Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 219

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн,

улсын яллагч Л.Соёмбо

шүүгдэгч С.Батбаяр

шүүгдэгч Б.Оюунбат тэдгээрийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл, Я.Батханд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

  1. Монгол улсын иргэн, 1977 оны 8 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шонхор караокед ажилладаг,  ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 49а байрны 12 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:ХЕ77081010/ Адуучин овогт Санжмятавын Батбаяр.

    

  1. Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хэл судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5,  нөхөр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 49а байрны 12 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  /РД:ХД84042301/ Бэрсүүд овогт Батсүхийн Оюунбат нарт холбогдох эрүүгийн 201626023059  дугаартай эрүүгийн  хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч С.Батбаяр, Б.Оюунбат нар нь 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шонхор” караокед үйлчлүүлж байсан Б.Пүрэвзулыг хувийн таарамжгүй харьцааны улмаас бүлэглэн зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч С.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 11 дүгээр  сарын 12-ны 21 цагийн үед Пүрэвзул манай 4 номерийн өрөөнд орж ирж үйлчлүүлсэн. Манайд орж ирээд 8 шил пиво захиалж уучихаад 6 шил пиво авсан гээд маргалдаад зогсож байсан. Намайг гараад иртэл зөөгч Алтангэрэлийг алгадаад манай эхнэрийг хэл амаар доромжлоод байсан. Би та нараас мөнгө төгрөг авахгүй одоо ингээд явчих гэж хэлтэл Пүрэвзул явахгүй байсан. Манай эгч Батгэрэл хохирогч Пүрэвзул дээр очоод чи өөрөө сайхан хүүхэн биш байж хүнийг ингэж хэл амаар доромжилж болохгүй гэж хэлтэл Батгэрэл эгчийг Пүрэвзул алгадаад авсан. Би мөрнөөс татаад угзраад буйдан дээр суулгасан. Намайг иргээд харах гэтэл Билэгт гээд найз залуу нь миний 2 гараас бариад авахаар нь би гараа угз татахдаа Пүрэвзулын нүүрэнд нь цохисон гэв.

 

Шүүгдэгч Б.Оюунбат шүүхийн хэлэлцүүлэгт:  2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би хүүхдийн хамт гэр бүлийн хүнийхээ ажил дээр очсон. Би хүүхдээ хажуу өрөөнд нь тавиад нөхрийнхөө ажилд нь тусалж байсан. Манай нөхөр тухайн газарт менежерээр ажилладаг. Тухайн өдөр Батгэрэл эгч бид 2-ыг хажуу талын өрөөнд сууж байхад хүмүүс чанга дуугараад байхаар нь манай үйлчлэгч охин даруухан болохоор зохицуулчих байх гээд тоохгүй 10 минут сууж байгаад гараад юу болсон талаар асуутал гадаа зогсож байсан хүмүүс чарлаад би энд 2-3 цаг зогсож байна. Надад одоо камер шүүж өгөхгүй байна гэхээр нь би Маралаагаас яагаад камер шүүж өгөөгүй юм бэ гэж асуухад 2-3 бичлэгийг удаан шүүж байна гэсэн. Манай ажилтан Алтангэрэлийг хохирогч чи надтай муухай харьцаж муухай харилаа гээд шууд алгадаад авсан. Би хохирогчид хандан манайх муу үйлчилгээтэй байж болно гэхдээ миний дүү хүн алгадаж болохгүй гэж хэлтэл намайг мэдрэл муутай авгай байна гэж хэлсэн. Би түүнд хандан хүнийг ингэж доромжилж болохгүй гэж хэлтэл хохирогч намайг чам шиг ийм бүдүүн шар авгайг хэн тоож шаадаг юм бэ гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр, Батгэрэл эгч гарч ирсэн. Батгэрэл эгч хохирогчид миний дүү адилхан эмэгтэй хүн байж хүнийг ингэж хэлж болохгүй нөхөр нь хажууд байна гэтэл Батгэрэл эгчийг шууд алгадаад авсан. Тухайн үед Батгэрэл эгч жирэмсэн байсан болохоор манай нөхөр уурлаад гараа савтал Пүрэвзулыг санамсаргүй цохьсон. Манай нөхөр Пүрэвзулын гарыг бариад автал хэдэн тийшээ гар хөлөө савчаад байсан. Манай хэд ирээд салгах гэж байтал Батгэрэл эгчийн гэдэс нь өшиглөсөн. Би тухайн үед миний уур хүрээд би цохих гэсэн боловч Пүрэвзул оногдоогүй. Тухайн асуудал хэдэн хоромын дотор бужигнаад дууссан. Тэгээд удалгүй Батгэрэл эгч бид 2 Пүрэвзултай уулзаад чи согтуу Батгэрэл эгчийн гэдэс рүү өшиглөсөн болохоор нь уурлаад ийм асуудал болчихлоо гэж хэлсэн. Пүрэвзул бид нараас 3.000.000 төгрөг нэхэмжилсэн. Бид хоёрт одоогийн байдлаар 1.000.000 төгрөг байна гэж хэлтэл авахгүй гэсэн. Би ямар ч байсан шүүх хуралд орохоос өмнө Пүрэвзулыг хохиролгүй болгох ёстой гэж бодоод хүнээс мөнгө зээлээд Пүрэвзулд 5.000.000 төгрөг өгч хохиролгүй болгосон гэв.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор:

С.Батбаярын ял шалгах хуудас /хх-ийн 128/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 97/,  тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 112/,

 

Б.Оюунбатын ял шалгах хуудас /хх-ийн 96/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 85/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 87/, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 88, 89, 90/, /хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 92-94 /, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 91/

 

хохирогч Б.Пүрэвзул”... 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн найз Билэгттэй хорооллын эцаст уулзаад. Билэгт манай таньдаг хүний караоке байдаг ийшээ оръё гэсэн тэгээд 17 цаг өнгөрч байхад хороолын эцэст " Дүүхээ" төвийн хажуу талд байдаг "Шонхор" гэдэг караокед орсон. Тэнд ороод 3 цаг болоод тооцоогоо хийе гэсэн би 6 пиво 3 цагийн караокены төлбөр төлөх ёстой байсан. Төлбөр тооцооны хуудсан дээр 8 пиво 4 цагийн караокены мөнгө бичсэн байсан. Би өөрийнхөө тооцоог яагаад ийм байгаа юм гэж асуусан тэгэхэд зөөгч нь 8 пиво авсан гэж хэлсэн тэгэхээр нь камер шүүлгэе гэж хэлсэн. Нилээн удаан би зогссон камер кодтой гэж хэлсэн зохион байгуулагчаа дууд гэж би хэлсэн. Эрэгтэй зөөгчид нь би танайх үйлчлүүлэгч юмаа захиалахад тэр дор бүр нь тэмдэглэдэггүй болохоор ийм асуудал үүсэж байна гэж хэлсэн. Тэгээд би зохион байгуулагчаа дууд гэж хэлсэн. Зохион байгуулагч нь ирсэн "энэ яасан" гээд байгаан гээд зөөгчөөсөө асуусан тэкний ард тооцоон дээр сууж байсан охин " илүү бичсэн байна, камер аа шүүлгэ " гээд байна гэсэн. Зохион байгуулагч нь дуугүй байгаад байсан. Бусад үйлчлүүлэгч нар луугаа хараад над руу нэг хялалзаж харчихаад хариу өгөөгүй зогсоод байсан. Би нилээн хэсэг зогсож байгаад зохион байгуулагчид нь яасан бэ; камераа шүүхгүй юм уу; энэ зөөгч чинь намайг шаардлага тавихад доромжилж байна" гэж хэлсэн зохион байгуулагч нь "камераа шүүгээд өгчихөөч "гэж нөгөө охинд хэлсэн" тэгэхэд нөгөө охин кодтой байгаа гэсэн тэгэхэд зохион байгуулагч нь 1,2,3 гэж код хэлээд камераа надаа харуулахгүй 3 цаг суусан бичлэгийг хэдхэн минутанд үзээд зохион байгуулагчдаа 8 пиво авсан байна гэж хэлсэн. Би өөрөө камераа харж болохгүй байсан юм уу харъя гэсэн тэгэхэд зохион байгуулагч халимаг үстэй эмэгтэй намайг “8 пиво авсан байна төлбөрийн чадваргүй арчаагүй юмнууд" гэж хэлсэн. Тэгэнгүүт нь би "захирал , дарга өөр хэн байна энд байгаа бол уулзъя байхгүй бол утсаны дугаарын өгчих" гэж хэлсэн тэгэхэд зохион байгуулагч гэх эмэгтэй "би захирал нь тэгвэл" гэж хэлсэн. Би "доодох хүмүүсээ удирдаж чадахгүй ийм зохион байгуулагч ийм захирал гэж байхгүй" гэж хэлсэн. Би зохион байгуулагчид нь миний тооцоо 22,500 төгрөг 22,500 төгрөгөө аваа гээд картаа гаргаж ирсэн. Чиний үлдсэн ууж идсэн мөнгийг хэн төлөхийн заваан амьтан минь арчаагүй юм гээд хоорондоо маргалдаад эхэлсэн. Би "хүнийг заваан гэж юу гэсэн үг юм" гэхэд зохион