| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 183/2019/00768/И |
| Дугаар | 210/МА2019/01279 |
| Огноо | 2019-07-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2019/01279
Х.Аийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01079 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Х.Аийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Э” ТӨААТҮГ холбогдох,
Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, цалингийн зөрүү, ээлжийн амралтын олговор, үр дүнгийн урамшуулалд 44 899 580 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Э” ТӨААТҮГ-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад 2016.09.02-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдан. Тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2017 оны 3 сарын 22-ны өдрийн 183\ШШ2017\00637 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, 12 440 489 төгрөгийг ЭХХТ-өөс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шийдвэр гарсан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 сарын 28-ны өдрийн 1477 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 сарын 22-ны өдрийн 001\ХТ2017\01468 дүгээр тогтоолоор урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд хэвээр үлдээж шийдвэрлэсэн боловч одоо хүртэл хэрэгжээгүй байна.
Өнгөрсөн хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар өөрийн хүсэлтээ албан бичгээр 2, өөрийн биеэр 3 удаа очиж уулзсан, утсаар 2 удаа ярьсан боловч өнөөдрийг хүртэл ажилд эргүүлэн аваагүй. Иймд 2018.02.27-ноос 2019.02.28 өдрийг дуусталх хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө, үр дүнгийн урамшуулал, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулахаар нэхэмжилж байна. Үүнд: Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-а-д “Ажилтан ажлаас үндэслэлгүй халагдсан тохиолдолд дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэж заасны дагуу нийгмийн даатгалын дэвтэрт баталгаажсанаар 1 сарын дундаж цалин 4,051,465 төгрөг байгаа ч дээд шүүхийн шийдвэрийн дагуу тооцлоо. Цалинг ажлын 261 хоногоор тооцвол 1 өдрийн цалин 95.880.70 төгрөг /2,061,436:21,2=95.880.70/ ба 2018 оны 2 сарын цалин 95.880.70 төгрөг, 3 сарын цалин 2.013.495, 4 сарын цалин 2.013.495, 5 сарын цалин 2.205.256, 6 сарын цалин 2.013.495, 7 сарын цалин 2.109.376, 8 сарын цалин 2.205.256, 9 сарын цалин 1.917.614, 10 сарын цалин 2. 205.256, 11 сарын цалин 2.109.376, 12 сарын цалин 2.013.495, 2019 оны 01 сарын цалин 2.205.256, 2019 оны 02 сарын цалин 1.917.614, нийт 25.024.863 төгрөг нэхэмжилж байна.
Байгууллагын хамтын хэлэлцээрт зааснаар 120 хоногоос дээш ажилласан нөхцөлд 5 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 13 дахь сарын цалин олгодог журамтай ба 2015 оны 11 сарын 03-ны өдрийн тус төвийн захиргаа, ҮЭХ-ны хооронд байгуулсан хамтын гэрээний 3.4-т “Төвийн ажилтнуудын жилийн ажлын үр дүнг харгалзан батлагдсан журмын дагуу 5 хүртэл сарын албан тушаалын ба үндсэн цалингийн дундаж хэмжээгээр жилд 1 удаа урамшуулал олгоно” гэж, Дотоод журмын 6.1, 6.2-т дотоод журамд заасны дагуу ажилтанд сар, улирлын, жилийн ажлын үр дүнгээр урамшуулал олгоно гэж зааснаар 2018 оны албан тушаалын цалин 2.061.436 төгрөгийг 1 жилд 5 сараар тооцон 10.307.180 төгрөг нэхэмжилнэ. Би улсад 36,7 жил нийгмийн даатгалын төлж ажилласан ба ээлжийн амралтын цалинг холбогдох хуулийн дагуу тооцоход 2016 оны 6, 7, 8 сард 12,145,997 төгрөг : 3 = 4.048.665.67 төгрөг 1 сарын дундаж 21.2= 1 өдрийн дундаж цалин 186.774.80 төгрөг амралтын 31 хоног = 5.790.019 төгрөг нэхэмжилнэ.
