| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/0249/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/270 |
| Огноо | 2025-10-24 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | М.Г |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/270
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж
Улсын яллагч: М.Г
Шүүгдэгч: Г.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Булган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Гад холбогдох 2512002980247 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 15-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Х сумын Б багийн Х гэх газарт оршин суух, аймгийн сайн малчин шагналтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Бэйс овогт Г.Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Г.Г нь 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр А аймгийн Х сумын Б багийн Х гэх газарт гэрийнхээ гадна өөрийн эзэмшлийн “ТОЗ-8” загварын бага калибрын винтов бууны овоо харааг тааруулах зорилгоор бай буудаж байх үедээ сум алдаж хохирогч Ц.Гийн биед хэвлийн баруун доод хэсэгт ташаа, хүйсний холбосон шугамны гол хэсэг рүү нэвт буудагдсан шарх, хэвлийн зүүн доод талд арьсан дор мухар төгссөн шарх. Нарийн гэдэсний олон тооны урагдаж язарсан шарх, S/тахир/ гэдэсний цоорол, хэвлийн хөндийд цус алдалт, нарийн гэдсийг тайрч төгсгөл, төгсгөлөөр нь залгаж оёх мэс заслын дараах байдал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г нь 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр А аймгийн Х сумын Б багийн Х гэх газарт гэрийнхээ гадна өөрийн эзэмшлийн “ТОЗ-8” загварын бага калибрын винтов бууны овоо харааг тааруулах зорилгоор бай буудаж байх үедээ сум алдаж хохирогч Ц.Г-ийн биед хэвлийн баруун доод хэсэгт ташаа, хүйсний холбосон шугамны гол хэсэг рүү нэвт буудагдсан шарх, хэвлийн зүүн доод талд арьсан дор мухар төгссөн шарх. Нарийн гэдэсний олон тооны урагдаж язарсан шарх, S/тахир/ гэдэсний цоорол, хэвлийн хөндийд цус алдалт, нарийн гэдсийг тайрч төгсгөл, төгсгөлөөр нь залгаж оёх мэс заслын дараах байдал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Ц.Гийн мэдүүлсэн “...Би 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өөрийн хийсэн 2 эмээлийн модоо аваад зарах гэж Х сумын Б багийн Х гэх газар зусаж байгаа найз Г.Г-ынд очиж 2 ширхэг эмээлийн модоо зарчхаад Г.Г-ынд хоносон. Маргааш нь 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Г.Г-тай хамт тугалын хашааг нь зайлуулж өөр газар бариад оройхон 18 цагийн үед Г.Г одоо ч тарвага янзын болсон байгаа даа тэнгэр муухай бороо ороод байна бороо зогсохоор хоёулаа гаръя даа гэж яриад жаахан байж байгаад бороо намдахаар бууныхаа овоо харааг тааруулъя гээд гэрээсээ буугаа аваад гарсан. Би Г.Гын араас нь гараад гэрээс баруун урд зүгт ойрхон байсан хагалж банзалсан түлээний хажууд Г бид хоёр очоод Г хагалж банзалсан модноос 1 мод аваад дээр нь малын баасаар тэмдэг тавиад хоёулаа буун дээрээ очоод Г эхлээд 1 удаа буудсан тэгээд очоод үзсэн Г “буу даваад байна тэмдгийн дээр оносон байна" гээд дахиж нөгөө модоо босгож тавиад дахиад буудсан. Тэгсэн дахиад тэмдэг тавьсан дээр нь оносон байна гэхээр нь би бай хийсэн модыг босгож тавиад эргэх үед буу дуугарах шиг болсон. Тэр үед миний гэдэсний баруун доод хэсэг рүү угзрах шиг болсон. Тэгээд би Г-ыг “чи намайг буудчихлаа шүү дээ” гэж хэлсэн санагдаад байна. Тэр үед миний дотор муухай оргиод толгой эргээд байсан. Тэгсэн Г миний урдаас ирээд намайг аваад гэр лүүгээ ороод миний дээлийг тайлсны дараа би шархаа харсан чинь жижиг дугуй нүх гарсан. Тэрнээс нь жаахан цус гарсан байсан. Сум гарсан нүх байгаагүй, сумны хошуу нь миний биед байгаа юм байна гэж бодсон. Миний бие угаасаа сонин болоод бие засмаар ч юм шиг болоод байсан. Тэгээд би “Х сум руу түргэн дууд” гэж хэлсэн тэгсэн нэг хүн өвчин намдаах тариа хийж өгсөн. Тэгээд машинд суулгаад Т сумын эмнэлэг рүү явсан, явж байх замд манай эхнэр П, хүү Г хоёр 2 тосож аваад манай эхнэр анхны тусламж үзүүлээд Т сумын эмнэлэг дээр авч ирсэн. Тэр үед манай Х сумын эмнэлгийн түргэний машин хөдөө дуудлагад явсан байж таараад манай эхнэр хүүтэйгээ хамт өөрийнхөө машинаар гарсан юм байна лээ тэгээд Т-ын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад аймгийн төвийн нэгдсэн эмнэлэг рүү явсан аймгийн төвд ирээд эмч нар үзээд сумны хошууны байршлыг тогтоогоод үдээс хойш хагалгаанд орж сумаа авхуулаад эмнэлэгт 11 хоног хэвтээд 07 дугаар сарын 16-ны өдөр эмнэлгээс гарсан. ...Тэмдэг тавьж буудсан мод нь уначихаар нь би очиж босгож тавиад эргэх үед буу дуугарах шиг болоод миний хэвлийн баруун доод хэсэг рүү угзрах шиг болсон. ...Г гэдэг хүний өөрийнх нь буу байх гэж бодож байна. ...Тэр үед Г бид 2 архи уугаагүй цоо эрүүл байсан. ...Миний хэвлийн баруун доод хэсэг рүү сум орсон байсан сум нь гараагүй байсан. ...Би тэр үед дотуураа футболк, ноосон цамц, саарал өнгийн сентфонон куртик, гадуураа хар хөх өнгийн дээлтэй байсан. ...Тэр үед миний өмсөж явсан хувцаснуудыг манай хүүхдүүд аваад явсан тэгсэн дараа нь манай эхнэр хувцаснуудыг шатаачихсан гэж ярьж байсан. ...Би 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр эмнэлгээс гарсан одоо биеийн байдал гайгүй байна. ...Би бууг нь хаана байсныг сайн анзаараагүй Г өөрөө буугаа аваад гэрээс түрүүлээд гарсан. ...Тэнд ерөөсөө хэрүүл маргаан болоогүй. ...Өмнө нь ч хэрэлдэж маргалдаж байгаагүй. ...Г бид хоёрын дунд өр авлага, өс хонзонгийн ямар нэг асуудал байхгүй. ...Биеийн эрүүл мэндээрээ хохирсон юм чинь гомдолтой байна. Биеийн байдлаа харж байгаад нэхэмжлэх зүйлээ нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 25-28 дугаар хуу/
*Гэрч Х.Г-ын “......Манайх Х сумын Б багийнХэцүү ус гэх газар зусаж байгаад манайд 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 17 цагийн үед байх сумын төвд байдаг манай гэр бүлийн найз болох Ц.Г 2 ширхэг монгол эмээлийн мод зарна гээд манайд ирсэн. ...Маргааш орой нь буюу 2025 оны 07 дугаар сарын 04-ний орой 18 цагийн үед манай нөхөр Г.Г, Ц.Г хоёр гэрт байж байгаад бай буудаж үзье гээд хоорондоо ярилцаад манай нөхөр Г.Г гэрээс буугаа аваад Ц.Г хамт гарсан. Тэгсэн гадаа манай нөхөр Г.Г, Ц.Г 2 бай буудаад байгаа бололтой байсан тэгсэн эрэгтэй хүн одоо яана яах вэ гээд дуугарахаар нь би гэрээс гарсан чинь манай нөхөр Г.Г найз Ц.Гийг хажуугаас нь сугадчихсан гэр лүү орох гээд явахад нь би яасан бэ юу болсон бэ гэсэн чинь манай нөхөр Г.Г би буу алдаад Ц.