байгуулагч "өвчний үүр нь болсон янхан юу хийгээд явдаг нь тодорхой" гэж хэлсэн. Тэгээд надтай хамт явж байсан Билэгт рүү хандаад зохион байгуулагч нь " ийм юмтай яах гэж явдагийн "гэхэд" Билэгт чи наад үгээ бодоорой чи болно шүү битгий давараад байгаарай" гэж хэлэхэд зохион байгуулагч нь "хөсрийн гуйлагчингууд зайл" гэж хэлсэн. Тэр зохион байгуулагч хүн рүү дайраад орилоод байсан зүрхний хийтэй юм шиг тэгтэл цаанаас 1 жирэмсэн хүүхэн гараад ирсэн. Тэр эмэгтэйд болсон юм аа тайлбарлаж хэлэх гэхэд тэр эмэгтэй сонсоогүй зөвхөн тэр зохион байгуулагчийн үгийг сонсоод над руу ярвайгаад байсан. Тэр жирэмсэн эмэгтэй "заваан юмнуудыг гарга, гарга" гээд эргэж хараад явсан. Би тэгэхээр нь Цагдаагийн дугаарыг өгчих та нар бүгд ялгаагүй юм байна гэсэн тэгэхэд өгөөгүй. Би 103 луу цагдаа гэж андуурч залгаад 102 гэсэн дугаарыг аваад цагдаа руу мэдэгдсэн. Миний нэр караокены байршилыг асуусан тэгээд утсаа салгасан. Би тэд нарт цагдаа дуудчихлаа та нар хүн доромжлоод залилан хийгээд өөрийнхөө дураар аашилдаг хүн гүтгэж мөнгө авдаг хүмүүс байна" гэсэн тэгэхэд жирэмсэн эмэгтэй нь " чи угаасаа л заваан байна ш дээ яран нүүрэлсэн сэжигийн юм байна ш дээ" гэсэн тэгээд над руу чичлээд дайрсан би жирэмсэн эмэгтэйг" намайг хүүхэн гэж байгаа бол өөрөө эмээ байш дээ" гэж хэлсэн. Тэгээд над руу дайрч ирээд түлхсэн нүүр ам луу хуруу гараараа чичлээд байсан би намайг зодох гэж байна л гэж бодсон. Би гарыг түлхэж холдуулсан өндөр залуу нь миний нүүр лүү гараа зангидаад хажуунаас цохисон би буйдан руу унасан тэгээд ухаан балартсан байсан жирэмсэн эмэгтэй үсдээд нөгөө залуу нь толгой руу 2 удаа цохиод үснээс дараад буйдангаас чирч намайг босгосон тэгэхэд халимаг үстэй эмэгтэй ирж үсдээд өшиглөсөн. Би газар унасан тэгэхэд хэн нь мэдэхгүй намайг өшиглөөд цохиод байсан. Билэгт намайг босгосон миний хамарнаас цус гарч байсан тэгэхэд улаан цамцтай зөөгч нэг залуугийн хамт хаалгаар түлхээд гаргасан. Би буцаж орж ирсэн ахиад цагдаа дуудсан. Тэгэхэд халимаг үстэй зохион байгуулагч гээд байгаа хүүхэн чамд үйлчилдэг цагдаа гэж юу байхав, жирэмсэн хүүхэн зодсон гэж чамайг одоо бариулаад явуулна явахгүй гэвэл наанаа сууж бай " гэсэн бид нар бас одоо цагдаа дуудлаа гэсэн. Удаагүй би эгч рүүгээ ярьсан манай эгч Отгондэлгэр нөхөр Эрдэнийн хамт ирсэн. Манай эгч ах ирэхийн өмнө цагдаа ирсэн бас нэг залуу ирсэн байсан. 2 цагдаагийн хажууд халимаг үстэй хүүхэн болон жирэмсэн хүүхэн доромжилж байсан. Жирэмсэн хүүхэн 103 дуудсан байсан. 103-н эмч жирэмсэн хүүхэнийг үзээд даралт хэвийн гаднаас авсан гэтмэл, хөхрөл, няцрал алга байна угаасаа тонустай байна гэж хэлсэн. Цагдаагийн газар жирэмсэн эмэгтэй 2 эрэгтэй сүүлд ирсэн 1 залуу цуг ирсэн. Цагдаагийн газрын 1 давхарт камертай хэсэгт миний эгч Отгондэлгэр лүү жирэмсэн гэх эмэгтэй хувцасны хормойгоор шавхуурдаад авсан. Манай тэр эгч тухайн үед тэр хүмүүсийн зургийг нь авах гэсэн юм байна лээ. /хх-ийн 57-59/

 

гэрч Ө.Маралмаа:..” 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай Шонхор караокед хамгаалагч Эрдэнэбилэг зөөгч Бат-Оргил, Аптангэрэл, Тулга нар, бармен буюу текний ард бид нар ажиллаж байсан ба харин орой Батгэрэл эгч, Оюунбат эгч, Батбаяр ах нар ирсэн байсан. Энэ өдөр би 17 цагт ажил дээрээ ирэхэд 4 номерийн өрөөнд эрэгтэй, эмэгтэй хүмүүс орсон байсан юм. Тэгээд тэр хүмүүс орой 19 цаг өнгөртөл суугаад 20 цагийн орчим гарах болоод тооцооны хуудас өгөхөд эмэгтэй нь өрөөнөөсөө гарч ирээд “ манай тооцоонд илүү 2 пиво бичсэн байна, бид хоёр 6 шил пиво уусан “ гэхээр нь билийг аваад харахад 8 пиво бичсэн байсан. Тэгээд би намайг ажил авснаас хойш та нар 4 пиво авсан манай өмнөх бармен явчихсан байна би камер шүүж үзье гэж хэлсэн гэтэл тэр эмэгтэй их уурлаад “ танай караоке дандаа илүү бичиж хүмүүсээс илүү мөнгө авах гэдэг гуйлагчин “гэх зэргээр загнаад байсан ба тухайн үед би камер шүүж байна гэж хэлэхэд үг хүлээн авахгүй уурлаад байсан, намайг хэл амаар доромжлоод байсан тэр хүнийг ярьж байхад манай ажлын хүмүүсийн нэг нь тэр эмэгтэйд үг хэлээгүй сонсоод зогсож байсан ба харин тэр эмэгтэйтэй хамт явсан залуу “ 2-лаа мөнгөө төлөөд гараад явья “ гэхэд тэр эмэгтэй гарахгүй хэрүүл хийгээд байсан сүүлдээ би хүртэл тэр эмэгтэйг “ би тооцоо авахгүй , та гараад явчих “ гэж хэлэхэд гарахгүй хэрүүл хийгээд бид нар загнаад байсан гэтэл манай зөөгч Алтангэрэл тэр эмэгтэйд “ би сүүлийн пиво оруулж өгсөн танай өрөөнд 8 пиво орсон гэхэд тэр эмэгтэй “ чи ер нь хэн юм, юугаа мэддэг юм “ гээд уурлаж загнаж байгаад нүүрлүү нь гараараа цохьсон ба яг энэ үед Оюунбат эгч цаад өрөөнөөс гарч ирээд текний ард зогсож байхад Алтангэрэлийг алгадаад авсан. Тэгээд Оюунбат эгч “ чи ямар эрхтэй болоод хүн цохьдог юм, ажлаа хийж байгаа хүнийг яагаад цохиод байгаа юм “ гэхэд нөгөө эмэгтэй Оюунбат эгчийг “ чи одоо хэн бэ, тарган гичий , чамайг хэн тоож шаадаг юм “ гээд хэлэх хэлэхгүй үгээр зөндөө доромжлоод орилоод байсан ба харин хамт явсан залуу түүнийг болиулах гээд текнээс холдуулаад гарья гээд байсан гэтэл нөгөө эмэгтэй гарахгүй орилоод байсан. Энэ үед Батгэрэл эгч, Батбаяр ах нар гараад ирсэн ба нөгөө эмэгтэй орилж хашгирсан хэвээр байсан . Батгэрэл эгч орж ирээд “ чи одоо боль төлж чадахгүй бол гараад яв, эсвэл пивоны мөнгөө төлөөд яв “ гэхэд тэр эмэгтэй би хүний юм зүгээр авахгүй , та нар камераа шалга гээд орилоод байхаар нь Батгэрэл эгч нөгөө хамт явсан залууд нь хандаад чи наад хүүхнээ аваад явчих гэж хэлээд тэр эмэгтэй дээр очин “ чи одоо ууж идсэн юмаа төлж чадахгүй байсан юм бол яах гэж орж ирсэн юм, одоо мөнгө төлөх хэрэггүй гар “ гэж хэлэхэд Батгэрэл эгчийн нүүрлүү алагдахад Батбаяр ах дэргэд нь зогсож байгаад тэр эмэгтэйг барьж авах шиг болсон тэгээд бөөн бужигнаан болоод хэн яаж байгаа нь мэдэгдэхгүй болсон. Энэ үед би текний ард компьютерийн дэлгэцийн ард байсан болохоор хэн яаж байгааг хараагүй ба харин дараа нь бичлэгийг харж байхад Оюунбат эгч тэр эмэгтэйг лав үсдээд татаж байсан. /хх-ийн 61/

 

гэрч Б.Эрдэнэбилэг: Би Шонхор караокед хамгаалагчаар ажилладаг...” 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 19 цагийн үед Батгэрэл эгч ирээд караокены тоног төхөөрөмж гээд сэлбэг хэрэгсэл аваад ирсэн байсныг бид ажлын арын өрөөнд ороод задлаад үзэж байхад гадаа коридорт нэг эмэгтэй чанга чанга яриад маргаад байх шиг байхаар нь Оюунбат эхэлж гарсан боловч хэрүүл намжихгүй тэр эмэгтэй орилсон хэвээр байсан тул би нэг их удаагүй араас нь гарахад текин дээр эмэгтэй уусан пиво илүү бичсэн байна гээд маргаад зогсож байсан ба харин бармен Маралмаа караокены бичлэг үзээд зогсож байсан гэтэл тэр эмэгтэй би ингэж удаан хүлээж чадахгүй, хурдан наад бичлэгээ үзүүл гээд чанга чанга орилоод байсан ба Оюунбат тэр эмэгтэйд хандаад бичлэг шүүж үзэж байна гэж хэлэхэд Оюунбатыг баахан хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон ба миний одоо санаж байгаагаар тарган хүүхэн хэн чамайг тоож шаадаг юм гэх зэргээр доромжилоод байсан харин Оюунбат ямарч үг хэлэхгүй хараад зогсож байсан гэтэл манай зөөгч Алтангэрэл би пиво оруулж өгсөн 5 пиво авсан гэтэл тэр эмэгтэй чи дуугүй бай гэж хэлээд түүний нүүр лүү алгадсан гэтэл Оюунбат уурлаад чи зүгээр байгаа хүн алгаддаг хэн юм чамд тийм эрх байхгүй шүү гэж хэлээд тэр эмэгтэйтэй маргалдаад чамаас пивоны тооцоо авахгүй чи зүгээр яв гэхэд нөгөө эмэгтэй би ийм гуйлагчин байдалтай гарахгүй уусан эсэхээ заавал тогтоолгоно гээд гарахгүй хэрүүл хийгээд байсан тэгээд Батгэрэл эгч тэр эмэгтэй дээр очин миний дүү чи энд битгий хэрүүл хийгээд зогсоод бай яв гэж хэлтэл Батгэрэл эгчийг алгадсан гэтэл Батбаяр дэргэд нь зогсож байгаад тэр эмэгтэйг хойш нь татаад буйдан дээр суулгахад тэр эмэгтэй хөлөө савчаад байхаар нь Оюунбат гүйж ирэн тэр эмэгтэйг үснээс татахад тэр эмэгтэй өмнөөс нь цохиод Оюунбат бас зөрүүлэн цохиод эхлэхээр нь би дундуур нь ороод тэднийг салгасан ба тэр охинтой хамт явж байсан найз залуу нь бас салгасан. /хх-ийн 63/

 

гэрч Л.Чанцал:..”2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нилээн орой болсон байхад намайг гэрт байхад манай нөхрийн дүү Отгондэлгэр над руу утсаар залгаад Пүрэвзул хүнд зодуулчихлаа та хүрээд ир гэсэн ба тухайн үед би гэртээ 80 гаруй настай хөгшин хүн сахиж байсан болохоор очиж чадаагүй ингээд маргааш нь Пүрэвзултай уулзахад зүүн талын нүд хөхөрч хавдсан хамар битүүрсэн гуншигнаж ярьж байсан ба хөл, гартаа хэсэг хэсэг газар хөхөрсөн байсан ингээд би түүнийг эмнэлгээр дагуулан явахад эмч нар үзээд зүүн нүд ухархайн доод хана хугарсан, хамрын таславчийн мурийлттэй, хамрын яс хугарсан гэж байсан тул түүнийг эхлээд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт 8 хоног хэвтэн эмчилүүлээд гэрээр бас эмчилгээ хийлгүүлсэн, бас Хөх хот явж өөрөө эмчилгээ хийлгүүлсэн ба эмчилгээнд нийт 2.400.000 төгрөг зарцуулсан ба хамрын таславчийн мурийлт гэмтлийг эмчлүүлэхэд цаашид 2.500.000 төгрөгийн зардал гарах тооцоо байсан энэ мэт бид бүх зардлыг тооцоод буруутай хүмүүсээс нийт 7000.000 төгрөг  нэхэмжилж байна. /хх-ийн 65/

 

гэрчээр Б.Билэгт:..”би 2016 оны 11 дүгээр сарын дундуур санагдаж байна өдрийг нь сайн санахгүй байна. Өөрийн найз Пүрэвзулын хамт хорооллын Шонхор гэх нэртэй караокед дуулсан бид хоёр нийт 6 шил пиво авсан тэгсэн текенд 8 шил пиво 4 цаг бичсэн байсан. Тэгэхээр нь бид 3 цаг суусан 6 шил пиво уусан гэж хэлхэд бармен нь биллэнд ингээд бичсэн байна гэж хэлсэн тэгэхээр нь тэгвэл камераа шалгаад үзчих гэсэн тэгтэл манай камер кодтой гэж хэлсэн тэгэхээр нь зохион байгуулагчаа дуудчих гэсэн тэгсэн халимаг үстэй махлаг эгч гарч ирээд болсон зүйлийг хэлхэд бид 2 үл ойшоосон тэгээд 30-40 минут болсон тэгсэн зохион байгуулагч нь камер шалгаад өгчих гэсэн 5 минут камер шалгасны дараа 8 пиво авсан байна гэж хэлсэн тэгхээр нь бид өөрсдөө шалгачъя гэж хэлсэн чинь юу яриад байгаан мөнгөө төл гуйлагчин юмнууд чинь гэсэн тэгээд манай найз гуйлагчин байтлаасаа танайд ордог юм уу гэж хэлсэн тэгээд дарга захирал гэж юу байдагийн доод хүмүүсээ захирч чадахгүй гэж хэлсэн тэгсэн цаад өрөөнөөс нэг эгч гарч ирсэн тухайн хүнд тайлбарлах гэтэл зохион байгуулагч гэх хүн хэруул хийгээд яриулаагүй тэнд байсан нэг хүүхэн нь наад нэг хүүхнээ гаргаач үүдэн дээр хэрүүл хийгээд байх юм гэж хэлсэн тэгсэн манай найз би хүүхэн юм бол чи эмээ харагдаж байна гэж хэлсэн тэгтэл тухайн хүүхэн чи заваан харагдаж байна нүүр амандаа яртай гэж хэлэхэд нь манай найз сандарсандаа гар руу нь түлхтэл сүүлд өрөөнөөс гарч ирдэг эгч буйдан луу түлхээд унагаасан текен дээр зогсож байсан өндөр ах Пүрэвзулын нүдрүү баруун гараа нэг удаа цохисоныг харсан. Буйдан луу түлхэж унагаасан эгч Пүрэвзулыг буйдангаас үсдэж унагаасан болиулах гэтэл тэр өндөр ах намайг ойртуулаагүй Зохион байгуулагч гэх эмэгтэй үсдээд дарсан байсан. Пүрэвзулыг тэр хүмүүс тойроод зогссон байсан тэгэхээр нь би тухайн хүмүүсийг салгаад Пүрэвзул эгч рүүгээ залгаад цагдаа дуудсан.миний харснаар зохион байгуулагч гэх эмэгтэй, мөн сүүлд гарч ирсэн эмэгтэй, өндөр залуу энэ гурав л миний харснаар цохиж зодсон. /хх-ийн 66/

