| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2022/0714/З |
| Дугаар | 128/ШШ2023/0274 |
| Огноо | 2023-03-23 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2023/0274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Эийн З /РД:/,
Хариуцагч: Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
Маргааны төрөл: сахилгын шийтгэл хүлээлгэсэн болон ажлаас халсан шийдвэртэй маргаж, урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэгт хамаарах албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийлгэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 06 дугаар сарын 17-ний Б/141, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан чиг үүрэгт хамаарах албан тушаалд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх.
Хоёр. Маргаан бүхий актууд болон маргаан хянан шийдвэрлэх процессын хувьд.
1. Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын Эрүүл ахуй, орчны эрүүл мэндийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч Э.Зыг “сайдын шуурхай 6 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааныг тасалсан” үндэслэлээр Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн Б/141 дүгээр тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн байна.
2. Мөн Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагаанд ажлын хариуцлага алдсан үндэслэлээр Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар тушаалаар албан тушаалаас халжээ.
3. Төрийн албаны зөвлөлд дээрх тушаалуудыг эс зөвшөөрч гомдол гаргахад 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 04/1618 тоот албан бичгээр “тухайн албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр тусгай шалгалт өгөлгүйгээр томилогдон ажиллаж байсан” хэмээн гомдлыг харьяалан шийдвэрлэхгүй гэх хариу өгчээ.
4. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9559 дүгээр захирамжаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,
5. Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4740 дугаар захирамжаар хэргийн харьяалал зөрчсөн гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон,
6. Хэргийн харьяалал тогтоолгох хүсэлт гаргаснаар Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 277 дугаар тогтоолоор захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр харьяаллыг тогтоосон.
Гурав. Талуудын маргаж буй үндэслэл. Нэхэмжлэгч “тушаалууд хууль зүйн үндэслэлгүй, өвчний учир ажлаас чөлөөлөгдсөн хугацааг шуурхай хурал тасалсанд тооцсон, Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагаанд алдаа зөрчил гаргаагүй, халдвар судлаач мэргэжлийн дагуу Ковид-19 цар тахлын үеийн халдварын эсрэг хариу арга хэмжээг авах бүхий л заавар, зөвлөмжийг боловсруулж гэртээ 7 хоногоор харихгүй ачаалалтайгаар хэлтсийн даргын ажлаа А дүнтэй үнэлүүлж ажилласан байхад миний ажлын нэгхэн хэсэг болох Эрүүл мэндийг дэмжих сангийн ажлын хариуцлага алдсан гэж ажлаас халсан нь, сонгон шалгаруулалтын материалыг танилцаж тайлбар гаргах боломжоор хангаагүй нь үндэслэлгүй” гэж маргасан бол хариуцагч нь “эмнэлгийн магадлагаа, хуудсыг ажил олгогчид ирүүлээгүй тул шуурхай хурлыг тасалсан гэж үзсэн, төрийн жинхэнэ албанд тусгай шалгалтгүйгээр түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон тул эргүүлэн томилох боломжгүй, Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагаанд хариуцлага алдсан” гэж тайлбарлажээ.
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Э.З нь 2005 оноос төрийн албанд, эрүүл мэндийн салбарт 15 жил ажилласан, 2005-2009 онд Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт халдвар судлаач эмчээр, 2009-2011 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвд мэргэжилтнээр, 2011-2014 онд Мэргэжлийн хяналтын газар байцаагчаар, 2014-2017 онд Нийгмийн эрүүл мэндийн төвд албаны даргаар, 2017-2020 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд багшаар ажиллаж байгаад 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс Нийгмийн эрүүл мэндийн газрын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 12 дугаар сарын 25-ны өдрөөс тус газрын Эрүүл ахуй, орчны эрүүл мэндийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан.
Нийгмийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын Эрүүл ахуй, орчны эрүүл мэндийн хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаандаа ажлын хариуцлага алдаж, алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэвч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/141 дүгээр тушаалаар “Эрүүл мэндийн яамны Даваа гариг бүр зохион байгуулдаг сайдын шуурхай хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тасалсан" гэх шалтгаанаар сануулах арга хэмжээ авсан. Мөн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/175 дугаар тушаалаар “...Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагаанд хариуцлага алдсан..." шалтгаанаар халсан.
Дээрх хоёр тушаалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
1/ Сануулах арга хэмжээний тухай: Эрүүл мэндийн яамны Хуулийн хэлтсийн дарга Л.Д******* 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр "Сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг тогтоох, сахилгын шийтгэл оногдуулах эсэхийг тогтоосон дүгнэлт" гэсэн хоёр нүүр цаасан материалыг танилцуулан "гарын үсэг зур" гэж тулгасан байна. Дүгнэлтээс харахад Э.Зыг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсгийг зөрчсөн эсэх, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан журмаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг шалгахаар Нийгмийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Э нь шалгалт явуулсан төдийгүй сахилгын шийтгэл оногдуулах санал гаргасан байсан. Э.З дүгнэлтэд гарын үсэг зурахаас татгалзаж, энэ талаар газрын дарга Л.Эаас тодруулахад “юунд гарын үсэг зурснаа мэдээгүй, тийм зүйл байхгүй" гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Гэвч маргааш нь 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Төрийн нарийн бичгийн даргын Б/171 дугаар тушаалаар сануулах арга хэмжээ авч, 6 дугаар сарын 19-ний амралтын өдөр ажил дээр нь дуудаж тушаалыг Төрийн нарийн бичгийн дарга гардуулсан байна.
Шуурхай хуралдаан тасалсан гэх 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Э.З өвчтэй байсныг Эмнэлгийн 1586431 дугаар хуудсаар нотолно. Э.З 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 21-ний өдрийг хүртэл эрүүл мэндийн шалтгаанаар ажиллах боломжгүй тухайгаа өмнө нь Төрийн захиргаа удирдлагын газрын дарга н.Э, мэргэжилтэн н.А нарт албан ёсоор хэлж мэдэгдсэн.
Эмнэлэгт лист бичигдэхээр цахимаар нягтлан бодогч татаж аваад цалин бодох ёстой. Листийг цахимаас татаж аваагүй учраас 06 дугаар сарын цалин бүтэн орсон, 07 дугаар сарын 07-ны өдөр ажлаас халсан учир 7 дугаар сард листийг нөхөж цалин хөлс тооцох боломж гараагүй.
Эрүүл мэндийн яамны сайдын шуурхай хуралдаанд хэлтсийн дарга заавал оролцох албан тушаалтан биш. Төрийн нарийн бичгийн даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод сайдын шуурхайд суух үүрэг хүлээгээгүй. Сайдын шуурхай хуралдааныг зохицуулсан дүрэм, журам гэж байдаггүй. Хуралд суугаагүй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэхийг зохицуулсан эрх зүйн зохицуулалт байдаггүй байна.
2/ Ажлаас халсан тухай: Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Б/175 дугаар тушаалаар “Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагаанд ажлын хариуцлага алдсан” үндэслэлээр халсан. Гэвч Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагаанд ямар хариуцлага алдсан нь тодорхойгүй байна.
Эрүүл мэндийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн А/34 дүгээр тушаалаар "Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах зорилгоор дансны гүйлгээ, санхүүгийн баримтад 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн нэгдүгээр гарын үсэг зурах, санхүүжилт авахаар шалгарсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээг байгуулах эрхийг хэлтсийн дарга Э.Зд шилжүүлсэн" байна. Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагаанд 2021 оны эхний хагас жилийн байдлаар санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудит хийх удирдамжийн хүрээнд салбарын санхүүгийн хяналт шалгалт хариуцсан шинжээч Я.маа, Хөрөнгө, оруулалт, дотоод аудит хариуцсан шинжээч Г. нар 2021 оны 6 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд хяналт шалгалт зохион байгуулсан байсан.
Э.Зын хариуцсан ажлыг шалгаж байхдаа түүнд урьдчилан мэдэгдээгүй, шалгалтын явцад ямар нэг тайлбар аваагүй шууд шалгалтын дүнг боловсруулсан. Шалгалтаар хэд хэдэн зөрчил илрүүлсэн гэх боловч энэ нь Э.Зын гүйцэтгэх ажил үүрэгтэй огт хамааралгүй байна. Тухайлбал:
Шалгалтын дүнд "Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслийг хэрхэн сонгон шалгаруулсан талаар хурлын тэмдэглэл, протокол, үнэлгээний хуудас, ажлын хэсгийн гарын үсэг бүхий тайлан байхгүй, төсөл шалгаруулалтын баримтууд дутуу" гэжээ.
Засгийн газрын 2020 оны 37 дугаар тогтоолоор баталсан Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журмын 3.4-т “Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээг сонгон шалгаруулах ажлын хэсгийг 2-оос доошгүй төрийн бус байгууллага, мэргэжлийн холбооны төлөөлөл оролцуулан байгуулна." гэж заасны дагуу Эрүүл мэндийн сайдын тушаалаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан. Уг бүрэлдэхүүнд Э.З байдаггүй бөгөөд төсөл хөтөлбөр сонгон шалгаруулахтай холбоотой зөрчил нь түүнд хамааралгүй юм.
Мөн шалгалтын дүнд "нийт 28 төслийн 27 төсөл арга хэмжээний санхүүжилтийг 90 хувиар олгосон бол Чихрийн шижинтэй тэмцэх үндэсний төвийн “ЧШХШ-1 өвчний тархалт, хүндрэлийг илрүүлснээр тусламж үйлчилгээний чанар хүртээмжийн өнөөгийн байдлыг судлан тогтоож, эмнэл зүйн заавар, зөвлөмж боловсруулах арга хэмжээ” төслийн санхүүжилт болох 26,550,000 төгрөгийг 100 хувь олгосон зөрчил илэрсэн гэжээ". Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журмын 3.6.1-д "урьдчилгаа олгож гүйцэтгэлээр санхүүжүүлэх буюу тухайн ажил, үйлчилгээний онцлог шаардагдах хөрөнгийн хэмжээтэй уялдуулан үе шаттайгаар санхүүжүүлэх", 3.6.2-т "шууд санхүүжүүлэх буюу ажил, үйлчилгээг гүйцэтгэсний дараа санхүүжилтийг бүрэн хэмжээгээр нэг удаа олгох" гэж тус тус заасан. Үүнээс харахад санхүүжилтийг үе шаттайгаар, эсхүл нэг удаа бүрэн хэмжээгээр олгож болохоор байна.
Э.З өөрийн үндсэн ажил, албан тушаал болох Эрүүл ахуй, орчны эрүүл мэндийн хэлтсийн даргын ажлаа хангалттай сайн гүйцэтгэж байсан бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр болсон эхний хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийн хурлаар ажлаа тайлагнаж хангалттай сайн буюу "А" үнэлгээ авсан байна. Гэтэл ажлын хариуцлага алдсан хэмээн ажлаас халсан нь үндэслэлгүй, зохион байгуулалтай гэж үзэж байна.
Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/175 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтаар ажлаас халжээ. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалт нь "албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах" сахилгын шийтгэл оногдуулах заалт байна.
2020 оны 10 дугаар сард Эрүүл мэндийн яаманд мэргэжилтнээр ажиллаж, улмаар бүтцийн өөрчлөлт хийгдэж, Эрүүл ахуйн орчны хэлтсийн даргаар томилогдсон. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ковид-19 цар тахал гарснаар халдвар судлаач эмч гэдэг утгаар улс нийгэмдээ өдөр, шөнөгүй ажилласаар ирсэн. Эрүүл мэндийг дэмжих сангийн 100 гаруй төсөл ирснийг чиг үүргийн дагуу зохион байгуулах шаардлага гарсан, газрын дарга н.Г даргаар цохогдож над руу орж ирж байсан. Ажлын хэсэг цахим байдлаар хуралдсан. Тухайн асуудлыг хариуцсан мэргэжилтнүүд нийлж баримт бичгийг боловсруулдаг бөгөөд н.Г даргын хэлснээр хяналт тавьж, тушаалын төсөл хянасан хэлбэрээр гарын үсэг зурж ажилладаг байсан. Тушаалыг боловсруулахад оролцдоггүй байсан. н.Мө сайдын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний А/15 дугаартай тушаалаар эрх шилжүүлсэн. н.Э дарга сайд болж 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр А/34 дугаар тушаалаар эрх шилжүүлсэн.
Шалгарсан төслүүдээ надад болон холбогдох газруудаар шалгуулж, н.Мө сайд руу оруулж, энэ үед н.Мө сайд н.Э сайд нар солигдсон. Эрх нээгдээгүй байсан учраас сонгон шалгаруулалт болсны дараа гарын үсэг зурах эрх нээсэн. Үүний дагуу шалгарсан төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулах гэрээнд хэлтсийн дарга би гарын үсэг зурсан. Би сайдын тушаалын төсөл боловсруулдаг хүн биш, хянах чиг үүрэгтэй ажилладаг. Нэг тушаал хянасан. Дараа нь засвар оруулсан тушаал бас хянасан. Эрүүл мэндийн яамнаас гарын үсэг зуруулах, санхүүгийн гүйлгээ хийгдэх, төрийн сан руу явуулах зэрэг маш олон процесстой байдаг. Тиймээс би санхүүжилтэд оролцох ямар ч боломжгүй. Тушаалын төсөл дээр санхүүжилтийн үнийн дүн өөр байсныг мэдэж байсан. Нэг байгууллагыг оруулаагүй гарын үсэг зуруулсан байна гэхээр нь засаад дахиж гарын үсэг зуруулсан. Гэхдээ тушаалын төсөл байсан болохоор хэд ч засагдах боломжтой. Эрүүл мэндийн сайд гарын үсэг зурахаас өмнөх процесс гэж ойлгосон. Холбогдох мэргэжилтэн хурлын тэмдэглэлийн дагуу тушаалын төслийг боловсруулаад надад буюу хэлтсийн даргад, газрын даргад танилцуулна, шаардлагатай тохиолдолд нэмэлтээр төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хуулийн хэлтсийн мэргэжилтэн рүү орж улмаар сайдын туслах руу очно. Сайдын туслах сайд руу оруулдаг. Бланклах, дардас дарах, тамга дарах зэрэг нь бид нарт огт хамаагүй. Би албажсан тушаалд засвар хийгээгүй, зөвхөн ноорог хэлбэрт нь засвар хийдэг.
Эрүүл мэндийг дэмжих сан жилийн 3 тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд Санхүү, эдийн засгийн газрын дарга н.Н “эхний улирлын санхүүжилтээр нийт 750 сая төгрөгт багтахаар байна, учир нь сар бүр 250 сая төгрөгөөр эрх нээгддэг” гэсэн тул тушаалын төсөлд санхүүжилтийн дүн өөрчлөлт орж хянагдсан.
Эрүүл мэндийг дэмжих сангийн төсөл шалгаруулаад төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулаад санхүүжилтээ өгөөд дууссаны дараа Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд н.Э******* томилогдоод Эрүүл мэндийг дэмжих сангийн архивлаагүй задгайгаар байсан бүх материалуудыг өөр дээрээ авсан. Тэр үед би “Төрийн нарийн бичгийн даргаа хавтас задгайгаар авч яваад дундаас нь материал алга болбол том асуудал болно шүү” гэж хэлж байсан. Улмаар би Ковид-19 цар тахлын үеэр завгүй ажиллаж байгаад нүд өвдөөд хагалгаанд орох хооронд уг асуудал яригдаж эхэлсэн. Тэгэхээр нь би “яагаад 2 өөр тушаалын төсөл болсон бэ, хавтастай материалтайгаа танилцъя” гэтэл миний хавтсыг өгөөгүй. Дараа нь надад зориулж Эрүүл мэндийг дэмжих сангийн 1 дүгээр улирлын үйл ажиллагаанд хяналт, шалгалт оруулж, нэг өдөр хянаад маргааш нь ажлаас халах тушаал гарсан.
Хяналт шалгалт хариуцсан н.маа “таны нүд аймар болсон байна, та явж үзүүл” гээд би явсан, гэтэл явсан хойгуур “хэлтсийн дарга сайдын шуурхай хурал тасалсан” гэх шалтгаанаар надад сахилгын арга хэмжээ авсан. Ковид-19 цар тахлын үеэр намайг олон цагаар ажиллуулчихаад “нэг хаалга-нэг шинжилгээ” хөтөлбөрийг эсэргүүцсэнийхээ төлөө би хамгийн муу хүн болж хувирч байгаа юм.
Санхүү мөнгөтэй холбоотой эрх шилжүүлж өгсөн тушаал гарахад танилцуулаагүй, Эрүүл мэндийг дэмжих сангийн ажлыг хүлээлгэж өгөөгүй, эрх шилжүүлсэн тушаал гарсныг 06 дугаар сарын 05-ны өдөр мэдсэн бөгөөд 07 дугаар сарын 07-ны өдөр ажил хүлээлцсэн.
Би эрүүл ахуйч, халдвар судлаач хүн бөгөөд ковид-19 цар тахал гарах үед урилгаар Эрүүл мэндийн яаманд халдвар судлаач мэргэжлийн дагуу очиж ажилласан. Ковид-19 цар тахлыг халдварын эсрэг хариу арга хэмжээг авч ажиллаж байсан. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсад ковид 19 цар тахал гарахад 7 хоног гэртээ харихгүй, бүх холбогдох журам бичиг баримтыг боловсруулж ажиллаж байсан. Намайг ажиллаж байх үед халдварт өвчин, халдварт бус өвчин, эрүүл ахуйн орчны хэлтэс гэсэн 3 хэлтэстэй байсан. 50 хувь цахимаар, 50 хувь танхимаар ажиллаж байсан бөгөөд бусдынхаа ажлыг орлож гүйцэтгэж байсан. Миний бие хэлтсийн даргын ажлын хажуугаар өөр олон ажил хийж гүйцэтгэж байсан ба ажлын гүйцэтгэлийн үнэлгээг дүгнүүлэхдээ 94 хувь дүгнүүлж байсан. Улмаар хэт ачаалалтай ажиллаад нүд өвдсөн тул хагалгаанд орсон.
Эрүүл мэндийг дэмжих сантай холбоотой ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй. Мөн 100 гаруй төсөл хөтөлбөрийг хамаагүй хүмүүсээр хянуулаагүй, бодлого, чиг үүргийн дагуу н.У, н.Б, н.Ц, н., н.*******, н.******* гээд мэргэжилтнүүдэд төсөл хөтөлбөрийг өгч шалгуулаад үнэлгээний хуудсуудаар авч ажлын хэсэгт өгсөн. Эрүүл мэндийн яам бүтэн орон тоотой ажиллаж байгаа атлаа ажлаа гүйцэх хэцүү байдаг. Гэтэл цар тахлын тухайн үед хагас орон тоотой ажиллаж байсан, учир нь ихэнх ажилчид ажлаасаа гарчихсан, өвдсөн байсан.
Хэрвээ би ажлаасаа халагдаагүй байсан бол ажиллах хугацаандаа төрийн албаны тусгай шалгалтад тэнцэх боломжтой байсан, ажилласан жил зэрэг шаардлагуудыг хангаж байсан. Эрүүл мэндийг дэмжих сангийн ажил миний хийж гүйцэтгэсэн нийт ажлын зөвхөн нэг хувь нь юм. Ковидын улмаас нэг хүн нас барлаа гэхэд яаж нутаглуулах, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн шийдэх талаар журмыг би боловсруулдаг байсан. Хяналтын цэгүүдэд очиж халдвараас сэргийлэх, хамгаалах нөхцөл байдлыг үнэлж, ажиллаж байсан.
Сонсох ажиллагаа хийх үеэр н.маа “Э.З даргаа таны хавтас задгайгаар байна шүү” гэхэд би “та бүхний асуултад хариулъя, хавтсаа аваад үзье” гэтэл өгөхгүй байсан. “Дэмжих сангийн материалтай хавтас хаана байна” гэж асуухад н.маа, хяналт үнэлгээ хийсэн н.М******* нар “таны хавтастай материал хяналт, үнэлгээний өрөөнд байгаа” гэсэн. Үүний дараа Хуулийн хэлтсийн дарга н.Д*******гийн өрөөнд ороход хавтас цонхны тавцан дээр байсан.
Эрүүл ахуй орчны эрүүл мэндийн хэлтсийн дарга гэх албан тушаалын гүйцэтгэж байсан чиг үүрэг 2021 оны 9 дүгээр сард зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр Урьдчилан сэргийлэх хяналт зохицуулалтын хэлтсийн даргын албан тушаалд хамаарч байгаа. Тиймээс “урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоох” шаардлагаа “урьд эрхэлж байсан чиг үүрэгт хамаарах албан тушаалд эргүүлэн тогтоох” гэж тодруулж байна.” гэв.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Зыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн Б/141 дугаар тушаалаар сахилгын шийтгэл оногдуулж, 2021 оны 07 дугаар сарын 07-ний өдрийн Б/175 дугаар тушаалаар ажлаас халсан. Уг тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Сахилгын шийтгэл ногдуулахдаа 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Эрүүл мэндийн сайдын шуурхай хурлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан гэж сануулах арга хэмжээ авсан. Тушаалын үндэслэл хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-т төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзжээ. Эрүүл мэндийн сайдын шуурхай хурлыг тасалснаар төрийн албан хаагчийн ёс зүйн ямар хэм хэмжээг зөрсөн болох нь огт тодорхойгүй. Мөн Э.З нь Эрүүл мэндийн сайдын шуурхайд суух чиг үүрэгтэй алба хаагч мөн эсэх нь эргэлзээтэй бөгөөд сайдын шуурхайд суух талаар зохицуулсан ямар ч дүрэм, журам байдаггүй.
Эрүүл ахуй орчны эрүүл мэндийн хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолт нь Төрийн албаны зөвлөлөөр батлагдаагүй. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-т “албан тушаалын тодорхойлолт" гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ гэж заасан. Гэтэл уг баримт бичгийг ажил олгогчоос баталж өгөөгүй байж хуралд суух ёстой хэмээн шаардлага тавьж, улмаар хуралд суугаагүй учраас арга хэмжээ авч байна гэж Эрүүл мэндийн яамнаас тайлбарласан.
Э.З нь 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан 1586431 дугаар эмнэлгийн хуудсаар тогтоогдоно. Нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сард ээлжийн амралтаа авч үргэлжлүүлээд нүдний хагалгаанд орсон. Үүний дараа Нэгдүгээр эмнэлэг болон Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчийн хяналтад байнга ордог байсан бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр эмчийн хяналтад орж байсан. Эрүүл мэндийн шалтгаантай байснаа урьдчилж Төрийн захиргааны удирдлагын газрын дарга н.Э*******, хүний нөөцийн ажилтан н.А нарт албан ёсоор мэдэгдсэн байдаг. н.А нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө Э.З нь эрүүл мэндийн шалтгаантай байсан гэдгээ урьдчилж надад мэдэгдсэн гэдгээ хэлсэн.
Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг баримтална. Уг журмын дагуу Э.Зд сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий албан тушаалтан зөрчлийг урьдчилж тогтоогоод эрх бүхий албан тушаалтанд танилцуулна. Э.З нь тэр үед гараар тайлбар бичиж, Төрийн нарийн бичгийн даргад танилцуулсан бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өвчтэй байсан гэдгийг мэдсэн атлаа сануулах аргаа хэмжээ авсан. газрын даргаар ажиллаж байсан уг зөрчлийг шалгасан гэх н.Эыг гэрчээр асуухад “би хяналт, шалгалт зохион байгуулаагүй, хуулийн хэлтсээс сахилгын шийтгэл ногдуулах дүгнэлтийг боловсруулж надаар гарын үсэг зуруулсан” гэдэг. Э.Заас 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тодруулж шалгаагүй байдаг. Ийм учраас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн Б/141 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, Э.З нь 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаантай байхад сануулах сахилгын арга хэмжээ авсан хэмээн үзэж байна.
Төрийн нарийн бичгийн дарга 2021 оны 07 дугаар сарын 07-ний өдөр Хэлтсийн дарга Э.Зыг “Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагаатай холбоотойгоор хариуцлага алдсан” гэх үндэслэлээр ажлаас халсан. Эрүүл мэндийг дэмжих сангийн нэгдүгээр улирлын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж хэд хэдэн зөрчлийг илрүүлсэн гэдэг.
Нэгдүгээрт, төсөл сонгон шалгаруулсан хурлын тэмдэглэл, үнэлгээний хуудас байхгүй, ажлын хэсгийн гишүүдийн гарын үсэггүй, тайлангүй. Тухайн үед Ковид-19 цар тахлын үе байсан учраас хурлууд цахимаар зохион байгуулагдаж байсныг нэхэмжлэгч Э.З болон гэрчүүд мөн хэлсэн. Э.З нь ажлын хэсэгт гишүүнээр орсон боловч хурлын тэмдэглэл хөтлөх үүрэг бүхий албан тушаалтан биш. Эрүүл мэндийн сайд эрх шилжүүлэхдээ шалгарсан төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулах эрх, санхүүжилтэд гарын үсэг зурах эрхийг олгосон болохоос хурлын тэмдэглэл хөтлөх үүрэг Э.Зд шилжүүлээгүй.
Эрүүл мэндийн сайд 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өмнөх эрх шилжүүлсэн тушаалыг хүчингүй болгож, нэгдүгээр гарын үсэг зурах болон санхүүжилт авахаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулах эрх шилжүүлж А/134 дүгээр тушаал гаргасан. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шалгарсан 28 төсөл хөтөлбөртэй гэрээ байгуулж гарын үсэг зурах, санхүүжилтэд гарын үсэг зурах эрхийг хэлтсийн дарга Э.Зд өгсөн.
Хоёрдугаарт, ижил огноо, дугаартай 2 тушаал гарсан талаарх зөрчлийг илрүүлсэн, гэхдээ энэхүү зөрчилд Э.Зд хамааралтай эсэхийг тогтоогоогүй. Сайдн тушаалыг хуурамчаар үйлдсэн, гарын үсгийг хуурамчаар зурсан гэж буруутгаж байгаа юм уу, сайдын гарын үсгийн дардсыг зөвшөөрөлгүй ашигласан гэж буруутгаж байгаа юм уу одоогоор тодорхойгүй. Хэрвээ сайдын гарын үсгийн дардас ашигласан гэж үзвэл уг дардас нь хэлтсийн даргад хадгалагддаг юм уу, Эрүүл мэндийн сайдад хадгалагддаг юм уу, сайдын туслахад хадгалагддаг юм уу гэдгийг тогтоогоогүй. Э.Зыг дардас дарсан эсэх талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй.
Гуравдугаарт, нийт 28 төсөл сонгон шалгаруулсан бөгөөд үүний 27 төсөлд 90 хувиар санхүүжилт олгосон атал “Чихрийн шижинтэй тэмцэх төвийн төсөлд санхүүжилтийг 100 хувь олгосон хэмээн буруутгажээ. Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагаа нь Засгийн газрын 2020 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан журмаар зохицуулагддаг. Журмаар санхүүжилтийг үе шаттайгаар олгож болно эсхүл нэг удаа олгож болно хэмээн зөвшөөрсөн агуулгатай зохицуулалттай байхад 1 төслийн санхүүжилтийг 100 хувь олгосон хэмээн буруутгажээ.
Дөрөвдүгээрт, Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх сонгон шалгарсан 28 төсөл тайлангаа ирүүлээгүй гэж буруутгажээ. Хэрэгт авагдсан нотлох баримтаар 28 төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулсан гэрээ, түүний дагуу хэрэгжүүлэх ажлын даалгаврууд байгаа бөгөөд гэрээн дээр төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж дууссаны дараа тайланг хүлээлгэж өгөхөөр заасан. Тэгвэл 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Төрийн нарийн бичгийн даргад эрхийг шилжүүлсэн. Тухайн гэрээнүүд 2021 ны 06 дугаар сарын 25-ны өдөр буюу Э.Зыг ажлаа хүлээлгэж өгсний дараа тайлангууд нь ирэх ёстой байдаг.
Эрүүл мэндийг дэмжих сангаас санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалтын ажлын хэсэг хэлтсийн дарга Э.Заас гадна, газрын дарга н.Г, Эрүүл мэндийн сайд, Төрийн нарийн бичгийн дарга гэсэн 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилогдсон. 100 гаруй төсөл хөтөлбөрөөс ажлын хэсэг хуралдаад 28 төсөл шалгарсан бөгөөд үүний дагуу мэргэжилтэн хэр хэмжээний санхүүжилт олгох талаар тушаалын төсөл боловсруулж, тушаалын төслөө хэлтсийн дарга Э.Зд танилцуулсныг хянаж, мэргэжилтэн улмаар газрын даргаар хянуулж, Эрүүл мэндийн сайдын туслахад өгсөн. Түүнээс хойш ямар үйл баримт болсныг нэхэмжлэгч огт мэдэхгүй. Тэгэхээр тухайн тушаал хэдэн янзаар хэдэн хувь гарсан талаар мэдэхгүй байсан.
Эдгээр үндэслэлээр 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гарсан ажлаас халах тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна.” гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “1/ Сахилгын шийтгэл оногдуулсан тушаалын тухайд. Э.З нь Эрүүл мэндийн яамны Даваа гариг бүр зохион байгуулдаг Сайдын шуурхай хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тасалсан учир Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/141 дугаар тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан. Сайдын шуурхай хурлын бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн сайд, Төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтсийн дарга нар оролцдог. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/118 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Эрүүл мэндийн яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүрэг"-ийн 83-т Эрүүл ахуй, орчны эрүүл мэндийн хэлтсийн нэгжийн даргын ажлын байрны чиг үүрэгт тусгагдсанаар "Эрүүл ахуйн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн зохицуулалт, удирдлага зохион байгуулалт"-ыг авч ажиллах бөгөөд Сайдын шуурхай хуралд өөрийн салбарын цаг үеийн мэдээллийг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг, даалгавар авч ажиллах нь зүйтэй бөгөөд томилогдсоноосоо хойш хуралд суухгүй байх хүндэтгэн үзэх шалтгааныг урьдчилан мэдэгдээгүй, өөрийн ажлын чиг үүрэгт хамаарахгүй талаар өөрийн газрын дарга болон дээд шатны бусад удирдах албан тушаалтанд мэдэгдээгүй зэргээс үзэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Эрүүл мэндийн сайдын шуурхай хуралд суугаагүй гэж үзэхээр байна.
Түүнчлэн эмнэлгийн 1586431 дугаар хөдөлмөрийн чадвар түр алдалтын хуудаст ажил олгогчийн тодорхойлолт хэсэгт ажил олгогч тэмдэглэгээ хийн, баталгаажуулаагүй учир хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй. 2021 оны 6 дугаар сарын цалингийн жагсаалтаас харвал Э.З нь 6 сард 20 хоног ажиллах ёстой байснаас 15 хоног ажилласан, 6 дугаар сарын эхний хагаст 5 хоног, 6 дугаар сарын сүүлийн хагаст чөлөөтэй, өвчтэй талаарх баталгаажуулсан чөлөөний хуудас байхгүй учир цалинг бүтэн олгосон нь 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ажиллаж байсан гэж үзэх хангалттай үндэслэлтэй байна.
Эрүүл мэндийн сайдын шуурхай хурал нь долоо хоног бүрийн Даваа гарагийн 08:00 цагт эхэлдэг. Тухайн үед Ковид цар тахалтай холбоотойгоор шуурхай хуралд заавал оролцох шаардлагатай байсан. Гэнэт шуурхай хурал зарлаагүй тогтсон хугацаатай, энэ талаар заасан дүрэм, журам байхгүй ч гэсэн тогтсон өдөр, цагт хуралддаг. 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж миний бие уг хуралд нарийн бичгийн даргаар ажилладаг байсан, хурлын ирцийг байнга бүртгэдэг. Тухайн үед таслах байтугай хоцроход хүртэл арга хэмжээ авахуулахаар хэцүү нөхцөл байдалд ажиллаж байсан. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-т Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэж заасныг зөрчсөн учраас сахилгын шийтгэл оногдуулсан үндэслэлтэй хэмээн үзэж байна.
2/ Эрүүл мэндийг дэмжих сантай холбоотой асуудлын хувьд хяналт, шалгалт дотоод аудитын газрын шалгалтаар тодорхой зөрчлийг илрүүлж, үүний дагуу Э.Зд сонсох ажиллагаа хийж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/176 дугаар тушаалаар ажлаас халсан.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт "2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан" гэж заасан өөрчлөлт нь Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхэлж дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөгдсөн тул тухайн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн "Ажлаас халах тухай" Б/176 дугаар тушаал нь хуульд нэмэлт, өөрчлөлт орж, хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө гаргасан тушаал.
Эрүүл мэндийн сайдын эрх шилжүүлэх тушаалаар Эрүүл мэндийг дэмжих сангийн дансны гүйлгээ, санхүүгийн баримтад 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн нэгдүгээр гарын үсгийг зурах эрхийг хэрэгжүүлэхдээ Э.З нь "ноцтой зөрчил" гаргасан тул "Ажлаас халах" сахилгын шийтгэлийг оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүл мэндийг дэмжих сангийн төслийн сонгон шалгаруулалттай холбоотой хариуцлага алдсан гэж үзсэн нь Сайдын 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр тушаалыг хуурамчаар гарсантай холбоотойгоор хариуцлага алдсан гэж үзэж ажлаас халсан.
Төрийн нарийн бичгийн дарга Ц.Э*******ийн оролцсон хурлын аудио бичлэгийг өмнөх төлөөлөгч нотлох баримтаар гаргаж өгч, шүүх хуралдаанд судалсан байсан. Сайдын тушаал гарах процессын хувьд мэргэжилтэн тушаалын төслийг боловсруулж, дээд шатны албан тушаалтандаа хүргүүлэх бөгөөд боловсруулсан төслийг хянаж засуулаад эцсийн байдлаар болсон гэж үзвэл гарын үсэг зурдаг. Тиймээс хэлтсийн дарга Э.З нь болсон гэж үзээд гарын үсэг зурсан гэсэн үг юм. Үүнийг нь мэргэжилтэн цааш нь гарын үсэг зуруулахаар газрын даргад өгдөг. Газрын дарга шалгаж, шаардлага хангасан гэж үзвэл гарын үсгээ зурна. Төслийг боловсруулахаас эхлээд албажих хүртэлх хугацаанд бүгдийг мэргэжилтэн хариуцаж ажиллана. Доод албан тушаалтан алдаа гаргаж болно тэр алдааг шат шатны албан тушаалтан илрүүлж засах нь газрын дарга болон хэлтсийн дарга нарын үүрэг юм. Хоёр өөр үнийн дүнтэй тушаал гарсан бөгөөд аль тушаал үнэн, зөв гэдгийг мэдэхгүй, үүнийг илрүүлэхээр хяналт, үнэлгээний хорооны дотоод аудитын газрын шалгалт орсон. Үүнтэй холбоотой бичлэгийг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн байсан. Тухайн тушаалын хэрэгжилтийг мэргэжилтэн өөрөө хариуцах ёстой эсхүл буруу гарсан тушаалыг хүчингүй болгох ёстой. Мөн энэ асуудлаар одоо Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа.
Төсөл сонгон шалгаруулахдаа үнэлгээ хийгдээгүй байна, хурлын протокол байна, протоколыг уншихад шийдвэр гарсан хурал биш, төслийг хэлэлцээд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга н.Э “одоо ингээд таръя” гэсэн байна. Төслийг санал хурааж шалгаруулаагүй байна. Засгийн газрын 2020 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагааны журмыг үндэслэж ажлын хэсэг байгуулж 100 гаруй төслөөс 28 төслийг сонгон шалгаруулсан. Уг журмын 3 дугаар зүйлийн 3.2-т Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх шийдвэр гаргах албан тушаалтан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу ажлын хэсэгт орсон нийт гишүүд ашиг сонирхлын зөрчилгүй гэдэг хуудсыг бөглөж өгдөг бөгөөд үүнийг системд оруулж улмаар Авлигатай тэмцэх газарт тайлагнадаг. Гэтэл тухайн 9 хүн 109 төслөөс шалгаруулаагүй, хаа хамаагүй ямар ч ашиг сонирхлын зөрчилтэй байж магадгүй мэргэжилтнүүдэд хувааж өгч шалгуулсан.
Засгийн газрын 37 дугаар тогтоолоор баталсан журмаар төслийн явцын тайланг заавал ирүүлэх ёстой хэмээн тодорхой заасан, мөн дотоод хяналт, шалгалт аудитын шалгалтаар “явцын тайланг ирүүлэхийг гэрээнд заагаагүй байна” гэж үзсэн. Гэрээнд заагаагүй учраас явцын тайлан ирүүлээгүй.
Бид 2,650,000 төгрөгийг Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөнөөс илүү шилжүүлчихсэн. Гэрээнд нэгэнт 29,500,000 гэж байгуулсан тул төлөх ёстой. Одоо манай байгууллагад дотоод аудитаас шалгалт ирчихсэн, 2021 болон 2022 оны Дэмжих сангийн үйл ажиллагаатай холбоотойгоор хяналт хийж байгаа. Мөн эхний улиралд болсон 2 арга хэмжээ нь Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны зорилтод нийцээгүй байна. Хохирол үүссэн болохыг Үндэсний аудитын газраас ирсэн албан шаардлага, дотоод аудитын газраас хийсэн шалгалт зэргээс харж болно. Э.З нь 6 сар ажиллахдаа нэг удаагийн төсөл шалгаруулалтыг хариуцсан ч журмын дагуу хэрэгжүүлж чадаагүй.
3/ Э.З нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/126 дугаар тушаалаар Нийгмийн эрүүл мэндийн газрын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны "Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" 155 дугаар тогтоолын дагуу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн "Эрүүл мэндийн яамны албан хаагчдыг байршуулах тухай" A/135 дугаар тушаалаар Э.Зыг Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын Эрүүл ахуй, орчны эрүүл мэндийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Э.Зыг ажиллаж байхад яам 5 газартай байсан бол 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр бүтэц шинэчлэгдэж 6 газартай болж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан газар нь Нийтийн эрүүл мэндийн газар гэх нэртэй болсон.
Эрүүл мэндийн яам нь Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар төрийн захиргааны төв байгууллага бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтад "Яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны удирдах, гүйцэтгэх албан тушаал" гэж заасан төрийн захиргааны албан хаагчид хамаарна. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан этгээдийг төрийн жинхэнэ албан хаагчаар томилох бөгөөд Э.З нь төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй төрийн жинхэнэ албаны хаагчийн тангараг өргөөгүй учир Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын Эрүүл ахуй, орчны эрүүл мэндийн хэлтсийн даргын албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй тул хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.
Ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлгүй. Э.З нь төрийн жинхэнэ албан хаагч биш Ковид-19 цар тахлын үеийн хуулийн хэрэгжилтээр томилогдсон бөгөөд хуулийн үйлчлэл нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дууссан. Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн албан бичгийн дагуу 2023 оны байдлаар Ковидын хуулиар томилогдсон албан тушаалтныг бүгдийг нь ажлаас чөлөөлсөн. Уг хуулиар томилогдсон нэг ч хэлтсийн дарга, мэргэжилтэн одоо ажиллаагүй бөгөөд эдгээр албан тушаалууд дээр сул орон тоо зарлагдсан. Ковидын тухай хуулиар томилогдсон гэдгээ нэхэмжлэгч анхнаасаа мэдэж байсан. Нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй ч төрийн албанд 8 жил, түүнээс 4 жил нь дэс түшмэлээр ажилласан байх хэлтсийн даргын ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй. Хэлтсийн даргын албан тушаалд буцаан томилох нь эрх зүйн хувьд ямар ч боломжгүй гэсэн үг юм.” гэв.
4. Гэрчээр тус яамны Нийгмийн эрүүл мэндийн тусламжийн бодлого зохицуулах газрын даргаар 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд түр томилогдон ажилласан Р.Г мэдүүлэхдээ: “Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжих төсөл хөтөлбөрийг тухайн үед хэрэгжиж байсан холбогдох хууль тогтоомжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж хуралдаж сонгон шалгаруулсан. Тухайн үед би ажлын хэсэгт байсан. Цахимаар хуралдаж байсан санагдаж байна. Учир нь Ковид-19 цар тахалын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үе байсан. Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагаанд албаны чиг үүргийн дагуу оролцох эрх надад байхгүй. Сангийн санхүүжилтээр хэрэгжих төсөл хөтөлбөрийг сонгох сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүнээр оролцсон.
Газрын дарга хэлтсийн даргын ажил үүргийг мэргэжил арга зүй удирдлагаар хангаж, хяналт тавих чиг үүрэгтэй. Энэ чиг үүргийн хүрээнд намайг ажиллаж байх хугацаанд Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагаанд, сонгон шалгаруулалттай холбоотой асуудал үүсч байгаагүй. Э.З нь миний харьяалах хэлтэст ажиллаж байсан учраас газрын даргын хувьд гэрчээр оролцож байгаа. Э.З нь намайг газрын даргаар ажиллаж байх хугацаанд алдаа дутагдал гаргах, хариуцлагагүй хандах зэрэг зөрчил гаргаж байгаагүй. Ажлын хариуцлага өндөртэй, гүйцэтгэлтэй, алдаа дутагдал гаргасан зүйлгүй чанартай гүйцэтгэдэг байсан. Сайдын шуурхай хуралд яамны газар, хэлтсийн дарга, дэд сайд, сайд оролцдог байсан, шаардлагатай тохиолдолд холбогдох мэргэжилтнүүд оролцдог байсан.” гэв.
5. Гэрчээр тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын хүний нөөцийн хөгжил хариуцсан ахлах шинжээч С.А мэдүүлэхдээ: “Э.З 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр надтай утсаар ярьж өөрөө эрүүл мэндийн шалтгаантай эмнэлгээр явж байна, эмнэлэгт хэвтэхээр байна гэсэн. Эмнэлгийн магадлагаа 3 хүртэл хоног ажлаас чөлөөлнө. Эмнэлэгт хэвтсэн тохиолдолд лист нягтлан бодогчид цахимаар шууд очдог. Цагийн бүртгэл дээр лист нь дараа нь орж ирдэг. Хэдэн хоног хэвтэх нь тодорхойгүй байдаг учраас тухайн сарын цалин бүтэн олгогдоод тэгээд листны хоногоор дараа сард нь хувь тооцоод олгоно.” гэв.
6. Гэрчээр Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого зохицуулах газрын Эрүүл ахуй, орчны эрүүл мэндийн хэлтсийн хөдөлмөрийн эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнээр, Эрүүл мэндийг дэмжих сангийн төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Эрүүл мэндийг дэмжих сангийн төсөл шалгаруулах хурал 2021 оны 02 дугаар сард болсон. Мө сайд, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга н.Э, Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого зохицуулах газрын дарга н.Г, Эрүүл ахуй, орчны эрүүл мэндийн хэлтсийн дарга Э.З, би нарийн бичгийн даргаар оролцож тэмдэглэл хөтөлсөн. Хурлын тэмдэглэлийг би хөтөлж газрын дарга н.Г, хэлтсийн дарга Э.З нарт хянуулсан. Танхимаар байгаа хүмүүс нь орсон. Зарим нь цахимаар холбогдсон. Дэмжих сангийн хөрөнгөөр нэгдүгээр улиралд санхүүжүүлэх сонгон шалгаруулалтад ирсэн төслүүдийг сонгон шалгаруулах талаар хэлэлцсэн. 100 гаруй төсөл хөтөлбөр ирснээс 28 төсөл шалгаруулсан.
Дэмжих сангаас шалгаруулсан төслийг санхүүжүүлэх талаарх сайдын тушаалын төслийг би боловсруулсан. Хоёр өөр тушаалын төсөл байсан асуудлыг мэднэ. Тушаалын төслийг 2 хувь боловсруулж, хэлтсийн даргаар, газрын даргаар хянуулж сайдын туслахад өгөөд тамга болон гарын үсгээр баталгаажсаны дараа Санхүү, эдийн засгийн хэлтэст өгтөл үнийн дүн байхгүй гээд буцаасан, тушаалын нүүр хэсэгт мөнгөн дүн тавьсан, хавсралтад өөрчлөлт ороогүй, хавсралт нь тамгатай, тамгатай нь батлагдсан хавсралт. Тамгагүй хавсралт батлуулсан тушаалын хавсралт биш. Санхүүжилтийн дүнгээ тавиад сайдаар гарын үсэг зуруулсан. Сайдын туслах тушаалын огноо, дугаарыг өгдөг, сайдын гарын үсгийн дардсыг хариуцдаг. Би сайдтай шууд харилцахгүй, сайдын туслахтай л харилцдаг. Тушаалын төсөлд санхүүжилтийн дүн тавиад сайдын туслахад өгч баталгаажуулсны дараа Санхүү, эдийн засгийн хэлтэст өгсөн.
Мөнгөн дүн тавигдаагүй тушаалын төслийг буцаан аваагүй. Тушаалд өөрчлөлт орсон бол төсөл дээрээ хэлтэс болон газрын даргаар хянуулж гарын үсгийг зуруулна, тушаалын төсөл нь сайдын туслахад үлдэх ёстой. Тушаалын төсөл нь цаасан хэлбэрээр хянагддаг, бид өөрсдөө бланклаад туслахад өгч, туслахууд тушаалын төслийг авч дараа нь сайд гарын үсгээ зурна. Тиймээс хянагдсан тушаалын төсөл дээр сайд гарын үсэг зурдаг.
2021 онд Эрүүл мэндийг дэмжих сангийн сонгон шалгаруулалтад 109 төсөл ирүүлснээс 28 төслийг шалгаруулсан. Үлдсэн шалгаруулаагүй төслүүдээс 2021 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд гомдол ирж байгаагүй. Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагааг химийн бодисын асуудал хариуцсан мэргэжилтэнд ажил үүргийн хувьд хариуцуулсан байсан, гэтэл тухайн үед тэр орон тоонд хүн байгаагүй учраас ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар намайг томилж хариуцуулсан. Гэхдээ энэ ажил үүрэг миний ажлын байрны тодорхойлолтод хамааралгүй, Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагаа хариуцсан тусдаа орон тооны бүтэц, ажлын байр байхгүй. 2021 оны эхний улирлын нэг удаагийн сонгон шалгаруулалтын явцад ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар хариуцан ажилласан. Би төслийг хүлээж авсан. Сонгон шалгаруулалтыг хийхдээ ажлын хэсэг 1 удаа хуралдсан. 109 төслөөс Хэлтсийн дарга хэлтсийн мэргэжилтнүүдэд чиг үүргийнх нь дагуу төслүүдийг хуваарилж өгөөд сангийн зорилго, зорилтод нийцэх төсөл арга хэмжээ мөн эсэхийг шалгуулаад ажлын хэсэг дүгнэж 28 төслийг сонгон шалгаруулсан. 109 төслийг бичсэн жагсаалт байсан. Мэргэжилтнүүдийн ирүүлсэн материалд ажлын хэсэг ярилцаад шалгаруулсан. Тайланг нь хүлээж авсан. 2021 оны 2 дугаар улирлын төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар н.А******* гэдэг мэргэжилтэн ажилласан.
Яамны дотоод хяналт шалгалт 2021 оны 06 дугаар сарын 25-нд хяналт шалгалт хийхдээ Эрүүл мэндийг дэмжих сангийн төсөл сонгон шалгаруулалттай холбоотойгоор надаас ямар нэгэн тайлбар аваагүй. Тухайн үед дэмжих сангийн бүх баримтууд болох 3 хавтас архивласан болон задгай баримт материалыг Төрийн нарийн бичгийн даргад өгсөн байсан. Гэрээ болон төслүүд, Эрүүл мэндийг дэмжих сантай холбоотой баримтууд, мэргэжилтнүүд “дэмжих сангийн зорилго зорилтод нийцсэн”, эсхүл “нийцээгүй” гэсэн үнэлгээ тавьсан байсан баримтууд Төрийн нарийн бичгийн даргад өгсөн хурлын материалтай хавтаст байгаа. Хяналт шалгалтын хүмүүс тэндээс аваад тухайн баримтад шалгалт хийсэн.
Гэрээ байгуулахад Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Э дарга бүх төслүүдтэй танилцсан. Яамнаас 2020 онд баталсан гэрээний загвараар гэрээг хийсэн. Би гэрээг явцын болон гүйцэтгэлийг нь дүгнээгүй. Хариуцсан хүн нь томилогдоогүй учраас би тайлангуудыг л хүлээн авсан.
Ажлын хэсэгт томилогдоод Эрүүл мэндийг дэмжих сантай холбоотой баримт бичиг хүлээж аваагүй, сүүлд эрүүл мэндийн боловсрол, салбар хоорондын хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн н.Б*******д шалгаруулаагүй 6 боть материалыг архивлаад архивт хүлээлгэн өгсөн. Нэгдүгээр улирлын тайлангуудыг мөн хүлээлгэн өгсөн.” гэв.
7. Гэрчээр 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сар хүртэл Нийтийн эрүүл мэндийн газрын Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтэст эрүүл мэндийн боловсрол салбар хоорондын асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилогдон ажилласан, Эрүүл мэндийг дэмжих сангийн ажиллаж хариуцаж байсан Б.Б******* мэдүүлэхдээ: “2021 оны 10 дугаар сард ажил хүлээн авахад Эрүүл мэндийг дэмжих сантай холбоотой чиг үүрэг хүлээж авсан. Б.******* мэргэжилтнээс 2021 онд шалгарсан төслүүдийн задгай тайлан хүлээн авсан. 2021 оны төсөл шалгаруулсантай холбоотой материалыг Авлигатай тэмцэх газарт шалгуулах болж 11 дүгээр сард Төрийн нарийн бичгийн даргаас архивын 3 ботийг авсан, сайдын тушаал, компаниудтай хийсэн гэрээ, компаниудаас ирүүлсэн төсөлтэй холбоотой баримтууд байсан. Авлигатай тэмцэх газарт сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн тэмдэглэл, материалууд явсан. Төрийн нарийн бичгийн дарга байгаа бүх материал гээд хуулийн хэлтсийн мэргэжилтэн бид хоёрт 3 боть хүлээлгэн өгсөн.
Дэмжих сангийн үйл ажиллагааг Б.*******ын дараа н.А******* мэргэжилтэн хариуцаж байсан. Б.*******аас 2021 оны эхний улирлын төсөлтэй холбоотой тайлангуудыг авсан. н.А*******гаас 2021 оны 07 дугаар сараас хойших материалыг хүлээн авсан.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
А. Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаануудаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон доорх үйл баримтуудыг дүгнээд маргаан бүхий актуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
Нэг. Нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын Эрүүл ахуй, орчны эрүүл мэндийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд “сайдын шуурхай 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааныг тасалсан” үндэслэлээр түүнд Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн Б/141 дүгээр тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн байна.
1. Тэрээр сахилгын шийтгэл ногдуулсан энэ тушаал болон ажлаас халсан тушаалыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлүүлэхээр Төрийн албаны зөвлөлд хуульд заасан хугацаанд гомдол гаргаж байсантай, өөрөөр хэлбэл урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангуулсантай маргадаггүй.
2. Маргааны гол үйл баримтад холбогдох Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын Эрүүл ахуй, орчны эрүүл мэндийн хэлтсийн даргын албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамаарч, талуудын хоорондын харилцаа нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах харилцаа байх бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн Б/141, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар тушаал нь гадагш чиглэсэн буюу Э.Зын төрийн албанд ажиллах эрх, хөдөлмөрлөх эрхэд нөлөөлсөн, захиргааны актын шинжийг бүрэн хангасан, захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болохыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 277 дугаар тогтоолд дурджээ.
Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албанд хуулиар тогтоосон шалгуурыг хангаж томилогдсон эсэхээс үл хамаараад тухайн албан тушаалыг хашиж, цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байсны хувьд тэрээр Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар төрийн албан хаагч тул төрийн алба хашихтай холбоотой захиргаанаас гаргасан шийдвэртэй маргаж буй нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ.
3. Хэргийн харьяалал тогтоосон Улсын дээд шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолыг 6 дугаар сарын 28-ны өдөр гардаж аваад[1] 7 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлээгүй байна.
4. Маргаан бүхий тушаалаар тус яамны Эрүүл ахуй, орчны эрүүл мэндийн хэлтсийн дарга Э.Зыг 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сайдын шуурхай хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан гэж үзээд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн хэмээн сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд энэ шийдвэр нь түүнд баримталж үндэслэсэн дээрх заалт болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь захиргааны үйл ажиллагаанд баримтлах шийдвэр нь бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан шийдвэр гаргахад хамаарах нөхцөл байдлыг тогтоох, нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримт, мэдээлэл цуглуулах, үнэлэх, оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах үүргээ биелүүлээгүй тул хууль бус болжээ.
Тодруулбал нэхэмжлэгч Э.З нь 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ******* эмнэлэгт нүдний мэс засалд орж, улмаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 6 дугаар сарын 02-ны өдөр үзүүлж тус эмнэлгийн мөн өдрөөс 09-ний өдрийг хүртэл өвчний учир ажлаас чөлөөлсөн магадлагаатай, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт 6 дугаар сарын 14-ний өдрөөс 20-ны өдрийг хүртэл амбулатороор эмчлүүлсэн эмнэлгийн хуудас бичигдсэн, өөрөөр хэлбэл сайдын шуурхай хурлыг тасалсан гэх 6 дугаар сарын 14-ний өдөр тэрээр “эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн” байхад “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хурлыг тасалсан” гэж энэ нөхцөл байдлыг буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг шалгаж тогтоолгүйгээр шууд дүгнэж шийдвэр гаргасан нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр болжээ.
Түүнийг 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр өвчний улмаас буюу хүндэтгэн үзэх эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцоогүйг эмнэлгийн байгууллагын магадлагаа, эмнэлгийн хуудсаар нотлох бөгөөд, ийнхүү өвчний учир ажилдаа очих боломжгүй талаараа байгууллагын хүний нөөц хариуцсан мэргэжилтэнд урдчилан мэдэгдсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон, шийдвэр гаргахаасаа өмнө захиргааны байгууллага энэ бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийх шаардлагатай байсныг Захиргааны ерөнхий хуульд ийнхүү хуульчилсан байна.
5. Хэдийгээр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт 6 дугаар сарын 14-ний өдрөөс 20-ны өдрийг хүртэл амбулатороор эмчлүүлсэнийг тодорхойлох 6 дугаар сарын 21-ний өдөр бичсэн 1586431 дугаартай эмнэлгийн хуудас нь ажил олгогчоос баталгаажаагүй байх ч энэ маргаан нь хөдөлмөрийн чадвар түр алдсаны улмаас тэтгэмж олгуулахтай холбоотой маргаан биш, хугацааны хувьд эмнэлгийн байгууллага түүнийг өвчний улмаас ажлаас чөлөөлсөн нөхцөл байдлыг нотлохын хувьд энэ хэрэгт нотолгооны ач холбогдолтой байна.
6. Хариуцагч тушаалд болон хариу тайлбартаа Төрийн албаны тухай хуулийн 37.1.7 дахь нийтлэг үүргийг хэрхэн зөрчсөнийг, зөрчсөн гэж яагаад үзсэнээ тодорхойлоогүй байна.
7. Эрүүл мэндийн яамны Хуулийн хэлтсээс 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Э.Зд "Сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг тогтоох дүгнэлт" танилцуулсан байх бөгөөд уг дүгнэлтэд түүний ээлжийн амралттай байх 2021 оны 5 дугаар сарын 01-нээс 6 дугаар сарын 09-нийг хүртэлх хугацаанд шуурхай хуралдааныг тасалсанд тооцож сонсох ажиллагаа хийсэн, нэхэмжлэгч нь эмнэлгийн акт, ээлжийн амралтын хуудсыг хавсаргаж тайлбар гаргасан байдаг. Сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг тогтоох шалгалтыг хийж, дүгнэлт гаргасан гэх газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Л.Э гэрчээр мэдүүлэхдээ хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тогтоогоогүй, нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй болохыг хүлээн зөвшөөрчээ.
Иймд дээрх үндэслэлээр хүндэтгэн үзэх шалтгааны талаарх эмнэлгийн магадлагаа, хуудсыг үнэлээгүй шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Хоёр. Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар тушаалаар Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын Эрүүл ахуй, орчны эрүүл мэндийн хэлтсийн дарга Э.Зыг “Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагаанд ажлын хариуцлага алдсан” үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтаар албан тушаалаас халжээ.
1. Хууль хэрэглээний хувьд нэхэмжлэгч тал Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь “албан тушаалын цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэх” заалтаар ажлаас халах шийдвэр гаргасан гэж маргасан бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг өөрчлөн найруулснаар 48.1 дэх сахилгын шийтгэлийн төрлийг заасан заалтууд өөрчлөгдсөн, тухайлбал 48.1.3 дахь “төрийн албанаас халах” заалт нь “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” заалт болж, “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл нь 48.1.4 дэх заалтад орсон байх хэдий ч Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай энэ хуулийн 6 дугаар зүйлд энэ хуулийг Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхэлж дагаж мөрдөхөөр заасан, Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөгдсөн тул хуулийн дээрх өөрчлөлт маргаан бүхий актыг гарах 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр үйлчилж эхлээгүй байсан, хариуцагч хуулийн заалтыг зөв хэрэглэсэн байна.
2. Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжаар Эрүүл мэндийг дэмжих сангийн 2021 оны эхний хагас жилийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт дотоод аудитыг санхүүгийн хяналт шалгалт, хөрөнгө оруулалт дотоод аудит хариуцсан 2 мэргэжилтэн 2021 оны 6 дугаар сарын 24-25-ны өдөр хийж, зөрчлүүд илрүүлсэн танилцуулга бичсэн. Тухайлбал:
1/ сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслийг хэрхэн сонгон шалгаруулсан талаар хурлын тэмдэглэл, протокол, үнэлгээний хуудас, ажлын хэсгийн гарын үсэг бүхий тайлан байхгүй, төсөл шалгаруулалтын баримтууд дутуу, төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулсан гэрээг стандарт загвараар хийгээгүй,
2/ Эрүүл мэндийн сайдын 2021 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр тушаалаар Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөр хэрэгжих төсөл хөтөлбөрийг баталсан, харин тухайн огноо, дугаар бүхий 2 тушаал гарсан байна. Нэг тушаал нь Эрүүл мэндийг дэмжих сангийн 2021 оны 1 дүгээр улиралд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг баталж, 812,124,500 төгрөг зарцуулахаар 28 арга хэмжээ, 2 дахь нь ... анхдугаар хурлаар дэмжигдсэн 615,044,000 төгрөгийн 23 арга хэмжээ байна.
3/ 1 төсөл арга хэмжээнд санхүүжилтийг 100 хувь олгосон,
4/ төсөл арга хэмжээнээс тайлан ирүүлээгүй, гэрээнд явцын тайлан ирүүлэх талаар дурдаагүй, гүйцэтгэлийн тайлан ирүүлэх талаар дурдсан боловч тайлан ирүүлээгүй, үр дүнг тооцох шаардлагатай гэжээ.
3. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.21-д заасан Эрүүл мэндийг дэмжих сан нь “эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалт судалгааны ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх” зориулалттай бөгөөд, сангийн хөрөнгийг мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, орчны эрүүл мэндийг хамгаалах, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй амьдралын орчныг бүрдүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, архи, тамхи, мансууруулах бодисын хорт нөлөөллөөс сэргийлэх, эмийн зохистой хэрэглээг сурталчлан таниулах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, эрүүл мэндийн байгууллагын ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалт судалгааны ажлыг зохион байгуулах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна, 22 дугаар зүйлийн 22.3-т зааснаар Эрүүл мэндийг дэмжих сан нь ажлын албагүй, сангийн үйл ажиллагааг эрхлэх тусдаа нэгж, хариуцсан мэргэжилтэн Эрүүл мэндийн яамны зохион байгуулалтын бүтцэд байхгүй, Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 37 дугаар тогтоолоор баталсан Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журмаар энэ харилцааг зохицуулдаг.
Эрүүл ахуй, орчны эрүүл мэндийн хэлтсийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнөөс үзвэл тус хэлтэс 4 зорилтын хүрээнд 44 ажил төлөвлөснөөс гадна хэлтсийн үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалт, зохицуулалт гэсэн бүлэгт Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагааны зохицуулалтыг төлөвлөсөнөөс үзэхэд нэхэмжлэгчийн “Эрүүл мэндийг дэмжих сангийн удирдлага зохион байгуулалтаар хангах ажил түүний хэрэгжүүлдэг чиг үүргийн нэгхэн хэсэг” гэх тайлбар үндэслэлтэй байна.
Эрүүл ахуй, орчны эрүүл мэндийн хэлтсийн 2021 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн тайлангаас үзвэл 2021 оны 1 дүгээр сарын 02-20-ны өдрүүдэд 145 төсөл хөтөлбөр хүлээн авснаас 28 төсөл хөтөлбөрийг 732 сая төгрөгөөр санхүүжүүлсэн хэмээн харьяалах газрын дарга үнэлж, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн, түүнчлэн хэлтсийн даргын 2021 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэлийг 94.75 буюу А үнэлж, үнэлгээг газрын дарга болон Төрийн захиргааны удирдлагын газрын дарга баталгаажуулсан байна.
4. Эрүүл мэндийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн А/15, 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн А/34 дүгээр тушаалаар Эрүүл мэндийг дэмжих сангийн дансны гүйлгээ, санхүүгийн баримтад нэгдүгээр гарын үсгийг зурах, санхүүжилт авахаар шалгарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулах эрхийг Эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын Эрүүл ахуйн орчны хэлтсийн дарга Э.Зд шилжүүлж, сангийн ажлын хэсгийн бүрлдэхүүнийг баталсан, мөн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/145 дугаар тушаалаар дээрх эрхийг Төрийн нарийн бичгийн дарга н.Э*******т шилжүүлсэн байдаг.
Дээрх А/15 дугаар тушаалаар Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд даргаар нь сайд, нарийн бичгийн даргаар Эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын Эрүүл ахуй, орчны эрүүл мэндийн хэлтсийн хөдөлмөрийн эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн, гишүүдэд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, тус газрын Эрүүл ахуйн орчны хэлтсийн болон бусад хэлтсийн дарга мэргэжлийн салбар хорооноос томилогдон ажиллажээ.
5. Нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл нь Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагаанд ажлын хариуцлага алдсан гэх зөрчил бөгөөд үүнийг дотоод аудит хяналт шалгалт явуулж “а/ ирүүлсэн төсөл хөтөлбөрүүдэд журмын дагуу сонгон шалгаруулалт хийгээгүй 28 төслийг шалгаруулсан, б/ Сайдын 2021 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай “эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөр 1 дүгээр улиралд санхүүжүүлэх төсөл хөтөлбөр, санхүүжилтийн дүнг баталсан” тушаалыг ижил огноо, дугаараар өөр санхүүжүүлэх дүнгээр сайдын гарын үсгийн дардас, тамгыг ашиглан хуурамчаар гаргасан, в/ 28 төсөл хөтөлбөрөөс 1 төслийн санхүүжилтийг 100 хувь олгосон, г/ гэрээнд явцын тайлан ирүүлэхийг тусгаагүйгээс явцын тайлан авч үнэлээгүй” гэх зөрчлийг гаргасан гэж үзсэн. Зөрчил тус бүрээр дүгнэвэл хэрэгт авагдсан баримтууд, гэрчүүдийн мэдүүлгээр дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
а/ төсөл хөтөлбөрүүдэд сонгон шалгаруулалт хийгээгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй байна. 2021 онд хэрэгжүүлэх 5,9 тэрбум төгрөгийн дүн бүхий 109 төсөл арга хэмжээ[2]-ний санал салбарын мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсэн жагсаалт байх бөгөөд Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/15 дугаар тушаалаар байгуулагдсан сонгон шалгаруулах ажлын хэсэг 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаар хэлэлцсэн болох нь тус хурлын тэмдэглэл[3], ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.*******ын мэдүүлгээр тогтоогдож байна.
Дээр өгүүлсэнчлэн Эрүүл мэндийг дэмжих санг эрхлэх ажлын алба, бүтцийн нэгж болон мэргэжилтэн байхгүй бөгөөд сангийн үйл ажиллагааны нэгдсэн зохицуулалт, удирдлага зохион байгуулалтыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/118 дугаар тушаалаар баталсан яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн чиг үүргийн хуваариар Эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын Эрүүл ахуй, орчны эрүүл мэндийн хэлтсийн даргад, сангийн үйл ажиллагааны зохицуулалтыг тус хэлтсийн химийн аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтэнд тус тус хариуцуулсан боловч тухайн мэргэжилтний ажлын байранд албан хаагч ажиллаагүйгээс сайдын 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн А/15 дугаар тушаалаар сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээг сонгон шалгаруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын Эрүүл ахуй, орчны эрүүл мэндийн хэлтсийн хөдөлмөрийн эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэнийг томилж 2021 оны эхний улирлын сонгон шалгаруулалт, үйл ажиллагааны зохицуулалтыг хариуцуулжээ.
Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор Ковид -19 цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, улмаар 2021 оны 05 дугаар сарын 08-ныг хүртэл энэ дэглэм үргэлжилсэн, энэ хугацаанд төрийн байгууллагуудын үйл ажиллагаа цахимаар явагдсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээс үзвэл ирүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг тус сангийн үйл ажиллагааны чиглэлийг харгалзан тус хэлтсийн холбогдох мэргэжилтнүүдэд хуваарилан тухайн төсөл хөтөлбөрийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь сангийн зориулалт, чиглэлд нийцэх эсэхэд үнэлгээ хийлгэж, сайд, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлсэн байх тул сонгон шалгаруулалтгүйгээр 28 төслийг шалгаруулсан гэж хэлтсийн даргыг буруутгасан нь үндэслэлгүй болжээ. Нөгөөтэйгүүр шалгараагүй үлдсэн төслийн санал ирүүлсэн этгээдээс гомдол гаргаж шийдвэрлүүлсэн тохиолдолд байхгүйг талууд тайлбарладаг.
б/ Эрүүл мэндийг дэмжих сангаас 2021 оны 1 дүгээр улиралд санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийг, санхүүжилтын дүнг баталсан Сайдын 2021 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай тушаал ижил, огноо дугаартай өөр агуулгатай буюу санхүүжүүлэх дүнг завсарлаж хуурамчаар үйлдсэн гэх үйл баримт тогтоогдсонгүй.
Хариуцагчаас “Эрүүл мэндийн яам Эрүүл мэндийг дэмжих сан”-гийн хэвлэмэл хуудас бүхий ижил огноо, дугаартай 2 тушаал, тэдгээрийн хавсралт гэх баримтыг шүүхэд ирүүлдэг[4], тухайлбал тушаалуудын 1 дэх заалтаар “сангийн хөрөнгөөр 1 дүгээр улиралд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг хавсралтаар баталсан”, 2 дахь заалт нь “санхүүжилтийг шилжүүлж, санхүүжүүлж ажиллахыг үүрэг болгосон, 3 дахь заалт нь тушаалыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулалтаар хангаж ажиллахыг даалгасан ижил агуулгатай, нэг тушаалын 2 дахь заалтад хуваарилсан санхүүжилтийн 730,993,050 төгрөгийн дүнг тавьсан, уг тушаалын огноо, дугаар бүхий сайдын тамга дарж баталгаажуулсан хавсралтаар[5] 28 төслийн жагсаалт, нийт санхүүжилт 812,214,500.00 төгрөг, гэрээний дагуу олгох 90 хувийн санхүүжилт 730,993,050.00 төгрөг буюу санхүүжилтийн дүнг “нийт”, “90 хувь” гэсэн 2 баганан хүснэгтээр гаргасан байх бөгөөд нөгөө тушаалын[6] 2 дахь заалтад хуваарилсан санхүүжилтийн дүн тавиагүй байх бөгөөд түүний хавсралт гэх тушаалын огноо, дугаар бүхий ч сайдын тамгаар баталгаажаагүй буюу тамгагүй хавсралт[7] нь 23 төслийн жагсаалт, олгох санхүүжилтийг нийт дүнгээр 615,044,000 төгрөг, 1 баганан хүснэгтээр гаргаж, санхүүжилтийн дүнгүүдийг “зөвлөсөн” тэмдэглэгээ балаар хийж ноороглосон байна.
Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Эрүүл мэндийг дэмжих сангийн 2021 оны 1 дүгээр улиралд санхүүжүүлэх төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого зохицуулах газрын Эрүүл ахуй, орчны эрүүл мэндийн хэлтсийн хөдөлмөрийн эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.*******ын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл 2021 оны 1 дүгээр улиралд дэмжих сангаас санхүүжүүлэхээр шалгаруулсан 28 төсөл хөтөлбөр, санхүүжилтийг баталсан сайдын тушаалын төслийг мэргэжилтэн боловсруулж, хэлтсийн дарга болон газрын даргаар хянуулж, албажуулсан, энэ явцад Эдийн засгийн бодлого, хэрэгжилтийн газраас тушаалд санхүүжилтийн дүнг тусгах шаардлага тавьснаар тушаалын төсөлд санхүүжилтийн дүнг тусгасан засвар хийгдсэнээс өөрөөр тушаалын хавсралтад өөрчлөлт ороогүй байна.
Эндээс дүгнэвэл сайдын “төсөл хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх тухай” уг тушаал сайдын тамга, гарын үсгээр албажсаны дараа санхүүжилтийн дүнг тусгасан засвар Эдийн засгийн бодлого, хэрэгжилтийн газраас тавьсан шаардлагаар хийгдсэн, харин шалгарсан 28 төсөл хэрэгжүүлэгчийн жагсаалт болон санхүүжилтийн дүн бүхий сайдын тамгаар албажиж батлагдсан хавсралтад өөрчлөлт ороогүй байх бөгөөд гараар тэмдэглэгээ хийгдсэн нооргийг тушаалын хавсралт гэж үзэх боломжгүй, улмаар төсөл хэрэгжүүлэгчийн тоо, санхүүжилтийн дүнд өөрчлөлт оруулж сайдын гарын үсгийн дардас тамгыг ашиглаж тушаалыг хуурамчаар үйлдсэн гэж мэргэжилтнийг, хяналт тавиагүй гэж хэлтсийн даргыг буруутгах үндэслэлгүй байна. Учир нь сайдын тушаалын хэвлэмэл хуудаст тушаалын дугаар олгох, сайдын тамга эрхлэх, гарын үсэг зуруулж, дардас хэрэглэж тушаалыг албажуулах нь хэлтсийн дарга, мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг, эрх хэмжээнд хамааралгүй юм. Нөгөө талаас нэхэмжлэгчийг “сайдын гарын үсгийн дардас, тамгыг ашиглаж тушаалыг хуурамчаар үйлдсэн” гэж ямарваа баримтаар нотлоогүй, эрх бүхий этгээдээс тогтоогоогүй болно.
Түүнчлэн ижил огноо, дугаар бүхий өөр өөр санхүүжилтийн дүнтэй 2 тушаал гарсан гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл 28 төсөл хэрэгжүүлэгчийн жагсаалт бүхий тамгаар албажсан 3 нүүр бүхий нэг л хавсралт гарсан, түүнд өөрчлөлт ороогүй, хавсралтаар баталсан 90 хувийг буюу 730,993,050 төгрөгийн санхүүжилтийн дүнг Эдийн засгийн бодлого, хэрэгжилтийн газрын хяналт, шаардлагаар тушаалд тусгасан.
Нөгөөтэйгүүр ижил огноо, дугаар бүхий өөр өөр санхүүжилтийн дүнтэй 2 тушаал тушаал гарснаас үүдэлтэй санхүүгийн зөрчил гэх ямарваа үр дагавар үүсээгүй, тодруулбал шалгарсан 28 төсөл хөтөлбөрт олгох санхүүжилтийн 90 хувь буюу 730,993,050 төгрөгийн санхүүжилтийн эрх нээлгэх хүсэлт /сард 250,000,000 төгрөгөөр/ Эрүүл мэндийн яамны Эдийн засгийн бодлого, хэрэгжилтийн газраас Сангийн яамны Төрийн сангийн газарт хүргүүлж, эрх нээлгэж, төсөл хөтөлбөртэй байгуулсан гэрээний дагуу санхүүжилт хийгдсэн нь, хуурамч гэх “санхүүжилтийн дүн бичигдээгүй” тушаал болон хавсралт гэх “албажаагүй, тамгагүй өөр санхүүжих дүн” бүхий нооргийг явуулаагүй болох нь Эдийн засгийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газар болон Сангийн яамнаас шүүхэд ирүүлсэн тодруулга, тэдгээрт хүргэгдсэн баримтуудаар[8] тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл хуурамч гэх “санхүүжилтийн дүн бичигдээгүй” тушаал болон хавсралт гэх “албажаагүй, тамгагүй өөр санхүүжих дүн” бүхий ноорог Эдийн засгийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газарт болон Сангийн яамны Төрийн сангийн газарт хүргэгдээгүй, тиймээс ч тушаалын төсөлд засвар оруулсан нь санхүүгийн зөрчилд хүргээгүй.
Эрүүл мэндийн яамнаас Авлигатай тэмцэх газарт хандаж хуурамч гэх санхүүжилтийн дүн тусгаагүй тушаал, хавсралтын тамгагүй нооргийг хүргүүлж, “эрх бүхий албан тушаалтнууд Эрүүл мэндийн сайдын 2021 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаар тушаалыг Эрүүл мэндийн сайдын гарын үсгийн дардас ашиглаж хуурамчаар үйлдэж, Эрүүл мэндийг дэмжих сангаас хуулийн этгээдүүдэд санхүүжилт олгож, давуу байдал би болгосон байж болзошгүй” гэх гомдол гаргаснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан,[9] эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.
в/ Чихрийн шижинтэй тэмцэх үндэсний төвийн “ЧШХШ-1 өвчний тархалт, хүндрэлийг илрүүлснээр тусламж үйлчилгээний чанар хүртээмжийн өнөөгийн байдлыг судлан тогтоож, эмнэл зүйн заавар, зөвлөмж боловсруулах” төсөл арга хэмжээний санхүүжилтийг 100 хувь олгосон гэж зөрчилд тооцжээ.
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2021 оны эхний улиралд санхүүжүүлж хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний тушаалын төслийн хавсралтын ноорог дээр төсөл, арга хэмжээнүүдийн нийт санхүүжилтийг тавьсан, мөн адил Чихрийн шижинтэй тэмцэх үндэсний төвийн “ЧШХШ-1 өвчний тархалт, хүндрэлийг илрүүлснээр тусламж үйлчилгээний чанар хүртээмжийн өнөөгийн байдлыг судлан тогтоож, эмнэл зүйн заавар, зөвлөмж боловсруулах” төсөл арга хэмжээг 29,500,000 төгрөгөөр тусгасан, харин хавсралтыг батлахдаа түүний 90 хувь болох 26,550,000 төгрөгөөр нийт санхүүжилтийг, түүнээс нь 90 хувийн санхүүжилт 23,895,000 төгрөгөөр баталж, 2021 оны 2 дугаар сарын 18-нд 26,550,000 төгрөгийн санхүүжилт хийгдсэнийг[10] “уг төслийг 100 хувиар санхүүжүүлсэн” зөрчил гэж үзэж нэхэмжлэгчийг буруутгажээ. Гэтэл уг төсөл арга хэмжээний ажлын даалгавар болон гэрээг 29,500,000 төгрөгөөр байгуулж, “ажил дууссан хэрэгжилт хангалттай” гэж 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн актаар гэрээг дүгнэж, үлдэгдэл 10 хувийн санхүүжилт 2,950,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл бусад төсөл арга хэмжээний нэгэн адил нийт санхүүжилтийн дүнг тусгасан хавсралтыг батлахдаа зөвхөн энэ төслийн хувьд 90 хувийн санхүүжилтийг 100 хувь гэж баталж, 90 хувийн санхүүжилтийг хийснийг “100 хувь санхүүжүүлсэн” гэж тооцоолон нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй болжээ. Тиймээс ч төсөл арга хэмжээг хангалттай хэрэгжсэн гэж дүгнээд үлдэгдэл 10 хувийн санхүүжилтийг олгосон байх тул уг төслийг 100 хувь санхүүжүүлсэн гэх зөрчил тогтоогдсонгүй.
Шалгалтын танилцуулгад санхүүгийн зөрчил гэж үзсэн 2,950,000 төгрөгийн зөрүү үүссэн нь дээрх Чихрийн шижинтэй тэмцэх үндэсний төвийн “ЧШХШ-1 өвчний тархалт, хүндрэлийг илрүүлснээр тусламж үйлчилгээний чанар хүртээмжийн өнөөгийн байдлыг судлан тогтоож, эмнэл зүйн заавар, зөвлөмж боловсруулах” арга хэмжээний санхүүжих дүнг тушаалын хавсралт болон гэрээ, ажлын даалгаварт зөрүүтэй тусгаснаас үүссэн байна.
г/ шалгарсан төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулсан гэрээг тус сангийн өмнө хийгдэж байсан стандарт гэрээний төслийн дагуу хийсэн гэх бөгөөд гэрээний төсөлд гйүцэтгэлийн тайланг авч үнэлэх заалтыг тусгаагүйд хэлтсийн даргыг шууд буруутгаж, ажлаас халах үндэслэл болгосон нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Иймд нэхэмжлэгчийг ажлаас халсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Б. Ийнхүү нэхэмжлэгчийг ажлаас халсан шийдвэрийг хууль бус гэж үзэж хүчингүй болгож шийдвэрлэсэн тул ажилгүй байсан хугацааг 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тооцож, энэ хугацааны цалинг үндсэн цалин 1,311,246 төгрөг, төрийн алба хаасан хугацааны 5 хувь, мэргэжлийн зэргийн 10 хувь, зэргийн 18 хувийн нэмэгдэл тооцон гаргуулахаар шийдвэрлэлээ. Хариуцагч нь ажилгүй байсан дээрх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийх үүрэгтэйг дурьдах нь зүйтэй.
В. Урьд эрхэлж байсан чиг үүрэгт хамаарах албан тушаалд эргүүлэн тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч Эрүүл ахуй, орчны эрүүл мэндийн хэлтсийн даргын албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар тухайн албан тушаалд хуулиар тогтоосон шаардлагыг хангаж томилогдоогүй, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон, тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй байна.
Хэдийгээр ажлаас халсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосон ч түүнийг томилсон Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон тул ажлаар эргүүлэн хангах үүрэг хариуцагч хүлээхгүй. Тиймээс ч ажилгүй байсан хугацааг энэ хугацаагаар тооцож, 2023 оны 1 дүгээр сарын 01-нээс хойш ажлаар хангах хүртэлх хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 48 дугаар зүйлийн 48.1.1, 48.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Зын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 06 дугаар сарын 17-ний Б/141, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, ажилгүй байсан 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны үндсэн цалин, нэмэгдлийг гаргуулж, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас “урьд эрхэлж байсан чиг үүрэгт хамаарах албан тушаалд эргүүлэн тогтоолгох, 2023 оны 1 дүгээр сарын 01-нээс хойш ажлаар хангах хүртэлх хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
[1] Хэргийн 2 дугаар хавтсын 61 дүгээр хуудас
[2] Хэргийн 3 дугаар хавтсын 121-130 дугаар хуудас
[3] Хэргийн 3 дугаар хавтсын 131-134 дүгээр хуудас
[4] Хэргийн 2 дугаар хавтсын 67-74 дүгээр хуудас
[5] Хэргийн 2 дугаар хавтсын 68-70 дугаар хуудас
[6] Хэргийн 2 дугаар хавтсын 71 дүгээр хуудас
[7] Хэргийн 2 дугаар хавтсын 72-74 дүгээр хуудас
[8] Хэргийн 2 дугаар хавтсын 36-52, 64-70 дугаар хуудас
[9] Хэргийн 2 дугаар хавтсын 54-58, 3 дугаар хавтсын 40 дүгээр хуудас
[10] Хэргийн 2 дугаар хавтсын 77-83 дугаар хуудас