Гийг оночихлоо гэсэн... ...Ц.Г Ж сумын гаралтай эмээлийн мод хийдэг хүн манайд ирэхдээ 2 эмээлийн мод хийгээд зарах гэж ирсэн. ...Манай хотны Г орж ирээд хаана нь буудсан юм бэ гээд цамцыг нь сөхөхөд нь хальт харсан чинь гэдэсний баруун доод хэсэгт хар хөх өнгийн толбо шиг юм байсан цус гарсан юм юу ч харагдаагүй. ...Тэр өдөр манай нөхөр Г.Г, Ц.Г нар архи уугаагүй цоо эрүүл байсан. ...Хоорондоо хэрэлдэж маргалдсан ямар нэг асуудал байхгүй. ...Манайх Ганзоригийн гэр бүлтэй найз болсноос хойш Г, Г нар хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаагүй бид нар Х сумын төв орохоороо тэднийд очно, эхнэр нь дуудлагаар ажлаар явж байгаа үедээ ч юм уу хоёулаа манай тэрүүгээр явахдаа манайхаар орж гараад явдаг ийм л хүмүүс байсан. ...Манай хөдөөнийхөн калибр л гэж ярьцгаадаг ямар маркийн буу вэ гэдгийг нь сайн мэдэхгүй байна нөхөр бид хоёр 1994 онд нэг гэрт орж байсан тэгэхэд аавынх нь буу гээд калибр гэдэг буу байсан. ...Манай нөхрийн буу галт зэвсгийн гэрчилгээ байхгүй байхаа би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-34 дүгээр хуу/,
Гэрч Л.У-гийн “...2025 оны 07 дугаар сарын 05-ны шөнө 03 цагийн үед гэртээ амарч байтал манай эмнэлгийн ээлжийн сувилагч миний утас руу залгаад манай эмнэлэг дээр Х сумаас хэвлий тус газраа буудуулсан шархтай хүн ирлээ гэсний дагуу би эмнэлэг дээр ирэхэд манай сувилагч буудуулсан шархтай гэх Ц.Г гэдэг хүнийг эрчимт эмчилгээний өрөөнд оруулсан байсан. Тухайн хүнийг үзэхэд даралт нь унасан, захын цусан хангамж багассан, байрлал алтадмал, нэлээн яраглаж, ёолсон байдалтай байсан, ухаан санаа эрүүл асуусан асуултад бүрэн хариулж байсан. Ц.Г гэдэг хүн манай эмнэлэг дээр ирэхдээ дээлийн бүсээр шархаа боосон байсан цус гараад бүс нь нэвтэрсэн байсан бүсийг тайлж шархыг үзэхэд хэвлийн баруун доод хэсэгт жижиг хэмжээний нүх гарсан байсан цус нэлээн гарсан байдалтай байсан. Ц.Г гэдэг хүнээс юу болсон талаар асуухад Х сумын төвөөс эмээлийн мод аваад Б булаг баг руу яваад тэнд айл очоод тухайн айлын хүнтэй бууны овоо тааруулж бай буудаж байгаад байгаа босгож тавьчхаад намайг өндийх үед буу дуугарсан гэж ярьсан. ...Ц.Г гэдэг хүнийг үзэхэд хэвлийн баруун доод хэсэгт жижиг нүх гарсан шархыг нь боосон бүсийг тайлж авахад шархнаас нь бага хэмжээний цус гарч
|
|
байсан. Тухайн хүний даралт нь унасан, захын цусан хангамж багассан, байрлал албадмал, нэлээн яраглаж, ёолсон байдалтай, ухаан санаа эрүүл асуусан асуултад бүрэн хариулж байсан. ...Би шингэн сэлбэж, цус тогтоох, өвдөлт намдаах тариа хийгээд биеийн байдлыг нь харж байгаад нэлээн тогтворжоод ирэхээр нь өглөөний 06 цагт аймгийн нэгдсэн эмнэлэг рүү хүргэж өгөхөөр Т сумаас гарсан. ...Х сумын төвөөс гэрээсээ 2 ширхэг эмээлийн мод аваад зарах гэж Б баг руу явсан. Тэгээд айлд очоод тэр айлын хүнтэй бууны овоо тааруулах гэж байгаад бай буудаж байгаад би бай босгочхоод өндийх үед буу дуугараад намайг оносон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 37-39 дүгээр хуу/,
Гэрч Д.А-ын “...Би Аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн их эмч ажилтай. ...Ц.Г гэх хүнийг танихгүй. ...2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ажил дээр байж байхад А аймгийн Х сумаас буудуулсан шархтай хүн ирсэн гэсний дагуу хагалгаа хийсэн тухайн хүн нь Х сумын иргэн Ц.Г гэдэг хүн байсан тухайн хүний хэвлийн баруун доод хэсгээр сумны хошуу орж хэвлийн зүүн доод хэсэгт сумны хошуу тогтсон байсныг хагалгаа хийж сумны хошууг авч холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн. ...Сумны хэлбэр дүрс өөрчлөгдөөгүй хэвээрээ байсан. ...Хар саарал өнгөтэй калибр бууны сумны хошуу байсан. Би өөрөө бууны марк сайн мэдэхгүй хүмүүсийн яриагаар калибр буу гэж яриад байдаг тэр бууны сумны хошуу байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 42-43 дугаар хуу/,
Гэрч Ш.П-ын “...Ц.Г миний нөхөр, Г.Г гэдэг хүнтэй гэр бүлийн найз нөхөд байгаа юм. ...2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр манай нөхөр Ц.Г Х сумын Б багийнХэцүү ус гэх газар зусаж байгаа Г.Гынх руу явсан. Тэгсэн маргааш нь 19 цагийн орчимд санагдаж байна над руу Гын эхнэр Г утсаар яриад Г Г-гийг буудчихлаа эмнэлэг рүү түргэн дуудаарай гэхээр нь би Х сумын эмнэлэг рүү түргэн дуудах гэсэн чинь түргэний машин дуудлагад явсан гэхээр нь хүүгээ дуудаад өөрийнхөө машинтай сумын төвөөс гараад Т сум руу явах замд нь тосож уулзаад эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн. Шөнө Т сумын эмнэлэг дээр авч очоод өвчин намдаах тариа болон бусад эмчилгээнүүдийг хийгээд өглөө 07 цагийн орчим аймгийн төвийн нэгдсэн эмнэлэг рүү Т сумын эрүүл мэндийн төвийн машинаар хүргүүлж ирээд эмч нар үзээд сумны хошууны байршлыг тогтоогоод дараа нь хагалгаанд орж сумны хошууг нь авсан. Манай нөхөр Ц.Г 11 хоног эмнэлэгт хэвтээд өчигдөр эмнэлгээс гарсан. ...Өөрийнхөө хийсэн 2 ширхэг эмээлийн модыг зарах гэж Б баг руу явсан. ...Намайг замд нь тосоод үзэхэд хэвлийн баруун доод хэсэгт жижиг нүх гарсан байсан шархыг нь өөрийнх нь дээлийн бүсээр боосон байсан шархнаас нь нэлээн цус гараад бүсийг нь нэвтэлсэн байсан, гэдэс нь дүүрч том болсон байсан. Би өвчин намдаах тариа, шингэн сэлбэж, зүрх судас дэмжих тариа хийгээд Т сум руу явсан. ...Юу болсон талаар асуухад бууны овоо хараа тааруулж байгаад Г буу алдчихсан гэж ярьсан. ...Би өөрийн нөхөр Ц.Г-оос та 2 хэрэлдэж маргалдсан юм уу гэсэн чинь угаасаа хэрэлдэж маргалдаагүй тийм зүйл болоогүй гэсэн. ...Архи үнэртэхгүй байсан та 2 архи уусан юм уу гэж нөхрөөсөө асуухад уугаагүй гэж хэлсэн. ...Тэр хоёр урд өмнө нь хэрэлдэж байсан зүйл байхгүй. ...Өс хонзонгийн асуудал байхгүй угаасаа. ...манай хоёрынх бие биеэ таньдаг мэддэг найзалж нөхөрлөөд 10 гаруй жил болж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 46-48 дугаар хуу/,
Гэрч Б.Э-гийн “...Ц.Г гэдэг хүнийг танихгүй. Г.Г гэдэг хүнийг нутгийн хүн гэдгээр нь танина. ...2025 оны 07 дугаар сарын 04-ний орой би гэртээ байж байсан чинь Г ахын эхнэр Г эгч орилоод байхаар нь би гэрээсээ гарсан чинь Г эгч Г ах чинь буу алдчихлаа чи гүйгээд Г ахдаа гутал аваад ир гэхээр нь би Ө эгчийн гэрээс гутал авахдаа Ө эгч, Г хоёрт Г ах буу алдчихаж гэнэ гэж хэлсэн. Тэгээд би гутлын нь авч ирээд гэрийн гадаа тавьчхаад гал дээр хоол үйсэн байсан болохоо болж байгаа байх гээд гэр лүүгээ орсон. ...Г эгч орилоод байхаар нь би гэрээсээ гарсан чинь Г ах чинь буу алдчихлаа гэж хэлсэн өөр юм надад хэлээгүй. ...Г.Г ахынд 2025 оны 07 дугаар сарын 03-ны орой эмээлийн мод зардаг хүн ирсэн гэнэ гэж сонссон. Тэр хүн манайхаар орж ирээгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 55-58 дугаар хуу/,
Гэрч О.Ө-ны “...Ц.Г гэдэг хүнийг танихгүй. Г.Г гэдэг хүн миний аавын төрсөн дүү миний авга ах байгаа юм. ...2025 оны 07 дугаар 04-ний орой цагийн сайн мэдэхгүй байна. Гэртээ зөөхийний шар гаргаж байсан чинь С-ын эхнэр Т орилоод Г ах болохоо болилоо гээд орилохоор нь би араас нь гараад Г.Г ахын гэр лүү яав юу болов гээд орсон чинь манай хотонд эмээлийн мод зарахаар ирсэн хүн аавын дүү Г.Г-ын зүүн талын орон дээр сууж байсан би яав юу болов гэсэн чинь Г ахын эхнэр Г орилоод Г ах чинь буу алдаад хүн буудчихлаа гэхээр нь би манайд 1 тариа байгаа хийлгэх үү яах вэ гэсэн чинь юм дуугараагүй нөгөө хүн нь гарч бие засаад буцаж орж ирэхдээ ёолоод байсан. Тэгээд орж ирэхээр нь харсан чинь хувцас нь цус нөж болсон юм юу ч харагдаагүй. Тэгээд миний машинаар голын доод талд байгаа айл руу хүргэж өгөөд Г гэдэг хүнийг цааш нь аваад явсан. ...Тэр үед Ц.Г, Г.Г нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 60-64 дүгээр хуу/,
Хохирогч Ц.Гийн дахин мэдүүлсэн “...Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. ...Миний хувьд ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би найз Г-д гомдолгүй гэдгээ өөрт нь болон эхнэрт нь хэлсэн ..” гэх мэдүүлэг, /хх-ийн 69-70 дугаар хуу/,
Иргэний нэхэмжлэгч Ч.М-гийн “...Ц.Г нь 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 2 удаа нийт 3.555.464 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Дээрх 3.555.464 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн ******** тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 131-132 дугаар хуу/,
Хэргийн газрын үзлэг хийсэн 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ..Хэрэг учрал болсон гэх газар нь А аймгийн Х сумын Б багийн Х гэх нэртэй газар байх ба уг газар нь Х сумын төвөөс 104 км зайтай газар байх ба уг газар нь 4 талаараа уулаар хүрээлэгдсэн тал газар байх ба баруунаасаа зүүн тийш цувуулж барьсан 5 гэр байв. Уг гэрүүдийн урд талаар 65 метр зайд Баян улааны гол урсаж байв. Голын эргээс хойд зүгт барьсан хамгийн баруун захын гэр сэжигтэн Г.Гын гэр байх бөгөөд уг гэрээс баруун урд зүгт 3 метр зайд сэжигтэн Г.Г бай буудсан гэх газар сэжигтэн Г.Гыг суулгаж “ЗАМ511М0 А34” маркийн гар утсаар зураг авав. Сэжигтэн Г.Гын сууж байсан гэх газраас баруун урд зүг рүү хагалж банзалсан галын түлээ байх ба уг түлээний зүүн захад 2 талд нь 2 толботой 2 толбоны дээд хэсэгт нүх гарсан мөр байв. Уг модноос сэжигтэн Г.Гын сууж бай буудсан гэх газар хүртэл хэмжихэд 17 метр 80 см байв. Үзлэгийн үеэр сэжигтэн Г.Гын бай болгож ашигласан гэх 34 см өндөртэй, зузаан талдаа 9 см, нимгэн талдаа 3 см , 20 см өргөнтэй, нэг талдаа улаан холтостой, холтостой хэсгийн дунд хэсэгтээ яртай, дунд хэсэгтээ 2 талдаа жижиг 2 толботой, 2 толбоны дээд хэсэгт жижиг хэмжээний нүхтэй модыг эд мөрийн баримтаар хураан авав..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 5-8 дугаар хуу/,
Эд зүйл баримт бичиг хүлээн авсан 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “...Г.Гаас гаргаж өгсөн Тоз-8 маркийн 38934 гол төмрийн дугаартай, 659 замгийн дугаартай галт зэвсгийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэл, /хх-ийн 9 дүгээр хуу/,
Галт зэвсэгт үзлэг хийсэн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн "... Уг галт зэвсэг нь халзарч элэгдсэн шар өнгийн гол төмрийн хаалт модтой, үзүүр хэсэгтээ төмөр шөвгөр бүрээстэй А хэлбэрийн модон хөлтэй уг хөлийг хаалт модны урд үзүүр хэсэгт цоолж боолтоор боож бэхэлсэн, хаалт модны урд үзүүрээс 23 см хаалт модыг 2 удаа нүхэлж нүх гарган суран оруулга хийж 5 см өргөн шар өнгийн даавуун материалаар оосор хийсэн, бууны хойд бөг талаас 19 см зайд гар өнгийн оосрын нөгөө талын үзүүрийг хаалт модтой бэхэлсэн, гол төмрийн урд хэсгээс 8 см, 46 см зайд гол төмрийг хамгаалалттай модтой бэхэлсэн, гол төмрийн урд үзүүрээс 60 см зайд байх гол төмрийн хараа хэсгийг хуванцар зүйлээр хаалт хийж хуванцрыг хаалт модны 2 талд кнопоор бэхэлсэн. Харааны зүүн хойд хэсэгт 38934 дугаараар гол төмрийг дугаарласан, уг дугаарын хойд хэсэгт 1.5 см зайд гол төмөр хоёр талаасаа цоорхой жижиг нүхтэй. Уг цоорхой хэсгийн зүүн талын жижиг нүхээ бууны хойд хэсэг буюу гохны харалдаа дээд хэсэг хүртэл хаалт мод цуурсан, харааны урд хэсэгт 1955г гэсэн бичигтэй, бууны замгийг салгахад замгийн дээд хэсэгт 659 гэсэн дугаар байв. Мөн галт зэвсгийн сум байрлах хэсгээс сумны хонгио мэт зүйл байв. Уг зүйлийг авч үзэхэд ард хэсэгт нь цохигч төмрийн мөр гаргасан “Латин V” үсэгтэй байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 10-13 дугаар хуу/,
Эд зүйлд үзлэг хийсэн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “...А аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч ажилтай Д.А-аас 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Ц.Гийн биеэс мэс ажилбарын явцад гарган авсан сумны хошуу гэх зүйлийг хүлээлгэн өгснийг хүлээн авав. ...Үзлэгээр хар саарал өнгийн металл /сумны хошуу мэт хэлбэртэй/ 1 см урттай, 0.4 см диаметртэй сумны хошуу мэт зүйл байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 16-18 дугаар хуу/,
А аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 31-03/494 дугаартай “...Танаас энэ оны 07 дугаар сарын 07-ны өдөр 31- 01/4629 дугаартай албан бичгээр ирүүлсэн Тоз-8 маркийн 38934 дугаарын гол төмөртэй, 659 дугаарын замагтай галт зэвсгийг галт зэвсгийн нэгдсэн сангаас шалгахад цагдаагийн байгууллагын галт зэвсгийн нэгдсэн санд бүртгэлгүй байгаа болно...” гэх албан бичиг, /хх-ийн 66 дугаар хуу/,
А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.О-ын 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн АРХ0725/247 дугаартай “...1. Ц.Гийн биед хэвлийн баруун доод хэсэгт ташаа, хүйсний холбосон шугамны гол хэсэг рүү нэвт буудагдсан шарх, хэвлийн зүүн доод талд арьсан дор мухар төгссөн шарх. Нарийн гэдэсний олон тооны урагдаж язарсан шарх, 8 /тахир/ гэдэсний цоорол, хэвлийн хөндийд цус алдалт, нарийн гэдсийг тайрч төгсгөл, төгсгөлөөр нь залгаж оёх мэс заслын дараах байдал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь галт зэвсгийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болсон цаг хугацаанд үүснэ. 4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 107-110 дугаар хуу/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч, цагдаагийн ахмад Б.Б-ын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ЕГ0325/5176 дугаартай “..Д.Шинжилгээнд ирүүлсэн 38934 гол төмрийн дугаартай, 659 замгийн дугаартай галт зэвсгээр буудлага үйлдсэн байна. 2. Хамгийн сүүлд хэзээ буудлага үйлдсэн эсэх, тухайн цаг хугацаанд хэдэн удаа буудлага хийсэн эсэхийг тодорхойлох боломжгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 138-139 дүгээр хуу/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч З.М-ийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ЕГ0125/2030 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги 38934, замаг 659 дугаартай буу нь 1955 онд хуучнаар Зөвлөлт Холбоот улсад ан агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн 5.6x15К мм-ийн калибртай ТОЗ-8 загварын бага калибрын винтов буу байна. Уг буу нь галт зэвсэг мөн. 2. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээр буудлага үйлдэх боломжтой. 3. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь гох дарагдаагүй үед доргилт, цохилтын нөлөөгөөр буудлага үйлдэх боломжгүй. 4. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн металл зүйл нь сумны хошуу мөн. 5. Шинжилгээнд ирүүлсэн хонгио болон хошууг нэг сумны бүрдэл хэсэг мөн эсэхийг тогтоох боломжгүй. 6. Шинжилгээнд ирүүлсэн хонгио нь Оросын Холбооны Улсын Климовскийн сумны үйлдвэрт иргэний зориулалттай үйлдвэрлэгдсэн 5.6x15Р мм-ийн калибртай, сумны хошуу нь хэзээ, хаана үйлдвэрлэгдсэнийг тогтоох боломжгүй, 5.6x15Р мм-ийн калибртай сумны хошуу байна. 7. Шинжилгээнд ирүүлсэн хонгио, хошуу нь сангийн анги 38934, замаг 659 дугаартай ТОЗ-8 загварын галт зэвсгээр буудагдсан байна...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 146-156 дугаар хуу/,
Эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “...Г.Г-аас хохирогч Ц.Г руу 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 15.000.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлын мөнгө болох 3.555.464 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн банк хоорондын шилжүүлгийн банк хоорондын шилжүүлгийн баримт, мөн хохирогч Ц.Гийн эхнэр П-ын данс руу мобайл банк ашиглаж шилжүүлсэн гэх депозит дансны дэлгэрэнгүй хуулга 2 хуудас болон НӨАТ-ын баримт 8 хуудсыг хүлээн авч, тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэл, /хх-ийн 164-167 дугаар хуу/,
Яллагдагч Г.Гын “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. ...Г-ийг бай босгож байхад нь би бууг нь бариад газраас босох үедээ бууны гох дарагдсан би санаатай гох дарж Г-ийг буудаагүй. Би уг бууг сумтай байсныг мэдээгүй. ...Бид хоёрын хооронд өс хонзонгийн зүйл байхгүй. Бид хоёр 10 гаран жил найзалж байгаа найзууд байгаа юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 190-191 дүгээр хуу/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “...А аймгийн Х сумын Б багийн Х гэх газар 2025 оны 07 дугаар сарын 04-ний 18 цагийн орчимд манай нөхөр Ц.Г хэвлийн баруун хэсэгтээ буудуулаад 2025 оны 07 дугаар сарын 05-ны өглөө аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн ирсэн” гэх тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуу/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124 дүгээр хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Г нь хохирогч Ц.Гийн биед хэвлийн баруун доод хэсэгт ташаа, хүйсний холбосон шугамны гол хэсэг рүү нэвт буудагдсан шарх, хэвлийн зүүн доод талд арьсан дор мухар төгссөн шарх. Нарийн гэдэсний олон тооны урагдаж язарсан шарх, S/тахир/ гэдэсний цоорол, хэвлийн хөндийд цус алдалт, нарийн гэдсийг тайрч төгсгөл, төгсгөлөөр нь залгаж оёх мэс заслын дараах байдал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан, уг гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.
