар харахад 3 метрийн урттай 13 ширхэг мод байсан. Тэгээд би зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байж болзошгүй шалгах шаардлагатай гэж бодоод цагдаагийн газарт дуудлага мэдээллээр оруулаад Ц-ийг дуудуулсан юм. ... Ц ирээд мод бэлтгэх эрхийн бичиг үзүүлсэн тухайн бичгийн он, сар, өдрийг шалгаж үзэхэд 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Мод бэлтгэх АРА-М2519602 дугаартай бичиг байсан уг бичиг дээр Б сумын Т багийн Х гэх газар зааж бичсэн байсан гэтэл Ц нь өөрийнхөө амьдарч байгаа газар болох Б сумын Т багийн Х гэх газраас унанги мод бэлтгээд 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр уг хашаанд буулгасан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-31 дүгээр тал/, гэрч Х.М-ын “...Ц нь 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өвөлжөөний мод сэлгэх зориулалтаар АРА М2519602 сери дугаартай, Х гэх нэртэй газраас хэрэглээний 2 метр куб мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж авсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-27 дугаар тал/, яллагдагч Г.Цийн”...хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 133 дугаар тал/,

             Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б-гийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн АРХ0325/244 дугаартай: “...Мөрдөгчийн модны үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан 3 метр 32 см-н урттай 13 ширхэг мод нь 3,009м3 байх ба экологи-эдийн засгийн үнэлгээ 594,480 төгрөг байна. 2."Монгол орны мод сөөг" гарын авлагатай харьцуулахад Pineceae Lindl- Нарсны овгийн Larix sibirica Сибирь шинэс байна. МNS2470:1978 стандартын арга ашиглан жингийн алдагдлыг тооцож үзэхэд дээжийн чийг 19,45%-ийн чийгшилтэй байгаа тул хуурай мод байна. 3. Уг тайрсан моднууд нь унанги модноос бэлдсэн байна гэх дүгнэлт/хх-ийн 39-46 дугаар тал/,

             Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн АЦ25-140 дугаартай”...Автомашин-2,422,438 төгрөг, мод 300,900 төгрөг, хөрөө 18,000 төгрөг, нийт 2,903,338 төгрөг...” гэх дүгнэлт/хх-ийн 69-79 дугаар тал/,

             Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 5-8 дугаар тал/, Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 9-11 дүгээр тал/, Цахилгаан хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 12-14 дүгээр тал/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 15-19 дүгээр тал/, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 104 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

          Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Ц-ийн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Г.Ц-ийг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Ц нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 594,480 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /594,480*3=1,783,440/нэг сая долоон зуун наян гурван мянга дөрвөн зуун дөч/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 1,783,440/нэг сая долоон зуун наян гурван мянга дөрвөн зуун дөч/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв. 

 

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба шүүгдэгч Г.Ц нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой. Прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын үр дагаврыг шүүгдэгч хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Шүүхээс шүүгдэгч Г.Ц-ийг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан. Шүүгдэгч Г.Ц-ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2,422,438 /хоёр сая дөрвөн зуун хорин хоёр мянга дөрвөн зуун гучин найм/ төгрөгийн үнэлгээ бүхий ***** улсын дугаартай Портер маркийн автомашин нь түүний эзэмшлийнх болох нь Авто тээврийн үндэсний төвийн автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул прокурорын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 124 дугаартай эд мөрийн баримт хураан авах тухай тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Цийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2,422,438 /хоёр сая дөрвөн зуун хорин хоёр мянга дөрвөн зуун гучин найм/ төгрөгийн үнэлгээ бүхий ***** улсын дугаартай Портер маркийн автомашины үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1,783,440 төгрөгийг төлөхөд зарцуулж, үлдэгдэл 638,998 төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 3,009 м3 шоо метр шинэс мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 180,000/нэг зуун наян мянга/  төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө зэргийг улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч М овогт Г-ын Ц-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ойд мод бэлтгэж, гэрэл үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-ийг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц нь шүүхээс оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4 дэх хэсгийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Г.Цээс байгаль экологид учруулсан хохирол /594,480*3=1,783,440/нэг сая долоон зуун наян гурван мянга дөрвөн зуун дөч/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 124 дугаартай эд мөрийн баримт хураан авах тухай тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Цийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2,422,438 /хоёр сая дөрвөн зуун хорин хоёр мянга дөрвөн зуун гучин найм/ төгрөгийн үнэлгээ бүхий **** улсын дугаартай Портер маркийн автомашины үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1,783,440 төгрөгийг төлөхөд зарцуулж, үлдэгдэл 638,998 төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 3,009 м3 шоо метр шинэс мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 180,000/нэг зуун наян мянга/  төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө зэргийг улсын болгосугай.

 

7. Шүүгдэгч Г.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН