| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/0244/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/266 |
| Огноо | 2025-10-07 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Т |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/266
2025/ШЦТ/266
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж
Улсын яллагч: Б.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Ц
Шүүгдэгч: Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б.А-д холбогдох эрүүгийн 2512003440233 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 28-ны өдөр А аймгийн Б суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, А аймгийн Б сумын З багийн М-н 109-01 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Б.А
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.А нь 2025 оны 04 дүгээр сарын 20-ны үед А аймгийн Б сумын З багийн Б гэх газрын ойгоос зохих зөвшөөрлийн бичиггүйгээр, ганцаараа, өөрийн эзэмшлийн цахилгаан хөрөө ашиглаж, унанги шинэс төрлийн модноос 1 метр 96 сантиметрийн урттай 4 ширхэг, 4 метр 24 сантиметрийн урттай 1 ширхэг, нийт 5 ширхэг буюу 0.774 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод хууль бусаар бэлтгэж, тухайн газарт нь орхисон ба 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр тус моднуудаа өөрийн эзэмшлийн УАЗ-31512 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд ачиж, тус сумын З багийн нутаг дэвсгэрт байрлах И ХХК-ийн хөрөө рамын хашаа хүртэл тээвэрлэж, 400,320 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Г.Д-гийн “...Байгал орчинд учирсан 400.320 төгрөгийн хохирлыг хуульд зааснаар орон нутгийн ******* тоот дансанд тушааж байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулчихвал өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 84-85 дугаар тал/, гэрч Г.Г-ийн“...Тухайн өдөр би хариуцсан сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад Б сумын З багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “И” ХХК-ний мод зүсдэг хашаанд ороход уг хашаанд шинэс төрлийн мод буулгаад хураачихсан байхаар нь тухайн хашаанд байсан хүмүүсээс хэн, ямар мод, хаанаас авч ирж буулгасан талаар асуухад, манай сумын А гэх залуу банз болгож зүсүүлэх гээд буулгаад явсан талаар хэлсэн. Тухайн модыг нүдэн багцаагаар харахад 2м урттай 4 ширхэг, 4м урттай 1 ширхэг мод байсан. Тэгээд би зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байж болзошгүй, шалгах шаардлагатай гэж бодоод цагдаагийн газарт дуудлага мэдээллээр оруулсан юм. Намайг уг хашаанд хүмүүстэй уулзаж байхад А ирсэн. Мод бэлтгэх эрхийн бичиг үзүүлсэн, тухайн бичгийн он, сар, өдрийг шалгаж үзэхэд 2025 оны 06 сарын 20-ны өдрийн “мод бэлтгэх АРА М2519707 дугаартай бичиг” байсан. Гэтэл тухайн бэлтгэсэн мод нь хуучирсан мод байсан. Тэгээд би энэ талаар асуухад 2025 оны 04 дүгээр сард эрхийн бичиггүйгээр Б сумын Т багийн Х гэх газар унанги мод бэлтгээд, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн эрхийн бичиг аваад, өөрийнхөө улсын дугааргүй УАЗ-469 маркийн машинаар ачиж ирсэн гэж хэлсэн. Гэхдээ сүүлд нь Б сумын З багийн Б гэх газраас бэлтгэсэн гэж хэлсэн. Аийн яриад байгаа Б гэх газар нь талбай тусгаарлалт хийсэн газар биш юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24 дүгээр тал/, гэрч С.Ц-гийн “...Би Б.А гэх хүнд 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мод бэлтгэх АРА М2519707 дугаартай бичиг хийж өгсөн нь үнэн. Гэхдээ би тухайн бичиг дээр Б сумын Т багийн Х гэх газраас ойн цэвэрлэгээнд шинэс төрлийн хэрэглээний 10м.куб мод гэж бичиж өгсөн. А мод тээвэрлэх тээврийн хэрэгслийн дугаарыг ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэж бичүүлсэн. Би тухайн бичиг өгөхдөө унанги мод бэлтгэх талаар хэлж ойлгуулаад явуулсан. 2025 оны 04 дүгээр сард бол ямар нэгэн бичиг өгөөгүй, харин өмнө жилүүдэд бол өгсөн байх гэж бодож байна, сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-28 дугаар тал/, гэрч Э.М-ын “...Би тухайн өдөр сумандаа байсан. Өглөө намайг гэртээ байж байхад 10 цагийн үед шиг санаж байна манай сумын А ах утсаар дуудаад хэдэн мод зүсээд өг гэж хэлсэн. Аав үхэр адуундаа явчихсан байсан болохоор би рамынхаа газар очсон чинь УАЗ-469 маркийн, амьжиргаа машин шиг тэвштэй болгочихсон машинтай ирчихсэн байсан. Тэвш дээр нь 4 метрийн урттай 1 ширхэг, 2 метрийн урттай 4 ширхэг шинэс төрлийн мод байсан. Машинаас буулгаад байж байхад манай сумын цагдаа ирээд бичиг баримтыг нь шалгаад байх шиг байсан. Тэгээд хууль бус мод байна гэж хэлээд зүсүүлээгүй хашаанд буулгаад орхисон. Би орой гэртээ ирээд аавд хэлсэн. Маргааш өглөө нь аав очиж харсан. Тэгээд би 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр У хот руу явсан. Тэр үед тухайн мод манай рамын хашаанд байсан. Би У хотоос 2025 оны 07 дугаар сарын 30-ны үед ирэхэд тухайн мод байхгүй байсан. Ааваас асуухад О ах барьж байгаа байшиндаа мэдэхгүй зүсээд хэрэглэчихсэн байна гэж хэлсэн. Би О ахад цагдаа нар хураасан мод гэж хэлээгүй, аав үлдсэн болохоор нэг их тоогоогүй орхисон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 дугаар тал/, яллагдагч Б.Аийн”...хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 146-147 дугаар тал/,
Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б-гийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн АРХ0325/245 дугаартай: “...Мөрдөгчийн модны үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан 1 метр 96 сантиметрийн урттай 4 ширхэг 4 метр 24 сантиметрийн урттай 1 ширхэг мод нь 0,774м3 байх ба экологи-эдийн засгийн үнэлгээ 40,320 төгрөг байна, Монгол орны мод сөөг гарын авлагатай харьцуулахад Pineceae Lindl-Нарсны овгийн Latrix sibirica-Сибирь шинэс байна. MNS 2470:1978 стандартын арга ашиглан жингийн алдагдлыг тооцож үзэхэд дээжийн чийг 27.3%-ийн чийгшилттэй байгаа тул нойтон мод байна, уг тайрсан моднууд нь унанги модноос бэлдсэн байна дүгнэлт/хх-ийн 33-35 дугаар тал/,
Хөрөнгийн үнэлгээний Д ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн АЦ25-142 дугаартай”...тээврийн хэрэгсэл, модны зах зээлийн үнэлгээг-1,200,000 төгрөг, 77,400 төгрөгөөр тус тус тогтоосон...” гэх дүгнэлт/хх-ийн 64-68 дугаар тал/,
Хөрөнгийн үнэлгээний Д ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн АЦ25-149 дугаартай цахилгааны хөрөөний зах зээлийн үнэлгээг 88,000 төгрөгөөр тогтоосон дүгнэлт/хх-ийн 74-76 дугаар тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 4-6 дугаар тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 8-10 дугаар тал/ Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 11-12 дугаар тал/, Цахилгаан хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 14-15 дугаар тал/, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 103 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.А-ийн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.А-ийг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцсон, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 400,320 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /400,320*3=1,200,960/нэг сая хоёр зуун мянга есөн зуун жар/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 1,200,960/нэг сая хоёр зуун мянга есөн зуун жар/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тооцон, шүүгдэгч Б.А нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой. Прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын үр дагаврыг шүүгдэгч хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 49.4.1-д зааснаар шүүгдэгч Б.Аээс байгаль экологид учруулсан хохирол 1,200,960/400,320x3/ /нэг сая хоёр зуун мянга ерэн зургаан төгрөг/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 122 дугаартай эд мөрийн баримт хураан авах тухай тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Аийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1,200,000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй УАЗ-31512 маркийн автомашиныг улсын орлого болгож, түүний үнэ 1,200,000 төгрөгөөс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1,200,960 төгрөгийг төлөхөд зарцуулж, хэрэгт битүүмжлэгдсэн 0,774 метр куб модны үнэ 77,400 төгрөг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 88,000/наян найман мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө зэргийг улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН