| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/0277/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/297 |
| Огноо | 2025-11-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.У |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/297
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгч: Х.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Булган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Х.А холбогдох эрүүгийн 2512000000227 тоот хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, А аймгийн Х сумын Х багийн Х гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Х.А
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.А нь 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр А аймгийн Х сумын Ж багийн нутаг дэвсгэрт Н.О-тай таарч, улмаар урьдын харилцааны явцад үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь духанд шарх, дух, 2 нүдний дээд зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2512000000227 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Н.Оын өгсөн:
“...Би 2025 оны 07 дугаар сарын 29-ний өглөө би А аймгийн Х сумын Ж багийн Гацаа гэх газар байх хөдөөгийн гэрээсээ гарч 09 цагийн үед сумын төвд орж ирж эхнэр болох Дыг ажилд нь хүргэж өгчхөөд буцах замдаа найз болох Этай зовиуд хороололд таараад ганц юм уух уу гэхээр нь за тэгье гээд Агар нэртэй 0.75 граммтай 2 шил архи машинд хувааж хоёулаа уусан. Тэгээд би согтоод цааш юу болсноо сайн санахгүй байна. Эхнэр хэлэхдээ чи сумын төвөөр явж байгаад ХААН банкны зогсоол дээр А гэх хүнд зодуулж байсан гэж утсаар О гэх хүн хэлсэн гэж надад эхнэр хэлсэн. Би их согтуу байсан болохоор тухайн үед болсон асуудлаа юу ч санаж мэдэхгүй байна. Тэгээд эхнэр ирээд намайг ирж аваад эмнэлэгт хүргэж өгөөд цагдаад хандсан гэсэн. Миний дух хэсэгт хагарч 2 оёо тавьсан, өөр гэмтсэн зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,
*Хохирогч Н.Оын дахин өгсөн:
“...Би өмнө өгсөн мэдүүлэгтээ 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гэж мэдүүлсэн тухайн үед миний бие өвдөөд хэцүү байсан болохоор сайн санахгүй хугацааг нь андуурсан байна. 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр А нь миний биед ямар зүйлээр цохисон талаар мэдэхгүй байна. Миний духанд шарх, дух, 2 нүдний дээд зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл учруулсан. Түүнээс хойш би А аймгийн Х сумын эмнэлэгт үзүүлэхэд намайг аймгийн төв яв гэж хэлсэн. Би А аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэх гэж Х сумаас 2 удаа А аймгийн Э суманд ирсэн бензиний мөнгө нийт 260,000 төгрөг, мөн эм тариа авсан мөнгө 200,000 төгрөг, мөн дахин нарийн шинжилгээ зардлуудыг нэхэмжилж байна. Надад бензин, эм тариа болон нарийн шинжилгээ хийлгэхтэй холбоотой гаргаж өгөх баримт байхгүй. Би өөрөө машингүй болохоор хүний машин гуйж аймгийн төв рүү орж бензин хийж өгч ирсэн. Надад тогтоолгох шаардлага байхгүй. Миний сэтгэл санаанд учирсан хор уршиг байхгүй зүгээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар тал/,
*Сэжигтэн Х.Агийн өгсөн:
“...Би 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр А аймгийн Х сумын төвд хувийн ажлаа бөөгнүүлж яваад ЗДТГ-н хажуу талын ХААН банкны зогсоолын хажууд машиндаа сууж байтал О ах согтуу хүрээд ирсэн. Тэгээд танай ээжид байшин зарсан, байшингаа ав, би газраа авъя гээд хэл амаар доромжлоод, чи Х суманд нутаг байхгүй шүү гээд салаавч өгөөд намайг цохиж авахаар нь бид хоёр барилцаж аваад тэгээд 2-3 удаа цохиод авсан юм. Намайг гараараа 2-3 удаа хүзүү рүү цохисон. Надад гэмтэж бэртсэн зүйл байхгүй, би тогтоолгохгүй. Би гараараа толгой, дух руу нь 2-3 удаа цохисон’ гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар тал/,
*Гэрч Б.Б-гийн өгсөн:
“...Тухайн өдөр ээлжтэй гарч байсан. 13 цагийн үед О гэх хүнийг эхнэр нь авч орж ирж үзүүлсэн. Духнаас нь цус гарсан язарсан, баруун чих жижигхэн язарсан ил шарх, цус гарсан байсан. Өөр харагдах гэмтэл байгаагүй. Тухайн үед эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. ...Отгонбаяр их согтуу байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-20 дугаар тал/,
*Гэрч Ж.Ды өгсөн
“...Тухайн өдөр би нөхөр болох О-аар 09 цагийн үед ажил дээрээ хүргүүлчхээд харилаа гээд гэр рүүгээ явсан. Тэгээд 13 цагийн үед Б гэдэг эгч над руу утсаар ярьж танай нөхрийг ХААН банкны гадаа хүн зодоод байна гэж О гэх хүн утсаар ярилаа гэж хэлсэн. Тэгээд би гүйгээд очсон чинь байхгүй байсан. Тэгсэн О эгч банкнаас гарч ирээд сая машинд суугаад урагшаа яваад өглөө гэж хэлсэн. Буцаад явж байхад дэлгүүрээс гарч ирж байсан. Тэгээд О дээр очиход нүүр ам нь цус болсон духнаас нь цус гараад тогтохгүй болохоор нь эмнэлэгт хүргэж өгөөд цагдаад дуудлага өгсөн. Духнаас нь цус гарсан язарсан баруун чих язарсан цус гарсан байсан. Өөр харагдах гэмтэл байгаагүй. Тухайн үед О их согтуу байсан, А эрүүл байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,
*А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Б-гийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн АРХ0725/266 дугаартай “...1.Н.Оын биед духанд шарх, дух, 2 нүдний дээд зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар тал/,
*Эрүүл мэндийн даатгалын сангаас 33,264 төгрөгийн хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ авсан талаарх баримт /хх-ийн 58 дугаар тал/,
*Яллагдагч Х.Агийн өгсөн:
“...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, санал хүсэлт байхгүй, зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. ...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Миний бие хохирогчид учирсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд гарсан бүх зардлыг төлнө” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.А нь 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр А аймгийн Х сумын Ж багийн нутаг дэвсгэрт Н.Отай таарч, улмаар урьдын харилцааны явцад үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь духанд шарх, дух, 2 нүдний дээд зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Х.А гэм буруутай болох нь хохирогч Н.Оын өгсөн: “...Би 2025 оны 07 дугаар сарын 29-ний өглөө би А аймгийн Х сумын Ж багийн Гацаа гэх газар байх хөдөөгийн гэрээсээ гарч 09 цагийн үед сумын төвд орж ирж эхнэр болох Дыг ажилд нь хүргэж өгчхөөд буцах замдаа найз болох Этай зовиуд хороололд таараад ганц юм уух уу гэхээр нь за тэгье гээд Агар нэртэй 0.75 граммтай 2 шил архи машинд хувааж хоёулаа уусан. Тэгээд би согтоод цааш юу болсноо сайн санахгүй байна. Эхнэр хэлэхдээ чи сумын төвөөр явж байгаад ХААН банкны зогсоол дээр А гэх хүнд зодуулж байсан гэж утсаар О гэх хүн хэлсэн гэж надад эхнэр хэлсэн. Би их согтуу байсан болохоор тухайн үед болсон асуудлаа юу ч санаж мэдэхгүй байна. Тэгээд эхнэр ирээд намайг ирж аваад эмнэлэгт хүргэж өгөөд цагдаад хандсан гэсэн. Миний дух хэсэгт хагарч 2 оёо тавьсан, өөр гэмтсэн зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно” гэх мэдүүлэг, хохирогч Н.Оын дахин өгсөн: “...Би өмнө өгсөн мэдүүлэгтээ 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гэж мэдүүлсэн тухайн үед миний бие өвдөөд хэцүү байсан болохоор сайн санахгүй хугацааг нь андуурсан байна. 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр А нь миний биед ямар зүйлээр цохисон талаар мэдэхгүй байна. Миний духанд шарх, дух, 2 нүдний дээд зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл учруулсан. Түүнээс хойш би А аймгийн Х сумын эмнэлэгт үзүүлэхэд намайг аймгийн төв яв гэж хэлсэн. Би А аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэх гэж Х сумаас 2 удаа А аймгийн Э суманд ирсэн бензиний мөнгө нийт 260,000 төгрөг, мөн эм тариа авсан мөнгө 200,000 төгрөг, мөн дахин нарийн шинжилгээ зардлуудыг нэхэмжилж байна. Надад бензин, эм тариа болон нарийн шинжилгээ хийлгэхтэй холбоотой гаргаж өгөх баримт байхгүй. Би өөрөө машингүй болохоор хүний машин гуйж аймгийн төв рүү орж бензин хийж өгч ирсэн. Надад тогтоолгох шаардлага байхгүй. Миний сэтгэл санаанд учирсан хор уршиг байхгүй зүгээр байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-гийн өгсөн: “...Тухайн өдөр ээлжтэй гарч байсан. 13 цагийн үед О гэх хүнийг эхнэр нь авч орж ирж үзүүлсэн. Духнаас нь цус гарсан язарсан, баруун чих жижигхэн язарсан ил шарх, цус гарсан байсан. Өөр харагдах гэмтэл байгаагүй. Тухайн үед эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. ...О их согтуу байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Ды өгсөн: “...Тухайн өдөр би нөхөр болох О-аар 09 цагийн үед ажил дээрээ хүргүүлчхээд харилаа гээд гэр рүүгээ явсан. Тэгээд 13 цагийн үед Баянаа гэдэг эгч над руу утсаар ярьж танай нөхрийг ХААН банкны гадаа хүн зодоод байна гэж О гэх хүн утсаар ярилаа гэж хэлсэн. Тэгээд би гүйгээд очсон чинь байхгүй байсан. Тэгсэн О эгч банкнаас гарч ирээд сая машинд суугаад урагшаа яваад өглөө гэж хэлсэн. Буцаад явж байхад дэлгүүрээс гарч ирж байсан. Тэгээд О дээр очиход нүүр ам нь цус болсон духнаас нь цус гараад тогтохгүй болохоор нь эмнэлэгт хүргэж өгөөд цагдаад дуудлага өгсөн. Духнаас нь цус гарсан язарсан баруун чих язарсан цус гарсан байсан. Өөр харагдах гэмтэл байгаагүй. Тухайн үед О их согтуу байсан, А эрүүл байсан” гэх мэдүүлэг, эрүүл мэндийн даатгалын сангаас 33,264 төгрөгийн хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ авсан талаарх баримт, яллагдагч Х.Агийн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Б-гийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн АРХ0725/266 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Х.А нь хохирогч Н.Оын биед духанд шарх, дух, 2 нүдний дээд зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Х.А нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Х.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Н.Оын биед духанд шарх, дух, 2 нүдний дээд зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.
Хохирогч Н.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 460,000 төгрөгийг нэхэмжилж байх боловч энэ талаар нотлох баримтыг ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хохирогч гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 33,624 төгрөгийн тусламж үйлчилгээ авсныг шүүгдэгч Х.А нь төлж барагдуулсан байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч Х.Агийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х.Ад Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн зүйл хэсэгт заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Х.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Х.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Х.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч эрүүл мэндэд учирсан хохирлын талаар зардлыг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН