| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2023/00104/и |
| Дугаар | 133/ШШ2023/00211 |
| Огноо | 2023-04-27 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 133/ШШ2023/00211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: “ШТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: ****,
хариуцагч: **** холбогдох
түрээсийн төлбөр 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн төлбөр 18,000,000 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Манай компани нь 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс Говь-Алтай аймгийн Алтай хотын Цогц үйлчилгээний газар УТҮГ-тай түрээсийн гэрээ байгуулж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Ахуйн үйлчилгээний ордны 3 давхарт 48 м.кв талбайтай ажлын өрөөний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг сарын 750,000 төгрөгөөр 24 сарын хугацаатайгаар түрээсэлсэн. Хариуцагч байгууллагаас түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн боловч жилийн эцэст тооцоогоо хийнэ гээд өгөөгүй байсан юм. Гэтэл тус байгууллага нь Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаартай тогтоолоор татан буугдсан байх бөгөөд холбогдох байгууллагуудад түрээсийн төлбөрийг гаргуулах, төсөвт суулгуулах талаар удаа дараа хүсэлт хүргүүлсэн боловч манай ажлын байрны түрээсийн төлбөрийг төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж байна. Иймд Говь-Алтай аймгийн Алтай хотын Цогц үйлчилгээний газар УТҮГ-ыг татан буулгах ажлыг хариуцаж байгаа байгууллагуудаас түрээсийн төлбөр болох 18,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч **** хариу тайлбарын агуулга: “Шадар туслагч” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар гаргах нь. 1-рт Цогц үйлчилгээний газар нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар байгуулагдаад мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар татан буугдсан тул Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шууд хамааралгүй болно. 2-рт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх асуудлыг сумын Засаг даргын тамгын газрын холбогдох хэлтэс, албадаас боловсруулан сумын Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, хурал нь хэлэлцэн шийдвэрлэдэг хууль журамтай байдаг бөгөөд дээрх цогц үйлчилгээний газрын асуудал нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар орж хэлэлцэгдээгүй асуудал байна. Иймд сумын иргэдийн Төлөөлөгдийн хурал нь уг хэрэгт хариуцагч биш болно гэжээ.
4. Хариуцагч **** хариу тайлбарын агуулга: *** холбогдох “ШТ” ХХК-ий нэхэмжпэлтэй Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа иргэний хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын харьяа хотын нийтийн тээвэр, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн үйл ажиллагааг хариуцан ажиллах чиг үүрэг бүхий “Алтай хотын цогц үйлчилгээний газар” Улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаар тогтоолоор татан буулгахаар шийдвэрлэсэн ба татан буулгах ажпыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргад даалгасан.
Улмаар аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/1738 дугаар албан бичгээр тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар “Алтай хотын цогц үйлчилгээний газар” Улсын төсөвт үйлдвэрийн газартай холбоотой дуусгалтын баланс гаргуулж, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал болон үүссэн өр авлагыг барагдуулах, хаалтын баланс хийх үүрэг чиглэлийг Есөнбулаг сумын Засаг даргад өгсөн байна.
“Алтай хотын цогц үйлчилгээний газар” Улсын төсөвт үйлдвэрийн газартай холбоотой үүссэн өр төлбөрийн асуудал нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд огт хамааралгүй юм. Тодруулбал Улсын төсөвт үйлдвэрийн газартай Есөнбулаг сумын Засаг дарга хөдөлмөрийн гэрээ байгуулж, үйлдвэр санхүүжилтийн төлөвлөгөө буюу эдийн засгийн үндсэн үзүүлэлт зорилтот түвшний төлөвлөгөөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталж үйл ажиллагаа явуулж байсан.
Нэхэмжлэгч “ШТ” ХХК-ий шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага нь аймгийн **** хамааралгүй ба нэхэмжлэлийн шаардлагад дурдсан татан буулгах ажлыг хариуцсан байгууллага нь аймгийн **** биш учраас нэхэмжлэлийн шаардлагын хариуцагчаа буруу тодорхойлон гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү
Түрээсийн төлбөртэй холбоотой асуудлаар “ШТ” ХХК-иас аймгийн *** хандан ирүүлсэн албан бичгийн хариуг хавсралтаар хүргүүлэв гэжээ.
5. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/ШТ ХХК/
-Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай “Алтай хотын цогц үйлчилгээний газар улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай” тогтоол, уг тогтоолын 1, 2, 3 дугаар хавсралт
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/40 дугаартай “Ж.Д-г ажилд түр томилох тухай” захирамж
-Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 62 дугаартай “Алтай хотын цогц үйлчилгээний газар улсын төсөвт үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, албан тушаалын жагсаалт, цалингийн жишгийг өөрчлөн батлах тухай” тогтоол, уг тогтоолын 1, 2 дугаар хавсралт
-Хуулийн этгээдийн нэр баталгаажуулалтын 210721005 дугаартай маягт
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/Алтай хотын цогц үйлчилгээний газар, улсын төсөвт үйлдвэрийн газар/
-Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаартай “Алтай хотын цогц үйлчилгээний газар улсын төсөвт үйлдвэрийн газрыг татан буулгах тухай” тогтоол,
-Говь-Алтай аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/1738 дугаартай албан бичиг
-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай “ажлын хэсэг байгуулах тухай” тогтоол,
-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Ж.Дашдавааг ажлаас чөлөөлөх тухай” захирамж
-“ШТ” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/01 дугаартай албан бичиг,
-Говь-Алтай аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/55 дугаартай албан бичиг
-“ШТ” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/03 дугаартай албан бичиг,
-“ШТ” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/11 дугаартай албан бичиг,
-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2/07 дугаартай албан бичиг
-“ШТ” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/02 дугаартай албан бичиг,
-“ШТ” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/12 дугаартай албан бичиг,
-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын А/197 дугаартай “ажлын хэсэг байгуулах тухай” захирамж,
- Алтай хотын цогц үйлчилгээний газар, улсын төсөвт үйлдвэрийн газрын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай албан бичиг
- Говь-Алтай аймаг, Алтай хотын цогц үйлчилгээний газар, улсын төсөвт үйлдвэрийн газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/01 дугаартай тушаал
- Түрээсийн гэрээ 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01/01
-“ШТ” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/10 дугаартай албан бичиг,
- 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 0205 дугаартай итгэмжлэл
-Гэрэл зураг
-Татвар төлсөн баримтууд
-“ШТ” ХХК-ийн 2021, 2022 оны депозит дансны дэлгэрэнгүй хуулга
-Монгол Улсын сангийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 190 дугаартай “тушаалын хавсралт шинэчлэн батлах тухай” тушаал, уг тушаалын хавсралт
-Алтай хотын цогц үйлчилгээний газар, улсын төсөвт үйлдвэрийн газрын 2022 оны 04-р улирлын санхүүгийн тайлан
-Говь-Алтай аймгийн орон нутгийн өмчийн газрын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 691 дугаартай албан бичиг,
-Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 76 дугаартай “хөрөнгө акталж, данснаас хасахыг зөвшөөрөх тухай” тогтоол
6. Хариуцагч талаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаартай “итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай” захирамж
- Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 02 дугаар саын 13-ны өдрийн 1/38 дугаартай албан бичиг
-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1/10 дугаартай “ итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай” албан бичиг
-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай “ажлын хэсэг байгуулах тухай” тогтоол,
-“Алтай хотын цогц үйлчилгээний газар” улсын төсөвт үйлдвэрийн газрыг татан буулгах ажлыг зохион байгуулах комиссын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай тогтоол
-“Алтай хотын цогц үйлчилгээний газар” улсын төсөвт үйлдвэрийн газрыг татан буулгах ажлыг зохион байгуулах комиссын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай тогтоол
-Говь-Алтай аймаг “Ундрага-Алтай аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай албан бичиг
-Говь-Алтай аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 408 дугаартай албан бичиг
-Говь-Алтай аймгийн “Мандал голомт” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 262 дугаартай албан бичиг
-Говь-Алтай аймаг, Алтай-Улиастай эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компани 2022 оны 12 дугаар сарын 375 дугаартай албан бичиг, төлбөрийн нэхэмжлэл
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тодорхойлолт
-Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 11 дугаартай тэмдэглэл
-Говь-Алтай аймаг дахь Аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 15-ны 164 дугаартай албан бичиг
- Алтай хотын цогц үйлчилгээний газар улсын төсөвт үйлдвэрийн гарын 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан
-Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 04/138 дугаартай “зөрчил арилгах тухай” албан шаардлага
-Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/138 дугаартай “зөрчил арилгах тухай” албан шаардлага
-Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/108 дугаартай “төлбөр барагдуулах тухай” акт
-Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03/138 дугаартай “зөрчил арилгах тухай” албан шаардлага
-Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 02/108 дугаартай “төлбөр барагдуулах тухай” акт
-Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 279 дугаартай албан бичиг
- Алтай хотын цогц үйлчилгээний газар улсын төсөвт үйлдвэрийн гарын 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан
-Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/99 дугаартай “төлбөр барагдуулах тухай” акт
-Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 02/99 дугаартай “төлбөр барагдуулах тухай” акт
-Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/161 дугаартай “зөрчил арилгах тухай” албан шаардлага
-Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 02/161 дугаартай “зөрчил арилгах тухай” албан шаардлага
-Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03/161 дугаартай “зөрчил арилгах тухай” албан шаардлага
-Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 04/161 дугаартай “зөрчил арилгах тухай” албан шаардлага
-Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 05/161 дугаартай “зөрчил арилгах тухай” албан шаардлага
-Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 06/161 дугаартай “зөрчил арилгах тухай” албан шаардлага
-Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 07/161 дугаартай “зөрчил арилгах тухай” албан шаардлага
-Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 08/161 дугаартай “зөрчил арилгах тухай” албан шаардлага
-Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 09/161 дугаартай “зөрчил арилгах тухай” албан шаардлага
7. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:
- Гэрч Д.Ч мэдүүлэг
-Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 227 дугаартай албан бичиг, уг албан бичгийн хавсралтанд
-Өргөдөл хүлээн авсан хуудас 210810019 дугаартай,
-Алтай хотын цогц үйлчилгээний газар, 3255751 регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,
-хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/Алтай хотын цогц үйлчилгээний газар, улсын төсөвт үйлдвэрийн газар/
-Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх өргөдөл
--Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай “Алтай хотын цогц үйлчилгээний газар улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай” тогтоол, уг тогтоолын 1, 2, 3 дугаар хавсралт
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/40 дугаартай “Ж.Д-г ажилд түр томилох тухай” захирамж
-Хуулийн этгээдийн нэр баталгаажуулалтын 210721005 дугаартай маягт
- тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, уг тэмдэглэлд хавсаргасан Говь-Алтай аймаг, Алтай хотын цогц үйлчилгээний газар, улсын төсөвт үйлдвэрийн газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/01 дугаартай “Р.Авирмэд, Ш.Нармандах нарыг ажилд томилох тухай” тушаал, Говь-Алтай аймаг, Алтай хотын цогц үйлчилгээний газар, улсын төсөвт үйлдвэрийн газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/01 дугаартай тушаал
- тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, уг тэмдэглэлд хавсаргасан “Шадар туслагч” ХХК-ийн 2021, 2022 оны жилийн санхүүгийн тайлан, өглөг авлагын тайлан,
-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газрын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 3/117 дугаартай албан бичиг
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөр 15,425,000 төгрөгийг **** гаргуулан нэхэмжлэгч “ШТ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,575,000 төгрөг гаргуулах болон ***** холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч “ШТ” ХХК нь ****л болон **** холбогдуулан түрээсийн төлбөрт 18,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... “Алтай хотын цогц үйлчилгээний газар” улсын төсөвт үйлдвэрийн газар нь “ШТ” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг газраас 2 өрөө 48 м.кв талбайг 2 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Түрээсийн төлбөрийг сарын 750,000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд уг зардалд гэрэл цахилгаан, бусад бүх зардал багтаж байгаа. *** тухайн Алтай хотын цогц үйлчилгээний төв улсын төсөвт үйлдвэрийн газрыг татан буулгасан. Татан буугдах үедээ манай байгууллагын 48 м.кв үл хөдлөх хөрөнгийг түрээсэлж ашигласан түрээсийн төлбөрийг огт төлөхгүйгээр татан буугдсан. Иймээс аймгийн **** болон ***** Монгол Улсын Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.7-д зааснаар татан буулгах комиссоос үйл ажиллагаатай холбоотой тооцоог шаардах эрхийнхээ хүрээнд уг түрээсийн төлбөрийг аймгийн ***** татан буулгасан учир, мөн ***** татан буулгах комисс байгуулагдсан учир эдгээр байгууллагаас уг түрээсийн төлбөр 18,000,000 төгрөгийг бүхэлд нь гаргуулах нэхэмжлэл гаргасан ...” гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч Г**** нь “...“ШТ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага нь аймгийн *** хамааралгүй, 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хийсэн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна. ***** хариуцагч биш, нэхэмжлэлийн шаардлагын хариуцагчаа буруу тодорхойлон гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж,
Хариуцагч ***** нь “...Есөнбулаг сумын Засаг даргын өргөн мэдүүлсэн асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал авч хэлэлцсэн. Тус байгууллагыг татан буулгах асуудал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар орж хэлэлцэгдээгүй асуудал тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь уг хэрэгт хариуцагч биш болно...” гэж тус тус маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудуудыг шинжлэн судлахад:
Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай тогтоолоор “Алтай хотын цогц үйлчилгээний газар” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулан 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаартай тогтоолоор “Алтай хотын цогц үйлчилгээний газар улсын төсөвт үйлдвэрийн газрыг татан буулгах шийдвэрийг гаргаж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай тогтоолоор ажлын хэсэг байгуулан татан буулгасан үйл баримт тогтоогдож байна.
“Алтай хотын цогц үйлчилгээний газар” улсын төсөвт үйлдвэрийн газар нь үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа тус үйлдвэрийн газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар “ШТ ХХК-ийн захирал Д.О-той харилцан тохиролцож ажлын байрны түрээсийн гэрээ байгуулан ажлын байрны аятай орчин бүрдүүлэхийг Алтай хотын цогц үйлчилгээний газар, улсын төсөвт үйлдвэрийн газрын нярав Ш.Н-д үүрэг болгож, мөн даргын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай итгэмжлэлээр “тус байгууллагын нярав Шагдарсүрэнгийн Нармандахад 48 мкв ажлын байрны аятай орчин бүрүүлэх зорилгоор “ШТ” ХХК-тай ажлын байрны түрээсийн гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах, төлбөр тооцоо хийх эрхийг олгожээ.
Дээрх тушаал, итгэмжлэлийн дагуу 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01/01 дугаартай ажлын байр түрээслэх гэрээ “ШТ” ХХК болон “Алтай хотын цогц үйлчилгээний газар” улсын төсөвт үйлдвэрийн газрын хооронд байгуулагдсан байна.
Уг гэрээний 2.1-д түрээсийн хугацаа 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай байхаар, 2.2-т түрээсийн төлбөрийн нөхцөл: Талууд харилцан тохиролцсоноор цахилгааны төлбөр, дулаан, цэвэр бохир ус, хогны зардлыг оруулан 1 сарын 750,000 төгрөг байхаар тохиролцсон байна.
5. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр түрээслүүлэгч тал “Алтай хотын цогц үйлчилгээний газар” улсын төсөвт үйлдвэрийн газрын үйл ажиллагаа явуулахад нь зориулж үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсэг талбайг эзэмшилд нь шилжүүлж, түрээслэгч тал гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргийг хүлээснээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Хэдийгээр талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн боловч шүүх “Алтай хотын цогц үйлчилгээний газар” улсын төсөвт үйлдвэрийн газар болон нэхэмжлэгч “ШТ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01/01 дугаартай ажлын байр түрээслэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна” гэж,
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж,
5.2-т “Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө иргэний эрх зүйн харилцаанд оролцохыг хориглоно” гэж тус тус заажээ.
Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн “Алтай хотын цогц үйлчилгээний газар” улсын төсөвт үйлдвэрийн газрын хувийн хэрэгт 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлд шинээр бүртгүүлэхээр өргөдөл өгсөн байх бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэж 000235018 дугаар гэрчилгээг олгожээ.
Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/216 дугаар тушаалаар батлагдсан “Тамга тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа журмын 7.2-т “Тамга, тэмдэг үйлдвэрлэх этгээд улсын бүртгэлийн байгууллагаас олгосон хяналтын дугаар бүхий маягтыг үндэслэн энэ журмын 3.1-д заасан этгээдээс тамга, тэмдэг хийлгэх захиалгыг хүлээн авна” гэж заасан байна.