Цалин тус бүр 10 хувиар нэмэгдсэн тул цалин 2.061.436 төгрөгийн 10 хувь 206.143 төгрөгийг 2017 оны 9 сараас 2019 оны 3 сар хүртэл хугацааны 3.607.513 төгрөг, нотариатын зардал 50,000 төгрөг гаргуулна.
2018.02.27-ноос өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт нөхөн хийлгүүлнэ гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Бямбажаргалаас шүүхэд гаргасан тайлбартаа: Х.А нь захирлын 2015 оны 01 сарын 27-ны өдрийн Б/8 тоот тушаалаар Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж, ажил үүргийн алдаа дутагдал гаргаж, хийсэн ажилдаа хайхрамжгүй хандаж байсан учраас хөдөлмөрийн гэрээг сунгахаас татгалзан 2016 оны 8 сарын 31-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Х.А нь ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч ямар ч үндэслэлгүй цалин нэмж авах талаар нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч анх ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулахаар тус шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр дамжин хуулийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ явагдаж нэхэмжлэлийг хангасан. Иймд нэхэмжлэгч үр дүнгийн урамшуулал, ээлжийн амралтын олговор, ажилгүй байсан хугацааны цалин хөлс авах болон эдлэх эрх бүхий үндэслэлгүй гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч С.Үүрийнбаяраас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 3 шатны шүүх нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин хөлсийг тооцохдоо шагнал болон ээлжийн амралтын олговрыг сар бүр олгох цалин хөлсөнд хамаарахгүй гэж үзэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн үндсэн цалин 1.122.000 төгрөг үүнээс цалинг тооцохдоо үндсэн цалин 21,5 сар, ажлын дундаж хоногт хуваан 1 өдрийн цалинг 52.186 төгрөгөөр тооцсон Давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэсэн. Тус төвийн ҮЭХ-той байгуулсан Хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 4-т жилийн ажлын үр дүнгийн шагналыг холбогдох журмыг баримтлан 5 сар хүртэлх сарын дундаж цалинтай тооцож олгоно гэж заасан. Үндсэн цалин 1.122.000 төгрөг дээр ээлжийн амралт, урамшуулал ороод 25.024.863 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Үндсэн цалин дээр хоол унааны мөнгө нэмэгдээд нийт 2.075.100 төгрөг болно. Ажиллаж байсан бол үр дүн, ээлжийн амралт, цалингийн 10 хувь нэмэгдэл орно гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг баримтлан “Э” ТӨААТҮГ-аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговор, үр дүнгийн урамшуулалд нийт 37 685 914 /гучин долоон сая зургаан зуун наян таван мянга есөн зуун арван дөрөв/ төгрөг гаргуулан, Чинсэтгэлтийнхэн овогтой Хужингийн Ад /РД:МЮ64062370/ олгож, шаардлагаас үлдэх 6 845 716 төгрөгийг хэрэгсэхгүй болгож. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 367 950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 346 380 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюундэлгэр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчид 12 440 489 төгрөг олгож, урьд эрхэлж байсан албан тушаалтай нь адил ажилд ажиллуулахаар санал тавьсан боловч тохиролцож чадаагүй. Нэхэмжлэгч нь манай байгууллагад ажиллах сонирхолгүй, өмнөх ажил, албан тушаалтай нь адил чанарын ажлын байр удаа дараа санал болгоход татгалзаад байгаа нь санаатайгаар их хэмжээний цалин олговор олох гэсэн ашиг сонирхол байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдахгүй байх бодит нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэх нь зүйтэй. Нэхэмжлэгчийн дундаж цалин тодорхойлогдсон, шагналт цалин, ээлжийн амралтын олговор түүнд хамаарахгүй. Нэхэмжлэгч нь ажлаа хийгээгүй байхад ажлын үр дүн гэдэг зүйл гарах үндэслэлгүй, ажлын үр дүнгийн шагналыг холбогдох журмыг баримтлан олгох боломжгүй. Нэхэмжлэгч ажиллаагүй байж ажилласан мэтээр тооцож ээлжийн амралтыг эдлэх хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Х.А нь “Э” ТӨААТҮГ-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 25 024 863 төгрөг, үр дүнгийн урамшуулал 10 307 180 төгрөг, ээлжийн амралтын олговор 5 790 019 төгрөг, цалингийн нэмэгдэл 3 607 513 төгрөг, нотариатын зардал 50 000 төгрөг, нийт 44 899 580 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ шүүхийн шийдвэр биелэгдээд ажиллаж байсан бол цалин болон ээлжийн амралтын олговор, үр дүнгийн урамшуулал, цалингийн 10 хувийн нэмэгдлүүдийг авах байсан, хариуцагчийн үүргээ биелүүлээгүй, эс үйлдэхүйтэй холбоотойгоор дээрх зүйлсийг авч чадаагүй гэж тодорхойлжээ./ хх-1-5 /
Хариуцагч тал 25 024 863 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж маргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь эгүүлэн авах үүрэгтэй. Гэвч энэ үүрэг биелэгдээгүй тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор шаардах эрхтэй юм.
Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргасан шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон, уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.
Анхан шатны шүүхээс “Э” ТӨААТҮГ нь Х.Аийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн аваагүйгээ хүлээн зөвшөөрсөн, ажил олгогч хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, цалин хөлсөө авах эрх нь зөрчигдсөн байх тул ээлжийн амралтын олговор, үр дүнгийн урамшуулал, цалингийн нэмэгдлийг хариуцагчаас шаардах эрхтэй” гэж буруу дүгнэжээ.
Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтны авбал зохих олговрын хэмжээг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нарийвчлан зохицуулсан. Уг заалтаар ажилтан нь зөвхөн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор шаардах эрхтэй юм.
Анхан шатны шүүхээс хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тооцоолон тодорхойлсон хэмжээг баримтлан Х.Аийн 1 сарын дундаж цалинг 2 061 436 төгрөг буюу 1 өдрийн цалин 95 880.7 төгрөг гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Ажилтны ажилгүй байсан 2018 оны 02 дугаар 27-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 28-ныг хүртэлх 12 сар 3 хоногийн /2 061 436 х 12 + 95 880.7 х 3/ цалин олговорт 25 024 863 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар заасныг давж заалдах шатны шүүхээс зөв гэж үзлээ.
Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйл 47.1 дэх хэсэгт цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэсэн, 50 дугаар зүйлийн 50.1-дэх хэсэгт ажилтанд ажлын үр дүнгээр үндсэн цалин дээр нэмэгдэл хөлс олгож болно гэсэн заалтууд, “Э” ТӨААТҮГ-ын захиргаа, Үйдлвэрчний эвлэлийн хорооны хооронд 2017-2018 онд байгуулсан хамтын гэрээний 3 дугаар заалтын 3.4-т “жилийн ажлын үр дүнгийн шагналыг холбогдох журмыг баримтлан 5 хүртэл сарын үндсэн цалингийн дундаж, хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцож олгоно” гэсэн заалтууд нь бодитойгоор ажлаа хийж гүйцэтгэсэн ажилтнуудад хамаарах бөгөөд ажилтныг ажлаас хууль бусаар халсны үр дагаврыг арилгахад хамааралгүй юм.
Иймд нэхэмжлэлээс 25 024 863 төгрөг холбогдох хэсгийг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй тул нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ажилтны ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01079 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “37 685 914” гэснийг “25 024 863” гэж, “6 845 716” гэснийг “19 506 767” гэж, 3 дахь заалтын “346 380” гэснийг “283 084” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоо гүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ
Ш.ОЮУНХАНД