Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 133/ШШ2023/00267

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Д.Э нэхэмжлэлтэй,

хариуцагч: **** холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2022 оны 04 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.1. Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Э нь боловсролын салбарт 16 жил тасралтгүй ажиллаж байгаад 2019 оноос эхлэн **** химийн багшаар ажиллаж байгаад тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ч 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/88 дугаартай хууль бус тушаалаар ажпаас үндэслэлгүй халагдаж Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Д.Э гаргасан нэхэмжлэлийг шүүх хангаж, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 133/ШШ2022/00195 дугаартай шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан албан тушаал буюу **** химийн багшийн ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд тус шүүхийн шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэвч хариуцагч байгууллага нь тус шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байж байгаад 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Д.Э и-мэйл хаяг руу ажилд эгүүлэн томилсон тушаалыг явуулж, маргааш ирж ажилдаа ор гэж мэдэгдсэн. Д.Э нь ажлаас үндэслэлгүй халагдсан байсан учир амьдралын эрхэнд Улаанбаатар хотод ажилдаа эгүүлэн томилогдох хүртэл Нийслэлийн Баянгол дүүргийн 28 дугаар сургуульд химийн багшаар түр хугацаагаар ажиллаж байсан бөгөөд давхар докторын сургуульд суралцаж байсан. 4 дүгээр сургуулийн зүгээс түүнд түр хугацаагаар ажиллаж байсан байгууллагатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох боломжит хугацааг огт олгоогүй бөгөөд шууд маргааш ирж ажилдаа ор гэж мэдэгдээд, ирээгүй үндэслэлээр 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр дахин ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Иймд Д.Э Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын *** сургуулийн химийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Э нь 2021 онд ажлаасаа чөлөөлөгдөөд тэрнээс хойш ажилгүй байсан хугацаандаа Улаанбаатар хотод 28 дугаар сургуульд түр багшаар томилогдон ажиллаж байсан. Шүүхийн шийдвэр хэрэгжихгүй явсаар 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэнэт ажилдаа ор гэсэн тушаалыг бичиг хэргийн ажилтан нь фэсбүүк хаягаасаа Д.Э фэсбүүк хаяг руу явуулсан байдаг. Эргээд холбогдох гэсэн боловч нөгөө хаягаа блоклосон сургуулийн захирал болон менежертэйгээ утсаар нь холбогдох гэсэн боловч хэн нь ч утсаа аваагүй. Холбогдох тайлбарыг тухайн хаяг руу нь явуулсан боловч блоклосон байсан учраас ямар ч харилцаа холбоогүй болсон. 03 дугаар сарын 06-ны өдөр ажлаас дахин чөлөөлсөн гэсэн тушаалыг өөр хаягаас явуулаад дахиад блоклосон. Д.Э нь яагаад ажилдаа ирж орж чадаагүй бэ гэхээр 28 дугаар сургуульд түр хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан. Тухайн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоход 30 хоногийн хугацаа шаардлагатай байсан. Хүсэлтээ өгсөн боловч хичээлийн жил дуусах дөхсөн байна гэдэг асуудлаас болоод тушаалыг нь гаргаж өгөөгүй байдаг. Тиймээс тухайн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоод шууд хаяад явах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тэрнээс болоод холбогдож чаддаггүй, тайлбарлаж чадахгүй байж байхад дахин ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргасан байдаг. Түр ажиллаж байснаас гадна докторын сургалтад өдрийн ангиар сурч байсан. Тэр материал нь хэргийн материалд авагдсан. Эдгээр тайлбараа бичээд явуулъя гэсэн боловч тайлбарыг сонсдог хүн байдаггүй, тайлбарыг нь ч авдаггүй. Солонго улсад ажил хийж байна гэсэн нэг менежертэйгээ холбогдсон чинь би энэ талаар юу ч мэдэхгүй байна гэдэг байдлаар хариу өгсөн байдаг. Энд ажиллаж байгаа сургуулийн захирал, менежертэйгээ холбогдох гэсэн боловч утсыг авахгүй ийм нөхцөл байдлаас болоод ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн байдаг. Тийм учраас ажилд нь эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжиж оролцож байна гэв.

2. Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ч.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Э 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ажилд нь буцаан томилж, тушаалыг хүргүүлэн, хичээлин цагийг хуваарьт оруулсан боловч албан ёсоор хариу мэдэгдээгүй тул сургуулийн дотоод журмын дагуу шалтгаангүйгээр ажил тасалсан үндэслэлээр 03 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлсөн болно. Тус багшийн цалин, нэмэгдэл хөлс 2023 оын төсвийн төсөлд тусгагдаагүй тул нөхөн төлөх боломжгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Д.Эрдэнэчимэгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа.

-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирлын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/11 дугаартай “Д.Э ажлаас чөлөөлөх тухай” тушаал

-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/08 дугаартай “Д.Э химийн багшаар томилох тухай” тушаал

-Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/76 дугаартай “Д.Э ажилд түр томилох тухай” тушаал

-Боловсрол, шинжлэх ухааны яамны Их, дээд, сургууль, коллежид суралцаж байгаа тодорхойлолт/Д.Э/

-Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 133/ШШ2022/00195 дугаартай шийдвэр,

-Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 215/МА2022/00019 дугаартай магадлал,

-Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 001/ШХТ2022/00707 дугаартай тогтоол,

4. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны Б/21 дугаартай “Ч.С 4 дүгээр сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эргүүлэн томилох тухай” захирамж,

-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/08 дугаартай “Д.Э химийн багшаар томилох тухай” тушаал,

-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирлын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/11 дугаартай “Д.Э ажлаас чөлөөлөх тухай” тушаал,

-Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн хөдөлмөрийн дотоод журам

ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Д.Энь ...2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Д.Э и-мэйл хаяг руу ажилд эгүүлэн томилсон тушаалыг явуулж, маргааш ирж ажилдаа ор гэж мэдэгдсэн. Д.Э нь ажлаас үндэслэлгүй халагдсан байсан учир амьдралын эрхэнд Улаанбаатар хотод ажилдаа эгүүлэн томилогдох хүртэл Нийслэлийн Баянгол дүүргийн 28 дугаар сургуульд химийн багшаар түр хугацаагаар ажиллаж байсан бөгөөд давхар докторын сургуульд суралцаж байсан. 4 дүгээр сургуулийн зүгээс түүнд түр хугацаагаар ажиллаж байсан байгууллагатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох боломжит хугацааг огт олгоогүй бөгөөд шууд маргааш ирж ажилдаа ор гэж мэдэгдээд, ирээгүй үндэслэлээр 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр дахин ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна... гэж тайлбарлаж

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

3. Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ч.СГовь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны Б/21 дугаартай “Ч.С 4 дүгээр сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эргүүлэн томилох тухай” захирамжаар томилжээ.

Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ч.С нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ажилд нь буцаан томилж, тушаалыг хүргүүлэн, хичээлийн цагийг хуваарьт оруулсан боловч албан ёсоор хариу мэдэгдээгүй тул сургуулийн дотоод журмын дагуу шалтгаангүйгээр ажил тасалсан үндэслэлээр 03 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлсөн болно. Тус багшийн цалин, нэмэгдэл хөлс 2023 оын төсвийн төсөлд тусгагдаагүй тул нөхөн төлөх боломжгүй... гэж маргажээ.

4. Нэхэмжлэгч Д.Э нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд 2019 оноос химийн багшаар ажиллаж байгаад 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/88 дугаартай тушаалаар ажлаас халагдаж, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 133/ШШ2022/00195 дугаартай шийдвэр, Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 215/МА2022/00019 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 001/ШХТ2022/00707 дугаартай тогтоолын дагуу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын **** сургуулийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/08 дугаартай “Д.Э химийн багшаар томилох тухай” тушаалаар ажилдаа эгүүлэн томилогджээ. Улмаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын ***** захирлын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/11 дугаартай “Д.Э ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар ажлаас чөлөөлсөн нь хөдөлмөрийн харилцаа үүссэн байна. Хөдөлмөрийн харилцааны явцад үүссэн, шүүхэд харъяалагдах асуудлаар шүүхэд уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д дараах хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шууд хянан шийдвэрлэнэ гээд 158.1.1-д энэ хуулийн 154.8-д заасны дагуу гаргасан гомдол, 154 дүгээр зүйлийн 154.8-д сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан хэдий ч 158 дугаар зүйлийн 158.2-д Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэж, 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж зааснаас үзэхэд урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг сонгох боломжийг бий болгосон буюу эрх олгосон хэм хэмжээ байх тул эрхийг албадан эдлүүлэх боломжгүй юм.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан бол шүүхээр шийдвэрлэхээр заасан байх тул нэхэмжлэгч Д.Э нь уг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хэргийн харъяалал зөрчөөгүй байна.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хандах эрхтэй гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-д заасан журмын баримтлан нэхэмжлэгч Д.Э нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/11 дугаартай тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ тус шүүхэд 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзэв.

7. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий **** сургууль нь Д.Э2023 оны 02 дугаар сарын 28-ны тус газрын химийн багшаар томилон ажиллуулснаар зохигчдын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.

Харин ийнхүү томилохдоо ажил олгогч нь ажилтантай Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй буюу хөдөлмөрийн гэрээг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй байна.

8. Хариуцагч нь Монгол Улсын Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, Сургуулийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.2 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 7.11 дэх заалтыг тус тус үндэслэн Д.Э ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт... ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан... гэж,

Монгол Улсын Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх” гэж,

Байгууллагын дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.2-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 болон түүнээс дээш хоног ажил тасалбал ажлаас чөлөөлөх үндэслэл болно” гэж тус тус заажээ.

9. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны эсвэл ажил олгогчийн санаачилгаар цуцална.

10. Дээрх тушаалд үндэслэл болгосон бусад хууль болон дотоод журмын заалт нь ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоход чиглэсэн агуулгатай байна. Тодруулбал Байгууллагын дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.2-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 болон түүнээс дээш хоног ажил тасалбал ажлаас чөлөөлөх үндэслэл болно” гэж зааснаас дүгнэхэд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын **** сургууль нь Д.Э ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлжээ.

11. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын ***** сургуулийн захирал нь ажил олгогчийн санаачлагаар нэхэмжлэгч Д.Э хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг баримталсан байна.

12. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын **** сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/43 дугаартай тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах дуусгавар болох бусад үндэслэлүүдийг заасан боловч ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар тусгайлан заасан заалт байхгүй байна.

 Тухайлбал хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байхад дээрх үндэслэлээр ажлаас халсан нь хууль бус байна.

13. Мөн Байгууллагын дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.2-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 болон түүнээс дээш хоног ажил тасалбал ажлаас чөлөөлөх үндэслэл болно” гэж заасан ба хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын **** сургууль нь Д.Э нь ажил тасалсан гэж маргажээ.

Нэхэмжлэгч Д.Э 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил тасалсан гэх боловч энэ хугацаа нь ажлын 3 өдөр байгаа ба шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлсэн гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй байна.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй байна.

Хариуцагчаас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын *** сургуулийн захирлын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/11 дугаартай “Даржаагийн Эрдэнэчимэгийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалд Монгол Улсын Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, Сургуулийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.2 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 7.11 дэх заалтыг тус тус баримталсан атлаа хөдөлмөрийн гэрээг хариуцагчаас хавтаст хэргийн материалд нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Энэ нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй гэжээ.

Хариуцагч нь дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн шийдвэрийнхээ үндэслэлийг бүрэн нотлоогүй болно.

15. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Э Монгол Улсын Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, Сургуулийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.2 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 7.11 дэх заалтыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Д.Э Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын *** сургуулийн Химийн багшийн ажилд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна.

16. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцож, хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

17. Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-д ...ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Э нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөхөөс өмнөх гурван сарын хугацааны цалин 2021 оны 07, 08, 09 сар буюу 1,163,484+1,329,513+784,002=3,276,999 төгрөг байх бөгөөд уг хугацааны ажлын нийт өдөр болох 65 өдөрт хувааж, нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцоход 3,276,999:65=51,203 төгрөг байна.

2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг дуустал ажлын 60 өдрөөр тооцож үзвэл Д.Э олгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор нийт 51,203*60=3,072,180 /гурван сая далан хоёр мянга нэг зууня ная/ төгрөг байх тул үүнийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын **** сургуулиас гаргуулан нэхэмжлэгч Д.Э олгох нь үндэслэлтэй байна.

18. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж зааснаар дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Д.Э нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын **** сургуульд даалгах нь зүйтэй байна.

19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ...” гэжээ.

Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу хариуцагчийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

20. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 3,072,180 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 64,105 төгрөг, нийт ,134,305 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулиас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Э Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын *** сургуулийн химийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар Аргалчин овгийн Даржаагийн Эрдэнэчимэгт ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3,072,180 /гурван сая далан хоёр мянга нэг зуун наян/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын **** сургуулиас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Д.Э олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар Д.Э нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын **** сургуульд үүрэг болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 3,072,180 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 64,105 төгрөг, нийт 134,305 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын *** сургуулиас гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Н.ОЮУНБИЛЭГ