Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 133/ШШ2023/00263

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: “МГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: “О”  холбогдох

Халаалтын төлбөр 3,180,720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Халаалтын төлбөр 3,180,720 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “МГ” ХХК нь Говь-Алтай аймгийн 80 гаруй хувийг дулааны эрчим хүчээр ханган ажилладаг. Тус дулааны эрчим хүч хэрэглэгчдээс 2019 оноос өмнөх халаалтын төлбөр болох 3,180,720 /гурван сая нэг зуун наян мянга долоо зуун хорин/ төгрөгийг “О”  одоог хүртэл барагдуулаагүй байна. Иймд манай компаний бүрдүүлсэн материалыг үндэслэн “О” халаалтын төлбөр болох 3,180,720 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч” О”  хариу тайлбарын агуулга: Миний бие Ж.Д нь 1969 онд Есөнбулаг суманд төрсөн. 54 настай. Гэртээ ганцаараа амьдардаг. Эхнэр Я.П 2017 онд Улаанбаатар хотруу салж явсан. 2 хүүхэд нас биед хүрсэн. Ээжтэйгээ хамт Улаанбаатар хотод амьдардаг. Би багадаа вакцины улмаас 1 хөлийн хөгжил муудаж улмаар хөгжлийн бэрхшээлтэй болсон. Улмаар Ковидын вакцин хийлгэснээр /айж вакцинаас шалтгаалсан учир дахин вакцин хийлгэж болохгүйг мэдээгүй/ эрүүл хөлд нөлөөлж, хэл ярианд хэл ярианд хүртэл өөрчлөлт орж ээж, эгч дүү нарын асаргаанд байдаг болсон. Иймээс “МГ” ХХК-иас нэхэмжилсэн мөнгийг төлөх боломжгүй. Нөгөө талаар цайны газрынхаа эсрэг талд гэртээ амьдардаг байсан. Гэр цайны газар ялгаатай байхад бүгдийг нь цайны газраар тооцож халаалтын хөлс авдаг байсан. Тэгээд ч аж ахуй нэгж биш. Энэ талаар амаар байнга, 2 удаа хүсэлт бичиж өгсөн ч шийдвэрлэж өгөөгүй. Үүнийг тооцон бодоод ямар нэг өргүй байгаа болно. 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй гэжээ.

4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/“МГ” ХХК/

-Дулаан эрчим хүчээр хангах гэрээ 75 дугаартай

- Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан

- 18/01, 18/02, 18/03, 18/04, 18/09, 18/10, 18/11, 18/12, 19/01, 19/02, 19/03, 19/04, 19/05, 19/09, 19/10, 19/11 дугаартай нэхэмжлэхүүд

- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 133/ШЗ2023/00170 дугаартай “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж

-Эрчим хүчний зохицуулах хорооны дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл/“МГ” ХХК/

-Эрчим хүчний зохицуулах хорооны дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл/“МГ” ХХК/

-Эрчим хүчний зохицуулах хорооны дулаан түгээх тусгай зөвшөөрөл/“МГ”ХХК/

6. Хариуцагч талаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Байхгүй

ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч “МГ” ХХК нь “О” холбогдуулан халаалтын төлбөр 3,180,720 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... “О” нь 2017-2019 онуудын халаалтын төлбөр 3,180,720 төгрөг нэхэмжилж байна. Алданги тооцоогүй байгаа. Энэ хугацааны нийт халаалтын төлбөр 5,216,095 төгрөг болж байгаа. Үүнээс 2,693,857 төгрөгийг төлсөн. Одоо 3,180,720 төгрөг нэхэмжилж байна...” гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч “О” нь “... Би багадаа вакцины улмаас 1 хөлийн хөгжил муудаж улмаар хөгжлийн бэрхшээлтэй болсон. Улмаар Ковидын вакцин хийлгэснээр /айж вакцинаас шалтгаалсан учир дахин вакцин хийлгэж болохгүйг мэдээгүй/ эрүүл хөлд нөлөөлж, хэл ярианд хэл ярианд хүртэл өөрчлөлт орж ээж, эгч дүү нарын асаргаанд байдаг болсон. Иймээс “МГ” ХХК-иас нэхэмжилсэн мөнгийг төлөх боломжгүй. Нөгөө талаар цайны газрынхаа эсрэг талд гэртээ амьдардаг байсан. Гэр цайны газар ялгаатай байхад бүгдийг нь цайны газраар тооцож халаалтын хөлс авдаг байсан. Тэгээд ч аж ахуй нэгж биш. Энэ талаар амаар байнга, 2 удаа хүсэлт бичиж өгсөн ч шийдвэрлэж өгөөгүй. Үүнийг тооцон бодоод ямар нэг өргүй байгаа болно. 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй...” гэж маргажээ.

4. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотлох замаар мэтгэлцэн талуудаас шүүхэд гаргасан нотлох баримтуудыг шинжлэн судалж үнэлэн дараах байдлаар дүгнэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд тайлбарлагдсан тайлбарууд болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч “МГ” ХХК, хариуцагч “О” нарын хооронд гэрээ хийсэн эсэх дээр маргаагүй, уг гэрээг М гэх хэрэглэгчийн нэрээр байгуулсан нь “МГ” Ж.Д нарын хоорондох гэрээ мөн эсэх талаар ч мөн маргаагүй байх тул гэрээг шүүх хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй буюу хүчин төгөлдөр гэрээ байна.

Эндээс үзэхэд нэхэмжлэгч нь гэрээний үүрэг шаарджээ.

Ханган нийлүүлэх харилцаа нь худалдах худалдан авах гэрээний агуулгаар зохицуулагдах бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгч “МГ” ХХК нь хариуцагч “О” дулааны төлбөр шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь айл өрх, албаны халаалтыг тусад нь тооцоогүй, мөн дээрх хугацаанд ашиглаагүй гэж тайлбарлаж байгаа ч энэ байдлаа нотолж мэтгэлцээгүй, ямар нэг нотлох баримт байхгүй байна.

Дулаан хэрэглэгч “О”  нь хэрэглэсэн градусаар тооцож халаалтын төлбөрийг нэхэмжлэгч “МГ” ХХК-д төлөх үүрэг хүлээхээр, мөн нөгөө талаар нийлүүлсэн дулаанд тохирсон хөлсийг төлөхөөр шаардах эрхтэй байна.

Гэрээний ёсоор халаалтын нэг сарын төлбөрт “О” нь “О” цайны газрын халаалтын төлбөрт 195,678 төгрөг, орон сууцны халаалтын төлбөрт 13,138 төгрөг, нийт 229,697 төгрөгийг төлөхөөр тогтсон болох нь хэрэгт авагдсан дулаан эрчим хүчээр хангах гэрээ, төлбөрийн нэхэмжлэхүүдээр  тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлага болох 3,180,720  төгрөгийг  гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иймд хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд “Од” цайны газрын эзэн Ж.Д 2017-2019 оны дулаан хэрэглэсний төлбөрт 3,180,720 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МГ” ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх бөгөөд нотлох баримтын эх сурвалж нь хэрэгт сонирхол бүхий аль нэг талын бус хөндлөнгийн байх талаас нь үнэлсэн болно.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ... гэжээ.

Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,841 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” 65,841 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МГ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч “О халаалтын төлбөр 3,180,720 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “МГ” ХХК-нд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,841 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “О"  65,841 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МГ” ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Ц.ҮЙТҮМЭН