Гэтэл “Алтай хотын цогц үйлчилгээний газар” улсын төсөвт үйлдвэрийн газар нь улсын бүртгэлд бүртгүүлэхээс өмнө буюу 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ажлын байрны түрээсийн гэрээ байгуулан ажлын байрны аятай орчин бүрдүүлэхийг Алтай хотын цогц үйлчилгээний газар, улсын төсөвт үйлдвэрийн газрын нярав Ш.Н-д үүрэг болгож, мөн даргын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай итгэмжлэлээр “тус байгууллагын нярав Шагдарсүрэнгийн Нармандахад 48 мкв ажлын байрны аятай орчин бүрүүлэх зорилгоор “ШТ” ХХК-тай ажлын байрны түрээсийн гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах, төлбөр тооцоо хийх эрхийг олгосон байх бөгөөд эдгээр тушаал, итгэмжлэлд “Алтай хотын цогц үйлчилгээний газар” улсын төсөвт үйлдвэрийн газрын тамга дарагджээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У нь шүүх хуралдаанд “...Алтай хотын цогц үйлчилгээний улсын төсөвт үйлдвэрийн газар нь 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно. Гэтэл хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхээс өмнө буюу 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Б01 дугаар тушаалаар А-г ахлах нягтлан бодогчоор, Нармандахыг жолооч нярваар томилж уг тушаалд Ж.Д нь гарын үсэг зурж тамга дарсан байдаг. Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тамга тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох тухай 216 дугаар тушаалын 1.7 дахь хэсэгт хуулийн этгээдийн тамга, тэмдэгт хуулийн этгээдийн нэр, хэлбэр, регистрийн дугаар, тамга, тэмдгийн үйлдвэрийн код, хяналтын дугаар бичигдсэн байна гэж заасан. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх маягтын загвар, индекс код батлах тухай А55 дугаар тушаалын хавсралтад улсын төсөвт үйлдвэрийн газрын индексийг 68 кодоор илэрхийлсэн байдаг. Гэтэл 08 дугаар сарын 05-ны өдөр тушаал гаргасан тамга нь дээр хуулийн этгээдийн индекс нь 21 буюу нөхөрлөлийн индексээр бичигдсэн байдаг. Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар дээрх дахин давтагдашгүй 10 орон бүхий хяналтын дугаар дээрх индекс нь 68 буюу улсын төсөвт үйлдвэрийн газрын кодоор, тамга тэмдэг дээрх нь нөхөрлөлийн кодоор бичигдсэн байгаа нь тамга тэмдгийг илт хууль бус хүчингүй гэж үзэж байгаа. Мөн Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2018 оны 216 дугаар тушаалаар баталсан журмын 2.2 дахь хэсэгт улсын бүртгэгч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9, 8.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн этгээдэд хяналтын дугаарыг ажлын 2 өдрийн дотор олгоно гэж заасан. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа болон хуулийн этгээдийн хувийн хэрэгт хяналтын улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Ж.Д-с цаасаар авч хариуг 08 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагт багтаан өгөхөөр өргөдлийг улсын бүртгэгч хүлээн авсан байдаг. Хууль зүй дотоод хэргийн сайдын 216 дугаар тушаалаар батлагдсан журмын 7.2 дахь хэсэгт тамга тэмдэг үйлдвэрлэх этгээд нь улсын бүртгэлийн байгууллагаас олгосон хяналтын дугаар бүхий маягтыг үндэслэн энэ журмын 3.1-д заасан этгээдээс тамга тэмдэг хийлгэх захиалгыг хүлээн авна гэж тодорхой заасан байдаг. Гэтэл Алтай хотын цогц үйлчилгээний газар улсын төсөвт үйлдвэрийн газар нь хуулийн этгээдээр албан ёсоор бүртгэгдээгүй, тамга тэмдгийг холбогдох хууль журмын дагуу албан ёсоор аваагүй байхдаа тушаал гаргаж нярав Нармандахад итгэмжлэл олгон Шадар туслагч ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаар бүхий түрээсийн гэрээ байгуулсан байгаа нь илт хууль бус хууль зөрчсөн үйлдэл бөгөөд хуулийн этгээд татан буугдсан үндэслэлээр улсын бүртгэлээс хасагдсан бол улсын бүртгэлийн байгууллагад тамга тэмдгээ хураалгах ёстой байдаг. Гэтэл Алтай хотын цогц үйлчилгээний газар улсыг төсөвт үйлдвэрийн газрын тамга тэмдэг өнөөдрийг хүртэл Ж.Д-д байгаа. Манай байгууллагаас түрээсийн төлбөрийн гэрээг тухайн байгууллага татан буугдсаны дараа өөрт байгаа тамга тэмдгийг ашиглан шинээр боловсруулсан. Холбогдох баримт бичгийг нийцүүлэн бүрдүүлсэн гэж үзэж байгаа...” гэж тайлбарлаж байгааг буруутгах боломжгүй байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэх ёстой болно.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэжээ.
Хариуцагч нь түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргадаг боловч тухайн байранд “Алтай хотын цогц үйлчилгээ” улсын төсөвт үйлдвэрийн газар нь байрлаж, үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг үгүйсгэдэггүй болно.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар хуульчилсан бөгөөд хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байгаа боловч уг гэрээний хугацаанд түрээслэгч нь түрээслүүлэгчийн хөрөнгийг ашиглан үйл ажиллагаа явуулсан байх тул дээрх хугацааны төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
“Алтай хотын цогц үйлчилгээ” улсын төсөвт үйлдвэрийн газар нь түрээсийн гэрээ байгуулагдсан 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс уг газрыг татан буулгасан 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгч “ШТ” ХХК-ийн байранд үйл ажиллагаа явуулсан, ийнхүү татан буулгаснаас хойш одоог хүртэл түрээслэсэн өрөөг “ШТ” ХХК-д хүлээлгэн өгөөгүй, эд зүйл нь /гудамны гэрлүүд/ хураалгаатай байгаа талаар гэрч шүүх хуралдаанд тайлбарлаж байна.
Иймд “Алтай хотын цогц үйлчилгээ” улсын төсөвт үйлдвэрийн газар нь 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул нэхэмжлэгч “ШТ” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг ашигласны төлбөр 15,425,000 төгрөгийг “ШТ” ХХК-д төлөх үүрэгтэй байна.
Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаартай тогтоолоор “Алтай хотын цогц үйлчилгээний газар улсын төсөвт үйлдвэрийн газрыг татан буулгах шийдвэрийг гаргаж, татан буулгах ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг тус *** /О.А/-д даалгажээ.
А**** 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/1738 дугаар албан бичгээр **** хандан “...дээрх тогтоолыг хэрэгжилтийг хангах үүднээс сумын ****** хаалтын баланс хийх, ... ажиллах ажлын хэсгийг байгуулж, хариуцсан өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал болон үүссэн өр, авлагыг барагдуулан гарсан үр дүнг аймгийн Засаг даргын Удирдлагын зөвлөлд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор танилцуулан ажиллахыг үүрэг” болгожээ.
***** өгсөн үүргийн дагуу “...Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаар тогтоолоор ажлын хэсэг байгуулан ажиллажээ.
Эндээс дүгнэхэд “Алтай хотын цогц үйлчилгээ” улсын төсөвт үйлдвэрийн газрыг татан буулгах ажлыг зохион байгуулах, үүссэн өр төлбөрийг барагдуулах үүргийг ******* дээрх шийдвэрүүдээр даалгасан байх тул “Алтай хотын цогц үйлчилгээ” улсын төсөвт үйлдвэрийн газрын “ШТ” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргийг ***** биелүүлэх үүрэгтэй байна.
Дээрх үндэслэлээр “Алтай хотын цогц үйлчилгээ” улсын төсөвт үйлдвэрийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч “ШТ” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг ашигласны төлбөр 15,425,000 төгрөгийг хариуцагч ***** гаргуулж, нэхэмжлэгч “ШТ” ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх төлбөр нь гэрээний үүргээс бус харин үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй холбогдон гаргаж буй төлбөр тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хугацааны түрээсийн төлбөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх төлбөр 2,575,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **** нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 15,425,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 235,075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ШТ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн 15,425,000 (арван таван сая дөрвөн зуун хорин таван мянга) төгрөгийг **** гаргуулан ШТ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,575,000 (хоёр сая таван зуун далан таван мянга) төгрөгийг болон **** холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **** нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 15,425,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 235,075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ШТ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