 

гэрч С.Батгэрэл:..” 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би “Шонхор” караокед дүү Батбаяртай ажил дээр уулзаад сууж байсан. Тэкэн дээр хэрүүл болоод байхаар нь гараад хартал манай барментай нэг охин хэрэлдээд байсан. Тэгээд тооцоон дээрээс болж маргалдсан камер шүүж өгөхгүй 30 минут боллоо гээд уурлаад байсан. Би тэгэхээр нь  миний дүү чамаас мөнгө авчаагүй байна” түр хүлээж бай гэхэд намайг алгадаад авсан. Тэгэхэд манай дүү Батбаяр тэр Пүрэвзулыг буйдан дээр дараад хойшоо салгасан тэгэхэд хөлөөрөө миний гэдэс рүү тийрсэн тэгээд Батбаяр жирэмсэн хүн гэдэс рүү нь тийрлээ гээд Пүрэвзулыг 1 удаа цохисон. Тэгээд тэрүүгээр бужигналдаад байсан. Бид тэгж бөөнөөрөө нийлж зодсон зүйл байхгүй. Манай дүү намайг өмөөрөөд 1 удаа л цохисон./хх-ийн 69/

 

сэжигтнээр Б.Оюунбат:..” Би өөрийн бэр эгч буюу нөхрийн эгч Батгэрэлийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүүхээ төвийн баруун талд байх Шонхор плазагийн 2 давхарт байх Шонхор караокег 2016 оны 11-р сарын 01-ний өдрөөс хойш түрээслэн ажилуулж байгаа юм. 2016 оны 11-р сарын 12-ны өдөр Шонхор караокед миний төрсөн дүү эхнэр Маралмаа бармен, зөөгчөөр Алтангэрэл, Батнаа / албан ёсны эрийг санахгүй байна /, хамгаалагч Эрдэнэбилэг, манай нөхөр Батбаяр, түүний төрсөн эгч Батгэрэл бид нар ажиллаж байсан  үүнээс Батгэрэл, манай нөхөр Батбаяр бид 3 хажуугийн өрөөнд сууж байхад текний орчим нэг эмэгтэй их чангаар орилоод юм яриад байсан ба гэхдээ яг юу хэлж байгааг сонсогдохгүй эмэгтэй хүн орлиж байгаа чимээ гараад байсан тэгээд 10 гаруй минут тэр эмэгтэй орилж хашгирсан тул би эхэлж коридорт гарч текний дэргэд зогсож байсан орилж байсан эмэгтэйгээс “ чи яагаад орилоод байгаа юм бэ, юу болсон юм бэ “ гэж асуухад тэр эмэгтэй танай энэ бармен, зөөгч 2 надруу муухай хараад байна, камераа хурдан шүүхгүй миний алтан цагаас хумслаад байна гэсэн ба энэ үед манай бармен Маралмаа “ энэ эмэгтэй 16 цагаас хойш байсан тэгээд 8 пиво авч уучихаад 6 пиво уусан гээд байх юм , би ажлаа хийх завсраар камер шүүж байгаа болохоор камер хурдан шүүж чадахгүй байна “ гэж хэлсэн. Энэ үед нөгөө эмэгтэй орилдогоороо орилоод хашгирдагаараа хашгираад зогсож байхдаа  хажуудаа зүгээр л, ямар нэг үг хэлээгүй хараад зогсож байсан манай зөөгч Алтангэрэлийг  алгадаад авахаар нь би тэр эмэгтэйд уурлаад “ манайх муу үйлчилсэн, муухай үйлчилсэн байлаа гээд чи хүн цохих юу юм “ гэж хэлтэл тэр эмэгтэй намайг “ чи муу хийтэй авгай чам  шиг бүдүүн , заваан авгайг хэн тоож шаадаг юм “ гэж хэлсэн яг энэ үед Батгэрэл эгч, манай  нөхөр Батбаяр 2 өрөөнөөсөө гараад хараад зогсож байсан болохоор Батгэрэл эгч эмэгтэйд хандаад “ чи эмэгтэй хүн байж нэгнийгээ ингэж хэлэх ямар шаардлага байгаа юм бэ. энэ хүний нөхөр сүүдэр нь байхад, чи ч гэсэн муухай барзгар царайтай юм байна шдээ гэж хэлтэл Батгэрэл эгчийг тэр эмэгтэй алгадаад авсан ба Батбаяр тэр эмэгтэйтэй ойрхон зогсож байсан болохоор тэр эмэгтэйг гарынхаа ар хэсгээр нүүрлүү цохичихсон гэтэл нөгөө эмэгтэй  урдаа зогсож байсан 7 сартай жирэмсэн Батгэрэлийн эгчийн гэдэс рүү гуталтай хөлөөрөө тийрчихсэн тэгэхээр нь би уур хүрээд “ чи жирэмсэн эмэгтэйг өшиглөөд байхдаа яадаг юм  гээд тэр эмэгтэйг зөрүүлээд нүүрлүү гараараа цохиод, хөлрүү өшиглөөд үсдэж дараад сандал  дээр сууж байсан эмэгтэйг татаад босгоод ирсэн, яг энэ үед хамгаалагч Эрдэнэбилэг, манай нөхөр Батбаяр нар намайг тэр эмэгтэйгээс салгаад авсан гэтэл тэр эмэгтэй хөл гараа савчуулаад байсан тэгээд бидний хооронд зодоон дууссан. /хх-ийн 71/

 

сэжигтнээр С.Батбаяр:..” Би эхнэр Б.Оюунбат, төрсөн эгч Батгэрэл нарын хамт Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүүхээ төвийн баруун талд байх Шонхор плазагын 2 давхарт байрлах Шонхор караокег 2016 оны 11-р сарын 01-ний өдрөөс хойш түрээслэн ажилуулж байгаа юм. 2016 оны 11-р сарын 12-ний өдөр Шонхор караокед бармен Маралмаа, зөөгч Алтангэрэл Батнаа / албан ёсны нэрийг санахгүй байна /, хамгаалагч Эрдэнэбилэг, манай эхнэр Оюунбат төрсөн эгч Батгэрэл бид нар ажиллаж байсан ба харин Батгэрэл, манай эхнэр Оюунбат бид 3 тусдаа өрөөнд ороод ажлаа хийж байсан. Гэтэл 20 цаг өнгөрч байхад гадаа текэн дээр нэг эмэгтэй орилж хашиграад байсан ба ярьж байгаа нь тод биш ямарч байсан согтуу эмэгтэй агсам, согтуу тавьж байгаа бололтой орилж хашиграад байсан тул эхнэр Оюунбат, Батгэрэл эгч бид 3 өрөөнөөс гарч иртэл нэг эмэгтэй 6 пиво авч уусан та нар 8 пиво гэж өсгөж бичлээ луйварчид гээд орилож байсан харин бармен Маралмаа камер шүүж байсан энэ хооронд нөгөө эмэгтэй орилоод хашгираад байсан ба манай эхнэр Оюунбат руу дайраад хэл амаар доромжилоод “ бүдүүн гахай, янхан, чамайг хэн тоож шаадаг юм “ гэх зэргээр орилоод байсан ба манай эхнэр тэр эмэгтэйг чи явчихаа, тооцоо авахгүй чи зүгээр гараад яв гэж хэлсэн харин би тэр эмэгтэйн найз залууд “ чи эмэгтэйгээ эвтэйхэн аваад гарчих , тооцоо хийгээд хэрэггүй ээ “ гэж хэлэхэд тэр залуу авч гарах гээд чадахгүй нөгөө хүүхэн агсам согтуу тавиад байсан. Тэгээд манай эгч Батгэрэл очин тэр эмэгтэйд “миний дүү ингэж болохгүй залуу хүн бай биеэ эвтэйхэн авч яв “ гэж хэлэхэд тэр эмэгтэйг Батгэрэл эгчийг алагдсан ба Батгэрэл эгч тэр  эмэгтэйрүү дөхөөд очиход гэдэс рүү 2 удаа өшиглөсөн тул би уурлаад тэр эмэгтэйг буйдан руу түлхэж суулгахад найз залуу нь намайг бариад авахаар нь би гараа татаж авах гээд угзарахад  тэр эмэгтэйн хацар луу гараараа цохичих шиг болсон тэгээд тэнд байсан хүмүүс биднийг салгаад бид 2 тийш болсон ба тэр эмэгтэй эгч, ахыгаа дуудаад харин бид цагдаа дуудсан.

 Энэ маргаан дууссаны дараа тэр эмэгтэйг харахад зүүн талын нүдний доор шанааны товгор ясны дэргэд хөхөрч хавдсан байсан, хамар бол ямарч гэмтэлгүй байсан. Энэ асуудал болсны дараа хамт явсан залуу нь надтай гадаа гарч тамхи татаж байхдаа манай найз жоохон зүрхний өвчтэй , шизотой юм гэж байсан. /хх-ийн 76/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон

шүүх шинжилгээний үндэсний 15587 дугаартай шинжээчийн: Б.Пүрэвзулын биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, гуянд цус хуралт, баруун шилбэнд  зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинэ гэмтэл байна. /хх-ийн 21/ гэсэн дүгнэлт болон хохирогч Пүрэвзулаас гаргаж өгсөн хохиролын баримтууд /хх-ийн 30-34/,

Хятад улсад эмчилгээ хийлгэсэн гэх хятад хэл дээрх баримтууд /хх-ийн 36-46/ зэргийг шинжлэн судлав.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Батбаяр, Б.Оюунбат  нар нь 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шонхор” караокед үйлчлүүлж байсан Б.Пүрэвзулыг хувийн таарамжгүй харьцааны улмаас бүлэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Пүрэвзулын”...Би гарыг нь түлхэж холдуулсан өндөр залуу нь миний нүүр лүү гараа зангидаад хажуунаас цохисон би буйдан руу унасан тэгээд ухаан балартсан байсан жирэмсэн эмэгтэй үсдээд нөгөө залуу нь толгой руу 2 удаа цохиод үснээс дараад буйдангаас чирч намайг босгосон тэгэхэд халимаг үстэй эмэгтэй ирж үсдээд өшиглөсөн...” /хх-ийн 57/ гэсэн,

гэрч Ө.Маралмаагийн”..Батбаяр дэргэд нь зогсож байгаад тэр эмэгтэйг хойш нь татаад буйдан дээр суулгахад тэр эмэгтэй хөлөө савчаад байхаар нь Оюунбат гүйж ирэн тэр эмэгтэйг үснээс татахад тэр эмэгтэй өмнөөс нь цохиод Оюунбат бас зөрүүлэн цохиод эхлэхээр нь би дундуур нь ороод тэднийг салгасан...” /хх-ийн 61/ гэсэн,

гэрч Б.Эрдэнэбилэгийн“...тэр эмэгтэй хөлөө савчаад байхаар нь Оюунбат гүйж ирэн тэр эмэгтэйг үснээс татахад тэр эмэгтэй өмнөөс нь цохиод Оюунбат бас зөрүүлэн цохиод эхлэхээр нь би дундуур нь ороод тэднийг салгасан ба тэр охинтой хамт явж байсан найз залуу нь бас салгасан...” /хх-ийн 63/ гэсэн,

гэрч Б.Билэгтийн”... текен дээр зогсож байсан өндөр ах Пүрэвзулын нүдрүү баруун гараараа нэг удаа цохисоныг харсан. Буйдан луу түлхэж унагаасан эгч Пүрэвзулыг буйдангаас үсдэж унагаасан. Болиулах гэтэл тэр өндөр ах намайг ойртуулаагүй. Зохион байгуулагч гэх эмэгтэй үсдээд дарсан байсан...” /хх-ийн 66/ гэсэн,

гэрч С.Батгэрэлийн:..” Батбаяр жирэмсэн хүний гэдэс рүү нь тийрлээ гээд Пүрэвзулыг 1 удаа цохисон. /хх-ийн 69/ гэсэн мэдүүлгүүд болон

сэжигтнээр Б.Оюунбат:..”би уур хүрээд “чи жирэмсэн эмэгтэйг өшиглөөд байхдаа яадаг юм гээд тэр эмэгтэйг зөрүүлээд нүүрлүү гараараа цохиод, хөлрүү өшиглөөд үсдэж дараад сандал  дээр сууж байсан эмэгтэйг татаад босгоод ирсэн. /хх-ийн 71/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх шинжилгээний үндэсний 15587 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21/, хохиролын баримтууд, СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх бөгөөд хэрэгт шалгагдвал зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэлэлцэж” шийдвэрлэв.

 

Иймд Адуучин овогт Санжмятавын Батбаяр, Бэрсүүд овогт Батсүхийн Оюунбат нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан ял оногдуулах хуулийн үндэслэлтэй байна. 

 

Шүүхээс шүүгдэгч С.Батбаяр, Б.Оюунбат нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.  

 

Шүүгдэгч Б.Оюунбат гурав хүртэлх насны буюу 2016 оны 6 дугаар сарын 15-нд төрсөн 11 сартай хүүхэдтэй болох нь төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож /хх-ийн 90/  байх тул түүнд албадан ажил хийлгэх ял болон баривчлах ял оногдуулах боломжгүй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.240.000 төгрөгөөр торгох ял оногдуулав. 

 

Шүүх хуралдаан дээр шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс “Пүрэвзул миний бие 5.000.000 төгрөгийг Б.Оюунбат, С.Батбаяр нараас эмчилгээний зардалд авав...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн нотариатаар баталгаажуулсан бичгийн хүсэлт гаргасныг хэрэгт хавсаргаж нэр бүхий шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд  тооцов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс “Б.Оюунбат энэ гэмт хэрэгт оролцоогүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбар бүхий хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.  

Учир нь Б.Оюунбат, нөхөр С.Батбаяр, хадам эгч С.Батгэрэл нарынхаа хамт түрээслэн ажиллуулдаг Шонхор караокед үйлчлүүлж байсан Б.Пүрэвзул “6 пиво 3 цагийн төлбөр төлөх ёстой байтал тооцоон дээр 8 пиво 4 цагийн төлбөр бичсэн байна камерийн бичлэгийг шүүж үзье” гэснээс болж маргалдаж нөхөр С.Батбаяртай бүлэглэж хохирогч Б.Пүрэвзулын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

 

Хавтаст хэрэгт түүний гэм буруутайг нотолсон дээрхи хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх болон няцаах баримт тогтоогдоогүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт Прокурор 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 81 дугаартай тогтоолоор С.Батгэрэлд холбогдох “бусадтай бүлэглэн Д.Пүрэвзулыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан“ гэх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                   

   ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Адуучин овогт Санжмятавын Батбаяр, Бэрсүүд овогт Батсүхийн Оюунбат нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Батбаярт  260 /хоёр зуун жаран/ цаг албадан ажил хийлгэх ял,

шүүгдэгч Б.Оюунбатад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.240.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. С.Батбаяр, албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар баривчлах ялаар сольж болох,

Б.Оюунбат торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар хорих ялаар сольж болох учрыг тус тус мэдэгдсүгэй.

 

4. С.Батбаяр, Б.Оюунбат нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй,  иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  СД бичлэг 1 ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Батбаяр, Б.Оюунбат нарт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