| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/0261/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/284 |
| Огноо | 2025-11-04 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Т |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/284
2025/ШЦТ/284
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж
Улсын яллагч: Б.Т
Шүүгдэгч: Б.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Булган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У овогт Б.Н-тхолбогдох эрүүгийн 2512000000245 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 27-ны өдөр А аймгийн Ч суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Ч сумын З багийн Голын зах гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, У овогт Б.Н
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.Н нь 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр А аймгийн Ч сумын З багийн Б гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд шинэс төрлийн 2 ширхэг босоо мод огтлон 1,50 метрийн урттай 19 хэсэг буюу 2,383 метр куб мод бэлтгэж, ойн санд 261,558 төгрөгийн хохирол учруулсан хууль бусаар мод бэлтгэсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Э.Д-гийн “...А аймгийн Ч сумын З багийн Б гэх газарт 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хууль бусаар мод бэлтгэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр сумын төлөөлж байна. Байгаль орчинд учирсан хохирлыг хуульд заасан орон нутгийн ******** тоот дансанд тушааж хохирол барагдуулчихвал ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-37 дугаар тал/, гэрч Ч.Г-ийн“...Б.Н нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй болно. ...А аймгийн Ч сумын Х багийн Б, Х багийн А, У гэх газар нь талбай тусгаарлалттай газар харин Б гэх газар талбай тусгаарлалт хийгээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-32 дугаар тал/, яллагдагч Б.Н-ын”...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 89 дүгээр тал/,
Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн АРХ0325/295 дугаартай: “...1."Монгол орны мод сөөг" гарын авлагатай харьцуулахад Pineceae Lindl- Нарсны овгийн Larix sibirica Сибирь шинэс байна. Шинжлэгдэж буй моднуудыг хуурай, нойтон аль болохыг тогтооход 10,7% чийгтэй байгаа нь хуурай мод гэж үзэх үндэслэл болно. 2. Шинжлэгдэж буй модыг шинж байдлаар нь хэзээ бэлтгэсэн эсэхийг тогтоох боломжгүй. 3. Шинжлэгдэж буй модны 1-19 гэж дугаарласан 19 ширхэг мод нь 2,383 м3 байх ба экологи-эдийн засгийн үнэлгээ 261,558 төгрөг байна гэх дүгнэлт/хх-ийн 51-53 дугаар тал/,
Хөрөнгийн үнэлгээний Д ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн”...шинэс төрлийн мод 238,300 төгрөг, хуучин цахилгаан хөрөө 132,000 төгрөг, нийт 370,300 төгрөг...” гэх дүгнэлт/хх-ийн 67 дугаар тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 2-7 дугаар тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 8-13 дугаар тал/, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 110 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар ойгоос мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
А аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Нын хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Н-ыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 261,558 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /261,558*3=784,674/долоон зуун наян дөрвөн мянга зургаан зуун далан дөрөв/ төгрөгөөр тогтоож, уг төлбөрийг шүүгдэгч нь төлж барагдуулсан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба шүүгдэгч Б.Н нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой. Прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын үр дагаврыг шүүгдэгч хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Н-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 132,000 /нэг зуун гучин хоёр/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, хэрэгт битүүмжлэгдсэн 2,383м3 шоо шинэс төрлийн модыг улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь шүүхээс оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 127 дугаартай эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 38 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 132/нэг зуун гучин хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, хэрэгт битүүмжлэгдсэн 2,383м3 шоо шинэс төрлийн модыг улсын орлого болгосугай.
6. Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН