Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 351

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,

Улсын яллагч Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч. Б.Жамбалсүрэн, Ц.Наранхүү нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хурган овогт Болдбаатарын Жамбалсүрэн, Норов овогт Цоодолын Наранхүү нарт холбогдох 1705000000039 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, техникийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 105 дугаар байрны 49 тоотод оршин суудаг, УК90060516 регистрийн дугаартай, ял шийтгэлгүй, Хурган овогт Болдбаатарын Жамбалсүрэн.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, Миланж лоунж рестораны зохион байгуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, 1-17 тоотод оршин суудаг, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн Жавхлантад оршин суух бүртгэлтэй, СД90060716 регистрийн дугаартай, ял шийтгэлгүй, Норов овогт Цоодолын Наранхүү.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Жамбалсүрэн согтуурсан үедээ 2017 оны 8 дугаар сарын 07-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Sea нэртэй баарны гадна найз Ц.Наранхүүтэй хэрэлдлээ гэх шалтгаанаар тус бааранд үйлчлүүлж байсан иргэн И.Урамзоригийн нүүрэн тус газар руу нь түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Ц.Наранхүү согтуурсан үедээ 2017 оны 8 дугаар сарын 07-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Sea нэртэй бааранд үйлчлүүлж байхдаа бүжгийн талбай дээр мөргөлөө, надад томорлоо гэх шалтгаанаар тус бааранд мөн үйлчлүүлж байсан иргэн И.Урамзоригийг түлхэж унагаан нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Жамбалсүрэн мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Наранхүү мэдүүлэхдээ:

 Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Наранхүүгийн өгсөн:

            “... 2017 оны 8 дугаар сарын 07-ноос 8-нд шилжих шөнө  ... “Си” Нэртэй бааранд орсон. ... бүжиглэж байхад Урамзориг намайг түлхлээ гэж хэлээд Жамбалсүрэн бид хоёртой муудалцаад ... араас тамхины асаагуур, пивоны бөглөө шидээд салаавч гаргаад, дагаад яваад байхаар нь ... зүүн гараараа нэг удаа алгадсан юм. Тэгээд хамгаалагч нар боль гээд болиулсан чинь Жамбалсүрэнтэй муудалцахаар нь Жамбалсүрэн нэг удаа алгадчихсан юм ... Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм зүйл хийхгүй. Гаргасан үйлдэлдээ гэмшиж байна ....” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Жамбалсүрэнгийн өгсөн:

            “... 2017 оны 8 дугаар сарын 07-ноос 8-нд шилжих шөнө  ... “Си.” Нэртэй бааранд орсон. ... Тэгээд манай найз Наранхүү уг баарнаас гараад явж байгааг харахад араас нь нэг туранхайдуу залуу салаавчаа гаргаад, урдаас нь тамхины асаагуур шидээд, маргалдаад байхаар нь би очоод ... яв гэж хэлтэл миний урдаас учиргүй хэл амаар доромжлоод, хүн дуудаж зодуулна гээд байхаар нь ... би нэг удаа алгадаад, чи хөгшөөн ингэж ярьж болохгүй гээд нөгөө хүнтэйгээ эвлэрээд гар бариад салсан юм. Тэгээд би гадаа зогсож байтал нөгөө надтай маргасан залуу Наранхүүтэй маргалдаад буцаад гараад ирсэн. Тэгтэл манай найз Наранхүү нэг удаа алгадаад авсан. ... Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм зүйл хийхгүй. Гаргасан үйлдэлдээ гэмшиж байна ....” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,

 

            Мөрдөн байцаалтанд хохирогч И.Урамзоригын өгсөн:

            “... 2017 оны 8 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө  Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Си” нэртэй бааранд найзуудтайгаа ороод сууж байгаад тамхи татах гээд гарсан. Тамхи татчихаад буцаад орох гэж байтал ... Наранхүү гарч ирээд ямар зоригтой пизда вэ гээд мангасдаад газар унагаасан. Жамбалсүрэн намайг заамдаж босгоод дагуулаад баарны үүдэнд гараад бид хоёр хэрэлдэж маргалдсан. Тэр залуу чамайг бол цохихгүй гээд алгадаж унагаасан. Би газарт унаад тохой эвгүй болсон ба босож ирээд тэр залуутай гар бариад эвлэрээд баар руу орсон. Би бааранд бүжиглэж байтал Наранхүү миний хажууд бүжиглэж байгаад надтай санаандгүй мөргөлдчихсөн. Тэгээд намайг харснаа түрүүний пизда мөн үү гээд заамдаад бид 2 маргалдаад салсан. Тэгэж байснаа Наранхүү намайг баарнаас авч гараад мангасдаж унагаасан. Би босоод зогсож байтал хажуунаас нүүр рүү цохиод газарт унаад босох гэтэл Наранхүү нэг удаа нүүр рүү өшиглөсөн  ... Надад гомдол санал байхгүй, эмчилгээнд үзүүлсэн 150,000 төгрөгөө авсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6, 31 дүгээр хуудас/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Х.Төмөрбаатарын өгсөн:

             “... Урамзориг би гараад тамхи татаад ороод ирье гэж хэлээд гараад удалгүй орж ирээд баарны гадна нэг хүнтэй маргалдаад тохой эвгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд бид хоёр бүжиглэж байтал согтуу бүдүүн залуу Урамзоригыг хойноос  нь түлхээд хэрүүл өдөөд, гаръя гээд байсан. Тэгтэл Урамзориг яагаад байгаа юм, яахаараа би гардаг юм гээд заамдалцаад баарнаас гарсан. Би бас дагаад гарсан ба баарны гадна талд үүдэнд Урамзоригтой хэрэлдээд түүнийг тэр бүдүүн залуу гараараа цохиод унагаагаад дээрээс нь өшиглөсөн  ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 10212 дугаар:

            1. И.Урамзоригын биед баруун нүдний доод зовхи, хацар, баруун дал, тохой, шуу, ташаа, тавхайн зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

            3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,

 

            - Шүүгдэгч Б.Жамбалсүрэн, Ц.Наранхүү болон хохирогч И.Урамзориг нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-н 27-29, 49-50/,

            -Хохирол нөхөн төлсөн баримт /хх-н 33-34/,

 

            Шүүгдэгч Ц.Наранхүүгийн хувийн байдалтай холбоотой:

                        - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 20/,

                        - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 38/

           

            Шүүгдэгч Б.Жамбалсүрэнгийн хувийн байдалтай холбоотой:

                        - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 21/,

                        - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 43/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.Жамбалсүрэн нь согтуурсан үедээ 2017 оны 8 дугаар сарын 07-ноом 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Sea нэртэй баарны гадна найз Ц.Наранхүүтэй хэрэлдлээ гэх шалтгаанаар тус бааранд үйлчлүүлж байсан иргэн И.Урамзоригийн нүүрэн тус газар руу нь алгадаж унагааж, шүүгдэгч Ц.Наранхүү нь согтуурсан үедээ 2017 оны 8 дугаар сарын 07-ноом 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Sea нэртэй бааранд үйлчлүүлж байхдаа бүжгийн талбай дээр мөргөлөө, надад томорлоо гэх шалтгаанаар тус бааранд мөн үйлчлүүлж байсан иргэн И.Урамзоригийг түлхэж унагаан нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхи, хацар, баруун дал, тохой, шуу, ташаа, тавхайн зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч И.Урамзориг, гэрч Х.Төмөрбаатар нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 10212 дугаар дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Жамбалсүрэн, Ц.Наранхүү нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Эрүүгийн хариуцлагын хувьд хохирогч И.Урамзориг болон шүүгдэгч Б.Жамбалсүрэн, Ц.Наранхүү нараас  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргасан, энэ хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос 450 нэгжээр торгох ялын саналаа яллагдагч нарт танилцуулж гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хохирогч И.Урамзориг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний “...Надад гомдол санал байхгүй, эмчилгээнд үзүүлсэн 150,000 төгрөгөө авсан ...” гэх мэдүүлэг болон бичгээр гаргасан хүсэлт /хх-н 28, 31/ хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 45/ зэргээр нотлогдож байгаа тул шүүгдэгч Ц.Наранхүү, Б.Жамбалсүрэн нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогч И.Урамзоригтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Хурган овогт Болдбаатарын Жамбалсүрэн, Норов овогт Цоодолын Наранхүү нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жамбалсүрэнг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч  Ц.Наранхүүг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Жамбалсүрэн, Ц.Наранхүү нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Жамбалсүрэн, Ц.Наранхүү нарт торгох ялыг биелүүлэх хугацааг тус тус  2 /хоёр/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Жамбалсүрэн, Ц.Наранхүү нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