А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Гыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Г.Гыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.
Хохирогч Ц.Г нь мөрдөн байцаалтын шатанд “...гомдол санал байхгүй...сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэсэн, шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 20,000,000 төгрөг төлсөн, гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд 3,555,464 төгрөгийн хохирол учирсан, уг хохирлыг шүүгдэгч Г.Г нь бүрэн төлсөн бөгөөд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Г.Г нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Г.Г нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Харин шүүгдэгч Г.Г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлж, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000/гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000/гурван сая/ төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын санал нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000/гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000/гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоов.
Мөн шүүгдэгч Г.Гад оногдуулсан торгох ялыг түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ЗХУ-д ан агнуур, спорт сургалтын зориулалтаар үйлдвэрлэгдсэн 5,6x15R мм-ийн калибртай ТОЗ-8 загварын бага калибрын винтов буу, ар хэсэгтээ V үсгэн тэмдэглэгээтэй сумны хонгио 1, зузаан талдаа 9, нимгэн талдаа 3 см 20 см өргөнтэй, нэг талдаа улаан холтостой, холтостой хэсгийн дунд хэсэгтээ яртай, дунд хэсэгтээ 2 жижиг толботой, 2 толбоны дээд хэсэгт жижиг хэмжээний нүхтэй мод 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гад 3000/гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000/гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь оногдуулсан 3000/гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000/гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 12 сарын хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гад оногдуулсан 3000/гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000/гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гад оногдуулсан галт зэвсэг эзэмших, ашиглах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Г.Гад хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ЗХУ-д ан агнуур спорт сургалтын зориулалтаар үйлдвэрлэгдсэн 5,6x15Г мм-ийн калибртай ТОЗ-8 загварын бага калибрын винтов буу, ар хэсэгтээ V үсгэн тэмдэглэгээтэй сумны хонгио 1, зузаан талдаа 9, нимгэн талдаа 3 см 20см өргөнтэй, нэг талдаа улаан холтостой, холтостой хэсгийн дунд хэсэгтээ яртай, дунд хэсэгтээ 2 жижиг толботой, 2 толбоны дээд хэсэгт жижиг хэмжээний нүхтэй мод 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН